Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/116

 

 

 

 

 

2022                01            26                                     2023/ДШМ/116                        

 

Э.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор К.Чимгээ,

шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 2022/ШЦТ/1569 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1906018151402 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-,

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;

Шүүгдэгч Э.А- нь 2018 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд У.Т-тай хамтарч “Прожет” гэх лоунж баарыг хамтран түрээслэнэ, 2018 оны 11 дүгээр сард уг газрыг ажиллуулж байгаа хүмүүс нь больж, Э-ын нэрээр тухайн газрыг түрээслэх боломжтой, сарын 3.500.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож У.Т-аас өөрийн эзэмшлийн Хаан банкны ****, Худалдаа хөгжлийн банкны **** тоот данснуудаар нийт 13.278.676 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө 19-01 Соёл амралтын 14240 тоот хаягт байрлах “Ньюсил” ХХК-тай У.Т-ы аавын “Ундо” ХХК-ийн баримт бичгийг ашиглан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, 7 хоногийн дараа гэрээгээ цуцалсан атлаа Г.С-, У.Т- нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 5.138.380 төгрөгийг түрээсийн урьдчилгаа гэж залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаанд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 11.497.056 /арван нэгэн сая дөрвөн зуун ерэн долоон мянга тавин зургаа/ төгрөгийг шүүгдэгч Э.А-гаас гаргуулан хохирогч У.Т-д (УЛ99072001) 9.508676 /есөн сая таван зуун найман мянга зургаан зуун далан зургаа/ төгрөг, хохирогч Г.С-д (ЧЛ73032560) 1.988.380 /нэг сая есөн зуун наян найман мянга гурван зуун ная/ төгрөг тус тус олгож, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол байна гэж үзвэл баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж, Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А- давж заалдах гомдолдоо: “...би Т- болон С- нарыг ямар нэгэн байдлаар залилан мэхлээгүй. Т-ы над руу шилжүүлсэн мөнгийг өөртэй нь харилцан ярилцаж захиран зарцуулсан. Гэнэт Т-ы ээж С- миний өмнө хэрэгт холбогдож байсан талаар мэдээллийг хууль бусаар олж аван, өөрийн бодлоор нөхцөл байдалтай танилцахгүй намайг сэрдэн Т- бид хоёрын хийж байсан ажлыг зогсоож миний эсрэг гомдол гаргаж, намайг гүтгэсэн. Мөн С- нь Т- бид хоёрын хийх ажлынхаа зардалд зарцуулсан байсан бүх мөнгийг надаас нэхэмжилсэн. Үүний дараа Т- гэнэт гадагшаа явсан ба надтай учраа олоогүй. Т- ээжтэйгээ нийлж намайг гүтгэн худал мэдүүлэг өгсөн байсан. Үүнийг мэдээд би нүүрэлдэх хүсэлт гаргасан боловч тэд татгалзсан. Надад үнэхээр гомдолтой байгаа тул энэ хэргийг дахин шалгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Э.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Т-тай хамтран лоунж нээхээр ажиллаж байсан. Т-аас шилжүүлж авсан бүх мөнгөө нээх гэж байсан лоунждаа зарцуулсан. Т-ы ээж С- миний өмнө ял шийтгэл хүлээж байсныг олж мэдээд цагдаад гомдол гаргасан. Мөнгийг буцааж өгөх гэхэд бүх мөнгийг лоунждаа зарцуулсан байсан тул хугацаа алдсан. Т-тай уулзахаар удаа дараа оролдож байсан боловч надтай уулзаагүй. Би өмнө хэрэгт холбогдож байснаа найздаа болон түүний ээжид хэлээгүй. Үүнээс болоод энэ асуудал үүссэнд маш их харамсаж байна. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.А-гийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн үйл баримтаас үзэхэд эдгээр хүмүүсийн хоорондох үл итгэлцлээс улбаалан энэ хэрэг үүсэх болсон нь харагдаж байна. Миний үйлчлүүлэгч эхэндээ гэм буруугийн талаар маргаж байсан ч өнөөдрийн байдлаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүх Э.А-гаас 11.497.056 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс Э.А- өөрт холбогдох хэсгийг буюу 5.000.000 төгрөгийг хохирогч Г.Солонгын 5069200459 тоот дансанд шилжүүлсэн. Хавтас хэрэгт н.Энх-Учрал, н.Хатанболд нарыг иргэний хариуцагчаар тогтоосон. Н.Энх-Учралаас 600.000 төгрөг, н.Хатанболдоос 4.000.000 гаргуулахаар заасан байгаа. Э.А-гийн 2018 оны 4 дүгээр сараас 2022 оны 12 сар хүртэл тасралтгүй нийгмийн даатгал төлсөн болон хохирол төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрт оногдох хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор К.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон. Хатанболдыг иргэний хариуцагчаар татаагүй. Энх-Учралыг иргэний хариуцагчаар татсан боловч анхан шатны шүүх иргэний хариуцагчаар тогтоож хохирол төлбөр гаргуулах үндэслэлгүй байна гэж шийтгэх тогтоолд дурдсан байгаа. Иймд шүүгдэгч Э.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Э.А-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.А- нь 2018 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд У.Т-тай хамтарч “Прожет” гэх лоунж баарыг хамтран түрээслэнэ, 2018 оны 11 дүгээр сард уг газрыг ажиллуулж байгаа хүмүүс нь больж, Э-ын нэрээр тухайн газрыг түрээслэх боломжтой, сарын 3.500.000 төгрөгөөр түрээслэнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож У.Т-аас өөрийн эзэмшлийн Хаан банкны ****, Худалдаа хөгжлийн банкны **** тоот данснуудаар нийт 13.278.676 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө 19-01 Соёл амралтын 14240 тоот хаягт байрлах “Ньюсил” ХХК-тай У.Т-ы аавын “Ундо” ХХК-ийн баримт бичгийг ашиглан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, 7 хоногийн дараа гэрээгээ цуцалсан атлаа Г.С-, У.Т- нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 5.138.380 төгрөгийг түрээсийн урьдчилгаа гэж залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Солонгын “...манай охин Т-ы найз Э.А- гэх эмэгтэй манай охинтой хамтарч бизнес хийнэ гэхээр нь би тэр бизнесийг нь дэмжих зорилгоор охин Т-ы данснаас 7.000.000, дүү Н.Энхбаясгалангийн данснаас 4.000.000 төгрөгийг А-гийн дансруу шилжүүлсэн. ...” /1хх 33-39/,

хохирогч У.Т-ы “...2018 оны 9 дүгээр сард А- найзын хамт “хүүхдийн 100”-д байрлах “Прожект” лоунжийг түрээслэхээр ярилцаж байсан...лоунжийн эзэн нь зөвхөн Э-д түрээслэнэ гэж 2018 оны 11 дүгээр сард уг газрыг ажиллуулж байгаа хүмүүс больж Э-ын нэрээр тухайн газрыг түрээслэх боломжтой сарын 3.5 сая төгрөгийн түрээстэй гэж хэлсэн. Би 2018 оны 09 дүгээр сард Хаан банкны 5163129477 тоот данснаас А-гийн **** дугаарын данс руу 6.000.000 төгрөгийг Сансар хавиас шилжүүлсэн. Мөн тэрний дараа “хүүхдийн 100” дээр очиж А-д 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...Дээрх 7 сая төгрөгийг Э.А- надаас авахдаа уг “Прожект” кафе лоунжийг өөр хүнд түрээслүүлж алдах гээд байна, урьдчилгаа мөнгө өгчихвөл түрээслэх боломжтой гэж хэлж авсан. ...Би Прожектын захиралтай очиж уулзъя гэхэд А- “чи очиж уулзаж яахын бэ, муухай ааштай авгай байдаг юм, би ахаараа дамжуулж уг газрыг түрээслэх талаар ярилцъя гэж хэлсэн. ...2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А- надад Төв номын сангийн урд талд нь “New cell tower” нэртэй ашиглалтад шинээр орж байгаа юм байна, хамгийн дээд давхарт нь талбай түрээслүүлэх гэж байгаа талаар хэлэхээр нь би Прожектоо яахын бэ? гээд хоёулаа хамт “New cell tower” дээр очиж үзэж байгаад аль нэгийг нь түрээслэхээр сонгоё гэж А-д хэлэхэд зөвшөөрсөн.Тэгээд би уг объектыг түрээслэх талаар ээж С-д хэлж А-гийн хамт гурвуулаа 2018 оны 10 дугаар сард “New cell tower” дээр очиход Ремаксийн агент гэх эрэгтэй байсан ба сарын 90.000.000 төгрөгөөр түрээслэнэ гэж ярьж байсан. А- надад “манай аав 60.000.000 төгрөгийг нь бүтээчихлээ, чи одоо 30.000.000 төгрөгийг нь олоорой” гэхээр нь би ээжид хэлэхэд ийм их мөнгө бол гаргаж өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд уг объектыг түрээслэхээр болж урьдчилгаа 2.342 ам.доллар 82 цент буюу 5.997.862 төгрөгийг өөрийн худалдаа хөгжлийн банкны данснаас А-гийн худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн. А- надад манай бартендер залуу манай лоужинд ажиллана, урьдчилгаа мөнгө өгөхгүй бол цаадах чинь өөр газар ажиллана гээд байхаар нь Э-ын данс руу 900.000 төгрөгийг шилжүүлсэн. Лоунжны дотоод загварыг гаргасан хүнд 300.000 төгрөгийг Мөнхбилэг гэх хүний 5041438712 тоот данс руу шилжүүлсэн, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай ээжийн бэр дүү Энхбаясгалан А- луу миний болон манай ээжийн гуйлтын дагуу 5 удаагийн гүйлгээгээр 4.000.000 төгрөг шилжүүлсэн. ... Миний А-д өгсөн 18.417.056 төгрөг нь манай ээж Г.Солонгын надад захиран зарцуулах эрх олгож, санхүүжүүлсэн миний мөнгө. ...” /Зхх 28-32/,

иргэний хариуцагч Б.Э-ын “...кофе шоп-т ажиллахаас өмнө Э.А- надад ажлын хөлс болох 900.000 төгрөгийг миний Хас банкны данс руу шилжүүлсэн. ...Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Т-аас ажлын хөлс гэж 400.000 төгрөг, 10 дугаар сарын 29-ний өдөр 200.000 төгрөг нийт 600.000 төгрөг авсан. Тухайн мөнгийг намайг сул ажилгүй хүлээлгэсний төлбөрт авсан. ...” /3хх 17-18/,

гэрч Г.Т-ийн “...Түрээсийн 18/1029 дугаартай гэрээгээр Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 19-01 Соёл амралтын 14240 тоот хаягт байрлах 1019 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 2203039382 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг “Ундо” ХХК-нд түрээслэхээр тохиролцож гэрээ хийгдэж гарын үсэг зурсан ба би “Ньюсил” ХХК-ийг төлөөлж, “Ундо” ХХК-ийг төлөөлж Э.А- гэх эмэгтэй гэрээний нэг тал болсон байдаг. “Ундо” ХХК нь зуучлагчаар дамжуулж манайхтай харьцсан. А- гэх эмэгтэй гэрээ хийхдээ ямар ч байсан зуучийн компанийн хүнтэйгээ ирсэн байх. ...Гэрээ хийгдсэнээс хойш 7 хоногийн дотор зуучийн компаниараа дамжуулж “объект түрээслэхээ болилоо” гэж гэрээг өгүүлсэн байсан. ...” /1хх 52/

гэрч Э.М-ийн “...Т- бид хоёр 3D зураг гаргуулахаар Тэнгис кино театрын орчимд нэг газарт очиж уулзаад 300.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. ...” /1хх 55-56/,

гэрч Т.Б-н “...би А-, Э- нарыг танина. Харин Т-ыг танихгүй. Э- гэх залуу манай төвийн 6 давхарт 50м квадрат талбайг түрээслэж кофе шоп ажиллуулсан. ...Э-ыг кофе шоп ажиллуулж байхад А- гэх дүү нь ажиллаж байсан. Ер нь А-г сайн танихгүй. А- 2019 оны 3 дугаар сард манай төвийн 3 давхарт түрээслэж ажиллая гэж нэг удаа уулзахаар нь би зөвшөөрөөгүй. Шалтгаан нь би олон түрээслэгч нартай харьцаж байсан учраас А- жоохон хүүхэд, хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, түрээсээ асуудалгүй төлөөд явах боломжгүй гэж дүгнэсэн. ...” /1хх 60/,

гэрч Ч.Э-ын “... А- надад энэ талаар огт хэлээгүй, би энэ талаар мэдэхгүй байна. Миний нэрээр энэ тэр гэрээ байгуулна гэж байсан зүйл огт байхгүй. ...Э.А-д яг ийм, тийм гэж зөвлөж ярьж байсан талаараа огт санахгүй байна. ...” /2хх 68/,

Э.А-гийн яллагдагчаар өгсөн “...би анх Т-аас нийт 18.000.000 гаруй төгрөг авсан байсан ба тооцоо нийлэхэд 7.000.000 төгрөг өгсөн байдаг. ...” /3хх 8-9/ гэсэн мэдүүлгүүд,

 

У.Т-ы Худалдаа хөгжлийн банкы дансны хуулга /1хх 117/ Э.А-гийн Худалдаа хөгжлийн болон Хаан банкны дансны хуулга /1хх 118-123, 125-140/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 37-38/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.А- ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Э.А- өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг амлан бусдыг хуурч мэхэлсэн, улмаар гэрээ байгуулаагүй атлаа лоунж хамтран түрээслэнэ, мөн гэрээгээ цуцалсан атлаа урьдчилгаа гэж хохирогч нарыг хуурч эд хөрөнгийг нь авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээр тогтоон, хохирогч нарт нөхөн төлсөн дүнг хасаж, төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэнээс гадна анхан шатны шүүхийн “Б.Э- нь шүүгдэгч Э.А-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хууль ёсоор хариуцвал зохих хүн болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байна” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Э.А- “...У.Т- болон Г.С- нарыг ямар нэгэн байдлаар залилан мэхлээгүй тул хэргийг дахин шалгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан хэдий ч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэж давж заалдах гомдлын агуулгаа өөрчилжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул торгох ялаар солих талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тодорхой хэмжээний хохирлыг 5.000.000 /таван сая/ төгрөг нөхөн төлж, цаашид хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг 1 жил 6 сар болгон хөнгөрүүлэв.

Нөгөөтээгүүр зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Гэтэл анхан шатны шүүх Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Улаанбаатар хотын 6 дүүргээр тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйн гадна зорилгыг алдагдуулсан байх тул Э.А-гийн зорчих эрхийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.А-гийн торгох ял оногдуулж өгөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           

Шүүгдэгч Э.А- нь хохирогч Г.Солонгын Хаан банкны 5069200459 тоот дансанд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 /таван сая/ төгрөгийг шилжүүлсэн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 2022/ШЦТ/1569 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “...шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Э.А- Г.Солонгын Хаан банкны 5069200459 тоот дансанд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 /таван сая/ төгрөг шилжүүлсэн болохыг дурдсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.ОЧМАНДАХ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН