| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01058/и |
| Дугаар | 155/ШШ2016/00033 |
| Огноо | 2015-12-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2015 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2016/00033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б.Ц-н
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2015/01058/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эцэг, эхийн хамт Х аймгийн Т сумын Д нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал хонь, ямаа маллаж, үхэр сааж байсан. Тэгээд нэгдэл тарсан. Би хөдөлмөрийн дэвтэр авсан хэдий ч үрэгдүүлчихсэн. Шүүхэд 1990 оныг дуустал ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч нөхөн бичилтээр ажиллаж байсан хугацаанд тооцогдсон тул 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг тогтоолгох хүсэлттэй байна. Иймд миний дээрх хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Ц нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Б.Ц Х аймгийн Т сумын Д нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Цийн 1987 оны 01 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Ганболдын Б.Ц нь Х аймгийн Т сумын Д нэгдэлд хоньчин, саальчнаар 1987 оноос эхлэн 1990 онд өмч хувьчлалаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан юм. Нэгдэл 1990 оноос хувьчлал болон тарж улмаар компани болж, 1992 онд тарсан...Б.Ц нь сургууль соёлд гавьтай суугаагүй, 1987 оны 01 дүгээр сараас эхлэн...тасралтгүй ажиллаж байсан, сааль саах, хонио маллах зэрэг ажил хийж байсан...Би тус сумын Д нэгдэлд 1972 онд буюу 14 настайгаасаа хойш нэгдэл тартал хоньчин хийж байсан. Цэнд-Аюуш бид нэгдлийн 1 дүгээр бригадад ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Баасандалайгийн Б.Ц нь Х аймгийн Т сумын Агтын голын хавиар нутаглаж аав, ээжийн хамт мал малладаг байсан. Т сумын Д нэгдэлд 1987 оны 01 дүгээр сараас эхлэн...1990 оныг дуустал ажилласан. Д нэгдэл 1992 онд тарсан...ажиллах хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан...Би тус сумын Д нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оноос хойш нэгдэл тартал ажилласан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Б.Цийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Тус аймгийн Т сумын Д нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Б.Цид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/313 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Ц-ийн Х аймгийн Т сумын Д нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА