Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/112

 

 

 

 

 

 

  2023             01              25                                    2023/ДШМ/112

 

 

         Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Э,

хохирогч С.Н-ийн өмгөөлөгч Н.О,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Б, Б.Х,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/897 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Н.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.А-д холбогдох ...............................дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчим ....... дүүргийн ... дугаар хороо, “.....” их дэлгүүрийн хойд замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 3.5. /а, в, г/, 3.4./а/, 3.7./а/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас буюу “Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч С.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 961.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас 1.242.305 төгрөг гаргуулж хохирогч С.Н-д олгож, хохирогч С.Н нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иймд дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс харгалзан үзэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/897 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэн Б.А-д хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараалал тогтооход шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хоёр үе шаттай явуулах уу, нэг үе шаттай явуулах уу гэж асуухад бидний зүгээс хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул нэг үе шаттай явуулах санал гаргасан. Ингээд нэг үе шаттай хурал явагдсан. Мөн шүүгдэгч цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмыг шүүхээс журамлаж хэрэглэх боломжтой байсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлах боломжтой байсан. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хохирогчоос уучлалт гуйж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч С.Н-ийн өмгөөлөгч Н.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч С.Н цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү. Ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож, маш их гэмшсэн байдаг. ...” гэв.

Прокурор Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.А нь өмнө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад Зөрчлийн хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянаад бусдад төлөх төлбөртэй болон өмнөх зөрчлийн хэргийг харгалзаад 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Прокуророос уг шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянана. Шүүгдэгч Б.А нь одоо хохирлыг бүрэн төлсөн байгаа нөхцөл байдлыг харгалзаад хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих заалтыг журамлаж шийдвэрлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн орчим ...... дүүргийн ... дугаар хороо, “.......” их дэлгүүрийн хойд замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 3.5. /а, в, г/, 3.4./а/, 3.7./а/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас буюу “Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч С.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Н-ийн “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн үед би “Элбэг” дэлгүүрийн арын замын явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлд зам хөндлөн гарч явах үедээ автомашинд мөргүүлсэн. Мөргөсөн автомашин баруунаасаа зүүн тийшээ чиглэлд явж байсан. Би баруунаасаа зүүн тийшээ явсан замын төгсгөлд мөргүүлсэн. Мөргөсөн жолооч залуу намайг ослын газраас өргөөд машиндаа суулгаад эмнэлэг явлаа гэж хэлээд хөдөлсөн. Тэгээд модны хоёр руу очоод ахыгаа хайгаад нэлээд явсан. Тэгээд Гранд плаза төв рүү очсон. Жолооч залууд утсаар ярьж хүүхдүүд рүү хэлмээр байна гэхэд миний утсыг өгөөгүй. Тэгээд гуйж байгаад утсаа аваад хүүхдүүд рүүгээ хэлсэн. ...” /хх 11/,

гэрч А.С-н “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны орой 21 цаг 30 минутын орчимд манай нагац дүү Б.А утсаар залгаад ахаа би хорооллын “....” их дэлгүүрийн урд замд явган хүний гарцаар гарч явсан настай эмэгтэй хүнийг автомашинаараа шүргэсэн. Та хаана байна гэхээр нь би Их дэлгүүрийн хажууд байна гэж хэлээд ах нь яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би баруун 4 замын “ТБД” андуудын автобусны буудал дээр очиход Б.А мөргөсөн хүнээ автомашиндаа суулгасан байж байхаар нь би 103 руу дуудлага өгсөн. 103, 10-20 минутын дараа ирээд мөргүүлсэн хүнийг аваад явсан. Би 103-тай хамт мөргүүлсэн хүний хамт Гэмтлийн эмнэлэг орсон. Гэмтлийн эмнэлэгт очоод уг эмнэлгийн цагдаад осол хийсэн талаар хэлж, замын цагдаа нар ирсэн. ...” /хх 48/,

яллагдагч Б.А-ийн “...цаг агаар бороотой, орой байсан тул харагдах орчин муу байх үед явган хүний гарцны өмнө би зогсоод, машинууд хөдлөхөөр нь дагаад хөдөлтөл зорчих хэсгийн хойд талаас нэг хүн гарч ирээд миний машины зүүн урд талын хэсэгт мөргүүлээд газар унасан. Тэгээд би машинаас буугаад тухайн хүнийг аваад эмнэлэг оръё гэж бодоод дагуулаад явж байгаад эмнэлэг олохгүй явж байгаад цагдаа түргэнд дуудлага мэдээлэл өгсөн. ...Би 2021 онд жолооч болсон. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2022 оны 3 дугаар сард Ховд аймагт согтуугаар машин жолоодож яваад 1 жилийн хугацаатай хасуулсан. ....” /хх 78/ гэх мэдүүлгүүд,

“...С.Н-ийн биед зүүн эгэм ясны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, тахимд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12171 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 53-54/,

“...Тоёота приус 20 маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 3.5 /а, в, г/, 3.4 /а/ 3.7./а/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас буюу “Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч С.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Явган зорчигч С.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэсэн мөрдөгчийн 1099 дугаар магадлагаа /хх 66-67/,

дуудлагын лавлагааны хуудас /хх 3/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 4-6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/, хохирлын баримтууд /хх 16-30/, хохирогчийн өвчний түүх /хх 32-36/, техникийн шинжээчийн дүгнэлт /хх 58-62/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 98-108/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, Б.А-г тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 3.5 /а, в, г/, 3.4 /а/ 3.7./а/ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Н.Б “...Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.А-д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчлөхөд энэ хэм хэмжээний агуулгатай нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.242.305 төгрөгийн /хх 158/ төлбөрийг хохирогч С.Н-д төлж барагдуулсан, мөн хохирогч С.Н-д цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотойгоор гэм хорын төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, 4.000.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд 2023 оны 2 дугаар сарын 10-ны дотор эмчилгээний 4.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон нь баримтаар тогтоогдож байна. Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Н.О-ээс “...Хохирол төлбөрийг барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Б.А-д хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйл байхгүй. ...” гэсэн тайлбар зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял шийтгэл оногдуулсныг өөрчилж, шүүгдэгч Б.А-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.А нь Ховд аймгийн ………….. сум, ... дүгээр баг, ...... дүгээр гудамжны ....... тоотод оршин суух бүртгэлтэй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч энэ талаараа өөрөө мэдүүлсэн тул Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх болохыг дурдаж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Н.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт болон зарим заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/897 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэж тус тус өөрчилж түүнийг нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-“Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 10 сар 9 хоногийн хугацаагаар тогтоосугай.”,

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар буюу Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 10 сар 9 хоногийн хугацаанд хориглож, хяналт тавихыг Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай”,

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.А-д мэдэгдсүгэй.”,

-“Шүүгдэгч Б.А нь хохирогч С.Н-д үлдэгдэл 5.242.305 төгрөг төлсөн болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ