| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04986/И |
| Дугаар | 181/ШШ2024/03550 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2024/03550
2024 09 27 181/ШШ2024/03550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... тоотод байрлах АК ББСБ ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй Э.Аыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.А нь "Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ" байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021-07-26-нд ... тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 3,300,000 төгрөгийн зээлийг 2%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021-10-22-нд ... тоот "Цахим зээлийн гэрээ-г байгуулж 620,000 төгрөгийн зээлийг 2%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021-10-20-нд ... тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 320,000 төгрөгийн зээлийг 2%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.
Зээлийн гэрээний үүрэгт төлбөр шаардаж харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024.02.27 өдрийн 182/ШЗ2024/... тоот захирамжаар Хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох Засаг даргын нь тодорхойлолтоор тогтоогдсон тул Хэргийг хэрэгсэхгүй болгон захирамжилсан. Иймд Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Аыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч АК ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Аыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.
Э.Атай байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, АК ББСБ ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримт нь хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.
Э.А нь ... тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2024/... дугаар захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Э.А /РД:.../-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.А /РД:.../-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Аыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч АК ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М. /утас:./, П.Б. /утас:./-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА