Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Д.с,

хохирогч У.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.с холбогдох 1803000010014 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Ач анагаах ухааны дээд сургуулийн .......дугаар курсын оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамт .............дүүрэг ........... хороо .......дугаар гудамж ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д.С

 

Шүүгдэгч  Д.с нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын гэрлэн дохиотой уулзварын баруун урд замд Ниссан Ноте маркийн 10-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч У.Мөнхбаярыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.с мэдүүлэхдээ: “Би 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 8 цагийн үед гэрээсээ гарч хичээлдээ явахдаа түгжирэлтэй байсан учир 10 дугаар хорооллын замаар зам товчилж явсан. Миний урд хар Prius маркийн автомашин явж байгаад гэнэт тоормоз гишгээд зогссон. Би машиныхаа тоормозыг гишгэсэн боловч тэр хар Prius маркийн автомашины араас очиж мөргөсөн. Намайг тэр машины араас нь очиж мөргөхөд тэр хар Prius маркийн автомашин урагшаа хөдлөөд урд явж байсан 50 орчим насны ахыг мөргөсөн юм билээ. Энэ хэргийг миний буруугаас болж үүссэн гэж бодож байгаа. Хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Би аав, ээж хоёртойгоо амьдардаг. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Мөнхбаяр мэдүүлэхдээ: “Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 8 цагт гэрээсээ гараад зам хөндлөн гарч машинд суух санаатай гэрлэн дохион дээр  зогсож байтал ногоон гэрэл ассан. Тэгээд би зам гарах гээд алхаж байхад нэг  хар өнгийн Приус маркийн автомашин намайг мөргөх шахаад зогссон. Би зогсчихлоо гэж бодоод зам гарах гээд хөдлөхөд гэнэт урагш хөдлөөд намайг мөргөсөн. Намайг мөргөсөн хар өнгийн Prius автомашиныг зогсож байхад нь араас нь нэг машин мөргөөд тэгээд тэр хар Prius автомашин урагш хөдөлж намайг мөргөсөн юм байна лээ. Би Баянгол дүүргийн гэмтлийн эмнэлэг дээр очиход физик эмчилгээнд яв гэж хэлээд би 7 хоног явсан. Би “MRI”-ын шинжилгээ “Сонгодо” эмнэлэг дээр очиж хийлгэхэд булчин задарсан, шөрмөс салмарсан байна гэж хэлсэн. Намайг зайлшгүй хагалгаа хийлгэх шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд би мөрөндөө хагалгаанд орсон. Саранзул намайг яаж байна гэж над руу ганц ч удаа яриагүй. Би  үүнд  нь гомдолтой байна. Би нөхөн төлжүүлэх эмчилгээ, эмч нарыг хоолонд оруулсан мөнгө, эмч нарт гар цайлгасан мөнгө зэргийг нэхэмжлээгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч  Д.с нь Ниссан Ноте маркийн 10-96 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч У.Мөнхбаярыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл.  /хэргийн 7 дугаар хуудас/

 

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 8-11 дүгээр хуудас/

 

Хохирогч У.Мөнхбаярын “2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 08 цаг 10 минутын үед би Баянгол дүүргийн нутаг 10 дугаар хорооллын гэрлэн дохиотой уулзварын баруун урд талын замын  замынхаа баруун талаас зүүн тал руу зам хөндлөн гарах гээд яг зам руу  орох гэтэл замын баруун талаас хар өнгийн Toyota Prius маркийн автомашин уулзвараар баруун гар тийш эргэж байхаар нь би тэр машины жолоочид би зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр зам руу орох гэж байна шүү гэж гэрлэн дохио руу гараараа заатал нөгөө машин зогссон. Энэ үед би зам руу ороод 2-3 алхаж байтал зогсож байсан машин гэнэт урагшлангуутаа намайг машиныхаа урд хэсгээр мөргөсөн. Тэгтэл уулзвар дээр миний өмнө зогсож байсан Toyota Prius маркийн машины араас өөр нэг машин мөргөснөөс болж урдах машин нь урагшаа болсоноос намайг мөргөсөн байсан. Дараа нь би түргэний машинаар гэмтлийн эмнэлэг явсан. ... Миний зүүн гар болон мөр гэмтсэн байгаа. Би эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна. Би энэ хугацаанд өөрөөсөө эмчилгээний бүх зардлаа гаргасан. Мөн 2 сар ажлаа хийгээгүй байгаа. Иймд энэ жолооч эмэгтэйгээс өөрт учирсан бүх зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

“... Эмчид үзүүлж зураг авхуулсан. Ясанд гэмтэл байхгүй, зөөлөн эд гэмтэлтэй гэсэн. Явган гарцтай гэрлэн дохиотой зам байсан. Би явган хүний замаар явж байсан. Би ганцаараа явж байсан. Ногоон гэрлээр явж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Батцэцэгийн “Тэр өдөр манай найз Б.Баянбаатар миний машинаар миний хувийн ажлыг хөөцөлдөөд гадуур явж байгаад Баянгол дүүргийн нутаг 10 дугаар хорооллын гэрлэн дохиотой уулзвар дээр зогсож байхад нь Nissan Note маркийн 10-96 УНХ дугаартай автомашин араас нь мөргөснөөс болж манай машин урагшаа өнхөрөхдөө урд талаараа зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн осол болсоныг манай найз тэр даруй утсаар надад мэдэгдсэн. Осол болсоны дараа би машиндаа үнэлгээ хийлгэсэн байгаа. Би машинд учирсан үнэлгээний мөнгө болох 380.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс болох 20.000 төгрөг нийт 400.000 төгрөгийг буруутай жолоочоос нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42-43 дугаар хуудас/

 

Гэрч Б.Баянбаатарын “... ногоон асаж байхаар нь зогсолгүй шууд уулзвараар баруун гар тийш эргэх гэж байтал замын баруун талаас зүүн тал руу чигтэй нэг эрэгтэй хүн зам руу орох гэж байхаар нь би тэр хүнд зам тавьж өгөх гэж зогссон. Тэгэнгүүт нөгөө хүн миний машин зогсохыг хараад зам руу орох үед гэнэт миний машины араас түг гэсэн дуу гарч миний машины араас машин мөргөнгүүт миний машин урагшаа өнхөрөнгүүтээ зам хөндлөн гарч байсан явган зорчигчид тулж зогссон. Энэ үед нөгөө хүн миний машины копутан дээр гараараа дараад зогсож байсан. Тэгээд машинаас буугаад хартал миний машины араас саарал өнгийн эмэгтэй жолоочтой суудлын машин мөргөсөн байдалтай зогсож байсан. Дараа нь би түргэн, цагдаад дуудлага өгсөн. Удалгүй түргэний машин ирж нөгөө хүнийг гэмтлийн эмнэлэг авч явсан. ... Явган зорчигч зам хөдлөн гарахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. ... Осол болох үед миний явж байсан замын машины хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байсан. Зам дээр халтиргаа байхгүй. Цаг агаар тогтуун сайхан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 45 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1143 дугаартай актын

“1. У.Мөнхбаярын биед тухайн үед зүүн мөрний үений дээд холбоосын урагдал, зүүн бугалганы толгойн дотор холбоосын урагдал, зүүн мөр, тохой, түнхний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 60 дугаар хуудас/

 

Ашид билгүүн ХХК-ны автомашины техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт. “Үнэлгээгээр тогтоосон дүн 380.000 төгрөг” /хэргийн 65-66 дугаар хуудас/

 

Замын Цагдаагийн албаны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №30 дугаартай актын:

“1. Ниссан Ноте маркийн 10-96 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Д.с нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Тоёота Приус маркийн 06-87 УБМ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Баянбаатар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй  байна.

3. Явган зорчигч У.Мөнхбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй  байна.

4. Зам тээврийн осол нь замын байгууламж замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 69 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Д.сын яллагдагчаар өгсөн “Надад сонсгож байгаа хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа зүйл ангитай холбоотой санал хүсэлт байхгүй. ...Миний өмнө хар өнгийн Toyota Prius маркийн машин бас баруун гар тийш эргэж байснаа гэнэт зогсохоор нь би тоормосоо гишгээд тэр машины араас мөргөж зогссон.  Тэгэнгүүт нь би машинаасаа гараад урдаа байсан машин дээр очтол нэг эрэгтэй хүн тэр машины урд копутан дээр гараараа тулаад зогсож байсан. Нөгөө хүн болохоор энэ машин намайг мөргөсөн гэж хэлж байсан. Дараа нь харахад би урдаа явж байсан машины араас мөргөхөд миний машинд мөргүүлсэн машин мөргүүлээд урагшаа өнхөрөхдөө явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан 50 орчим насны эрэгтэй хүнийг машиныхаа урд хэсгээр мөргөсөн байсан. Би бусдад учруулсан хохирлоо одоогоор төлөөгүй. Ер нь ойрын хугацаанд төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хэргийн 80-81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Д.с нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний гэм буруутай болох нь нотлох баримтуудад агуулагдсан мэдээллүүдээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.сын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Сарантуяа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.сыг 800 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хохирогч У.Мөнхбаяр нь эмчилгээ, эм, бусад хор уршигт нийт 3.150.721 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд машинд бензин хийсэн 180.000 төгрөг, зогсоолын төлбөр 4000 төгрөг, эмч нарт хоол авч өгсөн 45.106 төгрөг, сонсголын аппаратын шүүлтүүр авсан 20.000  төгрөгүүдийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй тул эдгээр төлбөрүүдийг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож харин үлдэх баримтаар тогтоогдсон 2.388.385 төгрөгөөс шүүгдэгч Д.сын нь хохирогч У.Мөнхбаярт төлсөн 1.500.000 төгрөгийг /хэргийн 107 дугаар хуудас/ хасч үлдэх 888.385 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Хохирогч У.Мөнхбаяр нь цалингийн зөрүү 429.674 төгрөг нэхэмжилсэн боловч түүний цалинг тодорхойлсон албан ёсны баримт хэрэгт авагдаагүй тул энэ мөнгийг тооцох боломжгүй байна.

Иймд хохирогч энэ талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Баянбаатарт хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 380,000 төгрөгийг төлж барагдуулсан /хэргийн 82 дугаар хуудас/ баримт хавсаргасан тул шүүгдэгч нь түүнд төлөх төлбөргүй байна.  

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн В ангилалын 1045414 дугаарын  жолоочийн үнэмлэхийг Д.сд буцаан олгож, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.савто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Д.сыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.с торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.с торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн В ангилалын 1045414 дугаарын  жолоочийн үнэмлэхийг Д.сд буцаан олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.с баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Д.саас 888.385 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 4 дүгээр хороо  2 дугаар хороолол Нарны зам 1 дүгээр гудамж авзага 10 дугаар байр 45 тоотод оршин суух Их монгол овогт Ундармаагийн Мөнхбаярт /ШГ62061810/ олгож, иргэний нэхэмжлэлээс автомашинд бензин хийсэн 180.000 төгрөг, зогсоолын төлбөр 4000 төгрөг, эмч нарт хоол авч өгсөн 45.106 төгрөг, сонсголын аппаратын шүүлтүүр авсан 20.000 төгрөгүүдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Хохирогч У.Мөнхбаяр нь цалингийн зөрүү мөнгөө  баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.сд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ