Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/01055

 

Л.Цэцгээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 219 дүгээр шийдвэр,         

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 03 дугаар магадлалтай,

Л.Цэцгээгийн нэхэмжлэлтэй

Л.Чулуунбатад холбогдох,

Орос оёдлын машин буюу 450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Л.Чулуунбатын  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Чулуунбат нь 2015 оны 02 дугаар сард 2 хоног юм оёчихоод өгье гээд оёдлын машиныг маань авсан боловч одоо хүртэл өгөхгүй байна. Миний оёдлын машиныг яасныг юм бүү мэд, өөр машин авчирч өгөөд байгаа. Надад 2-3 янзын өөр машин үзүүлж байна. Миний оёдлын машин бол цул хар өнгөтэй, жижиг толгойтой, хүзүү нь нарийхан, ардаа таггүй, голын тохируулга нь төмөр. Гэтэл хариуцагчийн надад өгөх гээд байгаа оёдлын машины толгой нь ялимгүй том, хүзүү нь бүдүүвтэр, хар өнгөн дээр бага зэрэг шар цэцэг орсон, тохируулга нь пивор байна. Гадна хайрцагны хувьд хэлбэр дүрс ойролцоо боловч өнгө нь арай өөр байна. Иймд би ээжээсээ өвлөж ирсэн оёдлын машинаа буцааж авна, эсвэл 450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Чулуунбат шүүхэд шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 2 дугаар сард дөрвөн бэрхний шагайны уут оёхоор Л.Цэцгээ эгчийн оёдлын машиныг гуйж авч хэрэглэсэн нь үнэн. Уутаа оёж дуусчихаад 10-аад хоногийн дараа оёдлын машиныг нь буцааж аваачиж өгсөн. Гэтэл 2 хоногийн дараа хүүгээрээ “миний оёдлын машин биш байна” гээд буцаагаад өгөөд явуулчихсан байсан. Тухайн үед би 2 хөл машин, 3 гар оёдлын машинаар шагайны уут оёж байсан. Гар нь солигдсон болов уу гээд нөгөө 2 машины гарыг үзэхэд солигдоогүй байсан. Нэг нь манай дүүгийнх, нөгөө нь миний өөрийн оёдлын машин байсан. Тэр 2 машин одоо ч байгаа. Солигдох ямар ч үндэсгүй. Би өөрийнх оёдлын машиныг л буцааж өгч байна. Өөр надад өгөх оёдлын машин байхгүй. Манай гэрийн оёдлын машин Хятад улсад үйлдвэрлэсэн оёдлын машин байгаа. Би машиныг нь буцааж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин машиныг буцаагаад өгөхөд өөрөө авахгүй байгаа тул түүний үнэ 450.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 219 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.3-т зааснаар Л.Чулуунбатаас оёдлын машин буюу түүний үнэ 450000 төгрөг гаргуулах Л.Цэцгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14.150 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 03 дугаар магадлалаар: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 219 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 340.1.4, 342.3-т зааснаар хариуцагч Л.Чулуунбатаас оёдлын машин буюу үнэ 450.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Цэцгээд олгосугай гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч Л.Чулуунбатаас 14.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Цэцгээд олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Чулуунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Л.Цэцгээгийн нэхэмжилж байгаа машин нь тухайн үед авсан машинууд аль ч биш бөгөөд тодорхойлоод байгаа онцлог шинжүүд нь бодит байгаа машинуудтай зөрчилдөж байгаа төдийгүй, түүний дурдаад байгаа онцлог шинжийг нь өөрийнх нь хэлж баталж байгаагаас өөр баталгаа нотолгоо байхгүйн дээр 450.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Одоогийн ханшаар машин гэхэд л 450.000 төгрөг хавьцаа болно, тэгэхэд үе дамжин хэрэглэсэн хуучны элэгдэлд орсон машиныг 450.000 төгрөг гэж үнэлгээ хийж байгаа нь түүнийг санаан зоргоороо дүрслэн хэлж, шинэ машины үнэ гаргуулах санаатай байна гэж бодож байна. Түүний нэхэмжлэл нь бодит үндэслэлгүй байгаа тул түүний санаан зоргоороо хэлж буй үнийг үнэлгээний газраар баталгаажуулья гэсэн бодол ч надад төрсөнгүй. Нэхэмжлэлийн үе дамжин хэрэглэсэн оёдлын машинаа шинэ машины үнэ болох 450.000 төгрөгөөр нэхэмжилсэн нь бодит байдалтай нийцээгүй байхад шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 заасан хуулийн шаардлагыг зөрчин нэхэмжлэгч өөрийн дур зоргоор бодит байдалтай нийцэхгүй үнэ төлбөр нэхэмжилж байна. Шүүх бодит байдалтай нийцэхгүй шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь шүүх өөрөө ИХШХШТХ-ийн 116.2-д заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Мөн нэхэмжлэгч Л.Цэцгээгийн мэдүүлж буй нэхэмжлэлийн зүйлийн онцлог шинжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн тодруулах боломжтой байсан ба гэрч Л.Догсомын мэдүүлэгт гагцхүү үндэслэл болгож байгаа нь үнэнд нийцэхгүй байна. Иймд ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9 заасан хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Нэхэмжлэгч Л.Цэцгээ нь надад байхгүй, миний аваагүй оёдлын машиныг надаас нэхэмжилж байгаа учир түүний мэдүүлж буй оёдлын машиныг би гарган өгөх боломжгүй. Надад байгаа Л.Цэцгээгийн оёдлын машиныг түүнд өгөх хүсэлтэй байна. Харин түүний үндэслэлгүй нэхэмжилж буй оёдлын машины үнэ нь зах зээлийн үнэ ханшнаас хол зөрөөтэй санаан зоргоор нэхэмжилж байгаа нь ИХШХШТХ-ийн 47.1- заасан заалттай нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдахгүй байна. Шүүх хэргийг бодит байдалтай зөрчилдөж байна. Тиймээс иргэн миний хүсэлтийг хүлээн авч, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Л.Цэцгээгийн “...цул хар өнгөтэй, жижиг толгойтой, нарийн хүзүүтэй, таггүй, төмөр голын тохируулгатай оёдлын машин буюу 450.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Л.Чулуунбат эс зөвшөөрөхдөө “...оёдлын машиныг буцаан өгөхөд авахгүй байгаа” гэжээ.

Хариуцагч нь 2015 оны 2 дугаар сард нэхэмжлэгчийн оёдлын машиныг түр хэрэглэхээр авсан бөгөөд буцааж өгөөгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-т зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээх ба зохигчдын хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг, биелүүлээгүй тохиолдолд үүсэх үр дагаврыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тайлбараа нотлоогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан шинж бүхий оёдлын машиныг авснаа үгүйсгэж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх” тухай үүргээ биелүүлээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан оёдлын машин буюу үнэ 450.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.4, 342 дугаар зүйлийн 342.3 дах заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч магадлалын тогтоох хэсэгт оёдлын машины шинж чанарыг тодорхой тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай нийцээгүй, мөн “ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч” гэсэн хуульд байхгүй нэр томьёо хэрэглэжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн 03 дугаар магадлалын Удиртгал хэсгийн “ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч” гэснийг “шүүгч” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 1 дахь заалтын “...Л.Чулуунбатаас...” гэсний дараа “цул хар өнгөтэй, жижиг толгойтой, нарийн хүзүүтэй, таггүй, төмөр голын тохируулгатай” гэснийг нэмж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Чулуунбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 14.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ