Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2024/04533

 

 

 

 

 

 

 

 

2024 11 14 181/ШШ2024/04533

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэрт байрлах, Ал ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.О /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхайрхан оролцов.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.О эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Зээлдэгч Ж.О нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 08 дугаар сарын 19-нд 7100950112 тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 2,060,000 төгрөгийн зээлийг 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн.

Зээлийн гэрээний үүрэгт төлбөр шаардаж харъяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 104/ШЗ2023/00324 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Ж.О эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 104/ШЗ2024/00324 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Б томилсон 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/6754 тоот итгэмжлэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, А ББСБ ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.О эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Ж.Ог хэрэглээний зээлийн эрхийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхой бус гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. Ж.О нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хэрэглээний зээлийн эрхийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн хаягийг Налайх дүүрэг, 8 дугаар хороо, Тайжын 5а гудамж, 9 тоот гэж тодорхойлсон байх бөгөөд Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 104/ШЗ2024/00324 дугаартай захирамжаар Налайх дүүрэг, 8 дугаар хороо, Тайжын 5а гудамж, 9 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

6. Шүүхээс Налайх дүүрэг, 8 дугаар хороо, Тайжын 5а гудамж, 9 тоот, Налайх дүүрэг, 8 дугаар хороо, Нарлаг 8а-19 тоот хаягуудын дагуу 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас-ыг хүргүүлэхэд эхнэр н.Б хүлээн авч, шүүхэд биечлэн ирж Налайх дүүрэг, 8 дугаар хороо, Нарлаг 8а-19 тоот хаягт оршин суудаг гэсэн тайлбар гаргасан.

 

7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Ж.О эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. А ББСБ ХХК нь Ж.О албан ёсны бүртгэлтэй хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэв тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон тохиолдолд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг дахин гаргах эрхтэй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

 

9. Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсгийг баримтлан Ж.О эрэн сурвалжлуулах тухай А ББСБ ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ