| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/01184/И |
| Дугаар | 181/ШШ2024/04531 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2024/04531
2024 11 14 181/ШШ2024/04531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 1 гудамж, 195 тоот хаягт оршин суух, Х овогт Д Т /РД:5/,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 36 дугаар байр, 24 тоот хаягт оршин суух, Ц сартуул овогт Б Г /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Н ш ш г г холбогдох,
Нэхэмжлэгчийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан нар оролцов.
/нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Т, Б.Гр нар нь хариуцагч Н ш ш г гхолбогдуулан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32а байр, 27 тоот хаягт байрлах, 77,35 м.кв талбайтай Ү-2203008566 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн А ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-423/5871 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Д.Т, Б.Г бид К банкнаас өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32 дугаар байр, 27 тоот хаягт байрлах, 77,35 м.кв талбайтай Ү-2203008566 улсын бүртгэлийн дугаартай орон сууцаа барьцаалан зээл авсан. Зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй учраас Капитрон банк шүүхэд нэхэмжлэл гаргасан ба бид зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2022/02953 дугаар захирамжаар 79,062,883 төгрөгийг Капитрон банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш тодорхой хэмжээний төлбөрийг төлсөөр байтал Н ш ш г г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 52.2.2 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг А ХХК-иар үнэлүүлсэн. А ХХК нь үл хөдлөх хөрөнгийг 161,931,729 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дээрх орон сууцны зах зээлийн ханш нь 230,000,000 төгрөгөөс дээш үнэлгээтэй байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үнэлгээний талаар гомдолтой байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/02953 дугаар захирамжаар Д.Т, Б.Г нараас 79,047,883 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгохоор шийдвэрлэгдсэн.
Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Т, Б.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008566 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32а байр, 27 тоот хаягт байрлах, 77,35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй.
Шүүхийн шийдвэрт заагдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Т, Б.Г нарын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч Д.Т нь 220,000,000 төгрөгөөр, Б.Г нь 250,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа талаар 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үнийн саналаа бичгээр ирүүлсэн, төлбөр авагч К ХХК нь хураагдсан барьцаа хөрөнгөнд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу хөндлөнгийн үнэлгээний А ХХК-г үнэлгээчнээр томилж, зах зэлийн үнэлгээг тогтоолгоход 161,931,729 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн.
Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 3/4 дугаар тогтоол, мэдэгдлийг талуудад шуудангаар болон биечлэн танилцуулж, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаанд тогтоосон үнийн дүнгийн 70 хувиар тооцон 113,352,210 төгрөгөөр оруулахаар тогтоол, мэдэгдэл хүргүүлсэн боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/Ш32023/04705 дугаар захирамжаар үл хөдлөх хөрөнгөд хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч, шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлэхгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, саад учруулж, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариу тайлбар өгөөгүй.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Т, Б.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Үнэлгээний мэдэгдэл, А ХХК-ийн үнэлгээний тайлан, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/02953 дугаар Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2023/03545 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
5. Хариуцагчаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 181/ГХ2022/000759 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2022/09894 дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/02953 дугаар Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийн хуулбар, мемориалын баримтын хуулбар, Капитрон банк ХК-ийн хүсэлт, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын зарцуулалтын тайлан, Бүртгэлийн 23420045 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн зардлын зарцуулалтын тооцооны хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү явуулсан албан тоотын хуулбар, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар руу явуулсан албан тоотын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, талуудэд эрх үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн итгэмжлэл, Бүртгэлийн 23420045 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн зардлын зарцуулалтын тооцооны хуулбар, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын зарцуулалтын тайлан, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хүсэлт, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээний мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн мэдэгдэх хуудас, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2023/04705 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж зэргийг нотлох баримтаар гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... А ХХК нь үл хөдлөх хөрөнгийг 161,931,729 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь дээрх орон сууцны зах зээлийн ханш нь 230,000,000 төгрөгөөс дээш үнэлгээтэй байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн үнэлгээний талаар гомдолтой байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч, шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлэхгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, саад учруулж, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.09-ний өдрийн 181/ШШ2022/02953 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар эвлэрүүлэн зуучлалд уригдагч тал Д.Т, Б.Г нараас өргөдөл гаргагч К ХКК-д 79,047,883 төгрөгийг 2022.07.17-ны өдрийн дотор төлөхөөр, үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008566 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32а байр, 27 тоот хаягт байрлах 77,35 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон өргөдөл гаргагч К ХХК, уригдсан тал Д.Т, Б.Г нарын хооронд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэй 2022.02.28-ны өдөр байгуулсан 46 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна. /хх-37/
6. Хариуцагч нь Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2023.01.10-ны өдрийн 03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023.01.26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцжээ.
7. Төлбөр төлөгч нараас 2023.01.27-ны өдөр төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийг 250,000,000 төгрөг, 220,000,000 төгрөгөөр тус тус үнэлэх саналыг ирүүлсэн бол төлбөр авагчаас уг үнийн саналуудыг эс зөвшөөрч, шинжээч томилуулан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох хүсэлтийг 2023.01.30-ны өдөр гаргасан, түүний хүсэлтийг үндэслэн хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад заасан журмын дагуу А ХХК-ийн үнэлгээчнийг шинжээчээр томилон, шинжээчид эдлэх эрх, үүрэг, хуулийн хариуцлагыг танилцуулан, тайлбарлан өгсөн нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх 83-88/
8. Шинжээч А ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж нь төлбөр төлөгч нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008566 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32а байр, 27 тоот хаягт байрлах 77,35 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн хандлагаар үнэлж, ийнхүү үнэлэхдээ үнэлэгдэж буй эд хөрөнгөтэй ижил төстэй 3 хөрөнгийг сонгон жишиг нэгжийн үнэд тохируулга хийн, үнэлгээний олон улсын стандартыг баримтлан, зэх зээлийн үнэ цэнийг 161,931,729 төгрөгөөр тогтоосон байна.
9. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээчний тайланг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгчид 2023.02.13-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан 2023.02.09-ний өдрийн 4-239/3013, 4-239/3012 дугаар мэдэгдлээр тус тус тогтоогдсон. /хх-112-114/
10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчээс хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч 2023.02.20-ны өдөр анх шүүхэд гомдол гаргасан.
11. Нэхэмжлэгч нар орон сууцны зах зээлийн ханш нь 230,000,000 төгрөгөөс дээш үнэлгээтэй байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзэх үндэслэлгүй.
12. Өөрөөр хэлбэл, үнэлгээчин Ч.Ж нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээний ажлын зорилго, Үнэлгээний Олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүй, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал (байршил, хэмжээ, ашиглалтад орсон он, бүтэц, дотоод засал г.м) зэрэг мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдаж, эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо тухайн эд хөрөнгийн үнэлгээ хамгийн өндөр байх зах зээлийн хандлагаарх тооцоололд илүү ач холбогдол өгч, үнэ цэнийг тогтоосон нь төлбөр төлөгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Мөн Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, дүгнэлтдээ тусгасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартад нийцсэн гэж үзнэ.
13. Иймд нэхэмжлэгч нарын Н ш ш г г холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Т, Б.Г нараас хариуцагч Н ш ш г г холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008566 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 32а байр, 27 тоот хаягт байрлах 77,35 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 161,931,729 төгрөгөөр үнэлсэн А ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Т, Б.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ