Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2024/04308

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 05 181/ШШ2024/04308

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч А.Цэлмэг, шүүгч С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 0 дүгээр байранд байрлах, Т ТБАГУТҮГ /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 04 дүгээр хороо, 0 тоотод оршин суух Т овогт Г-ын Н /РД:/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 38,581,491 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ТБАГУТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах" гэж; Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1-д "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т "Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан.

Тодруулбал, Төрийн албаны тухай хүчингүй болсон хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа /2002 болон 2017 оны/ хуульд Төрийн албаны зөвлөл төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан.

Т Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.2-т "Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, Т-д шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь аль ч хуулиар олгогдсон бөгөөд тус Зөвлөл нь 2019 онд хүчингүй болсон Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг үндэслэж нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй юм.

Г.Н нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ...-аар ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/75 дугаар тушаалаар тус яамны ...ын дарга Д.Ж-ыг төрийн албанаас чөлөөлсөн.

1. Иргэн Д.Ж нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 0 дүгээр магадлалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 0 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ж-ыг тус яамны ...-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" 0 дугаар тушаалаар 4.114.445 төгрөгийг Д.Ж-д ажилгүй байсан хугацааны цалинд тооцож;

2. Иргэн Д.Ж нь дахин ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд хандсаны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн  дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаар магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" 0 дугаар тушаалаар 34.467.046 төгрөгийг Д.Ж-д ажилгүй байсан хугацааны цалинд тус тус тооцож, нийт 38.581.491 төгрөгийг олгосон байна.

Г.Н-ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 38,581,491 төгрөгийг /Т-ийн нэр дээрх төрийн сангийн 0 тоот дансанд/ буруутай албан тушаалтан Г.Н-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б хариу тайлбар, татгалзалдаа:

Нэг. Хариуцагч Г.Н шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдэл гаргаагүй талаар:

Энэхүү хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2. 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсгийг уялдаатай авч үзэх зайлшгүй шаардлагатай.

Учир нь гэм хор учруулсан этгээд зайлшгүй гэм буруутай байх, ингэхдээ өөрийн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй байдлаар гэм хор учруулсан байхыг шаардах бөгөөд хариуцагч Г.Н-ын хувьд өөрийн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй байдлаар гэм хор учруулсан гэх нөхцөл байдал дараах үндэслэлүүдээр няцаагдаж байна.

1.1. УИХ-ын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" 12 дугаар тогтоол батлагдсанаар тухайн үеийн Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яамыг нэгтгэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болгон шинээр байгуулсан.

Үүнтэй холбоотойгоор буюу шинээр яам байгуулагдсантай холбоотойгоор тухайн үеийн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Д.А)-ын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 104 дүгээр тушаалаар Уул уурхайн яам (хуучнаар)-ны албан хаагчдыг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. (Хавтаст хэргийн 176-179 дугээр талд нотлох баримтаар авагдсан)

Ийнхүү иргэн Д.Ж-ын хувьд энэ тушаал гарсан өдрөөс эхлэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бөгөөд энэ тушаал гарснаас хойш Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд дахин ямар нэгэн ажил, албан тушаалд томилогдоогүй, мөн цалин хөлс огт аваагүй болох нь баримтуудаар тогтоогдож байгаа.

Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/03 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ц.О-г томилж, мөн өдрөөс эхлэн цалин, нэмэгдлийг тооцож олгохоор шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 52, 106 дугаар талд нотлох баримтаар авагдсан)

1.2. Хариуцагч Г.Нын хувьд шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл гаргаагүй болохыг шүүхээс дараах байдлаар тогтоосон болно.

Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлага (хавтаст хэргийн 2 дахь тал)-даа, "...1. Иргэн Д.Ж нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 374 дүгээр магадлалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 0 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ж-ыг тус яамны ...-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн" гэж нэхэмжлэл, шүүхийн шийдвэрт дурдагдсан хариуцагч Г.Н-д хамааралтай 1 шийдвэр (2016 оны Б/75)-ийг л шүүх хууль бус болохыг тогтоосон, улмаар энэ маргааны хувьд зөвхөн хариуцагч Г.Н-ын гэм буруутай буюу өөрийн шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан мэтээр дурдсан нь огт үндэслэлгүй байна.

Учир нь уг захиргааны хэргийн шүүхэд Д.Ж-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалд дурдсанаар маргаан бүхий үндсэн захиргааны актыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаар тушаал гэж нэхэмжлэгч ч үзсэн, шүүхээс ч уг тушаал Д.Ж-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус акт байсан болохыг тогтоосон.

Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 0 дугаар шийдвэрийн "Үндэслэх" хэсэг (хавтаст хэргийн 94, 95 дугаар тал)-т "... Маргаан бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаал нь... тус тус үндэслэн Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.О-г томилсон байна. Уг тушаал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 4.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заалтыг тус тус зөрчсөн нь дараах эрх зүйн үр дагаварыг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна" гэсэн байна.

Түүнчлэн уг шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 96 дугаар тал)-т, "... Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар уг актыг хүчингүй болгосон байх боловч нэхэмжлэлийн шаардлагын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ" гэж дүгнэсэн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23- ны өдрийн 147 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэг (хавтаст хэргийн 99 дүгээр тал)-т "...Д.Ж-ын ажилгүй байсан хугацааг маргаан бүхий акт гарсан 2016 оны 08 сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцож олгохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах нь зүйтэй байна гэснээс үзвэл хариуцагч Г.Н өөрийн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулаагүй болохыг нотолж байна.

Дээрх баримтуудаас үзэхэд, Б.Ж-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, шууд санаатай (илтэд болгоомжгүй) гэм хор учруулсан этгээд (акт) нь хариуцагч Г.Н (2016 оны Б/74 тушаал) бус, харин Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.А (түүний 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 104 дүгээр тушаал) болон Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Д (түүний 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/03 дугаар тушаал) нар болно.

Иймд шүүхээс энэхүү хэргийн хариуцагч буюу өөрийн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь хэн болохыг зөв тодорхойлсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх нөхцлийг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Тодруулбал, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлд дурдагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Д.Ж-ыг хариуцагч Г.Н-ыг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр томилогдохоос өмнө буюу 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үүрэгт ажлаас нь нэгэнт чөлөөлсөн, ийнхүү чөлөөлсөн захиргааны акт нь Д.Ж-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус акт байсныг шүүхээс ч тогтоосон болохыг дахин дурдах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Г.Н-ын хувьд өөрийн шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдлээр Д.Ж-д гэм хор учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

1.3. Т-ийн гаргасан нэхэмжлэл (хавтаст хэргийн 2 дугаар тал)-д, Г.Н-ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 38,581,491 төгрөгийг буруутай албан тушаалтан Г.Н-аас гаргуулж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч Г.Н-ын хууль бус шийдвэрийн улмаас 38,581,491 төгрөгийн хохирол буюу гэм хор учирсан гэж аль ч байгууллага, тэр дундаа шүүхээс огт тогтоогоогүй болно.

Иргэн Д.Ж-ын ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 38,651,984 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2012 дугаарт шийдвэрт дурдсанаар, "38,651,984 төгрөгийн нөхөн олговорыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргуулах"-аар шийдвэрлэсэн бөгөөд уг хохирлыг Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлд дурдсан шиг "Г.Н гэм буруутай учир Г.Н-аас гаргуулах тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй болно.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс уг маргааныг хянан хэлэлцэхдээ дээр дурдсан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт дурдсан үйл баримтуудыг үндэслэл болгосныг зайлшгүй авч үзэх ёстой болно.

1.4. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д "хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах" заалт болон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д "энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэсэн заалтууд нь төрийн албан хаагчийн гаргасан бүх шийдвэрийн улмаас учирсан гэм хорыг тухайн албан хаагчаар хариуцуулахгүй байх тухай уялдаатай, системтэй зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл, хэдийгээр аливаа захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох тохиолдол байдаг боловч энэ нь тухайн актыг гаргасан албан тушаалтан болгонд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхгүй гэсэн агуулгатай зохицуулалт болно.

Захиргааны хэргийн шүүхээс захиргааны байгууллага, албан тушаалтны маш олон шийдвэрүүдийг үндэслэлгүй гэж үзэж, хүчингүй болгох тохиолдол байдаг. Гэхдээ тухайн тохиолдол бүрт гэм буруугийн шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Энэ маргааны тухайд хариуцагч Г.Н-ын гаргасан 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 0 дүгээр тушаалтай холбоотой Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 0 дугаар шийдвэрт хариуцагч Г.Н-ыг шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан гэм буруутай гэж үзээгүй, харин түүнээс өмнөх үйл баримт буюу Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 сарын 01-ний өдрийн А/03 дугаар тушаал нь нэхэмжлэгч Д.Ж-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт гэж тогтоосон.

Аливаа яамны Төрийн нарийн бичгийн дарга нь тухайн яамыг удирдаж, тэргүүлдэггүй бөгөөд Яамны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлдэг болно.

Тийм ч учраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/03 дугаар тушаалын 1 дэх хэсэгт ...Хяналт-шинжилгээ, үнарын дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц-ын О... нарыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай гэсэн байна.

Мөн тушаалын Хавсралтаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.О-д Т3-12-1 ангилал, зэрэглэлийн шатлалаар 815,534.00 төгрөгийн цалинг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгосон байна.

Өөрөөр хэлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны А/03 тушаалаар Б.Ж-ыг албан тушаалаас чөлөөлж, түүний оронд Ц.О-г томилох улс төрийн болон захиргааны шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр болж, хэрэгжсэн басйан бөгөөд хариуцагч Г.Н-ыг Төрийн нарийн бичгийн даргаар томилогдохоос өмнө уг үйл явдал нэгэнт болсон байсныг захиргааны шүүх ч хүлээн зөвшөөрсөн.

Хоёр. Хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесстой холбоотой нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тухайд:

2.1. Т-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ, "...Төрийн албаны тухай хүчингүй болсон хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа /2002 болон 2017 оны/ хуульд Төрийн албаны зөвлөл төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан" гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хууль (2002 он)-ийн 35.1.2 дахь заалт нь Т шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан нь үнэн.

Харин дээрх нэхэмжлэл гаргах эрхийн тухай зохицуулалт нь 2016 онд хариуцагчийг шийдвэр гаргаснаас хойш 1 жилийн дараа батлагдаж, 3 жилийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" заалт гэсэн Г.Н-д гэм хорын хариуцлага шууд хүлээлгэх үндэслэл болохгүй. хариуцагч

2.2. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан байна.

Гэтэл иргэн Д.Ж-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт нь хариуцагч Г.Н-ын гаргасан 2016 оны Б/74 дүгээр тушаал бус, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 08 01-ний өдрийн А/03 дугаар тушаал болохыг өмнө тодорхой дурдсан.

Түүнчлэн иргэн Д.Ж-ыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.А-ийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 104 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн болох нь баримтаар нотлогдож байна гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Т ТБАГУТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, Т-ийн 2022.02.22-ны өдрийн 71 дүгээр тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2016.09.21-ний өдрийн 105 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2022.08.31-ний өдрийн0  дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.18-ны өдрийн 0 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.05-ны өдрийн 0 дугаар магадлал, 2020.04.13-ны өдрийн 0 дугаар төлбөрийн хүснэгт, 2020.05.13-ны өдрийн 00000101 дугаар төлбөрийн хүснэгт, Төрийн албаны зөвлөлийн 2023.12.01-ний өдрийн 04/2619 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016.08.01-ний өдрийн А/03 дугаар тушаал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016.08.02-ны өдрийн А/04 дугаар тушаал зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн,шүүхийн журмаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020.03.24-ний өдрийн А/50 дугаар тушаал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021.04.08-ны өдрийн А/80 дугаар тушаал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.23-ны өдрийн 0 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.05.25-ны өдрийн 0 дугаар магадлал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016.10.24-ний өдрийн 6/75 дугаар тушаал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016.08.01-ний өдрийн А/03 дугаар тушаал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016.08.02-ны өдрийн А/04 дугаар тушаал, Монгол Улсын Засгийн газрын 2016.07.27-ны өдрийн 3 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2018.12.05-ны өдрийн 370 дугаар тогтоол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016.08.01-ний өдрийн А/03 дугаар тушаал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016.10.24-ний өдрийн 6/75 дугаар тушаал, Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016.07.25-ны өдрийн 104 дугаар тушаал зэргийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ТБАГУТҮГ нь хариуцагч Г.Н-д холбогдуулан гэм хорын хохиролд 38,581,491 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Т ТБАГУТҮГ нь хариуцагч Г.Н-ыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Д.Ж-ыг ажлаас нь хууль бусаар чөлөөлж, төрийн албанаас халсан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, Д.Ж-ын ажилгүй байсан хугацааны цалин, хөлс нийт 38,581,491 төгрөгийг төрөөс төлсөн тул төрд учирсан хохирлыг гаргуулна гэж нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч, шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулаагүй, Д.Ж-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн актыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Д нар гаргасан, хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас 38,581,491 төгрөгийн хохирол буюу гэм хор учирсан гэж аль ч байгууллага тогтоогоогүй, төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэл гаргах эрхийн зохицуулалт 2019 оноос хүчин төгөлдөр үйлчилсэн, мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Хариуцагч Г.Н нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2016.10.24-ний өдрийн Б/75 дугаар тушаалаар Уул уурхайн яам татан буугдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шинээр байгуулагдсантай холбогдуулан Уул уурхайн яамны /хуучнаар/ Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жавхланболдыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хавтаст хэргийн 134 хуудас/

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/03 дугаар Үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тухай тушаалаар Төрийн нарийн бичгийн даргыг холбогдох хууль, журмын дагуу томилогдох хүртэл хугацаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.О-г 2016.08.01-ний өдрөөс эхлэн томилжээ. /хавтаст хэргийн 52-54 хуудас/

 

Д.Ж дээрхи тушаалуудыг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаар шийдвэрээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/03 дугаар тушаалын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.О-г томилсон хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016.10.24-ний өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Ж-ыг урьд эрхэлж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 4,044,245 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, зохих бичилт хийхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгажээ.

Уг шийдвэрийг хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ. /хавтаст хэргийн 86-103 хуудас/

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Н нь дээрхи шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Д.Ж-ыг ажилд нь томилоогүйн улмаас Д.Ж шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0 дугаар шийдвэрээр хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 34,138,404 төгрөгийг гаргуулж Д.Ж-д олгожээ. Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаар магадлалаар хэвээр үлдээжээ. /хавтаст хэргийн 18-30 хуудас/

 

2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар, мөн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар "Хөрөнгө хуваарилах тухай" тушаалуудаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 4,114,445 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 34,467,046 төгрөгийг тус тус гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар Д.Ж-д олгожээ. /хавтаст хэргийн 33, 36 хуудас/

 

Ийнхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэн төсвөөс Д.Ж-д олгосон 38,581,491 төгрөгийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасны улмаас хариуцагч Г.Нын төрд учруулсан хохирол гэж үзэх эсэх, Т хохирлыг шаардах эрхтэй эсэх талаар зохигч маргаж байна.

 

3. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан.   

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн зөрчил буюу иргэний эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдвал зохих эрх, хууль ёсны ашиг сонирхлын төрлийг тодорхойлсноороо нийтлэг зохицуулалт болох хэдий ч зөрчил гаргасан этгээд зайлшгүй гэм буруутай байхыг шаарддагаараа энэ шаардлагыг тавьдаггүй тусгай зөрчлүүдээс ялгаатай. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. гэж зааснаас үзвэл энэ зүйлд хамаарах зөрчлийн бүрэлдэхүүнд гэм буруугийн аль нэг хэлбэрийг заавал шаардаж байгаагаараа нийтлэг бус, нарийвчилсан зохицуулалт болдог онцлогтой. Иргэний хуулийн 498 дугаар зүйл нь албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудын бусдад учруулсан хохирлыг хэрхэн арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан тусгай хэм хэмжээ бөгөөд мөн зүйлийн 498.5 дахь хэсэг нь ажилтны бусдад учруулсан хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах харилцаанд үйлчилнэ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт ийнхүү ажилтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг бус, тодорхой хэлбэрийг дурдан энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан байна.  

Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зөрчил гаргасан этгээд уг зөрчилд гэм буруутай байхыг шаардсаныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгтэй уялдуулан тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол тус хуульд заасан хариуцлага хүлээнэ.

 

4. Хариуцагч Г.Н нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа шууд санаатай хэлбэрээр, мөн илтэд болгоомжгүй үйлдлээр ажилтан Д.Ж-ыг ажлаас чөлөөлж хохирол учруулаагүй, Д.Ж-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн актыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.А болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Д нар гаргасан гэж маргаж байна.

 

6. УИХ-ын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай тогтоолоор тухайн үеийн Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яамыг нэгтгэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байгуулсан тул Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Д.А-н 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 104 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Уул уурхайн яамны нэр бүхий албан хаагчдыг ажил, албан тушаалаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтаар Уул уурхайн яамны нэр бүхий албан хаагчдыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлжээ.

Энэхүү тушаалын хавсралт 1, 2-р хавсралтад Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Ж гэж бичигдсэн. /Хавтаст хэргийн 175-179, 125-129 хуудас/

 

МУЗГ-ын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтцийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газартай байхаар баталсан байна. /хавтаст хэргийн 116-123 хуудас/

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/03 дугаар Үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тухай тушаалаар Төрийн нарийн бичгийн даргыг холбогдох хууль, журмын дагуу томилогдох хүртэл хугацаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.О-г томилсон.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 105 дугаар Ажилд томилох тухай тогтоолоор Г.Н-ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ. /хавтаст хэргийн 7 хуудас/

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар яамны Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын ажлыг өдөр тутмын удирдлагаар хангах, яамны хэмжээнд мөрдөх дүрэм, заавар, журмыг хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалд нийцүүлэн баталж, мөрдүүлэх, хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

 

7. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, маргаан бүхий 2016.10.24-ний өдрийн Б/75 дугаар тушаалыг гаргахдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг урьд Д.Ж-ын ажиллаж байсан Уул уурхайн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын хэрэгжүүлж байсан чиг үүргээс өөрчлөгдөөгүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу Д.Ж-ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй байхад хариуцагч Г.Н нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан үндэслэл бий болоогүй байхад төрийн байгууллага татан буугдаж орон тоо нь хасагдсан үндэслэлээр Д.Ж-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолыг нь зөрчсөн болох нь тогтоогдсон тул Г.Н нь төрийн удирдах албан хаагч бүрийн мэдвэл зохих хуулийн эн тэргүүний шаардлагыг хангаж ажиллаагүй үйлдэлдээ санаатай гэм буруугийн хэлбэр тогтоогдсон гэж үзэх үндэслэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.23-ны өдрийн 0 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.05.25-ны өдрийн 0 дугаар магадлалаар тогтоогдож байна.

Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, Д.Ж-ыг ажилд нь томилоогүй эс үйлдэлдээ санаатай хэлбэрийн гэм буруутай байна.

 

Хариуцагч Г.Н нь Д.Ж-ыг ажлын байранд сайд өөр этгээд томилсон гэж тайлбарлаж байгаа боловч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016.08.01-ний өдрийн А/03 дугаар тушаалаар яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилогдох хүртэл хугацаанд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.О-үг томилсон, уг тушаалыг хүчингүй болгуулахаар Д.Ж-д захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016.11.30-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар уг актыг хүчингүй болгосон байна.

 

8. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу төрийн албан хаагчийн өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг төр хариуцан арилгасан бол энэ хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх боломжтой.

 

Нэхэмжлэгч Т нь хариуцагч Г.Н-ын хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас төрд 38,581,491 төгрөг гэм хор учирсан гэж үзэн энэ хэмжээгээр хохирлыг арилгуулахаар шаардсан.

 

Тус хэрэг маргаанд Т нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгч байх эрх зүйн үндсийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулах тул Т нь тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан этгээд байна.

Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2 дахь хэсэгт зааснаар Т-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тодорхойлсон тул төрд учруулсан хохирлыг шаардах эрхтэй байна.

 

9. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар, мөн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар "Хөрөнгө хуваарилах тухай" тушаалуудаар төлбөрийг гаргаж, Д.Жавхланболдод 2020.04.13, 2021.05.13-нд төлбөрийг төлснөөр Т-д шаардах эрх үүссэн.

Т нь 2024.01.16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

 

10. Шүүх Д.Ж-ын ажилгүй байсан хугацааны цалинтай танцэх олговорыг 2016.08.01-ний өдрөөс тооцсон бөгөөд Г.Н-ыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2016.09.21-ний өдөр томилсон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Н-ын 2016.10.24-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар Д.Ж-ыг ажлаас чөлөөлсөн.

Хариуцагч Г.Н-ын Д.Ж-ыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн үйлдлийг санаатай гэм буруутай гэж үзсэн тул 2016.10.24-ны өдрөөс хойшхи хохирлыг тооцож гаргуулах нь зүйтэй байна.

/2016.08.01-ээс 2016.10.24-ны өдрийг хүртэл ажлын 61 хоног, нэг өдрийн цалин хөлсийг 39,809 төгрөгөөр тооцсон тул 39,809 х 61 = 2,428,349 төгрөг, нэхэмжлэл 38,581,491 төгрөг 2,428,349 = 36,153,142 төгрөг байна./

 

Г.Нандинжаргалын учруулсан хохирлыг төсвөөс гаргуулан арилгасан тул Т-ийн Төрийн сан /Төрийн банк 0 тоот данс/-д хохирлыг олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу Г.Н-аас гэм хорын хохирол 36,153,142 төгрөг гаргуулж Т-ийн Төрийн санд олгов.

 

11. Иргэдийн төлөөлөгчөөр Ч.Ц-ыг оролцуулахаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болохыг дурдах нь зүйтэй байна.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгч Т-ийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г.Н-аас 338,715 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Н-аас 36,153,142 /гучин зургаан сая нэг зуун тавин гурван мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж Т ТБАГУТҮГ-ын Төрийн сангийн дансанд олгож, нэхэмжлэлээс 2,428,349 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т ТБАГУТҮГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Г.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 338,715 /гурван зуун гучин найман мянга долоон зуун арван таван/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД С.ХИШИГБАТ

 

 

А.ЦЭЛМЭГ