Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0166/З |
Дугаар | 128/ШШ2024/0402 |
Огноо | 2024-05-09 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2024/0402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий прокурорын газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.У***, Т.М***
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У***, Т.М***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *** нь Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт холбогдуулан Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчээс Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар дүгнэлтийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчилсөн.
2. Монгол улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дүгнэлтээр *** нь *** аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байхдаа Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 2.3.3, 2.4 дүгээр зүйлийн 2.4.14-д ... заасан хэм хэмжээг тус тус зөрчсөн гэжээ.
3.Нэхэмжлэгчээс маргаан бүхий дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдолд Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 14/1778 дугаар албан бичгээр хариу өгч, тус шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлээр 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
4.Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
*** би 2011 оноос Прокурорын байгууллагад прокурорын туслах ажилтнаар анх ажиллаж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурорын 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тоот тушаалаар Дорнод аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокуророор, *** аймгийн прокурорын газарт аймгийн ерөнхий прокурорын орлогч прокуророор тус тус тасралтгүй ажиллаж байгаад 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.
*** аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байхад намайг үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд *** сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ***ид намайг хууль бусаар нөлөөлж иргэн ***д холбогдох гэмт хэргийн шинжтэй гомдлыг шийдвэрлэхэд оролцож иргэн ***д давуу байдал бий болгосон гэх асуудалд хэрэг үүсгэн шалгаж улмаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл надад холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож цагаатгасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж цагаатгах тогтоол болон магадлалд бичсэн Нийслэлийн прокурорын газрын эсэргүүцлийг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Харин маргаж буй дүгнэлтээр миний биеийг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 2.3.3 дахь хэсэгт заасан ...харьяаллын бус бусдын хяналтад байгаа хэрэг материалтай танилцах, зөвлөгөө өгөх... гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл нэгдүгээрт харьяаллын бус бусдын хяналтад байгаа хэрэг материал биш өөрийн хяналтын харьяаллын хэрэг материал байсан, хоёрдугаарт миний хувьд тухайн гомдол материалтай огт танилцаж байгаагүй гэдэг нь тогтоогдсон, гуравдугаарт аливаа гомдол, мэдээлэл, хэргийг бүрэн гүйцэт шалгуулж, үнэн зөвөөр шийдвэрлэхэд анхаарч ажиллах талаар харьяалагдах хяналтын прокуроруудыг мэргэжлийн удирдлагаар хангаж сануулж хэлэх нь хэрэг материалын шийдвэрлэлтийн талаар хууль бус нэг талыг барьсан зөвлөгөө өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Тухайн гомдлыг шийдвэрлэхдээ ...хуулийн дагуу анхаарч ажиллаарай... гэснийг зөвлөгөө өгсөн гэж Ёс зүйн зөвлөл тайлбарлаж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх үг, өгүүлбэрийн утга агуулгыг хэл шинжлэлийн үүднээс тайлбарлуулж мэргэжлийн дүгнэлт гаргаагүй атлаа хувь хүнийхээ ойлголтоор дүгнэж байгаа нь ядмаг шийдвэр болсон байна. Хэн ч ямар ч өнцгөөс, ямар ч агуулга, хэлбэрээр бусдын хэлсэн үг, үйлдлийг тайлбарлаж болно.
Мөн дүгнэлтэд Ёс зүйн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.14 дэх хэсэгт заасан ..хэргийн оролцогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй хувийн харилцаа тогтоох...албан тушаалын нэр хүндийг ашиглан ямар нэгэн давуу байдал бий болгохыг хориглоно.. гэснийг зөрчсөн гэжээ. Бодит болсон нөхцөл байдал нь миний хувьд хэргийн оролцогч, хамаарал бүхий этгээдтэй нь хувийн харилцаа тогтоох биш харин хувь хүний хувьд таньдаг байсан хүний хамаарал бүхий этгээд нь хэргийн оролцогч болсон юм. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогчтой танилцаж харилцаа тогтоосон биш бөгөөд эсрэгээрээ буюу таньдаг хүн нь хэргийн оролцогч болсон байхад ёс зүйн зөвлөл дүрмийн заалтыг илтэд мушгин гуйвуулж эсрэгээр нь тайлбарласан байна. Прокурорын ёс зүйн зөвлөл нь материалд цугларсан баримтад тулгуурласан дүгнэлт хийж чадаагүй, бусдын нөлөөлөлд автсан мэт, мэргэжил, мэргэшлийн хувьд аливаа асуудалд бодитой, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль тогтоомжийн хэрэглээний хувьд өндөр ур чадвар гаргах нь битгий хэл энгийн хуульч биш хүний түвшинд сэтгэж дүгнэлт гаргаж байгаад туйлын их харамсаж байна.
Эрүүгийн хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдсон хүмүүсийн мэдүүлэг прокурор ёс зүйн дүрмийг зөрчсөнийг нотолж байгаа гэж зөвлөлийн дүгнэлтэд тусгасан нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган Прокурорын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн *** дүгнэлтийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар дүгнэлт гарах болсон үйл баримт нь нэгдүгээрт эрүүгийн хэрэг шалгагдсан асуудал юм. Эрүүгийн хэрэг шалгагдаад 3 шатны шүүхээр тухайн эрүүгийн хэрэг цагаатгагдаж гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон. Үүний дараа Улсын ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөл тухайн асуудлыг хэлэлцээд гэмт хэрэг биш, ёс зүйн зөрчил байна гэдэг асуудлаар шийдвэрлэсэн.
Ёс зүйн дүгнэлтийг гаргахдаа Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.3 дахь заалтыг зөрчсөн гэж үздэг. Үүнийг үгүйсгэж тайлбарлаж байгаа асуудал нь тухайн заалтын урьдач нөхцөл буюу гипотез шинжийн асуудал нь хувийн сонирхлын улмаас бусдын хяналтад байгаа хэрэг, материалд гэсэн 2 шинж заавал харагдах ёстой. Үйлдэл, арга хэлбэр буюу диспозиц шинжтэй агуулга нь 4 төрлийг зааж өгдөг.
Үүнд нэгдүгээрт: хэрэг материалтай танилцах, хоёрдугаарт: зөвлөгөө өгөх, гуравдугаарт: мөрдөгч, прокурор, шүүгч, шинжээч нарт үндэслэлгүй шийдвэр гаргуулах хүсэлт тавих, эцэст нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож дарамт, шахалт өгөх гэсэн асуудлууд байгаа.
Ёс зүйн зөвлөл дүгнэлт гаргахдаа нотлох баримтаар энэ эрүүгийн хэргийг бүхэлд нь хуулбарлан авсан. Энэхүү хэргийн материалтай намайг танилцсан ямар ч баримт, зөвлөгөө өгсөн ямар нэгэн зүйл байхгүй. Үүнээс үзэхэд Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.3 дахь заалттай холбоотой асуудал тогтоогдохгүй, ямар шалтгаанаар дүгнэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байгаа юм. *** гэх хүнд ямар нэгэн байдлаар дарамт, шахалт, хөндлөнгөөс оролцсон зүйл байхгүй. Шүүхийн дүгнээд байгаа эрүүгийн хэрэг дээрх үйл баримт, факт ёс зүйн дүрэм дээр яригдаад байгаа үйл баримтууд нэг асуудал. *** гэх хүнд *** гэдэг хүн нөлөөлж шийдвэр гаргуулсан байна уу гэдэг асуудал. Гэтэл шүүхээс ийм асуудал гараагүй гэж тогтоосон байхад тэгвэл ёс зүйн хорооны шийдвэрлэх асуудал гэж дүгнэлт гаргаж байгаа юм.
Цагаатгах тогтоолын 14 дүгээр хуудасны эхний догол мөр дээр прокурорын шийдвэр гаргах ажиллагаанд хөндлөнгөөс дарамт, шахалт үзүүлсэн ямар нэг үйл баримт тогтоогдохгүй байна гэж бичсэн байхад Ёс зүйн хороо шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлсөн асуудал байна гэж дүгнэсэн. Прокурорын байгууллага нь дотооддоо прокурорын гаргасан шийдвэр, хэргийн материалтай танилцаад үндэслэлгүй шийдвэр гаргасан бол дээд шатны прокурор үүнийг нь засаж, залруулаад, эсвэл сэргээгээд хянаад явдаг зохицуулалттай.
Прокурорын тухай хуулийн 10 дугаар зүйлд дээд шатны прокурор доод шатны прокурорын шийдвэрийг заавал хянах гэж заасан. Энд зааснаар 8 үндэслэл байгаа. Гэтэл энэ 8 үндэслэл дотор дээд шатны прокурор буюу *** дэх Ерөнхий прокурор *** дэх хяналтын прокурорын шийдвэрийг хянах үндэслэл байхгүй. Гэтэл дээд шатны прокурор буюу Ерөнхий прокурор ***ийн шийдвэрийг хянах болсон нь тодорхойгүй. Энэ талаар мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд бичсэн. Захиргааны хэргийн материалын *** хуудсанд *** дэх сум дундын ерөнхий прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5/02 тогтоол авагдсан. Энэ тогтоолд *** прокурор гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хэрэг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг сэргээхдээ яагаад сэргээсэн гэдэг нь тодорхойгүй. Хэрэв сэргээх байсан бол тухайн үедээ үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гэдгийг шалгуулаад шийдвэрлэх боломж хэзээ байсан гэдгийг хэргийн материалын 77 дугаар хуудсанд байгаа *** аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор нотолжээ. *** 2021 оны 02 дугаар сард шийдвэр гаргасан. Шийдвэр гарснаас хойш 3 сарын дараа буюу 2021 оны 05 дугаар сард шалгалт хийхээр болсон. Энэ шалгалтын зорилго нь хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаад байгаа прокуроруудын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна уу гэдгийг шалгах юм. Шалгалтын удирдамжийн 4.5-д шалгалт явуулах чиглэлийг тодорхойлж өгсөн. Энэ чиглэлд прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэхдээ хэргийн материалд цуглуулсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна уу гэдэгтэй танилцана. Шалгалтыг *** сум дахь ерөнхий прокурор хийсэн. Шалгалтын хариуд 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/11 илтгэх хуудас аймгийн прокурорын газарт бичсэн.
Прокурорууд гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэргийн материалд авагдсан нотлох баримтад тулгуурлаад хууль зүйн үндэслэлтэй хуулийн заалтыг зөв баримтлаад материалуудыг шийдвэрлэсэн байна гэж бичсэн байгаа. Хэрэв ***ид нөлөөлж шийдвэр гаргуулсан бол дээд шатны байгууллагад шалгуулах гээд шалгалт хийлгүүлэх зорилго байхгүй.
Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.14-д хэргийн оролцогч эсвэл тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй ямар нэгэн арга хэрэгсэл, үйлдэл гаргасан байхыг зөрчил гэж үзнэ гэж заасан. Хувийн харилцаа тогтоох нь тусламж авах, хувьдаа ашиг олох, төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчлүүлэх, хууль бус хангамж эдлэх, албан тушаалын нэр хүндийг ашиглан ямар нэг давуу байдал бий болгох гэсэн ийм үйлдлүүд байдаг. Гэтэл *** прокурорыг хэргийн оролцогч болох хүн, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй харилцаа харилцаа тогтоожээ гэж үзээд байгаа юм. Харилцаа тогтооно гэдэг нь хэргийн оролцогч болохоос өмнө хэргийн оролцогч этгээдүүдийг огт таньдаггүй байхыг хэлнэ. Танихгүй байсан хүмүүс, өөрөөр хэлбэл шүүгч, прокурор, эсвэл мөрдөгч хэрэг материал шалгах явцдаа аль нэг хэргийн хохирогч, гэрч, сэжигтнийг анх таньдаг болсон, үүнээс хойш энэ шугамаар дамжуулан хувийн, найз нөхдийн харилцаа тогтоогоод явахыг хэлнэ. Харилцаа тогтооно гэдэг нь анхнаасаа таньдаггүй байсан хүмүүс хэрэг маргааны шугамаар танилцаад хувийн харилцаа тогтоохыг хэлнэ. Эсрэгээр нь миний таньдаг байсан хүний хүүхэд буюу хамаарал бүхий этгээд хэргийн оролцогч болсон. Түүнээс биш хэргийн оролцогчтой дараа танилцаж харилцаа тогтоогоогүй. Гэтэл Ёс зүйн хороо энэ нь ийм асуудал биш гэж үзээд Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.14 дэх заалтыг зөрчсөн гэж үзээд дүгнэлт гаргасан. Жишээ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг би мөн л ажил хэргийн шугамаар таньдаг. Миний хувьд өмнө таньдаг байсан хүн гомдол мэдээллийн дагуу шалгагдаад явж байгаа гэж яригдаад өнгөрсөн. Түүнээс биш хэргийн оролцогчийг танихгүй байж байгаад, таньдаг болж харилцаа хамаарал үүсгэсэн ямар нэгэн зүйл байхгүй. Ёс зүйн хорооны гаргасан Прокурорын ёс зүйн дүрмийн 2 заалтыг зөрчсөн гэж үзэж *** дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Прокурорын ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталдаг. Энэ дүрэм, журмыг харахаар прокурортой холбоотой асуудлыг зохицуулсан байхад эдгээр журмуудыг зөрчсөн үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл би Прокурорын ёс зүйн зөвлөл дүгнэлт гаргах үед прокурор биш, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж иргэн болсон байсан. Би Ёс зүйн дүрмийн заалтыг зөрчсөн үү, үгүй юу гэдэг асуудал нь эцсийн бүлэгтээ прокуророор ажиллаж байхдаа дүрэм зөрчөөд хариуцлага тооцох уу, үгүй юу гэдэг асуудал юм.
Прокурор биш болсон хүнд Ёс зүйн зөвлөл дүгнэлт гаргаж байгаа нь ямар ач холбогдолтой юм. Дүрэм, журмын зорилго, агуулгад хэрхэн нийцэж байгаа гэдэг нь ойлгомжгүй. Ёс зүйн зөвлөл ажлаа өгснөөс хойш жилийн дараа дүгнэлт гаргаад байгаа нь хууль бус үндэслэлгүй байна. Прокуророор ажиллаж байгаа хүнийг Ёс зүйн хорооны хурлаар оруулж ёс зүйн асуудлыг шийдвэрлэх ёстой байтал прокуророор ажиллахаа больсон хүнийг хурлаар оруулж дүгнэлт гаргана гэдэг үндэслэлгүй.
Прокуророор ажиллаж байгаад шүүгч болсон хүнийг дуудаж ёс зүйн шийтгэл оногдуулах юм уу. Ёс зүйн зөвлөлийн хурал дээр ёс зүй зөрсөн үү, үгүй юу гэдгийг шүүлгүүлэх гэж зогсож байгаа хүн нь прокурор байх ёстой. Тийм учраас үндэслэлгүй хууль бус *** дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.
Бүхэлд нь болсон процессыг харахад бодит фактад тулгуурласан гэхээс илүү надад чиглэсэн асуудал байгаа юм. Зөв нь юу байсан гэхээр ёс зүйн зөвлөл дээр асуудал хэлэлцье, гэмт хэргийн шинжтэй эсвэл зөрчлийн шинжтэй бол холбогдох байгууллагад шилжүүлээд, ёс зүйн зөрчлийн шинжтэй бол ёс зүйн зөвлөлд шилжүүлэн шийдвэрлэх ёстой. Гэтэл ийм процесс болоогүй. Бүтэн жилийн хугацаанд гүйцэтгэх ажил явуулж, нууцаар тагнаж байгаад гэмт хэргийн шинжтэй гэж үзээд 3 шатны шүүх гэмт хэрэг шинжгүй гэж хэргийг хаасны дараа ёс зүй зөрчил байна гэж үзсэн. Хэрэв хэргийн оролцогч, иргэдээс надтай холбоотой гомдол мэдээлэл гаргаад шалгасан бол би үнэн зөвийг тогтоолгох гэж шалгуулах байсан. Гэтэл эзэн холбогдогчгүй асуудал дээр шалгалт хийгээд байгаа юм. Ажилд орох хүсэлт гаргасан тул шалгалт хийсэн гэж хариуцагчаас тайлбарлаж байна. Ёс зүйн зөрчлийг шалгах үндэслэлд ажилд орохыг хүссэн бол шалгана гэсэн үндэслэл огт байхгүй. Ажилд орох өргөдлийг хүний нөөц буюу хэрэг эрхлэх газар нь шийддэг. Хэнийг томилох, хэнийг чөлөөлөх, шилжүүлэх нь хүний нөөц буюу хэрэг эрхлэх газрын эрх хэмжээний асуудал Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтэст хүн ажилд орох өргөдөл ямар ч хамааралгүй. Дотоод аюулгүй хэлтэст хэргийг шилжүүлээд ажилд оръё гэсэн өргөдлийн төлөө яагаад ёс зүйгээр хэлэлцэнэ гэдэг юм. Би 10 жил прокурор хийсэн. Ерөнхийдөө дан ганц мөрдөнгийн чиглэлээр хяналт тавьж байсан. Хууль бус үндэслэлгүй зүйлийг хүчээр зүтгүүлбэл болж өгдөггүй юм. Эрүүгийн хэргийг ч гэсэн зүтгүүлээд, зүтгүүлээд 3 шатны шүүхээр цагаадсан. Цагаатгасан үйл баримтыг Ёс зүйн зөвлөл яриад байна.
Нотлох баримт шинжлэн судлуулахад тодруулаад ёс зүйн дүгнэлт дээр хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр хаана, ямар хэлбэрээр заавар, зөвлөгөө өгсөн үүнийг бичих ёстой. Хаана, хэзээ, ямар арга хэлбэрээр гэдэг тодорхойлолт байх ёстой гэтэл тийм зүйл байхгүй. Заавар, зөвлөгөө өгсөн гэдэг хий хоосон зүйл яриад байдаг. Тэр хүн өөрт нь хэн нэгэн этгээд нөлөөлөөд байна гэж үзэх юм бол тэр хүний бүрэн эрхийн асуудал. Нөлөөллийн мэдүүлэг бичих эсэх нь түүнээс биш Улсын ерөнхий прокурорын газрын прокурор бичихгүй байсан юм, бичих ёстой байсан гэж арга хэмжээ авдаг, нөлөөлсөн гэж бичүүлдэг зүйл хаана ч байхгүй. Харилцаа тогтооно гэдэг нь харилцаагүй байсан хүмүүс харилцаатай болохыг хэлнэ. Тэгээд ч тэр хүн нэг л удаа уулзаад явсан. Уулзахад гомдол мэдээг мэдээгүй байсан гэдэг тайлбарыг бүгдээрээ хэлээд байна. Шүүх дээр энэ асуудал баримтаар нотлогдсон. Мөн хоёр тусдаа дүгнэлт гарсан гэж буруу ойлгож байсан байна. Тиймээс ***дүгнэлтийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Бодит нөхцөл байдалд нийцсэн дүгнэлт гаргаагүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлээ дэмжиж байна. гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа:
... Прокурорын ёс зүйн зөвлөл 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар *** аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан *** прокурорын ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх асуудлаар явуулсан шалгалтын дүнг хянан хэлэлцээд, *** нь *** аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байхдаа Прокурорын ёс зүйн дүрэм-ийн 2.3 дугаар зүйлийн 2.3.3, 2.4 дүгээр зүйлийн 2.4.14, *** нь *** сум дахь сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байхдаа Прокурорын ёс зүйн дүрэм"-ийн 2.3 дугаар зүйлийн 2.3.7, 2.4 дүгээр зүйлийн 2.4.15-д заасан хэм хэмжээг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан.
-Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 2.3.3-т заасан хэм хэмжээг зөрчсөн талаар:
*** нь *** аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байхдаа тус аймгийн *** сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ***ийн хяналтад хуваарилагдсан *** бусдад хутгалуулсан гэх гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөрчлийн шинж байгаа эсэх, аргагүй хамгаалалт талаас нь судлах" зөвлөгөө, зааварчилгаа өгсөн болох нь ***ийн шалгалтын явцад 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өгсөн тайлбар, прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд гаргасан тайлбар, *** аймгийн *** сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдсон.
*** нь харьяалагдах хяналтын прокуроруудыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан гэж маргаж байгаа боловч *** бусдад хутгалуулсан гэх гомдолд холбогдогч ***ын төрсөн эцэг ***тэй уулзаж харилцаа тогтоосны улмаас дээрх гомдол шалган шийдвэрлэж буй ажиллагаанд нөлөөлж заавар, зөвлөгөө өгсөн үйл баримт тогтоогдсон.
-Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.14-т заасан хэм хэмжээг зөрчсөн талаар:
*** нь *** бусдад хутгалуулсан гэх гомдол, мэдээллийг шалгах, хянах явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч ***ын төрсөн эцэг ***тэй урьд нь хамт ажиллаж байсан, нэг нутгийн хүн гэж хувийн харилцаа тогтоосон болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
***ийн шалгалтын явцад өгсөн: ...Миний бие 2008-2010 онд Завхан аймгийн сум дундын шүүхэд шүүгчийн туслах хийдэг байхад, ***ын аав нь жижүүр хийдэг хамт ажилладаг байсан юм. Аавтайгаа цуг явж байхад нь уулзсан ..." гэсэн тайлбар,
*** нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанд гаргасан "... ***тэй уулзсаны 2, 3 хоногийн дараа гомдол, мэдээлэл нь орж ирж байгааг мэдсэн. Догмиддоржтой утсаар яриад анхаарч сайн хянаарай нөхрийнх нь үйлдэл зөрчлийн шинжтэй юм байх шиг байна гэсэн. ...мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж байна гэж ойлгож байгаа. ..." гэсэн тайлбар,
*** аймгийн *** сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар цагаатгах тогтоолд:
Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Надад ярихдаа аавынх нь хуурай дүү *** аймгийн прокурорын газрын орлогч прокурор хийдэг гэж ярьж байсан.... гэсэн мэдүүлэг;
Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...дээрх хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд охин ***ын байгаа газар очихоор явсан. Тэгээд *** дээр очоод утсаар ярьж ***тэй биеэр уулзаад зам заалгаад цаашаа явсан... гэсэн мэдүүлэг;
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...*** нь манай Завхан аймгийн шүүхэд ажилладаг байсан ба манай аав *** нь таньдаг юм байна лээ. Манай аав *** *** аймагт ирж ***тэй утсаар ярьж зөвлөгөө авч байсан юм. Миний энэ асуудлын талаар л зөвлөгөө авсан байсан. Түүнээс ах дүү төрөл садны хамаарал байхгүй... гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдсон.
*** бусдад хутгалуулсан" гэх гомдол, мэдээллийг шалгах явцад *** аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан *** нь гомдол, мэдээлэлд хяналт тавьж байсан хяналтын прокурор *** руу холбогдон зөвлөгөө, зааварчилга өгсөн.
Улмаар хяналтын прокурор *** нь мөрдөгчөөс гаргасан ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг хянаад, удаа дараа нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан.
Мөрдөгчөөс хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж ирүүлснийг хянаад, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр *** дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Дээрх шийдвэрийг *** аймгийн *** сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор *** хянаад, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай тогтоолоор хяналтын прокурор ***ийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай *** дугаар тогтоолыг хүчингүй болгосон, хяналтын прокурор *** 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 5/09 дугаартай тогтоолоор хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр *** нь Прокурорын ёс зүйн дүрмийн 2 3 дугаар зүйлийн 2.3.3, 2.4 дүгээр зүйлийн 2.4.14-д заасан хэм хэмжээг зөрчсөн болох нь тогтоогдсон.
-Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын талаар:
... Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар Прокурорын ёс зүйн дүрэм, хоёрдугаар хавсралтаар "Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам-ыг тус тус баталсан.
Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам-д зааснаар прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх шалгалтыг Улсын ерөнхий прокурорын газрын хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж явуулдаг.
Шалгалтыг явуулахдаа гомдол гаргагч, бусад этгээдээс тайлбар авах, бичиг баримт, нотлох баримтыг шинжлэн судлах, бэхжүүлж авах, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нотлох баримт шаардан гаргуулах, тайлбар авах, хавтаст хэргээс хуулбар хийх зэргээр зөрчлийг шалгах, нотлох ажиллагааг хийж гүйцэтгэдэг бөгөөд ***, *** нар ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхийг шалгасан шалгалтын ажиллагаа энэхүү журамд заасны дагуу явагдсан.
Прокурорын ёс зүйн зөвлөл нь цугларсан баримтуудад үндэслэн, хуралдаанаар хэлэлцэн, хараат бусаар бие даан гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж, дүгнэлтийг гаргасан. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд шалгалтын явцад цугларсан баримтуудаас дурдсан нь хууль, дүрэм, журмын заалтыг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*** нь *** аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байхдаа *** сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ***ийн хяналтад хуваарилагдсан *** бусдад хутгалуулсан гэсэн гомдол-ыг шийдвэрлэх талаар зөрчлийн шинж байгаа эсэхийг хараарай, аргагүй хамгаалалт талаас нь судлаарай гэх байдлаар зөвлөгөө зааварчилга өгсөн нь шалгалтын явцад авсан мэдүүлэг, тайлбаруудаар тогтоогдсон. *** аймгийн *** сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдаанд өгсөн ***ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бусдын хяналтад байсан гомдол мэдээллийг хэрхэн шийдэх талаар заавар зөвлөгөө өгсөн болох нь тогтоогдсон гэж дүгнэлт гарсан. Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.14-д заасан хэм хэмжээг зөрчсөн байдаг. Энэ талаар тодруулахад *** бусдад хутгалуулсан гэх гомдол, мэдээллийг шалгах явцдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох ***ын төрсөн эцэг ***тэй урьд нь хамт ажиллаж байсан, нэг нутгийн хүн гэж хувийн харилцаа тогтоосон нь баримтуудаар тогтоогдсон.
Түүнчлэн ***ийн шалгалтын явцад өгсөн мэдүүлгүүд байдаг. ***ын аавтай хамт ажиллаж байсан, очиж уулзсан талаар ёс зүйн зөвлөлийн хурал дээр тайлбар өгсөн. Мөн цагаатгах тогтоолд дурдсан мэдүүлгүүд, хохирогч ***ы мэдүүлэг, ***гийн *** сум дээр очиж утсаар яриад ***тэй биечилж уулзсан гэх мэдүүлэг, мөн ***ын гэрчээр өгсөн аавынх нь хуурай дүү *** аймгийн прокурорын газрын орлогч прокурор хийдэг, *** нь манай аавтай шүүхэд хамт ажилладаг байсан гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон.
Нэхэмжлэгчээс харилцаа тогтоосон гэдэг нь танихгүй байсан хүмүүс таньдаг болохыг хэлнэ, өмнө нь таньдаг байсан хүмүүс ямар нэгэн байдлаар энэ агуулгад орохгүй гэж тайлбарлаж болохгүй. Мөн хэрэг гарсан үед *** утасдаад, уулзаад хэрэг маргааны талаар мэдээлэл өгсөн. Үүний улмаас ***, *** руу утасдаж хэргийн талаар аргагүй хамгаалалт талаас нь хараарай. Дээд шүүхийн тайлбар, тогтоолуудыг хараарай зэрэг зааварчилга өгсөн байдаг.
*** бусдад хутгалуулсан гэх гомдлыг *** прокурорт цохогдон шийдвэрлэгдсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах гээд ирэхээр мэдүүлгүүд нь зөрүүтэй байна, дахин шалга гэж буцаадаг, дахиад ирэхээр дахин буцаадаг. Мөрдөгч хэрэг нээх тогтоол үйлдээд ирэхээр тогтоолыг нь хүчингүй болгоод хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд үнэхээр аргагүй хамгаалалт уу, үгүй юу, мэдүүлгүүдийнх нь зөрүүг арилга гэх мэт ажиллагаанууд хийх боломжтой байхад илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан байдаг. Энэ үндэслэлгүй шийдвэрийг *** сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор хянаад *** прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон.
***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.6.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээр дурдсан үндэслэлүүдээр *** прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.3, 2.4.14-д заасан хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэлт гарсан.
Аймгийн прокурорын газраас удирдамж явуулан сум дундын прокурорын газарт шалгалт хийх удирдамж хүргүүлсэн. Энэ шалгалтаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бүх материалууд хянагдсан. Шалгалт хийж тухайн үед энэ зөрчлийг илрүүлээгүй, ямар ч зөрчил алга гэж дээд шатны аймгийн прокурорын газарт илтгэх хуудас явуулсан. *** прокурорын материалд өгсөн тайлбар байгаа. Би ажлын ачааллаас шалтгаалаад *** прокуророор өөрөөр нь шалгалтыг хийлгэсэн. Энэ үйлдэл нь алдаа гарсан байна гэсэн агуулгатай тайлбар шүүхэд гаргаж шалгалтын явцад тогтоогдсон. *** прокурор өөрөө шалгалт хийсэн учраас мэдээж зөрчлөө илрүүлэх боломж байхгүй.
***, *** прокурор нарын хувьд 2023 оны 03 дугаар сард ажилд эргэж орох хүсэлт гаргасан байсан. Энэ хүсэлттэй холбогдуулан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс өргөдлийг шийдэж, гаргаж байсан шийдвэрүүд нь үндэстэй байна уу гэдэг ажиллагаа явагдаад Улсын Ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс шалгаж байсан хүсэлтээ Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлтэст ирүүлсэн байгаа. Энэ ***, *** нартай холбоотой асуудал ёс зүй зөрчсөн байж болзошгүй гэж мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлтэст хүсэлтийг шилжүүлсэн. Ёс зүйн дүрмийн 3.4.4-д зааснаар прокурорын газраас санал хүсэлт ирүүлсэн гэдгээр Ёс зүйн зөвлөл шалгаад шийдсэн процесс байгаа. Бусдын хяналтад байгаа хэрэг материалд заавар, зөвлөгөө өгсөн, хэргийн оролцогчтой харилцаа холбоо тогтоосон гэдэг асуудлууд 2021 оны 01 дүгээр болон 02 дугаар сард болсон. Энэ үед *** нь *** аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Маргаан үүсгээд байгаа процесс нь прокурор байх үед болсон учраас ёс зүйн дүрэм зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан.
***, *** нартай холбоотой асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэж үзээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс нотлох баримт цуглуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн давуу байдал бий болгоогүй байна гэсэн үндэслэлээр цагаатгасан. Шалгалтын явцад бол шүүх хуралдаан дээр *** *** над руу утсаар ярьсан гэж мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг дээр магадалгаа байсан. Магадалгаа нь өөрөө журмаа зөрчсөн учраас нотлох баримт болж чадаагүй, хэрэг нь цагаадсан. Гэмт хэрэг биш боловч ёс зүй зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарсан. Дээд шатын прокурор шалгалт хийдэг, гомдол хянадаг гэж яриад байна. Мэдээж гомдлыг дээд шатны прокурор хянана. Хяналтын прокурорын шийдвэрт гарсан гомдлыг дээд шатны прокурор хянаж хариу өгнө. Хяналтын прокурорын албан тушаалын тодорхойлолтод шалгалт, судалгаа хийнэ гэж байгаа. Шаардлагатай тохиолдолд шалгалт, судалгааг хяналтын прокурор хийнэ. Одоо ч хийж байгаа. Зам-Үүд сумын сум дундах прокурорын газрын тухайд 4, 5 прокурор ажиллаж байгаа учраас *** прокурор тухайн үед хяналтын прокуророор шалгалт хийлгэсэн гэдэг тайлбар өгсөн байсан. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч *** *** аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан цаг хугацаанд болсон асуудал. Үүнтэй холбоотой ***т холбогдох хэргийг эрүүгийн хэргийг анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээр хянагдаад 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Үүнээс хойш 03 дугаар сарын 01-ний өдөр *** буцаж прокурорын байгууллагад ажилд орох өргөдөл өгсөн. Прокурорын байгууллагад ажиллаж байгаад ямар нэгэн байдлаар чөлөөлөгдөөд буцаж ажилд орсон тохиолдолд чөлөөлөгдөх үндэслэл нь юу байсан гэхээр хяналт шалгалтын ажиллагаа явагдаад тухайн тогтоогдсон нөхцөл байдлыг Монгол Улсын Ерөнхий прокурорт танилцуулдаг. ***ийн гаргасан өргөдлийг хүлээж аваад 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст гаргасан гомдол, өргөдлийг шилжүүлж ирүүлсэн. Өргөдлийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулаад Ерөнхий прокурорт танилцуулсан. Ерөнхий прокурорт танилцуулсны дагуу Прокурорын ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж дүгнэлт гарсан.
Мөн тухайн гомдол мэдээлэл *** прокурорын хяналтад байгаагүй бусдын хяналтад байсан гэж ойлгоно. Хэдийгээр *** аймгийн прокурорын газрын харьяалагдах сум дундын прокурорын газрын хяналтад байгаа гомдол, мэдээллийг үзэж харах, зөвлөгөө өгөх эрхтэй гэдэг байдлаар хандаад байх шиг байна. *** прокурор бие дааж тухайн гомдолд хяналт тавьж, ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр шийдвэр гаргах ёстой. Дээд шатны прокуророос өгсөн үүрэг чиглэлийн дагуу гомдол хүсэлтийг хянах явцад тухайн гомдол мэдээллийг хянаж үзэх эрх нь нээлттэй. Гэтэл тухайн үед ***ийн хяналтад байсан мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө би утсаар ярьсан, сайн хараарай, зөрчлийн шинжтэй юм шүү гэдэг зөвлөгөө өгсөн гэж байгаа. Тухайн болсон асуудал нь 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болсон. 09 дүгээр сарын 20-ны өдөр ***ы биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон гэдэг дүгнэлт гарсан байдаг. Үүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Тухайн үед *** прокурор *** руу ярьсан гэдгээ шалгалтын явцад өгч байсан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрч байсан.
Эрүүгийн хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгож цагаатгасан шалтгаан нь Хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг бэхжүүлж, цуглуулах ёстой гэдэг журмыг зөрчсөнөөс тухайн хэрэгт авагдсан нотлох баримтууд нотолгооны ач холбогдлоо алдсан. Гэмт хэргийн шинжтэй байхад *** прокурорын хувьд гомдол мэдээллийг удаа дараа буцааж байгаа шийдвэр хууль ёсны биш. Мөрдөгчөөс хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаад үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа юм. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, тухайн эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгох гэдэг нь 2 өөр ойлголт.
***ийн ажилд орох хүсэлтийг хэрэг эрхлэх газар хүлээж аваад, Ерөнхий прокурорт танилцуулагдаж, Дотоод хяналт шалгалтын хэлтэст ирсэн. Дотоод албан бичиг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс ирсний дагуу Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс хүлээж авч шалгасан. Үүнээс хэн нэгэн этгээдийн эзэн биегүй гомдол, хүсэлтийг хүлээж авч шалгаагүй. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *** нь Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт холбогдуулан Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дүгнэлтийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр маргасан.
2.1. *** аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор байхад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан,
2.2. Прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн байхад Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн,
2.3.Прокурорын ёс зүйн зөвлөл нь баримтад тулгуурласан бодитой, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй.
2.4.Эрүүгийн хэрэгт гэрч, хохирогчоор тогтоогдсон хүмүүсийн мэдүүлэг Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөнийг нотолж байгаа гэж дүгнэлтэд тусгасан нь үндэслэлгүй.
3. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дүгнэлтийг *** эс зөвшөөрч, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаж, /х.х-17/ тус прокурорын газраас 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар хариу мэдэгдэх хуудсыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүргүүлсэн байна.
4. ***ийг *** аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байхдаа *** сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор ***ид хууль бусаар нөлөөлж иргэн ***д холбогдох гэмт хэргийн шинжтэй гомдлыг шийдвэрлэхэд оролцож давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр ***, *** нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсээс *** дэх сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. /х.х-111/
4.1. *** аймгийн *** сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар Цагаатгах тогтоолоор ...шүүгдэгч ***ийг ... заасан гэмт хэрэгт тус, тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хэргийг прокурорт буцааж, /х.х-112-126/
4.2.*** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар магадлалаар *** аймгийн *** сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Прокурорын газрын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,
4.3.Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
5. *** аймгийн *** сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар цагаатгах тогтоолын гэм буруугийн талаар дүгнэсэн хэсгийн 4-т /х.х-125/ ...*** нь ***ид ... болон бусад байдлаар, *** нь ... ашигтай байдал бий болгохоор хэн нэгэнд урьдчилан амлалт өгсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. гэж, *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ДШМ/47 дугаар магадлалын Тодорхойлох хэсгийн 5.1 /х.х-98/ ...Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ***д давуу байдал бий болгосон гэж үзэх гэмт хэргийн шинж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шүүгдэгч нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй зөв болсон... гэж тус тус дүгнэсэн байна.
6.*** аймгийн *** сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр *** дугаар тогтоолоор хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
7. Монгол Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн *** дүгнэлтээр ***ийг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 2.3.3 дахь хэсэгт заасан ...харьяаллын бус бусдын хяналтад байгаа хэрэг материалтай танилцах, зөвлөгөө өгөх..., 2.4 дүгээр зүйлийн 2.4.14 дэх хэсэгт заасан ..хэргийн оролцогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй хувийн харилцаа тогтоох...албан тушаалын нэр хүндийг ашиглан ямар нэгэн давуу байдал бий болгохыг хориглоно.. гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн нь дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр цагаатгах тогтоолоор үгүйсгэгдэж байна.
8. *** нь Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцдаа өөрийн хүсэлтээр Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалаар прокурорын албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд /х.х-173/ шүүхийн цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн уг тогтоолоор дүгнэсэн үйл баримтыг Прокурорын Ёс зүйн зөвлөл шалгаж, дүгнэлт гаргасан нь Прокурорын тухай хуулийн *** зүйлийн 65.1-д Прокурор ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус ёс зүйн зөвлөлтэй байна., 66 дугаар зүйлийн 66.3.Мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ. Прокурорын ёс зүйн дүрмийн 3.7-д Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь нотлогдвол тухайн прокурорт Прокурорын тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно. гэж заасанд нийцээгүй.
9.Түүнчлэн шүүхийн цагаатгах тогтоол гарсаны дараа ***ийг прокурорын албан тушаалд эргэн ажиллах хүсэлт гаргасантай холбогдуулан түүний *** аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байхдаа ёс зүйн зөрчил гаргасныг шалгаж, тогтоосон гэх хариуцагчийн тайлбараас үзэхэд Прокурорын ёс зүйн дүрмийн 1.2-т Прокурорын ёс зүйн дүрмийн зорилт нь прокурорын албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх; прокурорын ёс зүй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, прокурорт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх; прокурорын хараат бус байдлыг хамгаалахад оршино. гэх зорилтод нийцээгүй, зорилго нь тодорхойгүй, эрх зүйн үр дагавар үүсэхгүй, түүнчлэн ***ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан шинжтэй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
10.Иймд нэхэмжлэгч ***ээс Улсын Ерөнхий прокурорын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дүгнэлтийн ***т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын тухай хуулийн *** зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар нэхэмжлэгч ***ээс Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дүгнэлтийн ***т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН