Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 122/ШШ2024/0020

 

2024      08        13                                            122/ШШ2024/0020                             

 

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболдоос Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******ын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0856576 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг хүссэн прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболд шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Сүхбаатар аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Соронзонболд би, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* нь “Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Жаахан шарга театрын гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд орсон өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлээгүй” гэх зөрчлийн убх-218 дугаартай гомдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Хоролмаагийн ******* /РД: *******/-т 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэлийг 0856576 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн убх-218 дугаартай гомдолд цугларсан үйлдсэн зөрчлөө сайн
дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны
тэмдэглэл, холбогдогчийн мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2023 оны 12
дугаар сарын 01-ний өдрийн Б/59 тоот захирамж, хуулийн этгээдийн улсын
бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтуудаар Жаахан
шарга театр УТҮГ нь хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд орсон
өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлээгүй
болох нь тогтоогдож байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3
дахь хэсэгт “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийн хувийн хэргийн
бүрдэл, мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн
хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ”
гэж заасан бөгөөд тухайн хуулийн этгээд нь дээрх хугацаанд багтаан улсын
бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар
зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар учруулсан хохирол, нөхөн
төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгохоор хуульчилсан байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан Б.******* нь хуулийн этгээд болох Жаахан шарга театр УТҮГ нь зөрчил үйлдсэн байхад Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасныг, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасныг тус тус зөрчиж, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур иргэн Х.*******т Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хүний эрхийн зөрчилд хамаарна.

Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хуульд заасан
чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг
хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох
арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд хүний эрхийг зөрчсөн эрх бүхий албан
тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй
байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар
зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн
хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******ын 2024 оны 7 дугаар сарын 19-ний
өдрийн 0856576 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгохоор
прокурорын дүгнэлт бичив
гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соронзонболдын шүүхэд гаргасан 2024.07.29-ний өдрийн 19 дугаартай прокурорын дүгнэлттэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

 Эрх бүхий албан тушаалтан Б.******* миний хувьд 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0856576 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболд нь Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******д холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан Б.*******ын холбогдогч Х.*******т шийтгэл оногдуулсан 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0856576 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* нь прокурорын дүгнэлтийг буюу, маргаан бүхий 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0856576 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг ирүүлсэн байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бол шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заажээ.

 

Иймд хэргийн хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******ын зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Соронзонболдын Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.*******д холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан Б.*******ын холбогдогч Х.*******т шийтгэл оногдуулсан 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0856576 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

      ШҮҮГЧ                                Х.ЭРДЭНЭТУЯА