Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2016/00043

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ц.Д-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Ц.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д миний бие 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х аймгийн Т сумын А нэгдлийн 2 дугаар бригадад төлчин, саальчин, малчнаар ажиллаж байсан юм. Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтэр дээр хагас дутуу бичилт хийсэн учраас миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй байна. Иймд намайг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Т сумын А нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ц.Д нь Х аймгийн Т сумын А нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төлчин, саальчин, малчнаар ажиллаж байсан болох нь Х аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Дгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Х аймгийн Т сумын А нэгдлээс түүнд 1981 онд нээж олгосон Ц.Дгийн ажилласан хоног, цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/882 дугаартай Х аймгийн Архивын тасгийн Т сумын А нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Ц.Дд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх тодорхойлолтгэрч Д.Оюунтуяагийн Ц.Д нь Х аймгийн Т сумын А нэгдлийн 2 дугаар бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал хоньчин, төлчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлэг, Б.Дашхүүгийн Ц.Д нь Х аймгийн Т сумын А нэгдлийн 2 дугаар бригадад 1980 оноос 1992 оныг дуустал малчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчийн Х аймгийн Т сумын А нэгдэлд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төлчин, саальчин, малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдав.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Д-гийн Х аймгийн Т сумын А нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төлчин, саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Х аймгийн Т сумын А нэгдэлд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ