Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2016/00044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар В.Б-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2015/001418/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч В.Б нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч В.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хаймгийн Ж сумын У нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж ирсэн юм. Тракторч-машинистын жолоочийн эрхийн үнэмлэхийг улсын авто техникийн хянан шалган байцаах газрын мэргэжлийн комиссын 1977 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр эзэмшиж улмаар энэ мэргэжлээр тус аймгийн Ж сумын Улаан туг нэгдэлд нийт 12 жил 8 сар гаруйн хугацаанд ажилласан.

Дээрх ажилласан байдал нь Хөдөлмөрийн дэвтэр дээрх тэмдэглэл баримт, цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны бүртгэл, малын хөдөлгөөний бүртгэл, тракторын тээврийн хэрэгслийн ажлын бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдно.

Иймд миний Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

В.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч В.Б Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, 1977 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн жолоочийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1993 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаймгийн Ж сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн В.Б-ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрэл зураг, гэрч Л.Чанаравын ...В.Б нь анх 1980 онд Ж сумын Улаан туг нэгдэлд тракторын жолоочоор ажилд орж байсан. 1993 онд нэгдэл тартал тракторын жолоочоор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Ж.Батсуурийн ...В.Б нь 1980 оны хавар намайг Улаан туг нэгдэлд ажилд ороход Улаан туг нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. 1993 онд Улаан туг нэгдэл тартал тасралтгүй тракторын жолоочоор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн даргын 1993 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч В.Б -ийн Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар В.Б-ийн Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч В.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ