Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,

хохирогч Н.Ц-, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,

шинжээч эмч М.З-,

шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овогт Д-ын Б-д холбогдох эрүүгийн 201726030736 дугаартай хэргийг 2017 оны 1... сарын 15-ны өдөр хүлээн авч

 

ХЯНАВАЛ:

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 М- улсын иргэн, .... оны ....... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ..... дүүргийн ... хороо ...байрлах “...” баарыг түрээслэдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ...... дүүрэг ....... хороо ......... гудамжны ........ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, М- овогт Д-ын Б- /РД:.........../

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт ......... байрлах “...” бааранд иргэн Н.Ц-ийг зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар ирсэн бичлэг зэргийг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай эхнэрийн төрсөн өдөр нь байсан. Над руу 18-19 цагийн үед тогооч Н- эгч залгаад “паб дээр Ц- гээд хүн агсам тавиад эхнэрийг чинь цохиод байна” гэхээр нь би өөр Ц- гэдэг хүнтэй андуураад очсон. Намайг очиход Ц- ах ирчихсэн тогооч Н-, эхнэр Э-, зөөгч М- нартай хэрэлдэж байсан. Би “та чинь юу болов” гэхэд “мөнгөө өгдөггүй гуйлгачингуудыг алаад өгье” гээд цохих гэж оролдсон. Тэр үед би хоёр гараараа баруун шууны үенээс нь барихад намайг 2 удаа өшиглөөд 3 дахь дээр нь би баруун хөлнийх нь шуумагнаас бариад авахад Ц- хойшоо гулзайгаад унасан. Босож ирэхгүй байхаар нь хоёр суганаас нь өргөөд сандал дээр суулгачихаад Ц- ахтай юм ярих гэхэд “чи намайг зодлоо” гээд байсан. Тэгэхээр нь би “камерын бичлэг байгаа” гээд камер дээр очиход камер унтарсан байсан. Намайг орж ирэхээс өмнө Ц- ах тек рүү өшиглөснөөс болж унтарсан байсныг асаасан. Хэсэг хугацааны дараа Ц- ахын эхнэр рүү “Ц- ах ийм асуудалтай байна, та ирээд авах уу” гэж утсаар ярьсан. Би Н.Ц- ахын гарнаас нь барьж өмднийх нь шуумагнаас татахад тэрээр унасан. Н.Ц- ахын биед учирсан гэмтэл нь миний үйлдэлтэй холбоотой гэдэг дээр маргахгүй харин би зодоогүй гэв.    

 

2. Хохирогч Н.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Голомт банкнаас 20.000.000 төгрөгийн зээл авах гэж байгааг Б-, эхнэртэйгээ мэдсэн.  Би 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөг 2 долоо хоногийн хугацаатай Б-д зээлүүлсэн. Б- нь зээлсэн мөнгөө цувуулж төлсөн. Банкинд зээл төлөх хугацаа болсон тул үлдэгдэл 700.000 төгрөгөө авахаар 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “...” бааранд очиход эхнэр Э- нь уурлаад “өгөхийн хооронд хэцүү байна” гэж хэлэхээр нь уур хүрээд мангасдсан. Бааранд сууж байсан багш нар “эмэгтэй хүнийг яагаад мангасдаж байгаа юм бэ” гэхээр нь “та нарт хамаагүй” гээд хэрэлдсэн. Тэд ч удалгүй яваад өгсөн. Тэгтэл Б- орж ирээд “чи муу яадаг лалар вэ” гээд заамдаад авахаар нь “чи хүнтэй ярихын хооронд ингээд байхдаа яадаг юм бэ” гээд уурлаад бид хоёр харилцан хэрэлдсэн. Миний гарыг Б- мушгихад нь “эр хүн шиг үзчихье” гэж хэлээд барьцалдаад авахад Б- миний баруун гарыг маш хүчтэй мушгисан ба мушгисан чигээрээ дээр дараад суусан. Би босч чадахгүй байхад Б- “босооч муу лалар минь” гээд байсан. Би босч чадахгүй байсан ба Б- намайг сугадаж сандал дээр суулгасан. Би өвдсөндөө уурлаад “та нар гэрч болно шүү” гэхэд тэнд байсан хүмүүс бүгд цаашаа явсан. Б- намайг хэл амаар доромжлоод байхаар нь “чи намайг гэмтээчихлээ, та нар ойлгож байна уу, би явж чадахгүй байна” гэхэд “яасан их орилдог юм бэ” гээд вип өрөө рүү оруулахдаа  гар мушгиад чирч явсан. Вип өрөөнд ороод Б- ам руу салаавчилсан гараа хийгээд нүүр рүү алгадаад гараад явахаар нь намайг “гарга” гээд орилсон. Манай эхнэр ирээд “та нар яасан юм бэ” гэхэд нь би “намайг гэмтээчихлээ” гэж хэлсэн. Намайг “эмнэлэгт хүргээд өг” гэхэд Б- “би зодоогүй, чадахгүй” гээд байхаар А-ыг дуудсан. Би А-аар үүрүүлээд машинд суугаад Гэмтлийн эмнэлэг рүү шууд явсан. Намайг “шууд хагалгаанд ор” гээд өвдгөө өрөмдүүлээд 3 хадаас хадсан. Хагалгаанд орохоос өмнө Б-г орж ирэхээр нь уучлалт гуйх болов уу гэж бодтол “би таныг зодоогүй, та өөрөө л гэмтсэн” гэхэд нь “би өөрийгөө хугалаа юу, гар хавдаад цуурах уу” гэж хэлсэн. М- Хьюндай эмнэлгээс нэхэмжлэл авахад 11,0 сая төгрөгөөр хагалгаа хийнэ. Детан төмөр хийхэд 10 жилийн баталгаатай. 10 жил тутамд солино гэсэн. Тиймээс Б-гаас 11.455.220 төгрөгийг гаргуулмаар байна. Өнөөдрийн байдлаар хохиролд нэг ч төгрөг аваагүй байгаа гэв.

 

3. Шинжээч эмч М.З- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ц-т учирсан гэмтлүүд нь бүрдэл байдлаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн дунд чөмөгний далд хугарал нь дангаараа хүндэвтэр, баруун шуу дангаараа хүндэвтэр, зүүн гуяны зулгаралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Үе солиулах хагалгааг зайлшгүй хийх шаардлагатай эсэхийг шүүх эмнэлэг тогтоохгүй зөвхөн эмчилгээг хийж байгаа эмчлэгчийн шийдэх асуудал юм. Хохирогчид учирсан гэмтлүүд 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шуу ясны доод хэсгийн хугарал нь гарыг хөших, гөжих, тулж унахад үүснэ. Харин атгах үед үүсэхгүй. Дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарал нь хавсарч унах, дээрээс дэвсэх, ташаа хэсгээр унахад үүсэх боломжтой гэв.

 

Мөн хавтаст хэргээс

1. Шүүгдэгч Д.Б- 2017.11.14-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тогооч Н- залгаад “ажил дээр Ц- гэдэг хүн ирчихээд агсам тавиад байна” гэхээр нь 10 гаруй минутын дараа очиход Ц- ах согтуу эхнэр Э-, тогооч Н- нартай хэрүүл хийчихсэн зогсож байхаар нь “Ц- ахаа та яаж байгаа юм бэ, юу болсон бэ” гэхэд “мөнгөө өгдөггүй гуйлгачингуудыг яадгийг одоо та нар харж бай” гэж хэлээд намайг цохих гээд дайрсан. Би хоёр гарыг нь барьж авахад миний хөл рүү өшиглөөд, мөн төмсөг рүү өшиглөх гэхээр нь өмдний баруун талын шуумагнаас бариад авахад хойшоогоо газар уначихаад босохгүй хэвтээд  байсан. Ц- ах “хөл өвдөөд байна” гэхээр нь татаж босгоод сандал дээр суулгасан. Улмаар Ц- ах хэрүүл маргаан үүсгээд байхаар нь гар утсаараа бичлэг хийгээд эхнэр рүү нь залгаад “Ц- ах манай ажил дээр агсам тавиад байна” гээд дуудсан. Ц- ах орилж чарлаад үйлчлүүлэгчийн тав тухыг алдагдуулаад байхаар нь вип өрөө рүү оруулах гэхэд “би алхаж чадахгүй байна” гэхээр нь сугадаж оруулсан. Удалгүй эхнэр нь А- ахтай ирэхээр нь өгч явуулсан. Орой нь А- ах над руу залгаад “Ц-ийг Гэмтлийн эмнэлэгт үзүүллээ, чөмөгний яс нь хугарчихсан байна” гэсэн. Манай пабын текний баруун талд, мөн гадна хаалган дээр, үүдний баруун, зүүн дээд буланд тус тус хяналтын камер байдаг. Ц- ахыг орж ирэх үеийн бичлэг байсан боловч намайг гаднаас орж ирэх үеэс Ц- ахыг сандал дээр суулгасан үеийг хүртэлх бичлэг байхгүй байсан. Ц- ах гаднаас орж ирээд хэрүүл маргаан хийж байхдаа тек рүү өшиглөөд байсан гэсэн. Тэрнээс болж камер унтарсан байх. Ц- ахын газар унаж байгаа бичлэг хадгалагдаагүй. Эхнэр бид хоёр Ц- ахаас 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж аваад 1.300.000 төгрөгийг нь өгсөн. Үлдэгдэл 700.000 төгрөгийн өгөх хугацаа болоогүй байхад Ц- нэхэж орж ирээд хэрүүл хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/,

 

2. Хохирогч Н.Ц- мэдүүлэхдээ: Э-, Б- нар надаас 2017 оны 05 дугаар сард 2,0 сая төгрөг зээлээд 1.300.000 төгрөгийг нь төлөөд 700.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Би 2017 оны 06 дугаар сарын 02-ны орой үлдэгдэл мөнгөө авахаар Э-, Б- нарын ажиллуулдаг “...” пабд очиход Б- байхгүй байхаар нь Э-ээс мөнгөө нэхэхэд “өгөхийн оронд сүртэй юм” гэж уурласан. Би “хугацаандаа мөнгө өгсөнгүй, банкны эргэн төлөлт эхэлчихсэн банкны торгуульд ороод байна, миний мөнгийг өг, та нар ийм юм ажиллуулж байж яахаараа миний мөнгийг өгдөггүй юм бэ” гэж уурлаад гараараа Э-ийн нүүр хэсэг рүү түлхсэн. Э- нөхөр Б-г утсаар “Ц- над руу хашгичаад байна” гэж дуудсан байсан. 10 гаруй минутын дараа Б- орж ирээд “чи яадаг лалар бэ, мөнгийг чинь өгөхийн хооронд сүртэй лалар бэ” гэж уурлан намайг заамдаж авахаар нь би ч гэсэн зөрүүлээд заамдсан. Тэгтэл Б- миний баруун гарыг мушгиж, намайг өргөөд зүүн талаар шалан дээр унагаахад нь “Б- больё” гэхэд намайг тавьсан. Би босож чадахгүй байхад Б- намайг заамдаад буйдан дээр өргөөд суулгасан. Үүнийг Э-, зөөгч, тогооч нар хараад зогсож байсан. Би уурандаа Б-г “өөдгүй новшнууд хүний тусыг мэдэхгүй” гэж зөндөө хашгичсан. Зөөгч, тогооч нарыг “та нар гэрч шүү” гэж хэлсэн. Э- “эхнэрийг нь дууд” гээд манай эхнэрийг дуудсан. Б- намайг хойд талын вип өрөөнд оруулж буйдан дээр түлхэж суулгаад салаавч гаргаж ам руу чихээд “дуугүй бай” гээд намайг алгадчихаад өрөөнөөс гарсан. Би “намайг гарга” гэж өрөөн дотроос орилсон. Удалгүй манай эхнэр Д- ирээд “намайг өрөөнөөс гаргаад ир” гэхэд Б- намайг заалны буйдан дээр суулгасан. Манай эхнэр Д- Б-г “эмнэлэг хүргээд өг, хамт явъя” гэхэд Б- “би зодоогүй, яагаа ч үгүй та нар өөрсдөө явахгүй юу” гэж хэлсэн. А-ыг дуудаад ГССҮТ эмнэлэгт очиж үзүүлэхэд “зүүн хөлний дунд чөмөгний толгой хугарсан, баруун гарны шуу цуурсан байна, даруйхан хэвт” гээд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хагалгаанд орж хөлөндөө 3 хадаас суулгасан. Би мөнгө нэхэж очиж Э-ийг түлхсэнээс болж маргаан үүсч ийм байдалд хүрсэн. Хагалгаанд орж хөлөндөө хадаас хадуулаад 2 жилийн дараа холбоос чөмөгөө соль гэж эмч хэлсэн. Үүнийг улсын эмнэлэг 8.500.000 төгрөг, Солонгос эмнэлэг 10.800.000 төгрөгөөр чөмөг сольдог гэж сонссон. Иймд чөмөг солиулах хагалгааны зардлыг Б-гаас нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35, 39-40, 64-65-р хуудас/,

 

            3. Гэрч Ц.Э- 2017.09.21-ний өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нөхөр бид хоёр Ц- ах дээр очоод “2 сая төгрөг зээлчих, би энэ сардаа хүүтэй нь хамт багтаагаад өгье” гээд 2 сая төгрөг зээлж аваад цувуулж өгсөөр байгаад 700.000 төгрөг үлдсэн. 2017 оны 06 дугаар сарын 02-ны орой пабд Ц- ах согтуу орж ирэнгүүтээ над руу “мөнгө өг” гээд дайраад байхаар нь “ахаа та хариад байж бай, би өнөөдрийн орлогоо ч гэсэн танд аваачаад өгье” гэхэд намайг нэг удаа алгадсан. Н- эгч манай нөхөр рүү залгаад дуудсан байсан. Ц- ах намайг зодох гээд дайраад байсан. Нөхөр Б- орж ирэхэд Ц- ах “гуйлгачин минь хоёулаа зодолдох уу” гээд дайраад байхаар нь Б- гарыг нь барьж болиулсан. Гэтэл Ц- ах “миний хөл болохоо байчихлаа цагдаа, түргэн тусламж дууд” гээд орилоод байхаар нь би тухайн үед тоглож байна гэж бодсон. Б- Ц- ахыг өргөөд VIР өрөө рүү оруулаад гарч ирсэн.  Өрөөнөөс Ц- ах “намайг зодсон, аманд салаавч хийсэн” гэж орилоод байсан. Удалгүй Ц- ахын эхнэр, А- ах хоёр ирээд Ц- ахыг аваад явсан. Б- Ц- ахыг миний хажууд зодоогүй. Харин Ц- ах намайг хэл амаар доромжлоод байсан. Ц- ах надад агсам тавьж байхдаа 2-3 удаа газар унасан. Тэрнээс биш нөхөр Б- зодож гарыг нь мушгиагүй барьж байгаа харагдсан. Хэрэв гар нь цуурсан бол хүчтэй барьснаас болсон байх. Ц- ахын дээрээс дэвссэн гэдэг нь худлаа. Ц- ахыг эмнэлэгт хэвтэж байхад нь нөхөр бид хоёр очоод уучлалт гуйж, үлдсэн 700.000 төгрөгийг нь өгөхөд Ц- ахын эгч нь хэл амаар доромжлоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

 

4. Гэрч О.А- 2017.09.26-ны өдөр мэдүүлэхдээ: Захирлын эхнэр М- залгаад “чи хүрээд ир, захирал чинь хүнд зодуулчихсан байна” гэхээр нь “хаана юм бэ” гэхэд “Хан-Уул дүүргийн ........ байрлах “...” пабд хүрээд ир” гэхээр нь пабд иртэл захирал Ц- цаад талын ширээн дээр нь суучихсан, наад талд нь Б- сууж байхаар нь “за юу болсон бэ” гэхэд захирал Ц- “Б- намайг зодчихлоо” гэхэд Б- “би юу боллоо гэж Ц- ахыг зоддог юм бэ” гэхээр нь “за та нар больж үз” гээд захирал Ц-ийг “явъя, хүргээд өгье” гээд өргөх гэтэл босч чадахгүй орилоод байсан. Захирлын эхнэр “наадах чинь явж чадахгүй байна, би арай гэж сандал дээр суулгаад байж байна” гэж хэлсэн. Би захирлын баруун гарнаас татаад үүрэх гэтэл бас дахин орилоод “наад гар чинь хугарчихсан хөдлөхгүй байна” гэсэн. Би тухайн үед хугарсан гарнаас нь татаж байна гэдгээ мэдээгүй. Машинд суулгахад дахин орилоод байхаар нь арай хийж машиныхаа хойд талын суудал дээр суулгаад Б-д “чи машинаараа гэр рүү нь хүргээд өгчихгүй яасан юм бэ” гэхэд “би зодоогүй юм чинь яахаараа хүргэж өгдөг юм бэ” гэж хэлсэн. Захирал Ц- “гэмтэл хүргээд өг, ерөөсөө болохгүй байна” гэхээр нь би Б-

 

 дээр очоод “за миний дүү Ц- ах чинь ер нь хэцүү байх шиг байна, чамд зодуулсан гээд байна, чи хамт яв” гэхэд “үгүй, би зодоогүй хамт явж чадахгүй” гэхээр нь би Ц- ахыг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд “наад хүн чинь хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна” гээд захирлыг эмнэлэгт хэвтүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

 

 

5. Гэрч С.М- 2017.09.27-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 06 дугаар сарын 02-ны орой тогооч Н- эгч залгаад “Ц- ах чинь пабд ирээд Э- эгчийг чинь алгадаад агсам тавиад байна, чи ажил дээр хурдан хүрээд ир” гэхээр нь очтол Ц- ах текны хажууд зогсчихсон Э- эгчийг “авсан юм бол өг” гээд тооцоо хуудаснуудыг нь базаж шидээд байсан. Намайг ирсний дараа Б- ах ирэхэд Ц- ах “миний мөнгийг өг, одоо хоёулаа алалцъя” гээд босохдоо пабын шалан дээр 2 удаа унаад босч ирээд сандал дээр суусан. Б- ах Ц- ахын гарыг барьчихсан зогсож байсан. Би Ц- ахад “битгий орилж хашгираад бай, та хоёр VIР өрөө рүү ор, гаднаас үйлчлүүлэгч орж ирвэл яах юм бэ” гэхэд Ц- ах “орохгүй” гээд байхаар нь Б- ах түүнийг өргөөд VIР өрөө рүү орсон. Б- ах Ц- ахыг VIР өрөөнд оруулаад, хаалгыг нь түгжчихээд гараад ирэхэд Ц- ах орилж хаалга балбаад байсан. Удалгүй Ц- ахын эхнэр, А- ах хоёр ирээд Ц- ахыг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би Б- ах Ц- ахыг зодож байхыг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

 

 

6. Гэрч Ц.Д- 2017.11.16-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 06 дугаар сарын 02-ны орой Б- залгаад “Ц- ах бид хоёр маргалдаад байна, та хурдан “...” ресторанд хүрээд ир” гэхээр нь очиход нөхөр Ц- баарны хойд талын өрөөнд хагас хэвтсэн байдалтай ёолоод байж байхаар нь юу болсон талаар асуухад “Б- намайг цохиод хөл гэмтчихлээ” гэхээр нь нөхрийгөө аваад гарах гэтэл өргөж дийлээгүй. Босгох гэхэд зүүн хөл дээрээ гишгэж чадахгүй хөл нь мэдээгүй юм шиг санжигнаад, баруун гарын шуу хэсэг нь бондойтол хавдчихсан байхаар нь Б-гаас “яагаад ийм асуудал болов оо, Гэмтлийн эмнэлэгт хүргээд өг” гэхэд “явахгүй” гээд байхаар нь А-ыг дуудаж Гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд “зүүн хөлний дунд чөмөгний толгой хугарсан, мөн баруун гарын шууны яс цуурсан байна” гэж хэлсэн. Манай нөхөр Ц- эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд 2 сар гаруй хэвтрийн дэглэм бариад хөл дээрээ боссон. Манай нөхөр одоо түнхний ясаа хадуулчихсан явж чадахгүй байгаа. Цаашдаа хагалгаанд орж түнхний үе солиулах шаардлагатай гэсэн тул энэ зардлыг Д.Б-гаас гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7381 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Н.Ц-ийн биед зүүн дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарал, баруун шуу ясны доод хэсгийн далд хугарал, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 21-р хуудас/,

 

8. Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15-р хуудас/,

9. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/,

10. Эмнэлгийн хуудас /хх-ийн 30-32-р хуудас/,

11. Шүүгдэгч Д.Б-гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/,

12. Эд мөрийн баримтаар ирүүлсэн СД-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад: “...хохирогч Н.Ц- гэрч Ц.Э- нар ширээний хоёр талд суугаад ярилцаж байгаа байдалтай байх бөгөөд Н.Ц- Ц.Э- рүү ширээн дээрээс юм авч шидэн босч зүүн гараараа Э-ийн нүүр рүү цохиход цаанаас эмэгтэй хүмүүс ирж Ц-тэй маргалдаад салаад явав. Энэ үед Н.Ц-ийн хөдөлгөөн бусдын оролцоогүй хэвийн байв. ... Хохирогч Н.Ц- сандал дээр суусан байдалтай Д.Б-тай гараа хөдөлгөн яриа өрнүүлж байгаа байдал харагдана. Хохирогч Н.Ц- сууж байсан сандлаасаа босох боловч явж чадахгүй буцаж сандал дээр суув. Хохирогч Н.Ц- зүүн гараараа баруун гарын шуу хэсгийг барих үед баруун гарын шуу хэсэг хавдсан байдалтай ” дүрс бичлэг зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... “...” бааранд хохирогч Н.Ц-ийн биед “...зүүн дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарал, баруун шуу ясны доод хэсгийн далд хугарал, зүүн гуянд зулгаралт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

         1. Хохирогч Н.Ц-ийн “...Би 2017 оны 06 дугаар сарын 02-ны орой үлдэгдэл мөнгөө авахаар Э-, Б- нарын ажиллуулдаг “...” пабд очиход Б- байхгүй байхаар нь Э-ээс мөнгөө нэхэхэд “өгөхийн оронд сүртэй юм” гэж уурласан. Би “хугацаандаа мөнгө өгсөнгүй, банкинд эргэн төлөлт эхэлчихсэн торгуульд ороод байна, миний мөнгийг өг, та нар ийм юм ажиллуулж байж яахаараа миний мөнгийг өгдөггүй юм бэ” гэж уурлаад гараараа Э-ийн нүүр хэсэг рүү түлхсэн. Б- орж ирээд “чи яадаг лалар бэ, мөнгийг чинь өгөхийн хооронд сүртэй лалар бэ” гэж уурлан намайг заамдаж бид хоёр барьцалдаж авсан. Б- миний баруун гарыг мушгиж, намайг өргөөд зүүн талаар шалан дээр унагаахад нь “Б- больё” гэхэд намайг тавьсан. Би босож чадахгүй байхад Б- намайг заамдаад буйдан дээр өргөөд суулгасан. Үүнийг Э-, зөөгч, тогооч нар хараад зогсож байсан. Би уурандаа Б-г “өөдгүй новшнууд хүний тусыг мэдэхгүй” гэж зөндөө хашгичсан. Зөөгч, тогооч нарыг “та нар гэрч шүү” гэж хэлсэн. Б- намайг хойд талын вип өрөөнд оруулж буйдан дээр түлхэж суулгаад салаавч гаргаж ам руу чихээд “дуугүй бай” гээд намайг алгадчихаад өрөөнөөс гарсан. Эхнэр, А- хоёртой ГССҮТ эмнэлэгт очиж үзүүлэхэд “зүүн хөлний дунд чөмөгний толгой хугарсан, баруун гарны шуу цуурсан байна, даруйхан хэвтэж эмчлүүл” гэхээр нь эмчлүүлээд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хагалгаанд орж хөлөндөө 3 хадаас суулгасан. Хагалгаанд орж хөлөндөө хадаас хадуулаад 2 жилийн дараа холбоос чөмөгөө соль гэж эмч хэлсэн. Үүнийг улсын эмнэлэг 8.500.000 төгрөг, Солонгос эмнэлэг 10.800.000 төгрөгөөр чөмөг сольдог гэж сонссон. Иймд чөмөг солиулах хагалгааны зардлыг Б-гаас нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,

            2. Гэрч Ц.Э-ийн “...2017 оны 06 дугаар сарын 02-ны орой пабд Ц- ах согтуу орж ирэнгүүтээ “мөнгө өг” гээд дайраад байхаар нь “ахаа та хариад байж бай, би өнөөдрийн орлогоо ч гэсэн танд аваачаад өгье” гэхэд намайг нэг удаа алгадсан. Нөхөр Б- орж ирэхэд Ц- ах “гуйлгачин минь хоёулаа зодолдох уу” гээд дайраад байхаар нь Б- гарыг нь барьж болиулсан. Ц- ах “миний хөл болохоо байчихлаа цагдаа, түргэн тусламж дууд” гээд орилоод байхаар нь би тухайн үед тоглож байна гэж бодсон. Б- Ц- ахыг өргөөд VIР өрөө рүү оруулаад гарч ирсэн.  Өрөөнөөс Ц- ах “намайг зодсон, аманд салаавч хийсэн” гэж орилоод байсан. Ц- ах надад агсам тавьж байхдаа 2-3 удаа газар унасан. Тэрнээс биш нөхөр Б- зодож гарыг нь мушгиагүй барьж байгаа харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

 

3. Гэрч О.А-ын “...Захирлын эхнэр М- залгаад “чи хүрээд ир, захирал чинь хүнд зодуулчихсан байна” гэхээр нь “хаана юм бэ” гэхэд “Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах “...” пабд хүрээд ир” гэхээр нь пабд иртэл захирал Ц- цаад талын ширээн дээр нь суучихсан, наад талд нь Б- сууж байхаар нь “за юу болсон бэ” гэхэд захирал Ц- “Б- намайг зодчихлоо” гэхэд Б- “би юу боллоо гэж Ц- ахыг зоддог юм бэ” гэхээр нь “за та нар больж үз” гээд захирал Ц-ийг “явъя, хүргээд өгье” гээд өргөх гэтэл босч чадахгүй орилоод байсан. Захирлын эхнэр “наадах чинь явж чадахгүй байна, би арай гэж сандал дээр суулгаад байж байна” гэж хэлсэн. Би захирлын баруун гарнаас татаад үүрэх гэтэл бас дахин орилоод “наад гар чинь хугарчихсан хөдлөхгүй байна” гэсэн. Захирал Ц- “гэмтэл хүргээд өг, ерөөсөө болохгүй байна” гэхээр нь би Б-

 

 дээр очоод “за миний дүү Ц- ах чинь ер нь хэцүү байх шиг байна, чамд зодуулсан гээд байна, чи хамт яв” гэхэд “үгүй, би зодоогүй хамт явж чадахгүй” гэхээр нь би Ц- ахыг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

 

 

4. Гэрч Ц.Д-ийн “...2017 оны 06 дугаар сарын 02-ны орой Б- залгаад “Ц- ах бид хоёр маргалдаад байна, та хурдан “...” ресторанд хүрээд ир” гэхээр нь очиход нөхөр Ц- баарны хойд талын өрөөнд хагас хэвтсэн байдалтай ёолоод байж байхаар нь юу болсон талаар асуухад “Б- намайг цохиод хөл гэмтчихлээ” гэхээр нь нөхрийгөө аваад гарах гэтэл өргөж дийлээгүй. Босгох гэхэд зүүн хөл дээрээ гишгэж чадахгүй хөл нь мэдээгүй юм шиг санжигнаад, баруун гарын шуу хэсэг нь бондойтол хавдчихсан байсан. Би А-ыг дуудаж Ц-ийг Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “зүүн хөлний дунд чөмөгний толгой хугарсан, мөн баруун гарын шууны яс цуурсан байна” гэж хэлсэн. Манай нөхөр одоо түнхний ясаа хадуулчихсан явж чадахгүй байгаа. Цаашдаа хагалгаанд орж түнхний үе солиулах шаардлагатай гэсэн тул энэ зардлыг Д.Б-гаас гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7381 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Н.Ц-ийн биед зүүн дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарал, баруун шуу ясны доод хэсгийн далд хугарал, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 21-р хуудас/,         

6. Шинжээч эмч М.З-ын “...Хохирогчид учирсан гэмтлүүд 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шуу ясны доод хэсгийн хугарал нь гарыг хөших, гөжих, тулж унахад үүснэ. Харин атгах үед үүсэхгүй. Дунд чөмөгний хүзүү хэсгийн хугарал нь хавсарч унах, дээрээс дэвсэх, ташаа хэсгээр унахад үүсэх боломжтой” гэх мэдүүлэг,

 

           7. Эд мөрийн баримтаар ирсэн СД бичлэгээс шинжлэн судлахад: “...хохирогч Н.Ц- гэрч Ц.Э- нар ширээний хоёр талд суугаад ярилцаж байгаа байдалтай байх бөгөөд Н.Ц- Ц.Э- рүү ширээн дээрээс юм авч шидэн босч зүүн гараараа Э-ийн нүүр рүү цохиход цаанаас эмэгтэй хүмүүс ирж Ц-тэй маргалдаад салаад явав. Энэ үед Н.Ц-ийн хөдөлгөөн бусдын оролцоогүй хэвийн байв. ... Хохирогч Н.Ц- сандал дээр суусан байдалтай Д.Б-тай гараа хөдөлгөн яриа өрнүүлж байгаа байдал харагдана. Хохирогч Н.Ц- сууж байсан сандлаасаа босох боловч явж чадахгүй буцаж сандал дээр суув. Хохирогч Н.Ц- зүүн гараараа баруун гарын шуу хэсгийг барих үед баруун гарын шуу хэсэг хавдсан байдалтай ” дүрс бичлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Улсын яллагч “...шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.Б- “хохирогчийн биед гэмтэл учруулснаа зөвшөөрч байна гэхдээ би хохирогчийг зодоогүй” гэж өөрийгөө өмгөөлж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Д.Б- хохирогч Н.Ц-ийн гарыг мушгиж газар унагаахдаа хохирогчийн биед гэмтэл учруулж, эрүүл мэндийг нь хохироож болохыг ухамсарлаж, мэдэх бололцоотой байтал зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байна.

 

          Иймд шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ....... “...” бааранд хохирогч Н.Ц-ийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/, гэрч Ц.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/, гэрч О.А-ын мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/, гэрч С.М-ийн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/, гэрч Ц.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №7381 дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч  Д.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хэмжээнд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Н.Ц- нь гэм хорын хохиролд 12.054.120 төгрөг нэхэмжилсэн боловч эм тарианд 1.010.320 төгрөг /хх-ийн 23-29, 50-р хуудас/, “М- Хьюндай” эмнэлэгт үзүүлсэн 43.000 төгрөг /хх-ийн 62-р хуудас/, нийт 1.053.320 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч Д.Б-гаас 1.053.320 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Ц-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

           Хохирогч Н.Ц- нь зүүн хөлний дунд чөмөгний үе солих хагалгааны зардалд 10.800.000 төгрөг нэхэмжилж “Эм Би Эс Мед” ХХК-ийн нэхэмжлэх ирүүлсэн боловч хохирогчид хагалгаа хийх зайлшгүй шаардлагатай талаарх  нотлох баримтаа ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлсний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.