Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/128

 

 

 

 

    2023            1              26                                         2023/ДШМ/128

 

Л.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/696 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 46 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Л.Бы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Бд холбогдох эрүүгийн 2110 01546 0749 дугаартай хэргийг 2023 оны 1 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

            Р овгийн Лын Б, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, хоёр ах, эгчийн хамт .............. дүүргийн .... дугаар хороо, ................... тоотод оршин суух хаягтай, /РД:......................./,

          - Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын

9-ний өдрийн 2019/ШЦТ/1002 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 дахин багасгаж 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

            - Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 559 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэгдэж 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр суллагдсан,

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 559 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 6 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 10 сар 6 хоногийн хорих ялаар тогтоож, эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ялаа эдэлж байгаад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөлийн тухай хуульд хамрагдан суллагдсан.

            Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны давхарт цахилгаан шатны хажуугаас болон тухайн байрнуудын В1 давхар, авто зогсоолд зориулалтын бэхэлгээгээр бэхэлж, байрлуулсан байсан иргэдийн унадаг дугуйнуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нийт 55 удаагийн үйлдлээр авч, нэр бүхий 56 хохирогч нарт 77.717.150 төгрөгийн, 1 иргэний нэхэмжлэгчид 150.000 төгрөгийн, нийт 77.867.150 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Л.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Р овгийн Лын Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Лын Быг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бы цагдан хоригдсон 374  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баас 49.953.409 төгрөг гаргуулж, энэ шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхийн 47 хохирогч, 1 иргэний нэхэмжлэгч нарт олгож, Эрүүгийн 2110 01546 0749 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, унадаг дугуйны суудал 1 ширхэг, хар оосор 1 ширхэг, хар өнгийг тросон цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай болон Гэр бүлийн тухай хуульд хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах, асран хамгаалах, тэжээн тэтгэх зэрэг хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, төр хариуцахаар зохицуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан шүүгдэгч Л.Быг “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмын хүрээнд түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар хөнгөрүүлэн өөрчлөв...” гэж дүгнэсэн.

...Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн атал шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...хяналтын прокуророос шүүгдэгч Р овгийн Лын Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...гэж, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй гэж мөн хуулийн заалтаар гэм буруутайд тооцсон атлаа ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Быг 08 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 08 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 04 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг хангаагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн хуульд байхгүй хүндрүүлэх бүрэлдэхүүнээр ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхээс 4 жил хорих ялаар шийтгүүлсэн. Хоригдохдоо олон зүйлийг бодож ойлголоо. Залуу насандаа их зүйлийг хийх, сурч боловсрох, сайхан амьдралыг бий болгох ёстой юм байна. Энэ хорих ялыг эдлэх явцдаа их зүйлийг сурах болно. Анхан шатны шүүхээс зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч өгнө үү. Прокурор анх миний зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэсэн боловч шүүх миний зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг гэж дүгнэсэн. Миний бие бусдын орон байранд нэвтэрч хулгай хийсэн зүйл огт байхгүй. Орц болон В1 давхар нь нийтийн эзэмшлийн талбай гэж ойлгож байгаа. Эрхэм шүүх бүрэлдэхүүн миний нас болоод хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан үзэж ялаас минь жаахан ч гэсэн багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулан гаргах тайлбар байхгүй. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг баримтлан “амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлэн яллах үндэслэлгүй гэж хууль хэрэглээний хувьд маргаж оролцсон. Нэгэнт анхан шатны шүүхээс гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулсан учраас эрүүгийн хариуцлагаас тодорхой хэмжээгээр ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Л.Бд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Цагдан хоригдсон байх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэдэгт өмгөөлөгчийн хувьд мэдүүлэг шалгах ажиллагаа зэрэгт оролцож байсан. Үйлчлүүлэгч маань 55 үйлдлүүдийг анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан. Цагдан хоригдож байх хугацаанд үйлдэгдсэн хэрэг байгаа тохиолдолд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон, их хэмжээний хохирол учруулсан гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орон байранд нэвтэрсэн гэж улсын яллагчийн зүгээс зүйлчлээгүй гэдгийг тайлбарлах нь зүйтэй.  Оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Бд холбогдох хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Учир нь прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ хөнгөрүүлж зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан өсвөр насны яллагдагчид холбогдох хэрэг гэж тусгайлан оруулсныг, анхан шатны шүүх 8 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 4 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд оногдуулсан ял шийтгэл нь Л.Бы гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, гэмт хэргийн шинж чанарт тохирсон гэж үзэж байна. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцэлд бичсэн өөрчлөлтүүдийг оруулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр

зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Л.Бы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй боловч шүүгдэгчийн үйлдсэн нэг гэмт хэргийн цаг хугацааг зөрүүтэй дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч А.Э “...СӨХ-ны хяналтын камер дээр үлдсэн байсан бичлэгийг шүүж үзэхэд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 09 цаг 26 минутад Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Ривер гарден” хотхоны 319 дүгээр байрны В1 давхраас 27 дугаар зогсоол руу неон өнгийн ханцуйтай хар өнгийн курткатай, хар өмд, хар өнгийн гуталтай 17-20 насны орчим эрэгтэй хүн миний унадаг дугуйг унаад хотхоны баруун хойд талын хаалгаар гарч байгаа бичлэг бичигдэн үйлдсэн байсан...” /8 хх 59-60/ гэх мэдүүлэг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 34 минут 14 секундэд ...16-18 насны халимаг үстэй этгээд унаад явж байгаа бичлэг бичигдэн үлдсэн байв...” гэх тэмдэглэл /хх 54/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байхад тухайн гэмт хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үйлдэгдсэн мэтээр дүгнэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б нь:

            1. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Vip residence” хотхоны 476 дугаар байрны В1 давхрын авто зогсоолоос 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр иргэн А.Жын “Trex” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 836.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү вилла” хотхоны 1405 дугаар байрны В1 давхраас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэн А.Аны “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.140.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Богд Вилла” хотхоны 1201 дугаар байрны В1 давхраас иргэн Ж.Бгийн “Merida” загварын унадаг дугуйг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 531.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Богд Вилла” хотхоны 1205 байрны 16 тоотод оршин суух иргэн О.Хын “Mersedes benz” загварын унадаг дугуйг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Ви айфи ресиденс” хотхоны 478 дугаар байрны В1 давхраас иргэн Т.Аийн “Giant 800 plus” загварын унадаг дугуйг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.824.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Цэцэг” хотхоны 46 дүгээр байрны В1 давхрын авто зогсоолоос 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ө.Сгийн “Limit” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 487.500 төгрөгийн хохирол, Б.Бсын “Трек” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

7. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Академи 2” хотхоны 36/4 дүгээр байрны В1 давхрын авто зогсоолоос 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.Бийн “Алтон” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 638.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 35а байрны В1 давхраас 2021 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө иргэн Д.Эгийн “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.480.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, КН апартментын 6а байрны 12 давхраас 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр иргэн Б.Гийн “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 512.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хүннү 2222” хотхоны 106 дугаар байрны 15 давхраас 2021 оны 8 дугаар сарын 4-нөөс 10-ны хооронд иргэн Т.Нхын “Aiton” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 408.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Будда виста” хотхоны В1 давхрын авто зогсоолоос 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэн Р.Мний “Cube” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.134.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Пийс таун 2” хотхоны 33 дугаар байрны В1 давхрын авто зогсоолоос 2021 оны 8 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө иргэн Б.Өын “Cannondale terral 6” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден 2” хотхоны 402 дүгээр байрны В1 давхрын авто зогсоолоос 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.Дийн “Cannondale terra” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.734.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “Твин парк” хотхоны 102 дугаар байрны В1 давхрын авто зогсоолоос 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр иргэн У.Нгийн “Атилла” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Кинг таур” хотхоны 126 дугаар байрны 9 давхраас 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэн П.Бийн “Марвол 6 ” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.008.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хотхоны 102 дугаар байрны 5 давхраас 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэн Г.Оын “Limit” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Цэнгэлдэх” хотхоны 203 дугаар байрны В1 давхраас 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ц.Огийн “Cannondale” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.038.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Нархан” хотхоны В1 давхраас 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн Н.Оны “Jingama R8” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.230.350 төгрөгийн хохирол учруулсан,

19. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Белла виста” хотхоны 26 дугаар байрны В1 давхраас 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Я.Нхын “Cannondale” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Токио таун” хотхоны 103 дугаар байрны В1 давхраас 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Б.Дий “Cube” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 886.500 төгрөгийн хохирол учруулсан,

21. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Токио таур” хотхоны 105 дугаар байрны В1 давхраас 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэн Н.Бнгийн “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 468.0000 төгрөгийн хохирол учруулсан,

22. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Жапан таун” хотхоны С4 байрны В1 давхраас 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Д.Бгийн “Норко” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 3.583.029 төгрөгийн хохирол учруулсан,

23. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Жапан таун” хотхоны С5 байрны 14 дүгээр давхраас 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн У.Нын “Алтон” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

24. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер стоун” хотхоны 266 байрны В1 давхраас 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Трийн “Трек Марлин” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

25. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Жапан таун” хотхоны С2 байрны В1 давхраас 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Т.Б-Оын “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

26. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Пумба” хотхоны 51 дүгээр байрны 8 давхраас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Н.Эдын “Атилла” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 462.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 40 дүгээр байрны В1 давхраас 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэн Т.Тхийн “Жийп” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 437.119 төгрөгийн хохирол учруулсан,

28. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны В1 давхраас 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн Н.Өын “Мерида” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 374.000 төгрөгийн хохирол учруулсан,

29. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 28в дүгээр байрны орцноос 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэн Н.М-Оын “Трек” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

30. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 566 дүгээр байрны орцноос 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Д.Бшийн “Би эм экс” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

31. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Трю Эйл” хотхоны 715 дугаар байрны В1 давхраас 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэн Д.Хын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

32. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Мичид Алтай” хотхоны зогсоолоос 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэн С.Тын “Giant” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

33. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 58 дугаар байрны 109 тоотын орцноос 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэн А.Аын “Trex” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 390.000 төгрөгийн хохирол учруулсан,

34. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Хүслийн өргөө” төвийн 100/3 дугаар байрны 3 давхраас 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Бын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 952.000 төгрөгийн хохирол учруулсан,

35. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Токио таур” хотхоны 520д байрны В1 давхраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ү.Зын “Трек Марлин” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

36. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Гэрэгэ Вилла” хотхоны 402 дугаар байрны В1 давхраас 2021 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Б.Чын “Мерида” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

37. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Могул таун” хотхоны 94 дүгээр байрны В1 давхраас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Б.Тгийн “Gunsbosi” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

38. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Тайм скүэр” хотхоны 511 дүгээр байрны В1 давхраас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Х.Лгийн “Speciazed” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 10.007.900 төгрөгийн хохирол учруулсан,

39. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Жапан таун” хотхоны С5 дугаар байрны В1 давхраас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Чын “Тока” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 742.800 төгрөгийн хохирол учруулсан,

40. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хотхоны 116 дүгээр байрны 16 давхраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Тын “Канондел” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

41. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан Пик” хотхоны 818а дүгээр байрны дугуй хадгалдаг өрөөнөөс 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр иргэн H.Сгийн “Трикс” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 516.000 төгрөгийн хохирол учруулсан,

42. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Кинг таур” хотхоны 123 дугаар байрны В1 давхраас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Т.Бийн “Канвендал” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

43. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Сөүл рояал каунти” хотхоны 307 дугаар байрны В1 давхраас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Сийн “Кубе” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

44. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Жапан таун” хотхоны С1 байрны Д7 давхраас 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн Д.Шын “Cannondale” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 10.057.880 төгрөгийн хохирол учруулсан,

45. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Ривер гарден” хотхоны 319 дүгээр байрны В1 давхраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн А.Эий “Трек” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

46. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хотхоны 110 дугаар байрны 18 давхраас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн Т.Тгийн “Канондел” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

47. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Академи” хотхоны В1 давхраас 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр иргэн Ч.Бгийн “Кубе” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

48. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Сөүл рояал” хотхоны 304 дүгээр байрны В1 давхраас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Тны “Cannondale Jkl” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 5.161.040 төгрөгийн хохирол учруулсан,

49. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Модун таун” хотхоны 701 дүгээр байрны 31 дүгээр зогсоолоос 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ч.Нгийн “Gaint” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 760.000 төгрөгийн хохирол учруулсан,

50. Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Ханхиллс” хотхоны 533 дугаар байрны В1 зогсоолоос 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр иргэн Р.Дгийн “Твиттер” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.512.000 төгрөгийн хохирол учруулсан,

51. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Саншайн” хотхоны 2 давхраас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн С.Огийн “Kench” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.339.611 төгрөгийн хохирол учруулсан,

52. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 91/3 дугаар байрны В1 давхраас 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр иргэн Г.Эхын “Cannondale teral 7” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2.937.421 төгрөгийн хохирол учруулсан,

53. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол ресидент” хотхоны 906 дугаар байрны 94 тоотын үүднээс 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдөр иргэн Г.Пын “Трек” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 942.000 төгрөгийн хохирол учруулсан,

54. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр байрны В1 давхараас 2021 оны 8 дугаар сарын 3-ны шөнө иргэн Т.Дгийн “Cannondale” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 692.000 төгрөгийн хохирол учруулсан,

55. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байрны гаднаас 2021 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө иргэн Т.Дгийн Evergreen загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 55 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 56 хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт 77.649.150 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлджээ.

Шүүгдэгч Л.Бы 55 удаагийн гэмт хэргийн үйлдлүүд нь:

хохирогч А.Жын /хх 26-27/, А.Аны /хх 99/, Ж.Бийн /хх 136-137/, О.Хын /хх 169-170/, Т.Агийн /хх 200-201/, Ө.Сийн /2 хх 13-14/, Б.Бын /2 хх 19/, Н.Блийн /2 хх 57/, Д.Эгийн /2 хх 93/, Б.Гийн /2 хх 136/, Т.Нын /2 хх 179-180/, Р.Мний /2 хх 215/, Б.Өын /2 хх 250/, Э.Дийн /3 хх 46-47/, У.Нийн /3 хх 88/, П.Бийн /3 хх 124/, Г.Оын /3 хх 157/, Ц.Оийн /3 хх 189/, Н.Оны /3 хх 232/, Я.Нын /4 хх 24/, Б.Дий /4 хх 64-65/, Н.Бгийн /4 хх 103/, Д.Бгийн /4 хх 133/, Ү.Нын /4 хх 160/, Э.Тийн /4 хх 187/, Т.Б-Оын /4 хх 214/, Н.Эын /4 хх 247/, Т.Тийн /5 хх 62/, Н.Өын /5 хх 89/, Н.М-Оын /5 хх 124/, Д.Бшийн /5 хх 143/, Д.Хын /5 хх 195/, С.Тын /5 хх 242/, А.Аын /6 хх 41/, Д.Бын /6 хх 88/, Ү.Зын /6 хх 139/, Б.Чын /6 хх 188/, Б.Тгийн /6 хх 225/, Х.Лын /7 хх 21-22/, Б.Чын /7 хх 61/, Б.Тын /7 хх 102/, Н.Сын /7 хх 144/, Т.Бийн /7 хх 176/, Б.Сийн /7 хх 230/, Д.Шын /8 хх 22-23/, Т.Тийн /8 хх 103/, Ч.Бийн /8 хх 140/, Б.Тны /8 хх 209/, Ч.Нгийн /8 хх 245/, Д.Дийн /9 хх 23-24/, С.Огийн /9 хх 61/, Г.Эхын /9 хх 108-109/, Г.Пмын /9 хх 137/, Т.Дгийн /11 хх 61/, Т.Дгийн /11 хх 132/, насанд хүрээүй хохирогч А.Эий /8 хх 60/, иргэний нэхэмжлэгч Н.Уийн /хх 24/, шүүгдэгч Л.Бы /хх 154-186, 2 хх 40, 76-77, 193-195, 3 хх 20-22, 5 хх 212/ мэдүүлгүүд,

дуудлагын лавлагааны хуудас /хх 3, 111, 124,164, 249, 2 хх 81, 131, 161, 200, 240, 3 хх 29, 115, 147, 182, 4 хх 15, 54, 88, 181, 5 хх 231, 6 хх 120, 162, 210, 7 хх 1, 80, 164, 207, 8 хх 7, 47, 87, 128, 190, 9 хх 49, 95/,

өргөдөл /хх 4, 247, 2 хх 83, 3 хх 79, 183, 221, 4 хх 17, 56, 125, 151, 237, 5 хх 232, 6 хх 32, 81, 164, 7 хх 2, 52, 81,132, 209, 8 хх 129, 236, 9 хх 14, 134, 11 хх 129/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай /хх 5-7, 92-95, 126-128, 165-167, 250, 2 хх 1-6, 84-87, 163-167, 202-207, 241-244, 3 хх 31-33, 116-118, 149-151, 4 хх 18-20, 90-94, 233-236, 5 хх 50-52, 83-85, 116-117, 6 хх 121-123, 167-170, 213-217, 7 хх 6-7, 83- 85, 166-170, 211-215, 8 хх 8-11, 48-51, 89-92, 131-134, 192-195, 9 хх 50-52, 96-98, 11 хх 67-72/ тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай /хх 12-13, 3 хх 227-228, 7 хх 12-13, 91/ тэмдэглэлүүд,

эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 9, 2 хх 52, 211, 3 хх 34, 152, 184, 226, 4 хх 129, 156, 5 хх 120, 189, 6 хх 34, 82, 127, 174, 7 хх 12, 57, 95, 138, 185, 8 хх 14, 52, 55, 95, 198, 9 хх 18, 100/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 05/331, 05/292 дугаар /2 хх 107-114, 3 хх 50-58/ шинжээчийн дүгнэлтүүд,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай /хх 10, 130-131, 196-198, 2 хх 48-50, 218-219, 3 хх 35-36, 80-81, 153-154, 185-186, 224-225, 4 хх 57-59, 95-97, 127-128, 154-155, 238-240, 5 хх 118, 185-187, 234-235, 6 хх 35, 84, 125-126, 171-173, 7 хх 8-10, 55-56, 93-94, 136-137, 183-184, 8 хх 12-13, 54, 93-94, 196-197, 9 хх 16-17, 101-102/ тэмдэглэлүүд,

хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх 104-105, 143-144, 177-178, 208-209, 2 хх 29-31,64-65, 99-100, 143-144, 183- 184, 221-222, 3 хх 1-2, 46-47, 96-97, 130-131, 199-200, 247-248, 4 хх 39, 71-73, 111-112, 138-139, 171-172, 195- 196, 219-220, 5 хх 5-6, 5 хх 65-66, 98-99, 127-128, 154-155, 201-202, 6 хх 2-3, 48-49, 90-91, 147-148, 194-195, 235-236, 7 хх 30-31,66-67, 116-117, 146-147, 192-193, 232, 8 хх 30-31, 64-65, 108-109, 214-215, 248-249, 9 хх 30-31, 69-70 115-116, 147-148, 11 хх 74-75, 145-147, 154-156/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

              Анхан шатны шүүхээс Л.Бы үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, прокуророос шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

              Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3, 4 дэх заалтуудад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д, ...мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т...” гэж буруу бичиж алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, энэ талаар бичсэн прокурор О.Алтангэрэлийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Орон сууцны В1 буюу автомашины зогсоол байрлах давхар нь тусгайлан хамгаалсан байр, агуулахын шинжийг агуулаагүй, уг байрны В1 давхарт нэвтрэхийн тулд хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах, эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага үүсээгүй тул тухайн байрны автомашины зогсоолын зориулалттай давхрыг “нийтийн орчин” гэж үзэх ба шүүхээс Л.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар буюу хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “их хэмжээний хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжээр зүйлчилсэн байх тул шүүгдэгчийн гаргасан “...би бусдын орон байранд нэвтэрч хулгай хийгээгүй, орц болон В1 давхар /нийтийн эзэмшлийн талбай/-аас л хулгай хийсэн тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

              Шүүхээс шүүгдэгч Л.Бд тухайн зүйл ангид зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 8 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн гаргасан “...хорих ялыг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын энэхүү хэсгийг мөн хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

              Түүнчлэн хэргээс үзэхэд, Л.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр сэжигтнээр баривчлагдаж /хх 41-44/, 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр суллагдаж, тус өдрийн 13-16 цагийн хооронд хохирогч Б.Д, Д.Б, У.Н, Т.Б-О, Д.Бш нарын унадаг дугуйг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба тэрээр 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 21 цагийн үед дахин сэжигтнээр баривчлагдаж /3 хх 203-206/ 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс үргэлжлүүлэн цагдан хоригдсон /хх 59/ байх бөгөөд анхан шатны шүүхээс Л.Быг дээр дурдсан хугацаанд тасралтгүй цагдан хоригдож байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

               Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Шүүгдэгч Л.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/696 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 98 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/696 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар...” гэж,

- 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар...” гэж,

- 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Л.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бы цагдан хоригдсон 98 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

                   

                                               ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

                                

                                               ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ