| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01042/и |
| Дугаар | 155/ШШ2016/00032 |
| Огноо | 2015-12-25 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2015 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2016/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б.Н-ийн
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2015/01042/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нбид хоёр 2003 оноос эхлэн үерхэж байгаад 2004 онд гэр бүл болсон. Биднийг хамт амьдарч байх хугацаанд 2008 онд хүү М, 2010 онд охин Б нар төрсөн бөгөөд нөхөр маань бичиг үсэг мэдэхгүй, би ч хөөцөлдөж явж чадахгүй байсаар гэрлэлтээ батлуулж чадаагүй тул хүүхдүүдээ өөрийнхөө нэрээр овоглосон. Манай нөхөр 2014 оны 06 дугаар сард нас барсан юм. Манай хоёр хүүхэд сургуульд орж, санхүүгийн байдал дээр хэцүү байгаа тул эцгээр нь овоглож, тэжээгчээ алдсаны тэтгэмж авах шаардлагатай байгаа тул 11 жил хамт амьдарсан нөхөр С.Н-тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Н нь талийгаач С.Н-тай хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй.
С.Н 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нас барсан, Б.Н-тэй гэр бүл болсон ч гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08/000216 тоот нас барсны бүртгэлийн лавлагаа, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэр бүлгүй болохыг тодорхойлов. Д, эрэгтэй, эцгийн нэр С, нэр Н, эцгийн нэр Б нэр Н гэх бичилттэй 08/000083 тоот гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Б.Н, талийгаач С.Н нар нь 2004 оноос хамт амьдарч, тэдний дундаас хүү Н-ийн М, охин Н- ийн Б нар төрсөн болох нь ....дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн А сумын Бор гол багийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Х аймгийн А сумын 2 дугаар багийн иргэн Б овогтой Н нь 2004 оны 05 дугаар сарын 14-ний өдөр С овогтой Н-тай гэр бүл болсон. Нөхөр С.Н нь 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр усанд осолдож нас барсан нь үнэн болно гэх бичилттэй 205 тоот тодорхойлолт, 2011 онд гэр бүлээрээ авахуулсан гэрэл зураг, гэрч П.Батжаргалын ...Н Ннар 2003 онд танилцсан гэдэг. 2004 оны 5 сард гэр бүл болж хурим найраа хийж байсан. Цөөн хэдэн малтай, манайхтай айл саахалт амьдарч байсан. Амьдарч байх хугацаанд хүү М, охин Б нар нь төрсөн. 2014 онд нөхөр болох С.Н усанд осолдож нас барсан. Одоо эхнэр Н нь хоёр хүүхдийн хамт хөдөө амьдарч байгаа...Гэр бүл болсон цагаас А сумын 2 дугаар багт амьдарч байсан...С.Н нь бичиг үсэг мэддэггүй байсан, гэрлэлтээ батлуулахаар сумын захиргаанд очиход хэзээ гэр бүл болсон огноог нь асуухад хавар гэр бүл болсон гэж хэлэхээр нь гэр бүл болсон он сараа мэдээд ир гээд явуулсан гэсэн. Тэгээд буцаж очилгүй, батлуулаагүй гэсэн. Гэрлэлтээ батлуулаагүй учир хүүхдүүд нь ээжээрээ овогтой юм билээ...хэн хэн нь гэр бүл болж байгаагүй, хүүхэдгүй байсан... гэх мэдүүлэг, гэрч С.Энх-Амгалангийн ...С.Н нь миний...дээрээсээ хоёр дахь ах маань байсан юм. Тэгээд Б.Нтэй 2004 онд айл гэр болж хамт амьдарсан. Үүнээс хойш 2008 онд хүү М, 2010 онд охин Б нар нь төрсөн. Б.Н, С.Н нар нь хамтдаа 11 жил амьдарсан байна. Гэрлэлтээ батлуулахаар сумын төв ороход бичиг баримт авч ир гээд буцаасан юм гэсэн. Түүнээс хойш энэ талаар хөөцөлдөөгүй юм билээ. Хүүхдүүд нь төрөхөд гэрлэлтээ батлуулаагүй байсан учир эхнэр Б.Н нь өөрийн нэрээр овоглосон юм билээ. Манай ах С.Н 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр зуурдаар нас барсан...Ганц биеэр явж байгаад Б.Н-тэй гэр бүл болж хурим найр хийсэн. Б.Н ч гэр бүлгүй байсан...том хүүхэд нь 3 дугаар ангид сурдаг, бага нь 5 нас хүрч байна... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Х овогт Б-ын Н, Д овогт Сын Н нар хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА