Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2016/00037

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Д.О-ын нэхэмжлэлтэй,

 Н.Д -д холбогдох

Барааны үнэ 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.О нь 2013 оноос Ц сумын төвд иргэн Отгонсамбуугийн эзэмшлийн Булнай дэлгүүрийг түрээсэлж БНХАУ-аас бараа авчирч зарж байгаа. 2014 оны 6-р сард иргэн Н.Д нь /тухайн үед багийн бага эмч хийж байсан/ нөхөр О.Д-ын хамт надаас хувцас 350.000 төгрөгний барааг 2014 оны 9 дүгээр сард цалин буухаар өгнө гэж тохирон аваад олон дахин удаа нэхсэн боловч одоо болтол өгөхгүй байгаа. Аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч гаргуулж өгөөгүй тул Н.Д, О.Д нараас 350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Д, Н.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Оаас 2014 онд 350.000 төгрөгийн бараа авсан нь үнэн тул 350.000 төгрөгийг төлж хохиролгүй болгоно гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч О.Д, Н.Д нараас 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч О.Д, Н.Д нар нь ....350.000 төгрөгийг төлж хохиролгүй болгоно.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.150 төгрөгнөөс буцаан 5.575 төгрөг, хариуцагч О.Д, Н.Д нараас 5.575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.О-т олгож шийдвэрлэх.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийн шаардлага 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч Н.Д, О.Д нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.150 /арван нэгэн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д, О.Д нараас 5.575 /таван мянга таван зуун далан тав/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 5.575 /таван мянга таван зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.О-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ