Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2018/0087/З |
Дугаар | 480 |
Огноо | 2018-12-03 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 480
Ц.А, О.Б нарын нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А , Г.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 128/ШШ2018/0486 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/0542 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Ц.А ,
Нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч Ц.М,
Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б , түүний өмгөөлөгч Л.Б нар,
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 128/ШШ2018/0486 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.4, 20.3 дугаар зүйлийн 20.3.4, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хэргийн нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудад үндэслэн дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А т холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 (гурав) сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь холбогдох нотлох баримтууд болон бодит нөхцөл байдлыг сайтар харьцуулан судалж, дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 (гурав) сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А т холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцож, Нэхэмжлэгч Ц.А , О.Б нарын гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Г.Даваад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0542 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 128/ШШ2018/0486 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтуудыг нэгтгэн, 1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А , О.Б нарын Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А , Г.Днарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 5 дахь заалтын дугаарыг 2 болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчлөн, гуравдагч этгээд Т.Б ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч Ц.А болон нэхэмжлэгч О.Б ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Түмэнбаярын эхнэр Ж.А Сүхбаатар дүүргийн Газрын албанд 2003 оны 9 сарын 02-ны өдөр газар шилжүүлэх тухай хүсэлт, ...улмаар гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх тухай хүсэлтийг хашааны газар хэмжилтийн акт, оршин суугаа газрын тодорхойлолтыг хавсарган 2003 оны 9 сарын 20-ны өдөр тус дүүргийн Засаг даргад гаргажээ. Тус өргөдлийг үндэслэн 700 м.кв газрыг Ж.А т өмчлүүлсэн байна гэж дүгнэсэн.
4. Гэтэл Ж.А ын нөхөр Д.Т 300 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг 1996 оны 8 сарын 28-ны өдрийн 182 дугаар шийдвэрээр олгосон гэсэн гэрчилгээтэй байдаг боловч 182 дугаар шийдвэр нь гоц халдвартай өвчин, тахал тархахаас сэргийлэх асуудал шийдвэрлэсэн (хэргийн материалд тахлын тухай захирамж байсан бөгөөд хожим уг захирамжийг хэргийн материалаас алга болсон) хэн нэгэн хүнд газар олгосон заалт байдаггүй тухай баримт хэрэгт авагдсан байдаг.
5. Харин нас барсан нөхрийнхөө дээрх эзэмшиж байсан энэ газар эзэмших гэрчилгээг шилжүүлж авах хүсэлтийг Ж.А гаргасан, Ж.А ын газар өмчлөх тухай хүсэлтдээ гарын үсэг зураагүй, тэрээр өмчлөх газрын хэмжээгээ ямар хэлцэл, зөвшөөрлөөр нэмэгдүүлж 700 мкв болгон өсгөсөн нотлох баримтыг захиргааны байгууллагад гаргаж өгөөгүй, энэ хүсэлтийг гаргахдаа ямар нэгэн албан ёсны кадастрын зураглал хийлгээгүй, газрыг өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ газрын албаны эрх бүхий ажилтны хийсэн хээрийн судалгааны ажлын баримт хэргийн материалд авагдаагүй зэргээс үзэхэд иргэн захиргааны байгууллагад гаргах өргөдөл гомдол, түүнтэй холбоотой баримтуудыг үнэн зөв бүрдүүлэх хуулийн заалтыг зөрчсөн байхад шүүх энэ талаар дүгнэсэнгүй.
6. Дүүргийн Засаг дарга газрын алба Ж.А т 700 кв газрыг өмчлүүлэхдээ О.Б , Ц.А (түүний эцэг Б.Ц) нарын хууль ёсоор эзэмшиж байгаа газар дээр давхцуулж газар өмчлөх шийдвэр гаргуулж тэдний эрхийг зөрчсөн нотлох баримтууд хэрэгт авагдсан бөгөөд газар олгохдоо тухайн иргэн бусдын эрхийг зөрчсөн эсэх, тухайн газрыг өмчлөх эрхтэй эсэхийг шалгаж нотолсны үндсэн дээр шийдвэр гаргах тухай Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн байхад шүүх нэг талд давуу байдал олгож захиргаанаас Ж.А т газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
7. Сүхбаатар дүүргийн АДХГЗ-ны 1995 оны 7 сарын 30-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр иргэн Б.Цид /үнэмлэх №95544/, Сүхбаатар дүүргийн 16 дугаар, одоогийн 18 дугаар хорооны Бэлхийн 37 дугаар гудамжны 70а тоот хашаанд 400 мкв газрыг өрхийн хэрэглээний зориулалтаар эзэмших эрх олгож, түүнийг газрын тооллогоор баталгаажуулсан байх бөгөөд Б.Ц нь өөрийн энэ газрыг эзэмших эрхээ өөрийн төрсөн хүү Ц.А ын нэр дээр шилжүүлэх хүсэлтээ зохих журмын дагуу гаргаснаар эрх бүхий газрын шийдвэрээр Ц.А од /гэрчилгээний дугаар 010407089/ газар эзэмших эрх шилжсэн нотлох баримтуудыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн.
8. Ийнхүү Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар шийдвэрээр Ц.А од газар эзэмших эрх олгосон байхад гэрчилгээг нь 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бичигдсэнийг үндэслэн Ж.А т Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар газар өмчлүүлэх гэрчилгээ олгосон учир Алтантогос, Ц.А оос өмнө газар өмчлөх эрх авсан гэж шүүх баримтыг илтэд Ж.А т ашигтайгаар үнэлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
9. Сүхбаатар дүүргийн АДХГЗ-ны 1995 оны 7 сарын 30- ны өдрийн 147 дугаар шийдвэрээр иргэн О.Б д /үнэмлэх №:95545/ Сүхбаатар дүүргийн 16 дугаар одоогийн 18 дугаар хорооны Бэлхийн 37 дугаар гудамжны 70-6 тоот хашаанд 400 мкв газрыг өрхийн хэрэглээний зориулалтаар эзэмших эрх олгож, түүнийг газрын тооллогоор баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байхад шүүх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 08-ний өдрийн А/135 тоот захирамжаар О.Б д 287 мкв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг олгосон, О.Б өөрөө газрын хэмжээгээ өөрөө тодорхойлсон. Иймд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Ж.А т холбогдох хэсгийн улмаас О.Б ы газар эзэмших эрх зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.
10. Бодит байдал дээр нэхэмжлэгч Ц.А эцгээсээ шилжүүлж авсан 400 мкв газар эзэмших эрхтэй газраа бүрмөсөн алдсан, О.Б ы эзэмших эрхтэй 113 мкв газраа алдсан. Энэ нь Ж.А 700 мкв газар Г.Д263,5 мкв нийт 963.5 мкв газрыг хууль бус аргаар өмчлөх шийдвэр гаргуулж авснаас шалтгаалан үүссэн гэдгийг анхан шатны шүүх үндэслэлтэйгээр дүгнэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хууль бусаар хүчингүй болгож шийдвэрлэлээ. Бодит үйл баримтаас үзэхэд Ж.А ын нөхөр Д.Т нэр дээр 300 мкв газар эзэмших эрхтэй байж болох нотлох баримт хэрэгт авагдсан. Мөн Г.Даваагаас “ Би Сүхбаатар дүүрэгт газар өмчлөх эрхтэй байснаа огт мэдээгүй. Надтай хамтран амьдарч байсан Ж.А энэ шийдвэрийг гаргуулсан байна. Энэ газрыг өмчлөх эрхтэй эсэхийг шийдвэрлэх ажиллагаанд намайг оролцуулалгүйгээр шийдвэрлэж өнгө үү" гэж шүүхэд тайлбар гаргаж өгснөөс үзэхэд Ж.А нь ямар аргаар энэ газрыг өмчлөх шийдвэрийг гаргуулж авсныг харуулж байхад шүүх дүгнэлт хийсэнгүй.
11. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/0542 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
13. Анх маргаан бүхий газарт 1995 онд Б.Ц-д 400 м.кв, О.Б д 400 м.кв газрыг тус тус, 1996 онд Д.Түмэнбаярт 300 м.кв газрыг амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх” тус тус олгогдсон, үүний дараа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” 62 дугаар захирамжийг үндэслэн 400 м.кв газрыг /70 а тоотын гэх/ эзэмших эрхийг Ц.А ын /Цэнд-Аюушийн хүүхэд/ нэр дээр 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 010407088 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжаар 700 м.кв газрыг /70 а тоотын гэх/ Ж.А т /Түмэнбаярын эхнэр/ өмчлүүлсэн, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/335 дугаар захирамжаар О.Б д 287 м.кв /70 тоотын гэх/ газрыг эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгосон, нэгж талбарын 18645319811464 дугаар бүхий 700 м.кв /70 а тоот/ газар болон хэн нэгэнд эзэмших эрх үүсээгүй нэгж талбарын 18645319818452 дугаар бүхий 264 м.кв /70 б тоотын/ газруудыг Ж.А ын нэр дээр, нэгж талбарын 18645319794454 дугаар бүхий 278.1 м.кв /70 тоот/ газрыг О.Б ы нэр дээр тус тус газрын мэдээллийн санд бүртгэсэн үйл баримтууд тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.
14. Нэхэмжлэгч нар нь “...Ц.А ын эзэмшлийн 70а тоотын 400 м.кв газрыг, О.Б ы эзэмшлийн 70 б тоотын 400 м.кв газрын зарим хэсгийг Ж.А т өмчлүүлсэн” гэж, хариуцагч нь “...газар эзэмших эрхийн гэрчилгээ болон тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоосны үндсэн дээр Ж.А т газар өмчлүүлсэн” гэж маргажээ.
15. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ж.А нь өөрийн нөхөр Д.Т-ын /1997 онд нас барсан/ 1996 оны 96642 дугаар “Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх”-ийг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг 2003 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд, “70 а тоотын 40х17.5 м харьцаатай 700 м.кв газрыг өмчлөн авах хүсэлт”-ийг 2003 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр мөн дүүргийн Засаг даргад, “70 а тоотын газрын илүү 256 м.кв хэсэг газрыг хамтран амьдрагч Г.Даваад шилжүүлэх хүсэлт”-ийг мөн дүүргийн Газрын албанд 2003 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тус тус гаргасан, нийслэлийн Засаг даргын 2003 оны 413 дугаар захирамжаар Ж.А т 70 а-ийн 700 м.кв, Г.Д-д 70 б-ийн 256 м.кв газрыг тус тус өмчлүүлсэн, Г.Д-гийн 256 м.кв газар өмчлөх эрхийг 2 газар өмчилсөн гэх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2005 оны 330 дугаар захирамжаар хүчингүй болгосон, уг газрыг хэн нэгэн эзэмшиж, ашиглаагүй, сул чөлөөтэй байгаа ба газрын мэдээллийн санд Ж.А ын нэр дээр мөн бүртгэлтэй, Г.Д нь “миний өмнөөс Алтантогос өргөдөл гаргасан байна, ...газар өмчөх эрхтэй болсноо шүүх дээрээ ирээд мэдлээ, гомдол санал гаргахгүй, маргаанд оролцохгүй” гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзжээ.
16. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, 1995, 1996 онд олгогдсон “цагаан” гэрчилгээний дагуу хэн аль нь тус тусын гэрчилгээнд заасан газрыг эзэмших эрхтэй байхад Ж.А т 700 м.кв газрыг өмчлүүлснээр бусдын газарт давхцуулсан, энэ тохиолдлын хувьд гэрчилгээнд зааснаас илүү газрыг өмчлүүлэх болсон захиргааны актын үндэслэл болон нэхэмжлэгч нарын хэнийх нь эзэмшлийн газарт аль хэсгээр ямар хэмжээгээр давхцсан нь тодорхойгүй, үүнийг шүүхээс тодруулж шалгах боломжгүй, иймд эдгээрийг хянаж, шалгах ажиллагааг захиргааны байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэсний үндсэн дээр дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
17. Давж заалдах шатны шүүх, маргааны үйл баримтад, тухайлбал маргаан бүхий газарт 400 м.кв хэсэг газрыг Б.Ц /нэхэмжлэгч Ариунболдын аав/, 300 м.кв газрыг Ж.Түмэнбаяр /гуравдагч этгээдийн аав/ нарын аль аль нь 1995, 1996 онд олгогдсон “цагаан” гэрчилгээгээр эзэмших эрхтэй байсан гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй, энэ тохиолдолд Ж.А т 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдөр буюу түрүүлж 700 м.кв газрыг өмчлүүлсэн нь 2003 оны 10 дугаар сарын 6-ны өдөр эзэмших эрх нь Ц.А ын эрхэд халдах үндэслэл болохгүй байхад энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу.
18. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.А , нэхэмжлэгч О.Б ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 221/МА2018/0542 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргйин анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А оос төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ