Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2024/0465/З |
Дугаар | 128/ШШ2024/0527 |
Огноо | 2024-06-18 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0527
2024 06 18 128/ШШ2024/0527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А******* овогт Г*******гийн С******* /РД:*******/
Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: ...Шүүгчийн өндөр настны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 21,929,373 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч*******, шүүх хуралдааны нарийн нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2013 оноос хойш Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж гавьяаны амралтыг эдэлж байна. Зарлиг гарснаас хойш Шүүхийн ерөнхий зөвлөлийн Санхүү хөрөнгө оруулалтын газраас Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дансанд миний тэтгэмжийн санхүүжилт болох 100,800,000 төгрөг орсныг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр миний дансанд шилжүүлсэн байсан.
Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд мөн дээрх хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч миний бие өөрийн тэтгэмжээ тооцож үзэхэд дутуу олгогдсон байсан.
Дутуу олгогдсон тэтгэмжийн зөрүүг олгож өгнө үү гэх агуулгаар Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар 2023 оны 8 дугаар сард хандсан боловч Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санхүү, төсөвтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэр гаргадаг тул тухайн байгууллагад хандаж дутуу олгосон тэтгэмжийн асуудлаа шийдвэрлүүлэх талаар хариу ирүүлсэн. Улмаар хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд дээрх асуудлаар гомдол гаргасан хэдий ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгуулахтай холбоотой асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргана уу гэсэн хариуг ирүүлсэн. Тус хариунаас үзэхэд хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч надад олгогдох нэг удаагийн тэтгэмжийг яагаад дутуу олгосныгоо тайлбарлаж чадахгүй, шууд шүүхэд ханд гэж нэхэмжлэгч намайг хохироож байгаа эс үйлдэхүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний бие хуульд заасны дагуу төрөөс авах ёстой нэг удаагийн мөнгөн тэтгэмжээ бүрэн авч чадахгүй, хариуцагч болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйн улмаас хохирч байна.
2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.7-д тус тус заасны дагуу Шүүхийн тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа буюу шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү болох 38,550,627 төгрөгийг нэхэмжлэгч надад олгохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж өгнө үү гэх агуулгаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дугаартай шийдвэрээр шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийг зөрүүг олгохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү болох 38,550,627 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар уг шийдвэрт хариуцагч талаас гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 150 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, тэтгэмжийн зөрүү төлбөрийг зохих журмын дагуу тооцож олгохыг даалгасан.
Дээрх шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч миний тэтгэмжийн зөрүү төлбөр болох 60,480,000 төгрөгийг хариуцагч нь одоо болтол олгохгүй байна. Тодруулбал Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 38,550,627 төгрөгийг нэхэмжлэгч надад олгохоор шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүхийн магадлалд мөнгөн дүн бичигдээгүй өөрчлөлт орсон нь дээрх тэтгэмжийн зөрүүг надад олгох боломжгүй гэх агуулгаар хариуцагч нь тэтгэмжийг өнөөдөр хүртэл хугацаанд олгохгүй буцааж байна. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гаргахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл 40 хувь болон төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл 20 хувь, нийт 60 хувийн нэмэгдлээр тооцож үзэхэд нэхэмжлэгч миний бие 160,840,000 төгрөг авах ёстой байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу мөнгө олгоно гээд хариуцагчаас тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дугаартай шийдвэрээр нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олохгүй байгаа хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байхад тэтгэмжийн зөрүүг олгохгүй өндөр настан шүүгч намайг хохироогоод байгаа тул шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 21,929,373 төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
1.3. Нэхэмжлэгч Г.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлдээ: Миний бие Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Өндөр насны тэтгэвэрт гарахад Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу шүүгчид нэг удаагийн тэтгэмж олгон гэж заасны дагуу 36 сарын цалин гэж 100,800,000 төгрөг олгосон. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т зааснаар сарын дундаж цалингийн хэмжээг дан ганц албан тушаалтны цалин буюу үндсэн цалингаас тооцож нэхэмжлэгч миний албан ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл оруулж тооцоогүй зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь Шүүхийн тухай хуульд зааснаар баталгаажсан шүүгчээр ажиллаж байсан миний нийгмийн баталгааг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч миний бие Анхан шатны шүүхээр тэтгэмжийн зөрүүг тооцооллын алдаа гаргаж дутуу тооцоолсон гэж үзэж байна. Онцгой нөхцөлийн нэмэгдэл 1,120,000 төгрөг, алба хаасны нэмэгдэл 560,000 төгрөг 36 сараар тооцоход 161,000,000 төгрөг болж байгаа. Үүнээс 100,800,000 төгрөгийг авсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр дутуу бодож надад 38,550,627 төгрөг олгосон. Үлдэгдэл 21,929,373 төгрөгийг олгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан гэв.
Хоёр: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан иргэн Г.С*******оос шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 21,929,373 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд. Нэхэмжлэгч Г.С******* нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан тэтгэмжийн зөрүү 38,550,627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан бөгөөд тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0041 дугаартай шийдвэрээр шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүү 38,550,627 /гучин найман сая таван зуун тавин мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгахаар шийдвэрлэсэн.
Уг шийдвэрт хариуцагч тал гомдол гаргасан ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 24/МА2024/150 дугаартай магадлалаар нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг тогтоож, нэхэмжлэгчид дутуу олгосон тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж гэж өөрчлөлт оруулсан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0041 дугаартай шийдвэрийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Г.С*******ын Хаан банкны ******* дугаартай данс руу 38,550,627 /гучин найман сая таван зуун тавин мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг шилжүүлэн олгосон болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлдээ: Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0021 дугаар тогтоол, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 0053 дугаар тогтоолоор шүүгчийг тэтгэвэрт гарахад нь олгох тэтгэмжийг албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тогтоохоор дүгнэсэн байдаг. Дээрх аргачлалын дагуу Ховд аймгийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Г.С*******ын авч албан тушаалын үндсэн цалин, төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцоход нэг сарын дундаж цалин 3,870,850.83 төгрөг гарч байгаа. Үүнийг 36 сараар тооцоход 139,350,639 төгрөгийн тэтгэвэр тогтоохоор гарсан тооцоолол гарсан байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0041 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 0150 дугаар магадлалыг үндэслэж 38,550,627 төгрөгийг тэтгэвэрт гарахад тэтгэмжийг бүрэн олгоогүй байдаг. Нэхэмжлэгч Г.С*******ын 21,929,373 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гурав: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3.2. Нэхэмжлэгч Г.С*******оос Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо албан тушаалын цалинд онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулалгүй буюу онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг буруу тооцоолж 21,929,373 төгрөгийг дутуу олгосон гэж маргаж байгаа бол, хариуцагчаас албан тушаалын үндсэн цалин, төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцоход нэг сарын дундаж цалин 3,870,850.83 төгрөг гарч байгаа. Үүнийг 36 сараар тооцоход 139,350,639 төгрөгийн тэтгэвэр тогтоохоор гарсан тооцоолол гарсан байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0041 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 0150 дугаар магадлалыг үндэслэж 38,550,627 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон 21,929,373 төгрөг ямар учраас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэж тайлбарлалаа.
3.3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд дээр дурдсан сарын дундаж цалингийн хэмжээ гэдэгт эдгээр бүрдэл хэсгүүдийн нийлбэрийн дундаж байна.
3.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.
3.5. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1-д дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байх ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын Нэг-ийн 1.3-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж, Хоёр-ын 2.1 ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно, 2.1.1 нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж зааснаас үзвэл сарын дундаж цалингийн хэмжээ-г тооцохдоо бүх нэмэгдлүүдийг оруулан тооцох хууль болон журмын зохицуулалттай ажээ.
4.6. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхдээ сарын дундаж цалингийн хэмжээг дан ганц албан тушаалын цалин буюу үндсэн цалингаас тооцон тэтгэмж олгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
4.7. Хариуцагчаас нэхэмжлэгч Г.С******* шүүгчээр ажиллаж байхдаа авч байсан ...албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн дунджаар тооцон тэтгэмжийг олгохгүй, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0041 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 38,550,627 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгасан шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 0150 дугаар магадлалын 1 дэх заалтын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ..... нэхэмжлэгчид дутуу олгосон тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсан. Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчид олгох нэг удаагийн тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож олгохгүй үйлдлийн улмаас Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар баталгаажсан шүүгчээр ажиллаж байсан Г.С*******ын нийгмийн баталгаа зөрчигдсөн байна.
4.8. Иймд дээрх үндэслэлүүдээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Г.С*******ын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхээр түүний албан тушаалын цалинд багтах онцгой нөхцөлийн нэмэгдэл 40 хувь буюу 1.120.000 төгрөг, алба хаасан хугацааны нэмэгдэл 20 хувь 560.000 төгрөг, нийт 1,680,000х36=67,860,000 төгрөг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0041 дугаар шүүхийн шийдвэрээр 38,550,627 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж хариуцагчаас нэхэмжлэгчид 38,550,627 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. Үлдэх 67,860,00-38,550,627=21,929,373 төгрөгийн зөрүүг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.С*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 21,929,373 төгрөгийг олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОДМАА