Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 15

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Н.О, түүний өмгөөлөгч Г.Урангуа,

Шүүгдэгч Э.Э-т, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн И. Э.Э-т холбогдох эрүүгийн 1703000010082  дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .............. төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........................тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо ............... тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И.овогт Э.Э / РД:..................../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Э.Э нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг 25 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Айдасын давааны замд “Мицубиши Делика” маркийн 82-37 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота приус” маркийн 61-55 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Н.Оюунчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Э-т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Шувуун фабрикаас хот руу явж байхад миний урд явсан машины урд явсан машин огцом тормос гишгээд тэгээд миний урд явсан машин тормос гишгэхэд би араас нь тормос гишгэсэн боловч гулгаж очоод мөргөсөн. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг байсан гэв.

 

Хохирогч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүүхдүүдтэйгээ Төв аймгийн Алтанбулаг сумаас хот руу ирж байсан. Айдсийн даваан дээр гарахад Айдсын даваан дээрх Супермаркет руу машинууд ороод хөдөлгөөн удааширсан. Тэгэхэд би мөн машиныхаа хурдыг сааруулаад зогсож байхад араас шүүгдэгч машинтайгаа ирж манай машиныг хүчтэй мөргөсөн. Тухайн үед би бууж ирээд өөрөө цагдаа, түргэн дуудсан. Шүүгдэгч “та яасан бэ хүүхдүүд яасан бэ” гэж нэг ч удаа асуугаагүй. Утсаа өгчих гээд утас авч яриад байсан. Хүнийг мөргөсөн хүн бол бууж ирээд уучлалт гуйх болов уу, хүмүүс зүгээр үү гэж асууна гэж бодсон. Хэрэг гарснаас өнөөдрийг хүртэл ийм л байсан. Цагдаа ирээд хэмжилт хийсний дараа шүүгдэгч Э.Э-т нь цагдаатай хамт яваад өгсөн. Би осол болсон газар ганцаараа машинд үлдсэн. Тэгээд 15 минутын дараа түргэний машин ирэхэд би хөдлөх чадвар байгаагүй. Түргэний машинд би өргүүлж суусан. Би гомдолтой байгаа. Би өнөөдрийг хүртэл нурууны бүснээс салж чадахгүй байгаа. Хувиараа бизнес эрхэлдэг байсан. 9 сард миний бизнесийн оргил үе байхад би өөрөө хэвтэрт байсан болохоор лангуун дээрээ худалдагч хөлсөлж суулгасан. Манайх хүүхдүүд бүгд сургуульд сурдаг. Би 9 сараас эхлээд зүү төөнүүрийн эмчилгээ хийлгэж байгаа. 9 сард дандаа хүний дэмжлэгтэй хүнд өргүүлж байсан. 10 сарын дундаас таягаа хаясан. 12 сарын эхээр мэдрэлийн эмч нарт үзүүлэхэд хөлний захын мэдрэлүүд мэдээгүй талдаа болсон байна. Нөхөн сэргээх, рашаан сувиллын эмчилгээ хийнэ гэсэн. Эмч бол эмийг 1-3 сарын хэрэглээ гэж бичиж өгсөн. Шавартай эмчилгээнд очиж шавар тавиулсан, Рашаанд явсан, зүүний эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан. Би Эрүүл мэндийн хувьд зүгээр байсан бол худалдагч авч ажиллуулахгүй байсан. Би дандаа хүмүүсийг гуйж тэр хүмүүст мөнгө өгч эмчилгээ сувилгаандаа явж байсан. Эдгээр зардлуудаа ч гэсэн нэхэмжлэх хүсэлттэй байгаа. Манай нөхөр хөдөө ажлаар явдаг ажлын өдрүүдэд дандаа хүн гуйж явж байсан гэв.

 

Гэрч Б.Энхманлай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Бид Төв аймгийн Алтанбулаг сумаас Улаанбаатар хот чиглэлтэй явж байгаад Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Айдсын давааны замд давааны орой дээр нь гарч ирэх үед манай машины урд явсан машин тоормос гишгэхэд ээж дагаад тоормос гишгэтэл бидний ард явсан Делика машин манай машины араас ирээд мөргөсөн” гэжээ. / хх 25-р тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн №11071 тоот дүгнэлтэд: “...Н.Оюунчимэгийн биед бүсэлхийн 5 ууцны 1-р нугаламын фиброзон цагирагын урагдал, тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.”...гэжээ. / хх 35-р тал/,

 

Техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №20 тоот магадлагаа: “...Мицубиши Делика маркийн 82-37 УБС улсын дугаартай автомашины жолооч Э.Э-т нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. ” гэжээ. / хх 32-р тал /

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хх 7-10/, Хөрөнгө Эстимэйт ХХК үнэлгээний тайлан /хх-30-31/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/, Ял шийтгэлийн хуудас /хх-62/, хохирогчийн хохиролын баримтууд /хх-68-79/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохиролын зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг 25 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Айдасын давааны замд Мицубиши Делика маркийн 82-37 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота приус маркийн 61-55 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Н.О эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-10/, гэрч Б.Энхманлай “...манай машины урд явсан машин тоормос гишгэхэд ээж дагаад тоормос гишгэтэл бидний ард явсан Делика машин манай машины араас ирээд мөргөсөн” гэх мэдүүлгээр / хх 25-р тал/, хохирогчийн биед гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-35-р тал/, Мөрдөгчийн магадлагаа /хх-32-р тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Э-т Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Э-тт нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд

Хохирогч ,,,,, нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд  нийт 6.005.060 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогчид даатгалаас эрүүл мэндийн хохиролд 1.044.960 төгрөг, машины хохиролд 854.500 төгрөгийг, шүүгдэгчийн зүгээс 545.000 төгрөгийг төлж барагдуулсан ба мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан баримтаар 2.468.900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Н.О нь цаашид гаргах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.