Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 32

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Шүүгдэгч: Ж.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Бд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805000000003 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ж.Б, 1993 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарт аврагч ажилтай, ам бүл 5, ...урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.Бнь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” нэртэй бааранд “ширээн дээрээ суулгахгүй гэж найзтай маргалдлаа” гэх шалтгаанаар тус бааранд үйлчлүүлж байсан иргэн О.Тулгаатай маргалдаж улмаар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Бшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 11-ний шөнийн 02 цагийн орчим “+25” нэртэй бааранд өөрийн найз нартайгаа ороход зөөгч нь сул ширээ байхгүй тул хүмүүс сууж байсан ширээнд шахаад суучих гэж хэлсэн.  Бид нар суух гээд очиход хохирогч болох залуу манай найзтай ширээнд суулгахгүй гэж маргалдсан. Над руу бас үг хэлээд доромжлоод дайраад байхаар нь би ууж байсан пивоны шилээ шидсэн. Баарны хамгаалагч нар ирж бид нарыг баарнаас гаргахад хохирогч залуу миний араас цохихоор нь баарны гадаа дахин зодолдож байхад цагдаа нар ирсэн. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө өөрийн найз Батсайхан болон түүний эхнэр, эхнэрийнх нь найзын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “+25” нэртэй бааранд үйлчлүүлж байсан. Тухайн үед бид 4 нэг жижиг буйдантай ширээнд сууж байхад баарны хүмүүс гаднаас үл таних 3 залууг ширээнд шахаж суулгачихсан. Тэгээд хамтдаа сууж байгаад тухайн 3 залуугийн нэг үл таних залуу цаашаа шахаад суу гэхэд нь би тэр залууд бид нар дөрвүүлээ явж байгаа учраас боломжгүй байна гэж хэлэхэд тэд нар дургүйцэж бид нарын хооронд маргаан үүсээд маргалдаж байхад цуг явж байсан хоёр залуугийн том биетэй залуу нь ирээд пивоны шил бариад миний толгойны дух хэсэг рүү цохьсон... шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг Ж.Ббааранд байхдаа толгойн тус газар минь шил шидэж духны зүүн хэсэгт зүссэн, баарны гадаа мөн дахин маргалдахдаа зүүн хавиргыг минь цохиж гэмтэл учруулсан. Би тэр залууг урьд нь харж байгаагүй, бааранд ширээнд шахаж суулгахгүй гэж маргаан эхэлсэн. Миний эмчилгээний зардал болох нэхэмжилж байсан 720.000 төгрөгийг гаргаж өгсөн учраас ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 32, 34/,

Гэрч М.Содномцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгэхээр нь би маргалдааныг болиулах гээд яваад очиход ширээн дээр суучихсан байсан хоёр залуутай гаднаас орж ирээд шахаж суусан залуу хоорондоо маргалдаад салахгүй би бусад хамгаалагч нараа дуудаад салгахад ууж байсан хайнекен гэх нэртэй пивоны шилээ нүүрэн тус газар нь шидчихсэн. Тухайн үед сууж байсан залуугийн нэгнийх нь толгойноос цус гараад би шидсэн залууг нь барьж аваад цагдаа дуудаад өгсөн. Толгой руугаа пивоны шилээр цохиулсан нь жоохон уурлаж дайраад нөгөө залуу тэр хоёр жаал ноцолдож, зодолдсон. Тухайн өдөр “+25” бааранд хүн ихтэй байсан. Орж ирсэн хүмүүсийг боломжтой бол ширээнд шахаж суулгаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 55/,

Гэрч Д.Мөнх-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...+25 нэртэй бааранд орж суухад зөөгч нь ширээ байхгүй учраас шахаж суулгана гэхээр нь шахаж суугаад хүний тус бүр 2 шил пиво захиалж уусан. Тэгээд жаахан бүжиглэж байгаад буцаж суух гэхэд нэг үл таних залуу алцайгаад суучихсан бид нарыг суулгахгүй байхаар нь чи яагаад ингэдэг юм гээд шахаад суучихсан. Удаагүй байтал тэр үл таних залуу жаал уурлаад байхаар нь би маргалдсан тэгтэл цуг явж байсан нэг залуу нь бид хоёрын голоор орж ирж суугаад маргааныг болиулах гэсэн боловч тэр залуу хэл амаар доромжлоод босоод ирсэн чинь Ж.Ббарьж байсан пивоны шилээ шидчихсэн. Тэгтэл тэр залуугийн толгойноос цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 57/,

Гэрч Э.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...+25 бааранд бид 4 орж ширээнд суугаад хүний тус бүр нэг пиво захиалаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад эргээд ширээндээ суух гэхэд үл таних 2 залуу бид нарын ширээн дээр шахаад суучихсан байсан. Бид нар ширээний ард орж сууцгаасны дараа манай найз болох Тулгаатай үл таних хоёр залуугийн нэг нь ширээн дээр шахалцаад маргалдаад байхаар нь би тэр хоёрын голоор нь орж суугаад та хоёр маргалдхаа боль бүгдээрээ эвтэй сууя гэж хэлээд байж байхад манай найз Тулгааг зоддог том биетэй залуу найзыгаа өмөөрөөд Тулгаатай маргалдаж байгаад өөрийн ууж байсан пивоны шилээ манай найз Тулгаа руу шидчихсэн. Тэгээд хамгаалагч нар ирээд бид 6 баарнаас гарахад баарны гадаа Тулга болон том биетэй залуу хоёр дахиж ноцолдож, зодолдоод салаад удаагүй байтал цагдаа нар ирээд том биетэй залууг аваад явчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 53/,

Шинжээчийн 589 тоот дүгнэлтэд: “...О.Т биед цээжний зүүн талд 12-р хавирганы ташуу зөрүүгүй хугарал, тархи доргилт, духанд шарх, зүүн чамархайн хуйх, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 7/,

Яллагдагчаар Ж.Бөгсөн: “...Зөөгчийн шахаж суулгасан ширээний үл таних залуутай маргалдсан. Тухайн үед зөөгч манай найз бид хоёрыг хүмүүстэй ширээнд шахаж суулгахад ширээн дээр түрүүлээд суучихсан байсан залуу ширээн дээрээ суулгахгүй гэж манай найзыг заамдаад авчихсан байхаар нь салгах гээд очиход тэр залуу надтай маргалдаж маргаанаас болоод би гартаа бариад ууж байсан пивоны шилээ шидчихсэн нь тэр залуугийн толгойг онон хагалсан. Баарны хамгаалагч нар ирээд тэр ширээнд сууж байсан 6 хүнийг бүгдийг нь аваад баарны гадаа гаргаад тэндээ маргалдаад удаагүй байж байхад цагдаа нар орж ирээд намайг аваад явчихсан... Бид хоёрыг хамгаалагч нар ирээд баарны гадаа гарахад Тулгаа намайг цохиж гадаа бид хоёр ноцолдсон асуудал байгаа. Би Тулгаагийн нэхэмжилсэн эмчилгээний зардал болон нийт 720.000 төгрөгийг нөхөн барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний бие хохирогч Тулгаатай сайн дурын үндсэн дээрээс эвлэрч, хохирлыг нь нөхөн барагдуулсан тул хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 37/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, компьютер томографикийн оношлогооны зураг /хх-н 8/, хохирогчийн өргөдөл /хх-н 11/, мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 20/, мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх-н 21/, хохирлын баримтууд /хх-н 22-24/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38-47/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Ж.Бнь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 02 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” нэртэй бааранд “ширээн дээрээ суулгахгүй гэж найзтай маргалдлаа” гэх шалтгаанаар тус бааранд үйлчлүүлж байсан иргэн О.Тулгаатай маргалдаж улмаар пивоны шилээр толгойн тус гаар нь цохьсон, мөн уг баарны гадаа дахин зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Т: “...бид нарын хооронд маргаан үүсээд маргалдаж байхад цуг явж байсан хоёр залуугийн том биетэй залуу нь ирээд пивоны шил бариад миний толгойны дух хэсэг рүү цохисон... шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг Ж.Ббааранд байхдаа толгойн тус газар минь шил шидэж духны зүүн хэсэгт зүссэн, баарны гадаа мөн дахин маргалдахдаа зүүн хавиргыг минь цохиж гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 32, 34/, гэрч М.Содномцэрэнгийн: “...Би бусад хамгаалагч нараа дуудаад зодооныг салгахад ууж байсан хайнекен гэх нэртэй пивоны шилээ нүүрэн тус газар нь шидчихсэн. ...Толгой руугаа пивоны шилээр цохиулсан залуу жоохон уурлаж дайраад нөгөө залуу тэр хоёр жаал ноцолдож, зодолдсон” гэсэн мэдүүлэг /хх-н 55/, гэрч Д.Мөнх-Эрдэний: “...маргааныг болиулах гэсэн боловч тэр залуу хэл амаар доромжлоод босоод ирсэн чинь Ж.Ббарьж байсан пивоны шилээ шидчихсэн. Тэгтэл тэр залуугийн толгойноос цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 57/, гэрч Э.Батсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...том биетэй залуу найзыгаа өмөөрөөд Тулгаатай маргалдаж байгаад өөрийн ууж байсан пивоны шилээ манай найз Тулгаа руу шидчихсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 53/, шинжээчийн 589 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэргүүдэд багтаж байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа мэдүүлэг, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримт /хх-н 65/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ж.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх бөгөөд шүүх шүүгдэгчийг гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсгүүдэд заасны дагуу прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлэхэд 1 сарын хугацаа байхад хангалттай гэж байх тул түүнд торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 720.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч тухайн мөнгийг хохирогчид өгсөн нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тэмдэглэл /хх-н 20-21/-ээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Б“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ж.Бд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР