Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2023/0950/З |
Дугаар | 128/ШШ2024/0429 |
Огноо | 2024-05-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2024/0429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ха даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л*******гийн Д******* /РД:Х*******/,
Нэхэмжлэгч: Р*******гийн Н /РД:У*******/,
Нэхэмжлэгч: Лгийн Д /РД:Х*******/,
Нэхэмжлэгч: Дийн Д /РД:Х*******/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Маргааны төрөл: Газар чөлөөлж, гарааш буулгасан захиргааны шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол гаргуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв0.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, Р.Н, нэхэмжлэгч Л.Д*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нэхэмжлэгч Д.Дн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгч Л.Д, Р.Н, М.О нарын өмгөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1/ Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох, захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохиролд нэхэмжлэгч тус бүрт 17,331,600 төгрөг гаргуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 700 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 124 дугаар захирамжаар Ц.Гт эзэмшүүлсэн.
2.2. Ц.Г өөрийн эзэмшлийн газартаа автомашины гарааш барьж, тус бүрийг 3,000,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэгч нарт гарааш болон доорх газрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж, улмаар уг хэлцлийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Газрын алба нэхэмжлэгч нартай газар эзэмших гэрээ байгуулсан.
2.3. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Газрын зөрчил арилгах арга хэмжээний талаар авах зарим арга хэмжээний тухай А/388 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын газрыг чөлөөлж, гараашийг нураасан.
2.4. Нэхэмжлэгч нараас гараашийн доорх газрыг эзэмшиж байснаа нотлохоор Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Газар эзэмших гэрээний эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох-оор маргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0107 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, газар эзэмших гэрээний эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосон, магадлал хуулийн хүчин төгөлдөр байна.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа: Иргэн Л.Д*******, Р.Н, Л.Д, Д.Д бид 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албатай газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 19 дүгээр байрны урд талд байрлах газрыг эзэмшиж, дээр баригдсан гаражийг өмчилсөөр ирсэн. Газрыг хууль ёсоор эзэмшиж байсан учир бид газрын төлбөр тодорхойлох актын дагуу газрын төлбөрийг 2021 он хүртэл жил бүр төлсөн. Тус гаражийг иргэн Ц.Г эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөөр барьж, уг гаражаа иргэдэд худалдан борлуулж, гүйлгээнд оруулсан, бид зах зээлийн зарчмын дагуу Ц.Гээс 3.000.000 төгрөгөөр худалдан авч, эзэмшиж, өмчилж байсан.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 тоот Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжаар зөвшөөрөлгүй баригдсан гаражуудын тоонд бидний гаражийг оруулан албадан буулгахаар шийдвэрлэсэн.
Энэ шийдвэр нь Газрын тухай хууль болон бидний хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд ноцтой халдсан. Тус захирамжийн хуулийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө", мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна" гэснийг удирдлага болгосон. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар Засаг дарга нь дараах 2 үндэслэлээр газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авна гэж ойлгож байна.
Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн гэх үндэслэлээр газрыг албадан чөлөөлөхөөр агуулга илэрхийлсэн байна. Гэтэл бидний эзэмшиж, өмчилж байгаа гараж нь зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан тухай бидэнд худалдсан иргэн Ц.Г шүүхэд мэдүүлсэн байдаг.
Түүнчлэн бид газрыг болон уг гараж дур мэдэн эзэмшсэн зүйл байхгүй, зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан гаражийг худалдан авч, эзэмшиж, өмчилж харъяа газрын албатай гэрээ байгуулсан байсан. Өөрөөр хэлбэл бид гэрээний үндсэн дээр газар эзэмшиж байсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Газрыг энэ хуульд заасан зориулалт хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж заасан байдаг. Нэхэмжлэгч бид бол газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан. Нэхэмжлэгч бид гаражийн төлбөрийг хуульд заасны дагуу тогтмол тасалдалгүй, 2021 он хүртэл төлж явсан. Нийслэлийн Засаг даргын хууль бус захирамжийн дагуу 3 дугаар сарын 18-ны өдөр бидний эзэмшиж байсан гаражийг нурааж, газрыг нийтийн эзэмшлийн зам талбай болгосон.
Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу гараж нураахдаа гараж өмчлөгч нарт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, нөхөн төлбөр олгох талаар тодорхой шийдвэрт хүрээгүй байтал гаражийг нурааж бидний эд хөрөнгийг устгасан Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь бидний эрхийг зөрчсөн, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид бид 2004 онд 3.000.000 төгрөгөөр худалдаж авч, 18 жилийн турш засан сайжруулж, арчилж, өмчилж ирсэн эд хөрөнгө үгүй хийлгэсэн.
Гараж нурааж, газрыг нийтийн эзэмшил болгож байгаатай холбогдуулан нөхөн төлбөр авах талаар бид Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хүсэлт гаргасан. Дээрх байгууллагуудаас бидний хүсэлтийн дагуу хариу ирүүлэхдээ "гараж өмчлөгч, газар эзэмшигч нарыг" хууль ёсны эзэмшигч, өмчлөгч биш, иймд нөхөн төлбөр авах эрхгүй этгээд гэж тодорхойлж, хариу ирүүлсэн.
Гараж байсан газрыг нийтийн эзэмшлийн зам талбай болгож тохижуулна гэж нураасан хэдий ч тус газарт одоог хаа сайгүй машин тавьдаг, замбараагүй зогсоол хэвээр байна. Сургуулийн орчимд харин ч илүү аюултай бүс болсон. Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасны дагуу зорилгодоо нийцсэн арга хэмжээ авч ажиллаж чадаагүй. Нэхэмжлэгч бид нөхөн төлбөр авах эрхтэй этгээд бөгөөд газар эзэмших гэрээний үндсэн дээр газар эзэмшиж байсан эзэмшигч нар мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 сарын 03-ны өдрийн 221/МА2023/ тоот магадлалаар нэхэмжлэгч нарыг гэрээний үндсэн дээр газар эзэмшиж байсан болохыг тогтоосон. Дээрх магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
Иймд газар эзэмшигч бид Газар эзэмших гэрээний 5.4 дэх хэсэгт "Газар эзэмшигчийн газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг улсын тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргавал уг шийдвэрийг үндэслэл болсон талууд урьдчилан тохиролцоо болон бусад эргийн актаар зохицуулна" гэж заасны дагуу өөрсдийн өмчлөлийн гаражийн хохирлыг нэхэмжилж байна.
Нөхөн олговрын хэмжээг газар эзэмшигч нар дараах байдлаар тодорхойлж байна. Нийт нэхэмжлэх нөхөн олговор нэхэмжлэгч бүрийн нэхэмжлэх мөнгөн дүнгийн хэмжээ 17,331,600 төгрөг. Үүний задаргаа бид 2004 онд иргэн Ц.Гээс 3.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2004 оны 3 сая төгрөг нь тухайн үеийн нэг ам долларын 1200 төгрөгийн ханшаар 2,500 доллар. Энэ мөнгийг 2005 оноос 2022 он хүртэл 17 жилийн турш банкинд тухайн үеийн жилийн хамгийн багаар 6 хувиар хадгалуулсан бол 2,550 америк долларын хүүний орлого олох байсан. Ингээд анх гаражид оруулсан хөрөнгө оруулалт болох 2,500 ам доллар дээр алдагдсан эдийн засгийн боломж болох 2,550 ам.долларын нийт 5,050 ам.доллар буюу өнөөгийн ам.долларын албан ханш 3432 төгрөгт хөрвүүлээд 17,331,600 төгрөгийг тус бүр хохиролд гаргуулж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч Л.Д, Р.Н, Л.Д*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нарын өмгөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлд хууль зүйн 4 үндэслэлтэй. 1. Маргаан бүхий захирамжийн гарааш эзэмшиж байсан эзэмшигчдийн газар болон түүн дээрх гарааштай холбогдох заалт нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн бүрэн үндэслэлтэй харагдаж байна. Учир нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гээд маш тодорхой зааж өгсөн. Энэ зарчим Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д үндэслэл болгоод тусгай зарчмуудыг тусгасан байна. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйл, 92 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 4.2-д захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмуудыг баримтална гээд хууль дээдлэх, захиргааны акт шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон уг шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмуудыг оруулж өгсөн. Мөн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн тусгай зарчмуудыг оруулсан. Гэтэл харамсалтай нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамж бол дээрх зарчмуудыг зөрчсөн харагдаж байна. Дээрх зарчмуудыг зөрчсөнөөс гадна оролцогчийн эрхийг хөндөж зөрчсөн харагдана. Тухайлбал манай нэхэмжлэгч буюу оролцогчдын захиргааны шийдвэр гаргахтай нь холбоотой мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах, захиргааны шийдвэр гаргахаас өмнө нотлох баримт гаргах, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгөх боломж олгоогүй, эрхийг нь шууд зөрчсөн харагдана. Оролцогчдыг сонсох гэдэг Захиргааны ерөнхий хуульд заасан заалтуудыг хариуцагч тал огт биелүүлээгүй байна. Оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй. Нэхэмжлэгч бүрд захиргааны шийдвэр гаргах гэж байгаа талаар мэдэгдэлд хүргээгүй. Гараашны хаалга дээр нэг шаардах хуудас наасныг мэдэгдэл хүргэсэн гэдэг байдлаар тайлбарлаж байна. Энэ бол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдсэн гэж үзэхгүй. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явуулах ёстой. Сонсох ажиллагаа хийсэн бол сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтлөх ёстой. Үүнийг баримтжуулж нотлох баримтыг хэрэгт хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бол үүнийг албан ёсоор мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актыг талуудад мэдэгдэх ёстой. Дээрх байдлыг дүгнээд үзэхэд хамгийн гол нь Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар эрх зүйн үндэслэлгүй байна. Ийм учраас мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар маргаан бүхий А/388 дугаар захирамж нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх ёстой. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын баримтлах ёстой нэг хууль Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль юм. Тухайн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд тус захирамжийг гаргаж чадаагүй байна. Ийм учраас маргаан бүхий А/388 захирамж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-ийг зөрчсөн байна.
Хариуц*******с захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хуулийн шаардлагыг огт хангалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан болохыг өмнөх шүүх хуралдаанаар хэлж байсан. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газар, газар зохион байгуулалтын албанаас тус баримтуудыг гаргуулахаар шаардаж албан бичгүүдийг хүргүүлсэн. Хариуц*******с ирсэн баримтыг харахад маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн шаардлагыг хангаж, захирамжийг гаргаагүй болох нь нотлогдож байна. Нэмж ирсэн баримтаар газрын гэрчилгээгүй байсан зөвшөөрөлгүй байсан гэх өмнөх тайлбарыг давтаж, гараашнуудын хаалганд мэдэгдэх хуудсыг наасан. Нэхэмжлэгч нарын хаяг, нэр тодорхойгүй байсан учраас мэдэгдээгүй гэсэн хариуг ирүүлсэн. Энэ нь юуг нотолж байгаа гэхээр захиргааны актыг гаргахдаа захиргааны байгууллага, албан тушаалтан сонсох ажиллагааны мэдэгдлийг хийх ёстой. Үүнийгээ нэхэмжлэгч нарт мэдэгдэх ёстой байтал явуулаагүй болох нь харагдаж байна. Захиргааны акт гаргах ажиллагаа явуулсан талаар тэмдэглэл хүртэл байхгүй гэдгийг хэлж байсан. Шүүгчээс хувийн хэргийг шаардахад юу ч ирүүлээгүй. Ийм учраас энэ захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчиж, хохирол учруулсан. Энэ талаарх хохирлыг зохих журмаар нэхэмжлэлд дурдсан. Тиймээс хариуцагч талд маргаан бүхий захиргааны актын хууль ёсны байх зарчмыг хамгаалж, холбогдох баримтыг цуглуулж, шүүхэд гаргаж өгч чадаагүй. Ямар ч баримт байхгүй байж дур зоргоороо ажил хийж акт гаргаж, хүний хөрөнгийг эвдэлж сүйтгэж байхгүй болгосон.
Тиймээс нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын гараашийн зориулалтаар эзэмших эрхтэй байсан газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
3.3. Нэхэмжлэгч Л.Д*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Анх дүүргийн Газрын албанаас бидэнд танай байрны урд талд гарааш барилаа та хэд энэ байрны ойрхон амьдардаг учраас гараашийг худалдаж авах давуу эрхтэй Газрын албаны С гэдэг хүн санал тавьсан. Бид гараашийг худалдан авч Чингэлтэй дүүргийн Газрын албатай иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Дүүргийн Засаг даргын захирамж гараад дүүргийн Газрын албыг С гэдэг хүн төлөөлөөд бид гэрээ байгуулсан. Энэ гэрээнд гараашийн зориулалтаар 18.2 м.кв газрыг эзэмшүүлье гээд маш тодорхой заасан байна. Гэрээнд эрх, үүрэг, Газрын тухай хууль гээд бүгдийг заасан байна. Гэрээ байгуулаад кадастрын зургийг нь гаргаад ерөнхий архитекторч А*******, Газрын албаны дарга П******* гарын үсэг зураад, 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсны дараа биднээс гараашийн төлбөрийг бүтнээр нь 3,000,000 төгрөг авсан. 2009 онд гэрээний хугацаа дуусахад бид гэрээгээ дүгнэе, гэрээг сунгах юм уу, гэрээний хугацаа дуусаж байгаа юм уу гээд Газрын албанд хандахад гэрээгээ цааш нь үргэлжлүүлээд явна гээд Нийслэлийн газрын албаны даргын 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн газрын төлбөр тодорхойлох тухай актаар газрын төлбөрийг шинэчлэн хийгээд гарааш буулгах хүртэл 2021 он хүртэл 10 гаруй жил газрынхаа төлбөрийг төлөөд явж байсан. Гэтэл улсын хэрэгцээнд газар авна, зөвшөөрөлгүй газар эзэмшиж байсан гэдэг асуудал үүсэхэд газар эзэмшүүлэх гэрээг дүүргийн Газрын албатай байгуулаад гарааш нураах бичиг бариад ирэх хүртэл газрын төлбөрөө төлөөд явж байсан. Энэ хугацаанд дүүргийн Газрын албанаас гэрээгээ цуцалъя, гэрээ цуцлах талаар уулзъя гэж хэлээгүй байж гараашийг нураачихсан.
Бид Захиргааны хэргийн шүүхэд хандаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн магадлал гараад биднийг газар эзэмшиж байсан нь үнэн гэж тогтоосон. Бид энэ хугацаанд дүүргийн Газрын албатай байгуулсан гэрээний дагуу газар эзэмшиж байсан нь үнэн. Шийдвэр гараад газрыг хурааж авахдаа дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгө буюу бидний өмчийг ямар ч шийдвэргүйгээр шууд нураагаад хаячихсан. Ийм шийдвэр гараад, хэзээ нураах талаар бидэнд Нийслэлийн Газрын алба, Чингэлтэй дүүргийн Газрын албанаас хэлээгүй. 03 дугаар сарын 18-нд техник авчирч ирээд л нураачихсан. Бидний өмч, өчнөөн сая төгрөгөөр авсан, 4 ханатай гарааш биш, бид гарааш авсны дараа мөнгө хөрөнгө гаргаж дулаалж дээвэр хийсэн, хаалгыг нь сольсон бүх юмыг хийсэн. Тийм учраас одоо яригдаж байгаа асуудал нь газар дээр байсан миний өмчийг шууд нураагаад хаячихсан учраас хохирлоо барагдуулъя гээд явж байна. Газрын алба гэрээнд заасан үүргээ ерөөсөө биелүүлээгүй, бид удаа дараа шаардлага тавьж, гэрээгээ дүгнэе, гэрээ сунгах асуудлаар уулзъя гэхэд уулздаггүй, ярьдаггүй, зүгээр л мөнгөө тушаа гэдэг байсан. Бид мөнгөө тушаачихсан болохоор энэ гэрээг хүчин төгөлдөр гэж бодоод нураах хүртэл 15, 16 жил гараашны төлбөр, газар эзэмшиж байсан төлбөрөө төлөөд яваад байсан. Төлбөр төлсөн баримтууд бүгд байгаа. Тийм учраас бид газар эзэмшиж байсан, газрын төлбөрөө төлөөд явж байсан, газар эзэмшигч мөн болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тогтоосон бүгд нотлогдож байна. Тийм учраас бидний хохирлыг барагдуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаад явж байна. Монгол Улс нь хувийн өмчид суурилсан хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж байгаа билээ. Гэтэл гэрээний дагуу гараашны зориулалтаар эзэмшиж байсан газрыг чөлөөлөхдөө газраас нь салгаж үл болох үл хөдлөх хөрөнгө буюу авто гараашийг зөвшөөрөлгүй байсан гэдэг шалтгаанаар нураасан нь миний өмчлөх эрхэд халдсан явдал гэж бодож байгаа. Газар эзэмших гэрээний эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал байгаа болохыг хэлье. Хамгийн харамсалтай нь төрийн байгууллага хүний өмчид халдаж газраа чөлөөлж авахдаа тухайн газарт байсан үл хөдлөх хөрөнгийг яах вэ гэдэг талаар ямар нэгэн шийдвэр, захирамж гаргалгүйгээр нураасан нь Газрын тухай хуулийн зохих зүйл заалтыг зөрчсөн байж болох юм. Би гарааштай байсан 15, 16 жилийн хугацаандаа маш их хөрөнгө, мөнгө гаргаж тухайн гараашийг засаж тохижуулсан билээ. Тухайн гараашийг буулгаж байсан хүмүүс хүртэл хараад хүн амьдарч болохоор сайхан тохижуулсан байна гэж хэлж харуусаж байсан. Гараашийг буулгахаар дотор нь байсан машинаа яах вэ, нэг хэсэг гадаа тавьсан, өвөл болохоор өндөр үнэтэй түрээс төлж гараашинд байлгасан. Тэгээд боломж байхгүй болсон учраас машинаа зарсан. Одоо машин ч байхгүй, гарааш ч байхгүй давхар хохироод явж байна. Газар чөлөөлж гарааш буулгах тухай мэдэгдэл наасан цагаас буюу 2021 оны 10 дугаар сараас эхлээд Нийслэлийн газрын алба, Чингэлтэй дүүргийн газрын алба, зохих шатын шүүхийн байгууллагуудаар 2 жил хагасын хугацаанд явж байна. Энэ хугацаанд цаг хугацаа алдаж их хохирч байна. Эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл зүйн дарамтад ч хүртэл орж байна. гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар маргаан бүхий захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, нэг хүний өмчлөлийн гараашны төлбөрт 17,331,600 төгрөг, нийт 4 гараашны 69,326,400 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-д газар эзэмшигч, ашигл*******с газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчлийг арилгах тухай А/388 дугаар захирамжийг гаргасан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор зөвхөн гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Маргаан бүхий газарт байрлаж байсан гараашнууд нь газар эзэмших эрхгүй. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасан. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан төлөөлөх арга хэмжээ авах, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар Нийслэлийн Засаг дарга нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд маргаан бүхий газрын зөрчлийг арилгах тухай А/388 дугаар захирамжид тусгасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-д хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын зүгээс ямар нэгэн хохирол учруулсан зүйл байхгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлж, доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжаар Ц.Гт гараашийн зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, орон сууцны 19 дүгээр байрны урд 700 м.кв газарт[1] тэрээр тус бүр 18 м.кв хэмжээтэй гараашууд барьж худалдсан, улмаар гарааш худалдан авсан иргэд болох нэхэмжлэгч Л.Д******* 1 тоот гараашийн, Л.Д 2 тоот гараашийн, Д.Д 5 тоот гараашийн доорх газрыг тус бүр 18 м.кв хэмжээгээр 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлийн 235 дугаарт бүртгэгдсэн газар эзэмшүүлэх гэрээгээр, Р.Н 9 тоот гараашийн газрыг 18 м.кв хэмжээгээр 2004 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн улсын бүртгэлийн 253 дугаарт бүртгэгдсэн газар эзэмшүүлэх гэрээгээр тус тус дээрх 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжийг үндэслэн эзэмшсэн[2].
Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Газрын зөрчил арилгах арга хэмжээний талаар авах зарим арга хэмжээний тухай А/388 дугаар захирамжаар газар чөлөөлөх байршлыг баталсны дотор нэхэмжлэгч нарын гараашийн газар багтаж, улмаар захиргааны байгууллага уг ажиллагааг албадан гүйцэтгэж гараашийг буулгаж газар чөлөөлсөн.
2. Хариуцагч захиргааны байгууллага энэхүү шийдвэрээ гаргахдаа газар эзэмшигч нарт нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлээгүй нь хууль бус байсан хэмээн уг хууль бус захиргааны үйл ажиллагаанаас учирсан хохирлыг гаргуулахаар маргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0107 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр магадлалаар нэхэмжлэгч нар болон дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хооронд газар эзэмших гэрээний эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосон бөгөөд магадлал хуулийн хүчин төгөлдөр байна.
Тодруулбал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 294 дугаартай магадлалаар ... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 124 дугаартай захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон газар эзэмшигч, нэхэмжлэгч иргэдийн хооронд газар эзэмшихтэй холбоотой эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх үүргээ биелүүлээгүй байна. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх асуудал нь хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хуулиар хүлээсэн үүрэг байна. ... 2004 онд байгуулагдсан газар эзэмшүүлэх гэрээ 2021 оныг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байсан. Эзэмшүүлэх гэрээний үндсэнд 2021 он хүртэл гараашийн зориулалтаар эзэмшүүлж, гэрээнд зааснаар газрын төлбөр авч, төсөвт төвлөрүүлж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, төлбөр тооцооны акт үйлдэж байсан зэргээс харвал талуудын хооронд газар эзэмших, эзэмшүүлэх гэрээгээр зохицуулж байсан харилцаа байсан нь нотлогдож байх тул талуудын хооронд эрх зүйн харилцаа гэрээний үндсэнд үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Гэрээний хугацаа гараашийг буулгах хүртэл 2021 оныг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан хэмээн дүгнээд захиргааны байгууллага, нэхэмжлэгч нарын хооронд газар эзэмшүүлэх гэрээний эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн.
4. Тиймээс 2022 оны А/388 дугаартай захирамжид үндэслэл болгосончлон нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, нийслэлийг хөгжүүлэх тодорхой бодлогын зорилтын хүрээнд газар чөлөөлөх нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах хэдий ч ийнхүү газар чөлөөлөхдөө газар эзэмшигч, газраас салгаж үл болох эд хөрөнгө эзэмшигч нарт нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлээгүй нь хууль бус болжээ.
5. Нэхэмжлэгч нарын гарааш, түүний доорх газрын эрхийг зөрчилтэй, зөвшөөрөлгүй гэж үзэхээргүй байна. Захиргааны байгууллагатай газар эзэмшүүлэх эрх зүйн харилцаа 2004 онд үүссэн, 2021 он хүртэл үргэлжилсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул захиргаа өмнө нь бусдын эзэмшилд байсан газрыг нийтийн эдэлбэрт авч чөлөөлөх, түүн дээрх эд хөрөнгийг албадан буулгах шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг тогтоох, оролцуулах, тэдгээрт тайлбар санал гаргах боломж олгох замаар шийдвэрээ хуульд үндэслэн, бодит нөхцөл байдалд нийцүүлэн гаргах ёстой байжээ.
Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, ач холбогдол бүхий мэдээлэл цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах ажиллагааг хариуцагч хийгээгүй байна.
6. Газрын тухай хуулиар эрх бүхий этгээдтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний дагуу гараашийн зориулалтаар эзэмшиж байсан газрыг чөлөөлөхдөө газраас нь салгаж үл болох шударгаар олж авсан буюу худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийг зөвшөөрөлгүй хэмээн үзэж нураасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрхийг хөндсөн гэх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юм.
Дээрхээс дүгнээд уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, бодит нөхцөл байдалд тохирсон байх, зорилгодоо нийцсэн байх, бусдын хууль ёсны итгэл хамгаалах зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй байх тул Нийслэлийн Засаг даргын захирамжийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, орон сууцны 19 дүгээр байрны урд, 39 дүгээр цэцэрлэгийн хойд талд 17 гараашийн 1, 2, 5, 9 тоот гарааш-д холбогдох хэсэг хууль бус байсан гэж үзлээ.
7. Нэгэнт газар эзэмших эрхтэй байсан болохыг, уг эрх зүйн харилцаа 2021 он хүртэл үргэлжилсэн болохыг дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул ашиглах эрхтэй газрыг нийтийн эдэлбэрт авахад нөхөх олговор олгохгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
8. Хариуц*******с нэхэмжлэлд дурдсан тооцоолол буюу хохирлын хэмжээний хувьд маргаагүй, харин захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж маргасан байх тул хууль бус актын улмаас учирсан хохирлыг гаргуулах шаардлагыг хамт шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасантай нийцсэн.
9. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах иргэдийн эрхийг хангахаар байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгч нар хохирлоо 2004 онд гарааш худалдаж авсан үнэ буюу 3.000.000 төгрөгийг буюу тухайн үеийн 1 ам доллар 1200 төгрөг ханшаар 2,500 ам долларыг 2005-2022 он хүртэл 17 жилээр банкны хадгаламжийн хамгийн доод 6 хувийн хүүгээр тооцож, хүүний орлого 2,550 ам доллар буюу нийт 5,050 ам.долларыг өнөөгийн 1 ам.доллар 3432 төгрөг ханшаар 17,331,600 төгрөг-өөр тооцсоныг хэрэгт авагдсан арилжааны банкны хадгаламжийн хүүгийн харьцуулалт[3], Монгол банкны ам долларын ханшийн болон төгрөгийн хадгаламжийн хүүний лавлагаа[4], төрийн мэдээллийн сангийн ханшийн лавлагаагаар[5] үндэслэлтэй гэж үзлээ.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504.582 төгрөгөөс 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 434,380 төгрөгийн төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуц*******с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч тус бүрт 17,550 төгрөгийг олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.7, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Д*******, Л.Д, Д.Д, Р.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, орон сууцны 19 дүгээр байрны урд, 39 дүгээр цэцэрлэгийн хойд талд 17 гараашийн 1, 2, 5, 9 тоот гарааш-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, хохиролд 69,326,400 төгрөг хариуц*******с гаргуулан нэхэмжлэгч тус бүрт 17,331,600 төгрөг олгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504.582 төгрөгөөс 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 434,382 төгрөгийг төрийн сангийн орлогоос, хариуц*******с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч тус бүрт 126,145 төгрөг олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч нар, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА