| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04179/И |
| Дугаар | 181/ШШ2024/04305 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2024/04305
| 2024 11 05 | 181/ШШ2024/04305 |
|
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 байрлах М ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 0 тоотод оршин суух Б овогт Ш-ын С /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,302,430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Снь "М ББСБ" ХХК-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2017 оны 12 сарын 28-ны өдөр 140000048151 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ш.С нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 02 сарын 14-ний өдөр сарын 2,9% хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд төлж барагдуулаагүй.
Өнгөрсөн хугацаанд Ш.С-н зээлийн гэрээний үүргийг шаардан зээл авах үедээ тодорхойлсон Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 0 тоот тоот хаягаар шүүхэд хандахад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүгчийн захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган, тус шүүхийн 2023.10.03-ны өдрийн 0 дугаартай эрэн сурвалжлах шийдвэрийг үндэслэн хариуцагч Ш.С-ийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоосон. Шүүхээс хаяг тогтоогдсоны дараа хариуцагчтай холбоо барьж зээлийн төлбөрийг төлөх нэмэлт хугацаа олгосон боловч огт төлөлт хийгээгүй.
Ш.С-ийн зээлийн гэрээний үүрэг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 612,575 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,655 төгрөг, нийт 1,232,230 төгрөг, зээлдэгчийн хаягийг тодорхойлоход гарсан зардал 70,200 төгрөгийг нэмж нийт 1,302,430 төгрөг гаргуулахаар байна.
Зээлийн хүү тооцсон хугацаа: 2019.02.14-2022.08.22 өдөр хүртэл 1285 хоног
Зээлийн хүү тооцсон арга: 500,000*2,9%*12сар/365 хоног*1285 хоног = 612,575 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү тооцсон арга: 612,575-14300*20%=119,655 төгрөг
М ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Ш.С-с зээлийн гэрээний үүрэгт 1,232,230 төгрөг, зээлдэгчийн хаягийг тодорхойлоход гарсан зардал 70,200 төгрөг нийт 1,302,430 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Эвлэрлийн гэрээнд: М ХХК нь хариуцагч Ш.С-с зээлийн гэрээний үүрэгт 1,302,430 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 302,430 төгрөгөөс татгалзаж, 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээг байгуулж байна.
Ш.С нь 1,000,000 төгрөгийг: 2024.11.15-ны өдөр 500,000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 500,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ш.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,302,430 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч М ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,302,430 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ 302,430 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ш.С нь үлдэх 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Ийнхүү зохигч эвлэрсэн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, Ш.С-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,302,430 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ 302,430 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ш.С нь 1,000,000 /нэг сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 500,000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, Ш.С-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.С-ээс 28,550 /хорин найман мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА