Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/111

 

 

 

 

 

 

  2023             01              25                                     2023/ДШМ/111

 

 

         Г.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ц,

шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Ц.Д,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1722 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Ц.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Х-д холбогдох ................. дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 7 дугаар сард ... аймгийн .... сумын ......  дугаар багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, уг өвсийг даавуунд хийж сэгсрэн тоосыг нь, мөн ахуйн газаар шахаж тосыг нь гаргаж аван хооронд нь хольж “шавар” гэх нэршилтэй бодис болгон бэлтгэсэн,

мөн 2022 оны 7 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр дээрх ургамал мэт зүйлээс 179.3 грамм жинтэйг Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ..... орон сууцны .... тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Х-г үргэлжилсэн үйлдлээр “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Х-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Х-д оногдуулсан Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэснийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан №4 гэж дугаарласан хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт зэргийг Монгол банкинд хүргүүлэх, №1 гэж дугаарласан цаас болон зиплок түгжээтэй гялгар уутны хамт 8.7 грамм жинтэй ногоон өнгийн нунтаг тоос мэт зүйл, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар уут болон зиплок түгжээтэй гялгар уутны хамт 4.5 грамм жинтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан хар ногоон өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон карт 2 ширхэг, №5 гэж дугаарласан цэвэр усны хуванцар сав, даавуу мэт зүйлийн хамт 113.9 грамм жинтэй нойтон чийгтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан дотор хэсэг хар ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон шаазан аяга 1 ширхэг, №7 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон хажуу хэсэгт нь цоолсон, дотроо хуйлсан 50 төгрөгийн дэвсгэртэй “………………” гэсэн бичигтэй хуванцар сав 1 ширхэг, №8 гэж дугаарласан гар утасны цаасан хайрцгийн хамт 111.1 грамм жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл /Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч Г.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би маш их харамсаж байна. Хоёр нялх хүүхдийнхээ өмнө асар их үүрэг хариуцлага хүлээж яваа гэдгээ ухамсарлан ойлгож, өөртөө маш их гутарч байна. Би мансуурах төрлийн өвсийг дахин хэрэглэхгүй байж, өвчнөө эмнэлгийн журмаар эмчлүүлэн үр хүүхдүүдээ эрүүл саруул, элэг бүтэн байлгахын төлөө өөрийн хүчийг дайчлан ажиллаж амьдрах болно гэдгээ амлаж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. Мөн шүүхээс зорчих эрх хязгаарлах ялаар өөрчлөх боломжгүй гэж дүгнэвэл хорих ялыг багасгаж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Х-ийн өмгөөлөгч Ц.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах ялын төрөлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзнэ” гэж заасан. Г.Х-ийн бага насны 2 хүүхэд нь түүний асрамжид байдаг. Бага насны хүүхдүүдэд нь эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай, хүүхдүүдийн ирээдүй хүнд нөхцөлд үлдэж байгаа тул түүний энэхүү хувийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөх, эсхүл хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Ц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Х-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож анхан шатны шүүхээс түүний хувийн байдлыг харгалзаад хөнгөн ял оногдуулсан байдаг. Энэ удаагийн түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд нь 2 жилийн хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Ц.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 7 дугаар сард ... аймгийн ..... сумын .....  дугаар багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, уг өвсийг даавуунд хийж сэгсрэн тоосыг нь, мөн ахуйн газаар шахаж тосыг нь гаргаж аван хооронд нь хольж “шавар” гэх нэршилтэй бодис болгон бэлтгэсэн,

мөн 2022 оны 7 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр дээрх 179.3 грамм жинтэй ургамал мэт зүйлийг .... дүүргийн ... дугаар хороо, ..... орон сууцны ......... тоотод хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-18/, хүний биед нэгжлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 19-24/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх 31/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “Г.Х ...... 2022.08.31” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Г.Х ........... 2022.08.31” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно....” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4278 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 43-45/,

“...Үзлэгээр хураан авсан 1, 2, 8 гэж дугаарласан “ургамал” мэт зүйл, цэнхэр, улаан өнгийн 2 ширхэг карт, АМ2236581 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “В” гэсэн бичиглэлтэй, хуванцар савтай нойтон ургамал мэт зүйлээс тус тус Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн болохыг тогтоосон...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4258 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 49-54/,

яллагдагч Г.Х-ийн “...Би 2022 оны 7 дугаар сард наадмын өмнө .... аймгийн ......... сумын нутаг ......... дугаар багт замын машинаар очиж эзгүй хээр талаас каннабис нэртэй өвсийг гялгар уутанд түүгээд буцаад Улаанбаатар хотод ирээд одоо түрээслэн амьдарч байгаа .... дүүргийн ......... дугаар хороо, ..........  орон сууц ..........  тоотод гэртээ авч ирээд гялгар уутнаас нь гаргаж хатаагаад хааяа ундааны хуванцар савыг хажуу талаас нь цоолж, тугалган цаасыг тогоо шиг хэлбэрт оруулж байгаад өвснөөсөө бага зэргийг хийж дээрээс нь асаагуураар шатааж гарсан утааг нь хуйлсан мөнгөн дэвсгэртээр сорж хэрэглэсэн. Мөн өвсөө даавуунд хийж сэгсрээд тоосыг нь гаргаж авсан. Өвсөө дахиж ундааны хуванцар саванд хийж савныхаа дээд, доод хэсгийг цоолоод ахуйн газаар шахаж тоосыг нь гаргаж аваад дээрх гаргаж авсан тоос, тос хоёроо холиод шавар гаргаж авч бас хэрэглэж үзсэн. Шавраа тугалган цаасан дээр тавьж байгаад доороос нь шатааж утааг нь хуйлсан мөнгөн дэвсгэртээр сорж хэрэглэдэг байсан. Тэгээд үлдсэн нь гэрт байж байгаад цагдаа нарт хураалгасан...” /хх 50-61/ гэх мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Х-г үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Х-ийн 2022 оны 7 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын /delta 9 tetrahydrocanninol/ агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заасан.

Шүүх, шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Г.Х “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. Мөн шүүхээс зорчих эрх хязгаарлах ялаар өөрчлөх боломжгүй гэж дүгнэвэл хорих ялыг багасгаж өгөхийг хүсэж байна. ...”, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөх, эсхүл хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар хуульчилсан заалт нь давж заалдах шатны шүүхэд эрх олгосон зохицуулалт бөгөөд шүүх гэм буруутай этгээдэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг үндсэн зарчмуудыг баримтлах ёстой.

Хавтас хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Г.Х нь бага насны Х.Ж /хх 79/, Х.Ж /хх 80/ нарын хоёр хүүхэдтэй болох нь тогтоогдож байх бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсныг хөнгөрүүлж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Харин шүүх, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 530 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол /хх 91/-оор шүүгдэгч Г.Х-ийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоогдсоноос 21 хоног өнгөрч, үлдэгдэл 1 жил 11 сар 9 хоногийн хугацаа болон мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон баримт хавтаст хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх давхардуулан өршөөн хэрэгсэхгүй болгож Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт зааснаар “...энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно. ...” гэж хуульчилсан тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Ц.Д нарын гаргасан давж заалдах гомдлуудын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн хэсгийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1722 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/1722 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

            4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй. 

          2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дугаар сарын 25-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ