Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2015 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00041

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Ч.Б-ын нэхэмжлэлтэй,  Ж.Б-д холбогдох

Шилжүүлсэн мөнгө болох 400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 20ы өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 4 дүгээр сарын 28-нд Х сумын иргэн Б-той утсаар ярин Зил-131 машины урд мост захиж Төрийн банкны ... тоот данснаас Б-ийн ....тоот дансанд 400.000 төгрөгийг шилжүүлсэн Б урд мост найдвартай авч ирж өгнө гэсэн боловч машины сэлбэг болохооргүй зүйлс хүнээр ачуулсан байсан. Тэдгээр зүйлийг нь үзээд тэр үед нь очиж ирсэн машинаар нь буцаагаад явуулсан. Удаа дараа утсаар ярьсан боловч удахгүй өгнө гэнэ гэсээр сүүлдээ утсаа авахаа байсан.

Иймд миний шилжүүлсэн 400.000 төгрөг болон шүүхэд зарцуулагдах бусад зардлыг Б-оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Б би Ч-Ө сумын иргэн Б-аас авто машины сэлбэг ОХУлсаас авч ирж өгөхөөр тохиролцож 400.000 төгрөг авч сэлбэгийг авч ирсэн боловч таарахгүй гээд аваагүй. Б-аас шилжүүлж авсан 400.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Цаг хугацааны хувьд 2015 оны 12 дугаар сард өгөх боломжтой байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ж.Б-оос шилжүүлсэн мөнгө болох 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б нь ....400.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна..... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Бы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Боос 6.320 төгрөг, улсын орлогоос буцаан 6.320 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Ч.Бы нэхэмжлэлийн шаардлага 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг хариуцагч Ж.Б төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.640 /арван хоёр мянга зургаан зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-оос 6.320 /зургаан мянга гурван зуун хорь/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 6.320 /зургаан мянга гурван зуун хорь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ