Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/04783

 

 

 

 

 

 

 

 

             2024      11         25   

                                 181/ШШ2024/04783

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 байрлах, Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 0 тоотод орших суух, Т овогт Э-ын О /РД:/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 939,707 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.О нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 0 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Шүүгдэгч Э.О-ийн учруулсан "зүүн ухархайн дотор хана, хамрын зүүн хажуу ханын хугарал, хамар, зүүн нүдний дотор булан, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дотор булан, зүүн доод зовхинд цус хуралт, дээд уруул, баруун гарын дунд хуруунд зулгаралт, дээд зүүн 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл" бүхий хөнгөн гэмтлийн улмаас хохирогч Т.Н нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт мэс засал хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас 939,707 төгрөгийн зардал гарсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх" гэж заасан.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан төлбөрийг ялгаж, тогтоох боломжгүй, гагцхүү хууль хяналтын байгууллага шалгаж, шийдвэрлэсэн хэргийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан эсэхийг тогтоох боломжтой.

Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал,нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно", Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Э.О-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1248 дугаартай албан бичгээр тус прокурорын газарт хандан ...гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах тухай хүсэлтийг ирүүлсэн.

Иймд дээрх хууль тогтоомжид заасны дагуу гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэм буруутай этгээдүүдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлтэй байна.

Э.О-ээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 939,707 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулахаар прокурорын нэхэмжлэлийн шаардлага гаргав гэжээ.

 

Хариуцагч Э.О шүүхэд гаргасан тайлбартаа: С-н нэхэмжилсэн 939,707 төгрөгийг энэ оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н нь хариуцагч Э.О-т холбогдуулан гэм хорын хохиролд 939,707 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.О нь Нийслэлийн С-ын нэхэмжилсэн 939,707 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь дээрх тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Э.О-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Э.О нь Н-ын нэхэмжилсэн 939,707 /есөн зуун гучин есөн мянга долоон зуун долоо/ төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Э.О-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 хэсэгт зааснаар хариуцагч Э.О-ээс 13,552 /арван гурван мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, Улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА