Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/03461

 

 

 

 

 

 

 

 

2024 09 23 181/ШШ2024/03461

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,

Нэхэмжлэгч: СБДП /... СБДПт оршин байх/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, Д.Б /РД:.../-д холбогдох,

 

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 757,723 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч СБДП нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ... тоотод Б.Бг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 2022/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Д.Бийн учруулсан "зүүн хөлийн шаант ясны далд хугарал" гэмтлийн улмаас хохирогч Б.Б нь эмнэлгийн байгууллагуудаар үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах зардлууд гарсан байна. Үүнд:

Гэмтэл согог судлалын үндэсний төв амбулаторийн тусламж, үйлчилгээ 116,600 төгрөг, Сүхбаатар дүүргийн Эрүүл Яаралтай тусламж 150,000 төгрөг, мэндийн төв Амбулаторийн үзлэг 23,800 төгрөг,

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ 467,323 төгрөг нийт 757,723 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх" гэж заасан.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан төлбөрийг ялгаж, тогтоох боломжгүй, гагцхүү хууль хяналтын байгууллага шалгаж, шийдвэрлэсэн хэргийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан эсэхийг тогтоох боломжтой.

Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй"

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно", Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1248 дугаартай албан бичгээр тус прокурорын газарт хандан "...гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах тухай хүсэлтийг ирүүлсэн.

Иймд дээрх хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэм буруутай этгээдүүдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна.

Иймд Д.Бээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 757,723 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулахаар прокурорын нэхэмжлэлийн шаардлага гаргав.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...757,723 төгрөгийг хүлээн зөвшөөрч 100900020080 тоот дансанд төлсөн болно. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СБДП нь хариуцагч Д.Бд холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 757,723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 757,723 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 757,723 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ГАНТУЯА