Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/127

 

 

 

 

 

    2023            01           26                                          2023/ДШМ/127

 

А.Б, Б.Ш нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/1773 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б, Б.Ш нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдгээрт холбогдох эрүүгийн 2202 00000 0359 дугаартай хэргийг 2023 оны 01 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Ж овгийн Ан Б, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа барилгын шилэн фассат угаадаг ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт .............. дүүргийн ... дугаар хороо, .......... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, /РД:........................./,

             - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 340 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн 69.1.1, 69.1.3 дахь заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан;

             2. Б овгийн Бргийн Ш, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын шилэн фассат угаадаг ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт ............. дүүргийн ... дугаар хороо, ............. дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:......................./.

             Шүүгдэгч А.Б нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах газар тариалангийн талбайн хажуугаас НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Б.Штай бүлэглэн дээрх түүж бэлтгэсэн нийт 5537,2 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар гудамжны 11 тоот хаягт байрлах 44-51 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан,  

             шүүгдэгч Б.Ш нь А.Бтай бүлэглэн А.Бын түүсэн НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Б.Штай бүлэглэн дээрх түүж бэлтгэсэн нийт 5537,2 грамм жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар гудамжны 11 тоот хаягт байрлах 44-51 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: А.Б, Б.Ш нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овгийн Ан Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах, олж авах,  шүүгдэгч Б овгийн Бргийн Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах сэтгэцэд нөлөөтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Шт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Шт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгч А.Б, Б.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж буй №1 гэж дугаарласан цэвэр жин нь 9,5 грамм өвс мэт зүйл, №2 гэж дугаарласан цэвэр жин нь 4,2 грамм өвс ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан тугалган цаас, №4 гэж дугаарласан тугалган цаас, №5 гэж дугаарласан цэвэр жин нь 71,2 грамм өвс ургамал мэт зүйл, №6 гэж гэж дугаарласан цэвэр жин нь 46,0 грамм өвс мэт ургамал зүйл, №7 гэж дугаарласан цэвэр жин нь 175,7 грамм өвс ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан цэвэр жин нь 175,7 грамм өвс ургамал мэт зүйл, №9 гэж дугаарласан цэвэр жин нь 46,8 грамм өвс ургамал мэт зүйл, №10 гэж дугаарласан улаан өнгийн төмөр сав, №11 гэж дугаарласан цэвэр жин нь 4923,9 грамм өвс ургамал мэт зүйл, №12 гэж дугаарласан цэвэр жин нь 70,0 грамм өвс ургамал мэт зүйл зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт даалгаж, А.Б, Б.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/1773 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие энэ гэмт хэргийг хийсэндээ маш их гэмшиж, анхнаасаа гэм буруугаа үнэн зөвөөр хүлээж, нийгэмд учруулсан гэм буруугаа маш сайн ойлгож ухамсарласан. 2016 оноос хойш Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2-11 тоотод эхнэр, охин хоёрын хамт амьдарч байгаа. Миний эхнэр Маярагүль нь авто осолд орж хүнд гэмтэл авснаас болж хэвтрийн дэглэмд байгаа. Бидний охин Амина 5 настай гэртээ байдаг. Би өөрийн мунхаг болчимгүй үйлдлээсээ болж энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэн миний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан, оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Би дахин хэзээ ч ийм гэмт хэрэгт холбогдохгүй эхнэр, охин хоёрынхоо хамтаар зөв амьдарна гэдгээ амлаж байна.” гэв.  

Шүүгдэгч Б.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өндөр настай ээж С.Г /57 настай/, төрсөн дүү Б.Ш /14 настай/ нарын хамт амьдардаг. Би барилгын шилэн фасад угааж олсон орлогоороо гэр бүлээ тэжээдэг. Мөн төрсөн ах Бргийн Н нь ам бүл 7, эхнэр, 6-14 насны 5 хүүхдийн хамт амьдардаг. Төрсөн ах Б.Н нь 2019 онд тархи толгойндоо хүнд гэмтэл авч, харвалт өгсний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдан хэвтэрт орж хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон. Эхнэр Ж.Б нь нөхөр хүүхдүүдээ асарч хөдөлмөр эрхэлдэггүй, хүүхдүүд нь бүгд сургуулийн насны тул миний бие өөрийн ажил хөдөлмөр эрхлэн олсон ажлын хөлснөөс байнгын мөнгөн туслалцаа үзүүлдэг. Иймд Б.Ш миний бие анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшсэн, өндөр настай ээж бага насны дүүгээ асран хамгаалж амьдардаг, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж хэвтэрт байгаа төрсөн ах Б.Нын гэр бүл, үр хүүхдүүдийг нь байнга ажлын хөлснөөсөө мөнгөн туслалцаа үзүүлэн 2 айл, 10 гишүүнтэй ам бүлийг тэжээн амьдардаг зэрэг хувийн байдлыг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсье.” гэв.

Шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Ш нь анхан шатны шүүх хуралдаанаар өмгөөлөгчгүй оролцсон. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй өмгөөлөгч миний бие танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүгдэгч өөрийгөө өмгөөлж байгаа бол энэ зүйлд заасан дүгнэлт, тайлбар өгөх эрхтэй гэх эрхийг нь хангаагүй гэж үзэж байна. Б.Шын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өөрийн ар гэрийн байдал болон хувийн байдал зэргийг гомдолдоо дэлгэрэнгүй бичсэн байгаа. Мөн Б.Шын хувийн байдалтай холбогдуулан нийт 6 хуудас баримт гаргаж оролцсон. Үүнд, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 112/Б тоотод ээж, дүүгийн хамт оршин суудаг болохыг тодорхойлсон баримт, ах Нямбаяр нь хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувьтай, тархины шигдээсний үлдэц гэсэн оноштой болохыг тодорхойлсон баримт, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэснийг тодорхойлсон баримт зэргийг хавсаргасан. Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэх, нийгэмшүүлэх гэсэн агуулгатай. Б.Ш нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн гэмт хэрэгтээ анхнаасаа маш их гэмшсэн. Уг өвсийг хадгалсан, хэрэглэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Б.Ш Цагдан хоригдсон хугацаанаасаа хойш маш ихийг ойлгосон талаар өмгөөлөгч та шүүх бүрэлдэхүүнд илэрхийлээд өгөөрэйгэсэн. Иймээс миний үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, тухайн дүүргээс гарахыг хязгаарлахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. Шүүгдэгч А.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Ш, А.Б нар бага наснаасаа хойш найзалсан найзууд юм. А.Б, Б.Ш нар нь барилгын шилэн фассат буюу газрын сууриас их өндөр, эрсдэлтэй ажил хийж ар гэрийн амьдралаа залгуулж, гэр бүлээ тэжээдэг. Гэмт хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн шатанд түүсэн, хэрэглэсэн, хадгалж байсан гэх үйл баримтуудыг чин үнэнээр мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь нийгэмшүүлэхэд оршдог учраас шүүх бүрэлдэхүүн үүнийг онцгой анхаарч өгнө үү гэж хүсэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцитай бөгөөд 5 жилийн хорих ял эсхүл зорчих эрхийг хязгаарлах гэсэн зохицуулалттай. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Б, Б.Ш нарт холбогдох эрүүгийн хэрэгт томилолтоор оролцож байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/1773 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 39.5 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй болон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн асуудал байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах газар тариалангийн талбайн хажуугаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Б.Штай бүлэглэн дээрх түүж бэлтгэсэн нийт 5537,2 гр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар гудамжны 11 тоот хаягт байрлах 44-51 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Б.Ш нь А.Бтай бүлэглэн А.Бын түүсэн гэх НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 5537,2 гр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар гудамжны 11 тоот хаягт байрлах 44-51 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч А.Бын “...Би яллагдагчаар татсан тогтоолыг бүрэн гүйцэт уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” /хх 180, 185/,

шүүгдэгч Б.Шын “...Би маш их харамсаж байна. Буруу зүйл гэдгийг мэдсээр байж хэрэглэсэн нь миний буруу байгаа юм. Дахин ийм хэрэгт холбогдохгүй...” /хх 197/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4562 дугаар “...1. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан тугалган цаас, 4 гэж дугаарласан тугалган цаас, притка, хуйлсан цаас, 5 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 6 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 7 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 8 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 9 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 10 гэж дугаарласан улаан өнгийн төмөр сав, 11 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 12 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 гэж дугаарласан зүйлсээс дельта-9 Тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд 1 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 9,5 гр, 2 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 4,2 гр, 5 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 71,2 гр, 6 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 46,0 гр, 7 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 175,7 гр, 8 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 175,7 гр, 9 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 46,8 гр, 11 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн шуудайтай жин 4930,5 гр, уг шуудайтай зүйлийн цэвэр жинг тогтоох боломжгүй. 12 гэж дугаарласан цэвэржин 70,0 гр...” /хх 58-66/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4561 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “Б УХ90053036 2022.09.16” гэх хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно...” /хх 82-83/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4560 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Ш УХ93050813 2022.09.16” гэх хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно...” /хх 87-89/ гэх шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-15/, хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-30/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 52-55/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Б, Б.Ш нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, тэдгээрийг “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх хэдий ч шүүгдэгч А.Быг “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авахгэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

“Хууль бусаар олж авах” гэдэг нь тухайн бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт юм.

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад, А.Б нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 5537,2 грамм жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг “хууль бусаар олж авсан” гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх бөгөөд тус бодисыг “хууль бусаар түүж бэлтгэсэн” болох нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бд 2 жилийн хугацаагаар хорих ял, Б.Шт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Б.Ш нь “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч А.Б нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Хэдийгээр шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар давж заалдах гомдлууддаа дурдсан байх хэдий ч тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, уг “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан бодисын хэмжээ /5537,2 гр жинтэй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх, хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Б, Б.Ш нар нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/1773 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 51 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулж тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2022/ШЦТ/1773 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад:  “...хууль бусаар олж авах...” гэснийг “...хууль бусаар бэлтгэсэн...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, Б.Ш нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Б.Ш нарын 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                                      ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ