| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/06174/И |
| Дугаар | 182/ШШ2024/04742 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2024/04742
2024 11 14 182/ШШ2024/04742
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, ....-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Сарангэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ар эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Иргэн Б.Ариунжаргал 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр надтай Орон сууц хөлслөх гэрээ хийн миний өмчлөлийн байрыг түрээсэлсэн. 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрээ дуусгавар болоход ус дулаан, СӨХ цахилгааны зэрэг хэд хэдэн төлбөрийн үлдэгдэл үлдээсэн. Тухайн үед хэд хэдэн удаагийн оролдлогоор нэхсэн боловч өгнө гэж байсан боловч эцэст нь холбоо тасран сураггүй болсон. Мөн гарах үедээ, дараагийн хөлслөгчдөө байр хүлээлцэх үедээ авах ёстой гэж худлаа хэлэн 850,000 төгрөг авсан.
Ийнхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Ар холбогдуулан гэрээний үүрэгт 3,061,458 төгрөг гаргуулахаар хандсан билээ. Гэвч 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШЗ2024/18470 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүрэг дэх хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1 Орон сууц хөлслөх гэрээ /хх-3/
2.2 Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/
2.3 Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх-5-12/
2.4 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШЗ2024/18470 дугаар захирамж /хх-13/
3. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШЗ2024/17970 дугаар захирамжаар Б.Ариунжаргалын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийг бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч М.Тэмүүжин нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ар эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
М.Тн, Б.Ар нарын хооронд 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба Б.Ариунжаргал энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах М.Тэмүүжингийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
М.Тэмүүжин нь Б.Ариунжаргалын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .... нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14б байр, 82 тоотод оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШЗ2024/18470 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд М.Тэмүүжингийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ар эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагч М.Тэмүүжингийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч М.Тэмүүжингийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ар эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч М.Тэмүүжингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ар хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагч М.Тэмүүжин /9449-9600/-д мэдэгдэхийг Сүхбаатар Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ