Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2015 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2016/00034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Х сумын ЗД -д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 4.611.492 /дөрвөн сая зургаан зуун арван нэгэн мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2015/00952/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Б.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/06 тоот Хаймгийн Х сумын Засаг даргын тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Х аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 8.567.962 төгрөг гаргуулахаар тогтоож, ажилд эгүүлэн томилсон. Гэвч анхан шатны шүүхээс гарсан шийдвэрт хариуцагч тал гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдаж, анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн. Тэгээд би шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, албадан ажиллагааны журмаар 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа орсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргасан ажилгүй байсан хугацааны цалин 8.567.962 төгрөгийг одоо болтол надад өгөөгүй, сум, орон нутгаас ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа. Иймд Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэн шүүхэд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг Хаймгийн Х сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажлаас чөлөөлсөн эрх зүйн акт нь Засаг даргынх байсан учир Засаг даргыг хариуцагчаар татсан. Засаг дарга А.Дд ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авахаар хүсэлт гаргаж байсан боловч цалингийн сан байхгүй, өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Би 2015 оны 07 дугаар сараас хойш 1 сарын цалин 768.582 төгрөг авч байгаа бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг 768.582 төгрөгөөр тооцож, нийт 4.611.492 төгрөг гаргуулж авна. 2013 онд ажиллаж байхдаа сарын цалин 591.218 төгрөг авдаг байсан. Би нийгмийн даатгалын дэвтрээ үрэгдүүлсэн учир цалин хөлс авч байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай Нийгмийн даатгалын хэлтсээс архивын лавлагаа гаргуулж авсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Хаймгийн Х сумын Засаг дарга А.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Б-гийн гаргасан 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин /1 сарын 768.682 төгрөг/ нийт 4.611.492 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч надад хариуцуулан гаргаж байгаа нэхэмжлэлийг ойлгохгүй байна. Учир нь би нэхэмжлэгчийн иргэний хуульд заасан ямар ашиг сонирхлыг зөрчсөн учраас 4.611.496 төгрөгийг түүнд гаргаж өгөх ёстой талаар нэхэмжлэлд тодорхой дурдаагүй байна. Иймд би Б.Б-д ямар ч үндэслэл шалтгаангүйгээр 4.611.496 төгрөг гаргаж төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 4.611.492 /дөрвөн сая зургаан зуун арван нэгэн мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нь Б.Б-д ямар ч үндэслэл шалтгаангүйгээр 4.611.496 төгрөг төлөхөөс татгалзаж байна гэж маргажээ.

Б.Б Х аймгийн Х сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/06 тоот тушаалаар ажлаас халагдаж, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 01 дугаартай шүүхийн шийдвэрээр Х аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоогдсон бөгөөд хариуцагч тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж хянагдаад анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай шүүхийн шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаартай тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Х аймгийн Х сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 тоот захирамжаар Б.Бг 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Хаймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилжээ. Иймд нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цалин 2.952.459 /хоёр сая есөн зуун тавин хоёр мянга дөрвөн зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж олгох үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу  халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сард 642.628 төгрөг, 11 дүгээр сард 674.761 төгрөг, 12 дугаар сард 317.231 төгрөг авч байсан нь түүний Хаймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин 1.634.620 төгрөг : нэг сард 544.873 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 25.343 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр буюу ажлын нийт 116.5 хоногийн цалин 2.952.459 төгрөгийг Хаймгийн Х сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.659.033 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2.952.459 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 62.189 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай магадлалыг хуулбарласан, Б.Бгийн цалин хөлс авч байсан тухай 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт, 2015 оны цалингийн карт нь огноо зөрүүтэй, тухайн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул үнэлээгүй болно.

Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Х аймгийн Х сумын Засаг дарга /Х аймгийн Х сумын Засаг даргын тамгын газар/-аас ажилгүй байсан хугацааны цалин 2.952.459 /хоёр сая есөн зуун тавин хоёр мянга дөрвөн зуун тавин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.659.033 /нэг сая зургаан зуун тавин есөн мянга гучин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Х аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.189 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА