Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/69

 

 

Г.Ххолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/886 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Хийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2205002131 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Х, 

- Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч Г.Ххолбогдох эрүүгийн 18090401695 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

            Шүүгдэгч Г.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А" нэртэй бааранд Ё.Охөхийг базах, нүүрэн тус газар цохих зэргээр биед нь халдаж, уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн хөхөнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Ганбаатарын Г.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хээс 345.000 төгрөг гаргуулж хохирогч Ё.Од олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ё.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс надад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Миний хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч, хэргээ анхнаасаа хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Мөн учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Миний хувьд бариа засалч хийдэг бөгөөд байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг тул дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж торгох ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Өмнө нь энэ зүйл ангиар шалгагдаж байсан асуудалд нь миний зүгээс өмгөөлөгчөөр явж байсан. Таксинд явж байхад өөрийнх нь харалдаа хаалганаас буусан хүнтэй андуурч мэдүүлэг өгсөн учраас давж заалдах шатны шүүхээс тухайн нөхцөл байдлыг дурдаж байгаад мөрдөн шалгах ажиллагаанд буцааж байсан хэрэг. Тэгэхээр Г.Хийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хэрэгт холбогдсон. Мөн учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал шинээр бий болсон байгаа учраас Г.Хийг ажил хөдөлмөр эрхлэх бололцоог нь хангаж, мөн хохирогчид цаашид зардал гарвал иргэний шүүхэд хандсан тохиолдолд хохирлыг нь барагдуулах боломжоор хангаж, ялыг нь сольж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Хийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон. Г.Х нь гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас прокурорын хяналтад хохирогчийн нэхэмжилсэн баримтыг үндэслэж хохирлыг төлж барагдуулах боломжтой гэдгийг тайлбарлаж өгсөн. Өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд энэ эрхийг тайлбарлаж өгсөн, хүлээн зөвшөөрөөгүй. Хохирогч О эмчилгээний зардлаас гадна гэм хорын хохирол нэхэмжилсэн. Эрүүл мэндийн хохирол учирснаас шалтгаалан хөдөлмөрийн чадвар алдагдсан. Цалин хөлсөө нэхэмжилсэн. Үүнийг мөн шүүгдэгч хүлээн зөвшөөрөхгүй байсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт нь эрүүл мэндийн 345.000 төгрөгийг үндэслэж төлбөрийг төлсөн байна. Бусад гэм хорын хохирлыг яаж арилгах юм. Хохирогч энэ талаараа санал хүсэлт гаргаагүй юм байна. Шүүгдэгчид оногдуулсан анхан шатны шүүхийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Хийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй бааранд Ё.Охөхийг базах, нүүрэн тус газар цохих зэргээр биед нь халдаж, уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн хөхөнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ё.О“...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сайнзаяа, Дөлгөөн нартай 18 цагийн үед уулзсан. ...Тэгээд 21 цагийн орчим модны 2-т байдаг “Альфа” нэртэй бааранд орж сууцгаасан. Бид гурав бааранд ороод 2, 2 шил пиво авч уусан. ...Тэр залуу бүжгийн талбай дээр намайг татаж өөр рүүгээ наагаад миний хацар дээр үнсэхээр нь би шууд тэр залууг “чи яаж байгаа юм бэ” гээд түлхээд 1 удаа хацар руу нь алгадсан. Тэгээд Д, Са бид гурав 23 цаг болж байхад баарнаас гарах гээд хувцсаа өмсөөд ширээнийхээ сандлыг түшээд зогсож байтал нөгөө бүжгийн талбай дээр өдөөд байсан залуу миний араас хүрч ирээд шууд миний хойноос тэврээд миний зүүн талын хөхнөөс гараараа аймар чанга базсан. Тэгэхээр нь би “чи ямар мэдрэл муутай гар бэ” гээд шууд түлхсэн. Тэгтэл тэр залуу хойшлохдоо бүжгийн талбай дээр байсан Сг тэвэрч аваад хацар дээр нь үнссэн. Тэгтэл шууд миний нүүр рүү гараараа 1 удаа цохиод би шууд газар унасан. Тухайн үед миний уруул хавдаж сэтэрсэн, зүүн талын хөх атгасных нь хэмжээгээр хөхөрсөн. Биед учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний 345.000 төгрөгийн зардал гарсан. Тухайн үед би “Энх Тусгал” нэртэй сувиллын газарт тогооч хийдэг байсан. Энэ асуудлаас болж ажлаа хийж чадахгүй 14 хоног ажлаа алдсан тул цалингаа нөхөж барагдуулж авмаар байна. 1 өдрийн цалин 120.000 төгрөг гэж бодохоор нийтдээ 1.680.000 төгрөгийн цалин болж байгаа...” /хх 31-33, 86-87/,

гэрч Л.Сайнзаяагийн “...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Дөлгөөн, Оюун-Эрдэнэ нартай уулзсан бөгөөд бид гурав Од бэлэг авч өгөх гэж их дэлгүүрийн ойролцоо байдаг дэлгүүрт очиход тухайн дэлгүүр нь хаалттай байсан. Тэгээд бид гурав ...бааранд ороод хүний 2, 2 шил пиво авч уусан. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байтал бид нарын хажуу талын ширээн дээр сууж байсан залуу бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад над руу ирээд надтай бүжиглэх гээд намайг тэвэрч аваад шууд миний хацар дээр нэг удаа үнссэн. ...Тэгээд би буцаад талбай дээр гараад байж байтал Ойг нөгөө согтуу залуу барьж аваад хацар дээр нь үнссэн бөгөөд Оэ тэр залууг шууд түлхээд алгадсан. Тэгтэл тэр залуу О-ийг шууд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон бөгөөд О хойшоогоо савж унасан. ...Уруул нь сэтэрч цус гарсан байсан. Би хамт гэмтлийн эмнэлэг орж оёо тавиулсан. Тэр Оюун-Эрдэнийг цохисон залуу намайг цохих гээд далайхаар нь би бултаад цохиулаагүй. ...” /хх 36-38/,

гэрч М.Дөлгөөний “...манай бэр эгч Сайнзаяа бид хоёр Од бэлэг авч өгөх гэж 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр уулзаад О рүү ярьж түүнтэй уулзсан. Бид гурав бэлэг авах гэж гадуур явж байгаад гинж зардаг газар нь хаачихсан байхаар нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах модны 2-ын орчим байдаг нэг ресторанд орж хоол идсэн. Тэгээд хоол идэж гарч ирчихээд тухайн модны 2-т байрлах “Альфа” нэртэй бааранд 21 цаг өнгөрч байхад бид гурав явж орсон. Тэгээд бид гурав хүн хүний 2, 2 пиво уугаад бүжиглэсэн. Тэгээд 23 цаг болж байхад бид гурав баарнаас гарах гээд хувцсаа өмсөөд би цүнхээ аваад эргээд хартал О газар унаж байсан. Тэгээд би шууд гүйж очоод юу болов гэтэл Он нүүр нь цус болчихсон байсан. Хажууд нь зогсож байсан нэг залуу зугтаагаад гүйхээр нь би шууд хойноос нь гүйхэд үүдэнд зогсож байсан хамгаалагч нар тэр залууг барьж авсан. Мөн Сг бас тэр залуу хацар дээр шууд үнсчихсэн гэж хэлсэн бөгөөд мөн г цохих гэж байхад нь С бултаад цохиулаагүй шүргээд өнгөрсөн гэж хэлж байсан. Цагдаа нар ирээд тэр залууг аваад цагдаагийн хэлтэс рүү явсан...” /хх 41-43/,

яллагдагчаар Г.Хийн “...маргааш нь буюу 2022 оны 8 дугаар сарын 14-ний өглөө намайг эрүүлжүүлэхээс гаргаад, би Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үүдэнд сууж байтал нэг охин над дээр ирээд чи намайг өчигдөр орой цохисон гэж хэлж байсан. Тэгээд би цагдаагийн газраас явсан бөгөөд маргааш нь намайг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс цагдаа дуудаж надаас хүн зодсон байна гэж мэдүүлэг авсан. Би Янживтай утсаар ярьж “Апьфа” бааранд юу болсон талаар тодруулахад Янжив надад хандаж чи бааранд байхдаа эмэгтэй хүн цохисон гэж хэлж байсан...” /хх 79-81/ гэх мэдүүлгүүд,

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11259 дугаар “...Ё.Обиед уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 17-18/,

               гэрч М.Дөлгөөнөөр гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа “...түүнд үзүүлсэн 1-3 дугаартай гэрэл зургуудаас 2 дугаартай Ганбаатар овогтой Г.Хийг зааж энэ 2 дугаартай зурган дээр байгаа залуу бол Ё.Ог зодсон хүн мөн байна гэж хэлснийг тэмдэглэлд тусгасан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 59-60, 61-62/,

               хохирогч Ё.Оэр гэрэл зургаар тань олуулах ажиллагаа явуулсан “...түүнд үзүүлсэн 1-3 дугаартай гэрэл зургуудаас 2 дугаартай Ганбаатар овогтой Г.Хийг зааж намайг цохисон хүн энэ байна гэж хэлснийг тэмдэглэлд тусгасан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 63-64, 65-69/,

               хохирогч Ё.Оэс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хх 90-92/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /хх 121/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч Г.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болжээ.  

Шүүгдэгч Г.Х хохирогч Ё.Обиед “уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн хөхөнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Хтухайн зүйл ангид зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байгаа хэдий ч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан 345.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар сольж шийдвэрлэлээ.  

Иймд шүүгдэгч Г.Хийн гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/886 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.  

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй. ...”,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай. ...” гэсэн заалт нэмэлт заалтуудыг оруулсугай.  

4. Шүүгдэгч Г.Х нь 345.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Г.Хийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ