Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

      

      

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч С.Х түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

хохирогч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Хд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021230 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, С.Х, 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .............дүүргийн ......... дугаар хороо .............. дүгээр гудамжны ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ....................дүүргийн ........... дугаар хороо Замчдын .........тоотод түр оршин суудаг, урьд  ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч С.Х нь 2017 оны 05 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 3 дугаар хороо Замчдын 5 дугаар байрны 1 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Узодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  С.Х мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүүхдүүдийн хичээл амрах гээд шалгалт шүүлэг ихтэй байсан. 2017 оны 5 дугаар сарын 18-ны оройн 20 цагийн үед манай нөхөр 2 цаг амраад буцаж гарна гээд өрөөндөө орсон. Маргааш нь манай гуравдугаар ангийн охин шалгалттай байсан болохоор усанд оруулахаар ванны өрөөнд ороход Уянга усанд орсон байж ваннаа угаагаагүй байсан. Тэгэхээр нь би нэг давхар руу буугаад Уянгаагийн өрөөнд очоод Уянга, Ариука “ваннаа угаачих” гээд 2 давхар руу гарсан. Гэтэл Уянга араас ирээд “яасан гэнээ” гэхээр нь би “ваннаа угаа” гэхэд “чи өөрөө угаа” гэхээр нь “би чиний орсон ванныг угаахгүй” гээд 2 давхараас нэг давхар руу буудаг хаалгыг барьсан зогсож байхад Уянга намайг түлхсэн. Би Уянгааг эргүүлж түлхсэн. Тэгээд бие биетэйгээ барьцалдаад зулгааж цохисон байсан. Уянгаагийн охин нь “ээжээ болиочээ би угаая” гээд орилоод байсан чинь Уянга чи өөрийнхөө хүүхдүүдийг өрөөнд нь оруулчихаад миний охины хажууд ийм байдал харууллаа гээд ууртайгаар орилоод байсан. Тэгээд охин нь ванн угаах гээд зогсож байхад барьж байсан номоороо миний толгой руу цохиод байхаар нь болиулах гээд түлхэлцсэн. Үүдэнд гарч ирээд миний давсаг, бөөр рүү 2 удаа өшиглөсөн. Энэ үед манай эгч цаад өрөөнөөс гарч ирэхэд “галзуу дүүгээ ав гээд” миний хүүхдүүдийн хажууд орилоод байсан. Манай эгчийн араас скоч шидсэн. Тэгээд би доошоо буугаад Уянгаагийн өрөөнд ороход байгаагүй. Аавынхаа өрөөнд байсан. Юу гэж хэлсэнийг нь мэдэхгүй. Би аавд нь очоод “Уянга ваннаа угаахгүй гээд уурлаад байна” гэхэд аав нь уурлаж босоод намайг өрөөнөөсөө боогоод гаргаж байхад Уянга “чи галзуу хүүхэн миний аавыг зовоодог” гээд орилоод байсан. Манай нөхөр намайг хөөж гаргаад Уянга, Ариука хоёртой үлдээд хаалгаа түгжсэн. Тэгээд би гомдоод уурандаа Уянгаагийн өрөөнд нь ороод ширээн дээр байсан цэцгийг нь унагаасан. Дараа нь хаалга нүдээд байхаар очтол хоёр цагдаа ирсэн. Би тухайн үед ирсэн хоёр цагдаад би бас хохирсон байна гэхэд хоёулаа яваад өргөдөл гарга гэхээр нь би өргөдөл өгөхгүй гээд үлдсэн. Хагас сайны орой би гэртээ орж ирсэн чинь миний охин уйлчихсан “аав таныг Уянга эгчээс уучлалт гуй, өрөөг нь цэвэрлэ гэж байна” гэхэд миний дургүй хүрээд хэний үйлдлээс болоод ийм зүйл боллоо гэтэл яагаад надад хэлэхгүй жоохон хүүхдэд юм хэлээд сэтгэл санаанд нь нөлөөлөөд байгаан бэ гэж бодоод Уянгаагийн өрөөнд ууртай орсон. Би Уянгаад “хэлэх зүйл байгаа бол надад хэлэхгүй яагаад жоохон хүүхдэд юм хэлээд байгаан бэ” гэхэд “Төгөлдөрөө ээжийгээ ав” гээд миний охин руу орилоод байсан. Тэгэхээр нь би уурандаа цэцэг авч газар шидсэн. Би Уянгаагийн нүүрэнд нэг удаа цохисон. Хэсэг хугацааны дараа цагдаа ирээд намайг аваад явсан. Тухайн үед цагдаа надаас хэргийн талаар юу ч асуугаагүй. Гэрийн хаяг асуугаад баривчлаад аваад явсан. Тэгээд би 72 цаг хоригдсон. Тухайн үед би 1 ой 7 сартай хүүхэдтэй байсан. 72 цаг дуусчихлаа гэж хүнээр хэлүүлж байж Гансүх гэдэг байцаагч ирж намайг авсан. Би байцаагчид “болсон хэргийн талаар надаас асуухгүйгээр нялх хүүхэдтэй байхад намайг баривчиллаа” гэхэд байцаагч “Чамайг нялх хүүхэдтэйг хэн ч хэлээгүй, чи яваад шүүхийн шинжилгээний төв дээр очоод үзүүл” гэхээр нь би үзүүлэхгүй гэж хэлсэн. 7 хоногийн дараа байцаагч утасдаад “Шүүх эмнэлэгт үзүүлсэн үү” гэхээр нь очоод үзүүлэхэд миний бие дээр байсан ихэнхи шарх арилаж, бүдгэрсэн байсан. Би хэрэг гарсанаас хойш Баянгол дүүргийн 3 дугаар хороо замчдын 5-1 тоотод одоог хүртэл амьдарч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.У мэдүүлэхдээ: “2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр охинтойгоо хичээлийг нь хийлгээд сууж байсан. Маргааш нь охин улсын шалгалттай байсан болохоор бид хоёр тайван сууж байхад Хулан хаалга онгойлгоод нэг үг хэлэх шиг болоод явахаар нь дээд давхар луу  гараад юу болсон талаар асуухад Хулан “та хоёр усанд орсон бол ваннаа угаа” гэж өндөр дуугаар хэлсэн. Тэгэхээр нь “бид хоёр усанд орсон бол ваннаа угаагаад гардаг. Бид хоёр маргааш шалгалттай болохоор хичээлээ хийлээ” гэхэд гаргахгүй ууртай намайг түлхээд, цохиод, өшиглөөд, үснээс зулгаагаад байсан. Би улангассан хүнийг дийлэхгүй байсан. Тэгээд эгч нь гарч ирээд салгахаар нь шоконд ороод галзуурсан юмуу дүүгээ ав гээд доод давхар руу аавын өрөөнд очиход аав унтаж байсан. Намайг аавын өрөөнд очиход Хулан орж ирээд миний чигчий хурууг мушгихад аав хараад Хуланг болиоч гээд түлхсэн. Би Хуланд гар хүрээгүй, цохиогүй. Аав тухайн үед Хуланг өрөөнөөсөө гаргаад хаалгаа түгжсэн. Энэ хойгуур Хулан миний охины төгөлдөр хуурийг авч шидээд, хичээл ном, тасалгааны цэцгүүдийг нь тарааж шидээд өрөөг замбараагүй болгосон байхаар нь би цагдаа дуудсан. Цагдаа ирээд Хуланд сануулга өгөөд явсан. Маргааш нь би шил зүүгээд охиноо сургуульд нь хүргэж өгөөд түүнээс хойш 7 хоног би ажилдаа яваагүй. Миний нүүр гэмтэж бэртсэн байсан болохоор би унтаж чадахгүй айж ичдэг болсон. 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр охин бид хоёр өрөөгөө цэвэрлээд сууж байхад аав орж ирээд “өрөөгөө Хулангаар цэвэрлүүлээрэй” гэж хэлээд гарсан. Тэгээд удалгүй Хулан орж ирээд миний нүүр лүү цохиод миний охины төгөлдөр хуур бүх цэцэгнүүдийг минь шидсэн. Тэгээд намайг өрөөнөөс гаргахгүй орилоод байхаар нь би аав руу утасдаад “та цагдаа дуудаад өгөөч” гэж хэлэхэд Хулан намайг ална гэж хэлсэн. Яагаад намайг үзэн ядаж заналхийлж байгааг ойлгохгүй байна. Би хоёр удаа эмчийн дүгнэлтээр гэмтэлтэй гарсан. Хулан надад хохиролд 165.000 төгрөг бэлнээр өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч С.Х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.Узодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Э.Уянгын “2017 оны 05 дугаар сарын 18-ны орой би Баянгол дүүргийн 3 дугаар хороо Замчдын 5-1 тоотод өөрийн гэртээ охиныхоо хичээлийг давтуулаад сууж байтал манай аавтай хамтран амьдрагч Хулан надад “би усанд ормоор байна” гээд манай охин бид хоёрыг “ванн угаа” гэсэн. Тэгээд өөрөө 2 давхар руу гараад явчихсан. Би ванны өрөө рүү ороход Хулан бас ванны  өрөөнд байж байсан. Тэгээд би Хулангаас “яасан гэнээ Хулаан” гэж асуухад “танай охин  Ариундэлгэр та хоёр хамгийн сүүлд усанд орсон байна ванн угаа, би усанд ормоор байна” гэсэн. Тэгэхээр нь би “Ариундэлгэр маргааш улсын шалгалттай, бид хоёр хичээлээ давтаж байна, бид хоёр усанд ороод юмаа цэвэрлээд гарсан, усанд орохдоо бид нар дахиад л ваннаа угаагаад ордог шүү дээ, чи өөрөө ваннаа угаагаад усандаа ор” гэж хэлээд өрөөнөөс гарах гэтэл Хулан ванны өрөөний хаалга хаагаад намайг ванны өрөөнөөс гаргахгүй хааж зогсоод “чи ванныг цэвэрлэчихээд энэ өрөөнөөс гар, хэрэв чи цэвэрлэхгүй юм бол Ариундэлгэрээр цэвэрлүүл” гээд байсан. Би ванны өрөөний хаалгыг түлхсэн чинь Хулан миний нүүр рүү шууд гараараа цохисон. Манай охин хажууд уйлаад байсан. Хулан миний үснээс зулгаагаад гар маажсан. Тэгэж байтал Хулангийн эгч нь өрөөнөөс гарч ирээд Хуланг надаас салгасан. Хулан манай өрөөнд ороод хамаг эд зүйл шидлээд сандаачсан. Тэгэхэд нь би цагдаад дуудлага өгсөн.

... Тэгээд манай охин бид хоёр гэрээ цэвэрлэж дуусчихаад өрөөндөө сууж байтал Хулан манай өрөөнд орилж чарлаж орж ирээд “чи муу миний эгчийг гэр цэвэрлэ гэдэг хэн бэ” гээд миний нүд рүү шууд гараа атгаад цохисон. Тэгээд миний өрөөнд байсан цэцгийн сав болон хүүхдийн хичээл гээд бүх зүйлийг над руу шидлээд байсан. Тэгээд Хулан “би чамайг ална” гээд дайраад савтай цэцэг над руу шидсэн. “Би чамайг ална” гээд орилоод байсан. Тэгээд би аав руугаа залгаж цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Хулангийн эгч нь араас нь орж ирж авч гарсан.

... Хулантай хамт амьдраад нэг жил гаран болж байна. Урьд нь Хулан намайг “чи энэ гэрээс хэзээ зайлах юм бэ” гээд нойтон алчуур нүүр лүү шидээд алгадаад хоёр гарнаас зуурч “чи энэ гэрээс хурдан явах хэрэгтэй байна, энэ бол миний гэр” гэж хэлж байсан. Хулан манай аав хоёрын дундаас гарсан гурван хүүхэд байдаг. Сүүлийн үед Хулан намайг хамт гэрт нь амьдардаг болохоор бухимдаад байдаг болсон. ... Миний нүүр, нүд хөхөрч, хөл, гар хөхөрч, хумсны сорвитой болсон.  Зүүн гарын чигчий, долоовор хуруу одоо хавдартай байгаа. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Асууж тодруулах зүйл байхгүй. ...Би Хулантай хамт амьдрахаасаа их айдаг. Түгшүүртэй болоод байгаа. Надад сэтгэл санааны маш их дарамт болж байна. Би хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

“... Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Гар нүүрэн дээр сорви тогтсон. Сорвины тос түрхэж байгаа. Би эмчилгээний зардалд 165.000 төгрөг зарцуулсан. Баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Энэ хэргээс болоод сэтгэл санаа, биеэндээ шарх авсан учраас хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 59 дүгээр хуудас/

“... Намайг давтан хоёр удаа миний биед санаатай хүрч зодон миний амь насанд заналхийлж маш хэрцгий зодсон талаар Хулангийн эгч Нацаг болон манай аав Энхтайван нар дараа мэдсэн. Тухайн үед Хулан бид хоёроос өөр хүн байгаагүй болохоор өөр хүн мэдэхгүй. ...Намайг хоёр дахь удаагаа зодохдоо юунаас болж зодох болсныг нь ойлгохгүй байна. Надтай харьцахдаа ууртай, түрэмгий байдлаар харьцаж ярьдаг” гэсэн мэдүүлэг. /хэргийн 69 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №6769 дугаартай шинжээчийн:

“1. Э.У-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн гуя, зүүн бугалга, баруун тавхайд цус хуралт, зүүн бугалга, баруун шуу, зүүн шуу зүүн алга, зүүн шагайд зулгаралт бүхий  шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт өлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 31 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №6657 дугаартай шинжээчийн:

“1. Уянга-н биед зүүн нүдний доод зовхи, зулайн хуйх, зүүн гарын 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамрын нурууны цус хуралт, хацар, хүзүү, баруун шуу, зүүн бугалга, зүүн тавхайн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт өлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 32 дугаар хуудас/

 

Гэрч Б.Гансүхийн “Намайг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байхад 2017 оны 05 дугаар сарын 19-ний  өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны урлан гэж хаяганд оршин суудаг иргэн Э.У нь өөрийн хойд ээж С.Хд зодуулсан гэх өргөдөл гаргасны дагуу тухайн өдөр Уянгаас гаргасан гомдлын дагуу тайлбар мэдүүлэг аван шүүх эмнэлгийн шинжээч томилон явуулсан.

2017 оны 05 дугаар сарын  20-ны өдөр Бямба гариг буюу  амралтын өдөр байсан тул би марафон гүйлтний хамгаалалттай өглөөний 06 цагаас өдрийн 16 цаг хүртэл байсан. Тэр үед өдөр 12 цагийн үед манай машинт эргүүлийн офицер Даваадорж миний гар утас руу залгаад өөр дээр чинь өргөдөл өгсөн Уянга гэх хүнийг хойд ээж Хулан нь дахин зодсон байна, өөр дээр чинь өргөдөл гаргасан байгаа юмуу гэж асуухаар нь тиймээ өргөдөл өгсөн байгаа, би Уянгад шинжээч томилоод явуулчихсан 1 дэх өдөр дуудаж уулзана даа наад Хулангаа хэлтэс дээр аваачаад шийдүүлчих би хамгаалалттай байна гэж хэлээд утсаа салгасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 100-101 дүгээр хуудас/

 

Гэрч С.Нацагийн “Тэр өдөр гэрт дүү Хулан болон Хулангийн 3 хүүхэд доод давхарт Хулангийн дагавар охин Уянга нь хүүхэдтэйгээ байсан. Би тэр үед нь нөгөө өрөөнд нь телевизор үзээд сууж байсан чинь Уянга, Хулан хоёр хоорондоо нэг нэгийнхээ үснээс зулгаасан  зодолдоод байж байхаар нь би дундуур нь ороод Хуланг, Уянгаас салгаад нөгөө өрөө рүү оруулсан чинь Уянга нь миний араас наад галзуу дүүгээ аваач гээд юм авч шидээд байсан. Би тэр болгон Уянгатай хоорондоо дотно харилцаатай биш болохоор юм яриад байдаггүй юм. Тэгээд Хулангаас юу болоод байгаа юм гэж асуусан чинь эгчээ наад Уянгаа чинь усанд орчихоод ванн угаахгүй байна, тэгээд усанд орсон ванниа угаа гэж хэлсэнээс  болж миний өөдөөс хэрэлдээд үснээс зулгаагаад байна гэж хэлэхээр нь тэгээд наадахаа хаячихаач гэхэд би олон хоног гуйж байгаа юм ерөөсөө усанд орсон ванниа угаахгүй болохоор нь нэг удаа ч гэсэн усанд орсон ванниа угаа гэж хэлсэн юм гэж хэлж байсан.Би тэгэхээр нь Хуланг нөгөө өрөөнд нь оруулчихаад өөрийнхөө байгаа өрөө рүү орсон. ...Урд өмнө хэрүүл маргаан үүсгэж зодоон хийж байгаагүй. Гаднаас нь харахад ердийн харьцаатай харагддаг” гэсэн мэдүүлэг. /хэргийн 102-103 дугаар хуудас/

 

Шүүгдэгч С.Хгийн сэжигтнээр өгсөн “... Тэгтэл Уянга миний араас гарч ирээд чи усанд орох дуртай юм байгаа юм бол чи өөрөө ваннаа угаагаад ор гэсэн. Тэгэхээр нь чи яахаараа би чиний усанд орсон ванныг би угаадаг юм чи өөрөө угаа гэсэн чинь угаалгын өрөөнөөс гарах гээд байхаар нь би угаалгын өрөөнөөс гаргахгүй ваннаа угаа гэтэл намайг түлхээд би бас түлхээд барьцалдаж аваад Уянга намайг цохисон чинь Уянгын охин нь ээжээ болиочээ би ваннаа угаачихъя гэтэл Уянга хашгирч миний хүүхдийн хажууд албаар ийм байдал гаргалаа гэж орилоод Уянга бид хоёр барьцалдаж аваад намайг алгадаж номоор цохисон. Уянга намайг цохисон номыг би авч буцааж Уянгыг цохисон. Уянга бид хоёр гэрийн үүдэнд бас дахин барьцалдаж авсан. Уянга миний давсаг руу өшиглөхөөр нь би Уянгыг барьж авахад манай эгч Нацагт энэ галзуу дүүгээ ав гэж хэлсэн. Тэгээд аавдаа очиж намайг ховлоод аав нь уурлаад хоолой боож чирч гаргаад гэрээсээ хөөсөн. Би уурлахдаа Уянгын өрөөнд орж эд зүйлийг шидэж буулгаж савтай цэцэг хөгжимийг нь унагаасан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ гаднаас орж ирэхэд манай охин надад ирж ээжээ аав таныг Уянгаа эгчээс уучлалт гуйж юмыг нь цэвэрлэ гэсэн. Би тэгэхээр нь уур хүрээд Уянгын өрөөнд явж ороод хэлэх юм байвал надад хэл, ааваасаа салгамаар байвал салга гээд савтай цэцгийг нь авч газар шидсэн. Миний 3 хүүхдийг бодохгүй байна уу гэж хэлэхэд Уянга манай охин руу чи ээжийгээ аваачээ гээд орилоод байсан. Уянгын нүүр лүү гараараа нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.           

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Баянгол дүүргийн Прокуророос С.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч С.Хгийн үйлдэл нь 2017 оны 5 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн ...  хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

Мөн хохирогч Э.У нь С.Хгийн нөхөр Д.Энхтайваны төрсөн охин бөгөөд тэд нар хамтран амьдардаг байх тул гэр бүлийн хамаарал бүхий хүнд тооцогдох Э.Уянгийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж энэ хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Хгийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв бөгөөд шүүгдэгч С.Хг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч С.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон түүний бага насны гурван хүүхэдтэй хүүхдүүдээ өөрөө асардаг хувийн байдал, мөн хохирлын 165.000 төгрөгийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан уг хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Э.У гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болно.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, С.Хгийн энэ хэрэгт баривчлагдсан 3 хоногийг түүний эдлэх ялд нь оруулах тооцох нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч С.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  2015 оны Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Хг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. С.Хгийн энэ хэрэгт баривчлагдсан 3 /гурав/ хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр дүйцүүлэн тооцож эдлэх ялыг 405.000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Х нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Х торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. С.Х бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Хд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ