Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/129

 

    2023             01              26                                      2023/ДШМ/129

 

Ч.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор В.Батдэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э,

шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/1771 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.Ад холбогдох эрүүгийн 2203 00448 0439 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

            Г овгийн Чын А, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Увс аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, ................ дүүргийн ... дугаар хороо, .............. дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................... дүүргийн ... дүгээр хороо, ........... дугаар байрны .... тоотод түр оршин суух хаягтай, /РД:........./,

            Увс аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1, 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

            Шүүгдэгч Ч.А нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ гудамжны Газарчин сургуулийн урд замд “Тоёота Приус 41” загварын 16-67 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс унадаг дугуйтай зорчигч Х.Дг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Тээврийн прокурорын газраас: Ч.Аы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г овгийн Чын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял эдлэх бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс гадагш зорчихыг хязгаарлаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч А.Боос 1.427.548 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эд олгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцаа, хохирлын зориулалттай Төрийн сангийн 10090005406 дугаартай дансанд 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр шүүгдэгч Ч.Агаас байршуулсан 1.200.000 төгрөгийг зохих журмын дагуу гаруулан авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, хохирогч Х.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Э нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Ч.А, иргэний хариуцагч А.Б нараас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.А нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өндөр настай аавыг минь машинаараа мөргөж, хүнд гэмтээсэн хэрэгтээ одоог хүртэл огт гэмшихгүй, хохирол, төлбөрөөс барагдуулаагүй, уучлалт ч гуйхгүй өдийг хүрсэнд бид маш их гомдолтой байна. Энэхүү хэргээ огт ухамсарлахгүй байгаа байдлаас нь түүний ял хөнгөдсөн гэж үзэж байгаа тул ялыг хорих ялаар сольж өгөхийг хүсэж байна. Аав минь ийм байдалтай болсонд бид маш их гомдолтой байна.

Анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгчээс оршин суугаа хаягийг тодорхой асуухад Ч.А би ганцаараа биеэ дааж амьдарч, машинаа бариад явж чаддаг гэж тухайн оршин суугаа хаягаа өгсөн. Одоо болохоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэртээ байхгүй гэж байна. Би Ч.Аг бие нь эрүүл, эрүүгийн хариуцлагаа хүлээх чадвартай хүн гэж үзэж байна. Аавыг минь буцааж эрүүл, саруул болгож чадахгүй. Шүүх хуралдааныг хойшлуулан байж шүүхийн дансанд хэдэн төгрөг хийсэн байсан түүнээс хойш хүн чанар гаргаагүй. Уучлаарай гэж нэг удаа биеийг нь асуугаагүй.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.А нь осол гарсан үеэс хохирогчийн хамаатан садан, үр хүүхэд рүү нь утасдаж мэдэгдэх, эмнэлгийн тусламж үзүүлэх, эмчилгээний төлбөр болон дугуйны хохирол, асаргааны зардал зэргийг өөрийн өндөр насны тэтгэврийн зээл авч төлж барагдуулсан, хохирогч машин зогсож байхад ирж мөргөсөн, би өндөр настай, ганц бие, уушиг тайруулах хагалгаанд 2 удаа, зүрхний шигдээс болж 2 удаа тэлэгч тавиулсан, чихрийн шижин /сахар/-ын хүнд хэлбэрийн өвчтэй, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвөөс сахрын болон даралт, зүрхний өвчний эм тариагаа хөнгөлөлттэй үнээр авч хэрэглэдэг, тэндхийн эмч эмнэлгийн байнгын хяналтад эмчилгээ сувилгаа хийлгэж, эм тарианы хүчинд амьд сэрүүн агаар салхи амьсгалан өдөр хоног өнгөрөөж байгаа амьдралын болон эрүүл мэндийн хүнд хэцүү нөхцөл байдалд ганц хүүгийнхээ асрамж халамжид амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялаас чөлөөлөх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Өмгөөлөгчийн хувьд замын хөдөлгөөнд “мотоцикл, мопед, дугуйтай зорчигч хамгаалалтын малгай заавал өмсөхийг шаарддаг ба хэрвээ өмсөөгүй тохиолдолд Зөрчлийн хуулиар зохицуулахаар хуульчилсан байх ба энэхүү зохицуулалт нь насанд хүрсэн бүх хүмүүст хамааралтай гэж ойлгож байна. Хэрвээ хохирогч хамгаалалтын малгайтай явсан тохиолдолд эрүүл мэндэд эерэг нөлөөлөхүйц байдал үүсгэх боломжтой гэх үзэл баримтлалаар хууль тогтоогчид хуульчилжээ. Анхан шатны шүүхээс Ч.Аг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд гэм буруутайд тооцож, хариуцлага оногдуулахдаа дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, дүгнэлт өгөхгүйгээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар Ч.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс гадагш зорчихыг хязгаарлаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ...иргэн биелүүлнэ” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг биелүүлэхэд дараах нөхцөл байдлууд үүсч байх тул зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх заалт, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэж өгөхийг хүсэж байна. Үүнд:

1. Ч.А нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн эмнэлэгт 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хүнд хэлбэрийн “чихрийн шижин өвчин”-ий улмаас байнгын хяналтад байж, эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг авч байна. Зүрх судасны өвчнөөсөө болж байнга амьсгаадаж явган явах боломжгүй, ганц хөл болж байсан машин жолоодох эрхийн 3 жилээр хассан.

2. Ч.А нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 39а дугаар байрны 19 тоотод байрлах байрыг түрээслэн ганц биеэр амьдардаг. 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн зээл авч хохирол төлсөн. Одоо ямар ч орлогогүй автобус унааны мөнгөгүй хүнд амьдарч байна.

3. Төрсөн ганц хүү А.Б нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Цагаан орд” хотхоны 926 дугаар байрны 26 тоотод гэр бүлийн хамт амьдардаг. Хүүгийндээ очиж хонож өнжиж, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвөөс эм тариагаа авах эрхгүй болсон шүүхийн шийдвэр гарснаар Ч.А харьяалах дүүргийнхээ хяналтын эмчдээ үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чадахгүй, эрүүл мэнд амьдралын хүнд байдалд орж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

...Ч.А уг асуудалд маргахгүйгээр машины эвдрэл гэмтэлд 210.000 төгрөгийн зардал гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд 1.200.000 төгрөгийг хохиролд төлье гэхэд хохирол авахгүй гэж хэлсэн учраас шүүхийн дансанд хийлгэсэн. Иргэний нэхэмжлэгчээс гаргасан 1.427.548 төгрөг нь Ч.Агийн дансанд хадгалагдсан байгаа. Энэ нь Ч.Агийн хүү хөдөөнөөс ажил хийж авчирсан мөнгө юм. Өгөх гэхээр дансыг нь мэдэхгүй, хохирогч талаас авдаггүй. Шүүхийн шийтгэх тогтоолын дагуу хохирогч талаас хохирол, төлбөрийг авах ёстой. Үүнийг эсхүл заавал хэргийг шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэсний дараагаар авна гэж ойлгоод байна уу, авахгүй гэдэг.” гэв.

 

Шүүгдэгч Ч.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчтой мөргөлдөөд тухайн үед эмнэлэгт хүргэж өгч, арга хэмжээ авсан. Гэтэл намайг “алуурчин, бараг дайраад алчихлаа” гэхэд нь миний бие муудаж эмнэлэгт байж байгаад явсан. Хоёр цагдаа нэг, нэг удаа байцааж мэдүүлэг авсан. Прокурорын байгууллагад очиход мөргөсөн гэж бичсэн байхаар нь би та ингэж болохгүй, гарын үсэг зурахгүй гэхэд прокурор би чиний хэрэгт прокуророор оролцох юм чинь гарын үсэг зурчих гэхээр нь би гарын үсэг зурсан. Хохирогч талд би эмнэлгийн зардлыг төлөх гэхэд над руу дайрсан болохоор нь би орхисон юм.” гэв.

Прокурор В.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хувьд прокуророос хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцсон. Мөн гэмт хэрэгтэй холбоотой гомдол, мэдээлэл бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 8 сарын хугацаагаар хорих ял, 2 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасах санал гаргасан. Шүүгдэгч Ч.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэрэг бүх нөхцөл байдлуудыг харсан. Үүнд анхан шатны шүүх дүгнэлт хийж хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 1.4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримталж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь нэгэнт анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг анхан шатны шүүхээс болон прокурорын зүгээс олон удаа тодруулсан. Ийм учраас анхан шатны шүүхээс тохирох хүрээ, хязгаарыг тогтоосон гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэгт тохирсон байх ёстой. Шүүгдэгчийн гаргасан тайлбарын хувьд зорчих эрхийг хязгаарлах ял нь ямарваа нэгэн газар очих, хүнтэй уулзахыг хүртэл хязгаарласан ял шийтгэл байдаг. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байна.” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.А нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” гудамжны “Газарчин” сургуулийн урд замд “Тоёота Приус-41” загварын 16-67 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх хэсэгт “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс унадаг дугуйтай зорчигч Х.Дг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Дгийн “...Би 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 08 цаг 50 минутын үед би Шархадны 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмжээ усалчихаад гэртээ харих гээд өөрийн унадаг дугуйтай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Газарчин” сургуулийн урд талын уулзвар хэсгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байгаад осолд орсон байсан. Би осолд орсон өдрөөс хойш ямар нэгэн ослын талаарх зүйлийг санахгүй байна. ...Би ямар нэгэн машин байгааг хараагүй. Машин гэнэт гарч ирсэн. Тухайн ослын улмаас миний биеийн байдал хүнд босож чадахгүй байгаа тул буруутай жолоочоос хохирол төлбөрийг нэхэмжилж байна...” /хх 20/,

иргэний хариуцагч А.Бын “...“Тоёота Приус-41” загварын 16-68 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сарын үед худалдаж аваад өөрийн аав Ч.А гэх хүнд өгсөн. Тухайн үед “Нет капитал” ББСБ-аас 20.000.000 төгрөгийн зээлээр авч байсан бөгөөд одоо би өөрөө зээлийг төлдөг. ...би бусдад учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна...” /хх 56/, 

шүүгдэгч Ч.Агийн “...Би 2022 оны 7 дугаар сарын 25-ны өглөө Япон-Монголын эмнэлэг орох гээд 08 цаг 50 минутын үед “Нет капитал” ББСБ-аас зээлээр худалдаж авсан, өөрийн “Тоёота Приус” загварын 16-68 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Да хүрээ” гудамжны “Дако” төвийн уулзвараар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад төв зам руу орох гээд уулзвар дээр ирэхэд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад төв зам руу орох гээд уулзвар дээр ирэхэд ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан унадаг дугуйтай хүн миний машины урд хэсгийг ирж мөргөөд газар унасан. Тэгээд би машинаасаа бууж ирээд харсан чинь 70 орчим насны эрэгтэй хүн толгойноос нь цус гарчихсан зам дээр хэвтэж байхаар нь өргөж босгоод өөрийн утсаар эмнэлэг болон цагдаагийн байгууллага руу залгаж мэдэгдсэн...” /хх 102/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-6/,

зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-14/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10404 дугаар “...Х.Дгийн биед дух яс, баруун нүдний ухархайн дээд хана, гадна ханын хугарал, духны баруун хэсэгт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн мөрөнд цус хуралт, баруун хацар, баруун чихний дэлбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь биед аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 64-65/,

“Вендо” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 40230 дугаар “...stacato унадаг дугуйны нийт хохирлын дүн 240.200 төгрөг...” гэх хөрөнгө үнэлгээний тайлан /хх 82/,

Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 874 дугаар “...“Тоёота Приус” загварын 16-68 УАХ улсын дугаартай автомашины жолооч Ч.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “15.9 гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Унадаг дугуйтай жолооч Х.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй” гэх мөрдөгчийн магадлагаа /хх 84/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.

              Анхан шатны шүүхээс Ч.Агийн үйлдлийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

              Шүүхээс Ч.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйл, ангид зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эын Ч.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулахаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

              Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байхыг шаарддаг.

               Шүүхээс Ч.Ад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүний зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмчийн хяналтад байх шаардлагатай буюу чихрийн шижин өвчтэй /Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт - хх 139/ зэрэг хувийн байдлыг харгалзан үзэлгүй зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс гадагш зорчихыг хязгаарлаж шийдвэрлэсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заасны дагуу Ч.Ад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн ялд өөрчлөлт оруулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

               Түүнчлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эын “...Ч.Агийн ял хөнгөдсөн, тэрээр хохирлоо төлөөгүй тул хэргийг дахин хэлэлцүүлж түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолтой холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй, мөн анхан шатны шүүхээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Ч.А, иргэний хариуцагч А.Б нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байгаа болохыг дурдах нь зүйтэй.  

              Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэхдээ “Х.Дд” гэж буруу бичиж алдаа гаргасан байгааг зөвтгөж, цаашид ийм хайнга хариуцлагагүй алдаа гаргахгүй байхыг анхааруулж тэмдэглэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/1771 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял эдлэх бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс гадагш зорчихыг хязгаарласугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Аг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зорчих үүргийг хүлээлгэсүгэй. ...” гэж,

- 10 дахь заалтад “...Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ...” гэснийг “...Ч.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

                   

                                               ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

                                

                                               ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ