Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/115

 

 

 

 

 

2022                01            26                                     2023/ДШМ/115                        

 

Т.Ч-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Т.Ч-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 2022/ШЦТ/1861 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ч-, түүний өмгөөлөгч Р.Машлай нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Ч-ад холбогдох 2202002700217 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ч-,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.1.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч Т.Ч- нь 2022 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж байна гэх мэдээллийн дагуу саатуулагдан шалгагдаж, цагдаагийн хэлтэст хүргэгдэх үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт Мөрдөн байцаах албаны 14-82 УАТ улсын дугаартай “Hyundai kia sportage” загварын тээврийн хэрэгсэлд 2.8110 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Т.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Ч-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногт дүйцүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.Ч-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Ч-ын өмгөөлөгч Р.Машлай давж заалдах гомдолдоо:  “...Т.Ч-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтад бүрэн нотлон тогтоож хянаж чадаагүй гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан ялыг эс зөвшөөрч давж заалдах дараах гомдлыг гаргаж байна.  Шүүгдэгчийг энэ гэмт хэрэгт буруутгах тохиолдолд бусад этгээд оролцоотой эсэх, өөрөөр хэлбэл дээрх “өвс” гэгчийг хэрхэн, хаанаас, ямар арга замаар олж авсан болохыг нь тогтоогоогүй, мэдээллийн дагуу гэх боловч мэдээллийн дагуу ямар ажиллагаа хийгдсэн талаарх эрүүгийн мөрдөгчийн магадлагаа эсвэл гэмт хэргийг шууд нотолсон нотолгоо байхгүй. Эрүүгийн нууц ажилтан нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “Т.Ч-ыг гарыг ард нь гавлаад албаны тээврийн хэрэгсэлд суулгаж бичиг баримт болон биед нь үзлэг хийхэд Т.Ч-ын өмсөж явсан хар өнгийн цахилгаантай цамцны баруун гадна халааснаас хайрцагтай тамхи болон гялгар уутанд хийсэн каннабисын төрлийн ургамал, могой хэлбэртэй хар өнгийн шавар гарч ирсэн. Би нүдээр хараад каннабис төрлийн ургамал гэдгийг таньсан. Тэгээд тамхи, өвсийг халаасанд нь буцааж хийгээд цахилгааныг нь татсан. Мөрдөн байцаах албан дээр ирээд биед нь үзлэг хийлгэхэд Т.Ч-ын халаасанд байсан ...ууттай өвс байхгүй болчихсон байсан. ...Буух үед суудлын завсраар хийсэн байх боломжтой. Машинаас шавар ч олдоогүй” гэжээ. Д.Э- нь өөрөө үзлэг, нэгжлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1, 7, нэгжлэг хийх 24.1 дүгээр зүйлийн 5, Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт заасан /үзлэг хийх/-ыг тус тус зөрчсөн. Ийнхүү зөрчсөний улмаас мөрдөн байцаах албаны тээврийн хэрэгслийн суудлын завсраас олдсон “өвс” нь Т.Ч-ынх уу, эсхүл тухайн тээврийн хэрэгсэлд өмнө нь хадгалагдаж байсан уу гэдгийг хөдөлбөргүй тогтоох боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад тооцогдохгүй болохоор эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон. Энэ талаар шүүх хуралдааны явцад ч яригдсан, шүүгдэгч нотлох баримтыг устгасан уу, эсхүл зориуд зохиомол байдал үүсгэсэн үү гэдгийг бусад мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй. Түүнчлэн гарыг ард нь гавласан үед цамцны цахилгааныг татаж хаасан /гэрч Д.Э-гийн өөрийн мэдүүлгээр/ халааснаас Т.Ч- нь гялгар ууттай өвс тээврийн хэрэгслийн арын баруун талын буланд “хадгалж” чадах уу?. Энэ үйлдлээ уг тээврийн хэрэгсэл дотор хамт зорчиж яваа бусад этгээдэд мэдэгдэхгүйгээр гүйцэтгэх боломжтой юу гэдэг нөхцөл байдлыг тодруулалгүй орхигдуулж мөрдөн шалгах бусад ажиллагаагаар нотлох буюу няцаах ажиллагаа хийгдээгүй нь мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. “Шавар” гэх эд зүйлийн тухайд энэ нь ямар бодис болохыг тогтоогоогүй боловч Д.Э-гийн дээрх мэдүүлгээс үзэхэд уг шавар гэх зүйлийг Д.Э- /гэрч л шавар байсан гэдэг/ үзлэг хийх үеэрээ Т.Ч-ын халааснаас аваад, буцааж хийгээгүй болох тогтоогддог. Д.Э- өөрөө авсан шавар нь тээврийн хэрэгсэл дотроос эргэн олдох эсэх нь Д.Э-гийн л үйлдэлд хамаарна. Т.Ч-ын гэм буруутайг хөдөлбөргүй нотлон тогтоож буй нотлох баримтууд нь эргэлзээтэй. Машины арын суудлыг дээш өргөж авсан хар өнгийн ууттай ногоон өвсийг хураан авсан тэмдэглэл нь уг өвс нь Т.Ч-ынх мөн болохыг хөдөлбөргүй нотлон тогтоогоогүй. Тест ашиглах ажиллагааны тэмдэглэл нь хуульд заасан нотлох баримт болохгүй. Гэрч Б.Б-ы мэдүүлэгт дурдаад байгаа “өвс” гэх зүйлд ТНС агуулж байгаа эсэх талаар хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг байхгүй. Б.Б- нь түүний агуулгыг тогтоох тусгай мэдлэг бүхий этгээд биш. Б.Б- “намайг Булгаагийн машинд суулгасан. Чукаг цагдаагийн машинд суулгасан” гэж мэдүүлдэг. Яагаад тусад нь суулгасан талаарх эргэлзээг гаргаагүй.

Ахлах мөрдөгч Д.Э-, жолооч М.А- нар албаны машины арын суудалд Т.Ч-ыг гавлаж суулгаад хажууд нь ахлах мөрдөгч 3.Ж-, Д.Э- урд суудалд суусан гэж мэдүүлдэг бол мөрдөгч О.Б- “арын суудалд цагдаагийн ахмад Ж- хоёр этгээдийг суулгаад, урд суудалд цагдаагийн хошууч Э- суугаад ажил руу явсан”, ахлах мөрдөгч О.Ж- “албаны машинд суухад арын суудал дээр Ч-, Э- нар сууж байгаад бид хоёрыг суухад Э- би урд суудал дээр сууя гээд буухад нь би авч явсан хоёр хүнийхээ голд суугаад ажил руу явсан” гэж харилцан зөрүүтэй мэдүүлсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасан ажиллагаа хийгдээгүй. Гэрчүүдийн мэдүүлгээс тохирч буй ганцхан зүйл нь гарыг нь ард гавласан Т.Ч-ын хажууд цагдаагийн ахмад О.Ж- харгалзаж явсан үйл баримт юм. Энэ үед Т.Ч- нь О.Ж-д мэдэгдэхгүйгээр халааснаас гялгар ууттай өвсийг гаргаж машины арын суудлын хажуугаар хийх боломжтой гэдэг нь ихээхэн эргэлзээтэй бөгөөд энэ талаар туршилтын ажиллагаа хийгээгүй гэдгийг өмнө дурдсан. “Өвсийг” мөрдөн байцаах албаны тээврийн хэрэгсэлд хадгалах гэмт хэргийг шүүгдэгч нь ганцаараа үйлдэх боломжгүй. Шүүгдэгч Т.Ч- нь мөрдөн байцаах албаны тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах боломжгүй бөгөөд эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, дэмжлэггүйгээр түүнд нэвтэрч, “өвс” хадгалах, дараа нь түүнийгээ буцаан авч гэмт хэргээ төгсгөж чадахгүй нь ойлгомжтой. Шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгт Т.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч Т.Ч- нь цагдаагийн хэлтэст хүргэгдэх үедээ Мөрдөн байцаах албаны 14-82 УАТ улсын дугаартай “Hyundai kia sportage” загварын тээврийн хэрэгсэлд 2.8 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн 2008 оны 29 дүгээр тогтоолд "Хадгалсан" гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг хэлнэ, "Тээвэрлэсэн" гэдэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ил буюу далд хэлбэрээр зөөвөрлөхөөс гадна уг ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэхийг ойлгоно хэмээн ялгамжтайгаар тайлбарласан байдаг. Эндээс үзвэл тээвэрлэх үйлдэл нь нэг газраас нөгөөд, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэгддэгээрээ хадгалах үйлдлээс ялгаатай байна. Хэрэв мөрдөн байцаах албаны тээврийн хэрэгслээс гарч ирсэн “өвс” нь Т.Чулуунбаатарынх гэж үзвэл энэ нь “хадгалсан” үйлдэлд хамаарахгүй, харин “тээвэрлэсэн” шинжтэй байх бөгөөд 2015 оны эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тээвэрлэх” үйлдлийг гэмт хэргээс хассан тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлах нь зохистой гэж үзэж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэдэгт юуг ойлгох талаар 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис" гэдгийг Улсын дээд шүүхийн 2008 оны 29 дүгээр тогтоолд "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно гэж тайлбарласан. Харин 2015 оны эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийг Улсын дээд шүүх тайлбарлаагүй, нэр томъёоны ойлголтыг "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг иш татах тухай ямар нэгэн зохицуулалт байхгүй байна. Гэтэл шинжээч болон анхан шатны шүүх шууд нэр томьёог “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын конвенц-г хэрэглэж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг зөрчжээ гэж үзэхээр байна. Нэр томьёог хэрэглэхгүй талаар хүчингүй болсонд тооцсон ямар нэг шийдвэр гараагүй. Гэтэл Анхан шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр ...хууль бусаар хадгалсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, өөрийн орон байр, тээврийн хэрэгсэл, бусад газарт нууц байдалтай байлгахыг ойлгоно гэж шийтгэх тогтоолдоо тайлбарласан нь Улсын дээд шүүхийн 2008 оны 29 дүгээр тогтоолын тайлбарт нийцэхгүй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т. Ч- нь урьд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулсан байгааг харгалзан үзээгүй, шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргасан боловч ялыг биелүүлсэн талаар ажиллагаа хийгдээгүй байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр шүүх гаргахад нөлөөлсөн. Шүүгдэгч нь дээрх ялыг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр биелүүлсэн болох нь Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэл бүхий баримтууд хэрэгт болон шүүхийн шийдвэрт байх тул миний үйлчлүүлэгч Т.Ч- холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэв гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тохиолдолд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, биелүүлсэн ялыг нэмж нэгтгэсэн ялаас хасаж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан ялын доод хэмжээгээр шийтгэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Т.Ч- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Ч-ын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан шаардлагыг хангаагүй. Цагдаагийн ажилтны мэдүүлэгт машин дотор гурван хүн сууж байсан, Т.Ч- гавтай байсан, тухайн бодисыг халаасанд нь хийгээд цахилгаандсан тухай дурдагдсан. Дээрхээс үзэхэд миний үйлчлүүлэгч яаж тэнд хийсэн нь ойлгомжгүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйл баримтыг сэргээн дүрслэх зорилгоор туршилт хийх боломжтой байсан ч энэ ажиллагааг хийгээгүй. Түүнчлэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэснийг баримтлах ёстой байсан. Шүүх бүрэлдэхүүн хэргийг бүхэлд хянаж үзэж шийдвэрлэдэг учир үүнд онцгой анхаарч өгнө үү. Хэрэв анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзвэл хорих ялаас хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан байдгийг анхаарч үзнэ үү. Гэрч Д.Э-гийн “...Т.Ч-ын өмсөж явсан хар өнгийн цахилгаантай цамцны баруун гадна халааснаас хайрцагтай тамхи болон гялгар уутанд хийсэн каннабисын төрлийн ургамал, могой хэлбэртэй хар өнгийн шавар гарч ирсэн. Би нүдээр хараад каннабис төрлийн ургамал гэдгийг таньсан...” гэж мэдүүлдэг. Сүүлд үзлэг хийхэд шавар олдоогүй нь эргэлзээ төрүүлж байгаа. ...” гэв.

 

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн. Үзлэг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасны дагуу дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулж үзлэг хийсэн тул хууль зөрчөөгүй. Тухайн үед мэдээллийн дагуу Т.Ч-ын биед үзлэг хийж тээврийн хэрэгсэлд суулгасан. Биед үзлэг хийхэд халаасанд нь байсан бодис хэлтэс дээр ирээд үзэхэд байхгүй байсан тул тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийж бодисыг олж тогтоосон. Т.Ч- өөрийгөө хамгаалах зорилгоор тухайн бодисыг тээврийн хэрэгсэлд нууж, хадгалж байгаа нь хадгалсан шинжийг хангаж байна. Тухайн бодисыг тээвэрлэх санаа зорилго шүүгдэгчид байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд торгуулийн ялыг биелүүлсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байсан учир ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Т.Ч-ад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийг этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлон заажээ.

 

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан байна.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

 

Прокуророос шүүгдэгч Т.Ч-ыг 2022 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг мөрдөн байцаах албаны тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх дээрх шинжээр гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болжээ.

 

Тодруулбал, Т.Ч- нь сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсны дараагаар цагдаагийн байгууллагын ажилтнууд түүний биед үзлэг хийж “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис гарч ирснийг илрүүлж, мөрдөн байцаах албаны тээврийн хэрэгслээр тээвэрлэн суулган цагдаагийн газарт авчирах үед тэрээр халаасандаа байсан бодисыг тээврийн хэрэгсэлд санаатай орхиж буусныг тухайн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг “хадгалсан” гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, түүнчлэн тусгайлан бэлтгэсэн нуувч зэрэг газарт байлгахыг ойлгох бөгөөд хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох:

 

гэрч Б.Б-ы “...2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Чукад өвс байгааг мэдээгүй. ... Ямар ч байсан бүдүүн тамхины цаасанд өвсөө хийсэн байсан. ...Түүнийг татаж хэрэглэсэн. ...”, /1хх 44-47/,

гэрч Д.Э-гийн “...Ч-ын гарыг нь ард нь гавлаад албаны тээврийн хэрэгсэлд суулгаж бичиг баримт  болон биед нь үзлэг хийхэд  түүний гадуур өмсөж байсан хар өнгийн цахилгаантай цамцны баруун гадна халааснаас хайрцагтай тамхи гялгар уутанд хийсэн каннабис төрлийн ургамал, могой хэлбэртэй хар өнгийн шавар гарч ирсэн. Тамхи, өвсийг буцаагаад халаасанд нь хийгээд цахилгааныг татсан. Албан дээр ирээд үзлэг хийхэд ууттай өвс байхгүй байсан. ...Ингээд Т.Ч-ыг суулгаж ирсэн албаны тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн арын баруун талын булангаас Т.Ч-ын халаасанд байсан өвс гарч ирсэн. ...”/1хх 59-61/,

гэрч М.А-ын “...Э- хошууч тэр залуугийн халааснаас ямар ч байсан хар өнгийн ууттай зүйл, тамхи гаргаж ирээд энэ байна гээд буцаагаад халаасанд чинь хийлээ шүү гэж хэлээд буцаагаад хийсэн. Машины арын суудалд тэр залууг гавлаж суулгаад хажууд нь Ж- суугаад ажил дээр авч ирээд үзлэг хийхэд тэр залуугийн халаасанд байсан зүйлүүд байхгүй болчихсон байсан.  Тэгээд тээврийн хэрэгслийг үзэхэд хойд суудлын хоёр суудлын хооронд хар ууттай юм чихээд хийсэн 1 ширхэг парламент тамхины хамт гарч ирсэн. ... тээврийн хэрэгслээс олсон хар өнгийн гялгар ууттай зүйл тэр залуугийн халааснаас гарч ирсэн хар өнгийн гялгар ууттай зүйл мөн байсан. ...” /1хх 69-70/,

гэрч О.Б-гийн “...анх баривчилсан залуугийн биед үзлэг хийхэд ямар нэгэн зүйл гарч ирээгүй ба халаасанд нь байсан парламент тамхи халаас дотроо задраад асгарсан байсан. Тэгээд Э- хошууч “чиний халаасанд байсан өвс хаачсан бэ?” гэхэд тэр залуу “мэдэхгүй, тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд суулгаж ирсэн албаны машинд хаячих шиг боллоо гээд үзлэг хийхэд парламент тамхи 1 ширхэг машины суудал дээр унасан, хар өнгийн ууттай өвс мэт зүйл суудлын завсар хэсгээс гарч ирсэн. ...” /1хх 76-78/,

гэрч З.Ж-ын “...намайг Ч-ын найз нартай уулзаж байхад хошууч Э- саяын авчирсан залуугийн халаасанд байсан өвс хаачсан юм бэ? гэхээр нь би өрөөнд ортол авчирсан залуугийн халаасанд парламент тамхи хайрцагнаасаа гарчихсан байсан. Тэгтэл Э- суулгаж ирсэн автомашинд хаячих шиг боллоо гээд үзлэг хийхээр гарсан. Гаднаас орж ирэхдээ албаны тээврийн хэрэгсэлд өвсөө хаясан байна гээд авч орж ирсэн. Ч- гэх залуу шавар зардаг, өөрөө хэрэглэдэг талаар мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагааг хийсэн. Тестэлж үзэхэд ТНС илэрч байсан. ...” /1хх 81-82/,

 

“Hyundai kia sportage” загварын 14-82 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-9/,

Т.Ч-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагаагаар түүний шээснээс ТНС илэрсэн болохыг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-16/,

“...Тээврийн хэрэгслээс хураан авсан “өвс” мэт зүйлээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2445 дугаар дүгнэлт /1хх 85-88/,

“...Т.Ч- УК97040590 2022.4.21 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2443 дугаар дүгнэлт /1хх 91-92/ зэргээр шүүгдэгч Т.Ч- нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, Хөдөө аж ахуйн автобусны буудлын ард байрлах цайны газарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 2.8110 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Т.Ч-ын өмгөөлөгч Р.Машлайн гомдолд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Т.Ч- “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.”, түүний өмгөөлөгч Р.Машлай “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг бүрэн биелүүлсэн байгааг анхаарч үзээгүй. ...” гэсэн агуулга давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

 

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Ч-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хууль бусаар олж авсан сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ зэргийг харгалзан 1 жил 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлж ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Ч- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулсан талаарх эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг давж заалдах гомдлын хамт ирүүлжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлсэн эсэх талаар хийгдвэл зохих ажиллагаа хийгдээгүйгээс анхан шатны шүүх дээрх ялыг нэмж нэгтгэсэн байх тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Т.Ч-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 80 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 2022/ШЦТ/1861 дүгээр шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Ч-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтыг “...шүүгдэгч Т.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ч-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-ын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 80 /ная/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.ОЧМАНДАХ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН