Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2016/00046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Ж.Г-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2015/01192/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Ж.Г нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1972 онд 08 дугаар ангиа төгсөөд 1973 оноос Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд мал маллаж байгаад цэргийн албанд явсан. Цэргээс 1977 онд халагдаж ирээд тус нэгдэлдээ 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд 1978 онд хоньчин, 1980 онд хэвлэл түгээгч, 1983 онд сүүний фермийн эрхлэгч, 1987 онд уг фермийн тасгийн эрхлэгч, мөн 1988 онд курст суралцаад 1988 оноос 1990 оны хооронд 3, 4 дүгээр бригадуудад хэсгийн ахлагч зэрэг ажил хийж байсан. Хэсгийн ахлагч гэдэг нь бригадын дарга гэсэн албан тушаалтай адилхан бөгөөд 1985 оноос хэсэг гэж өөрчлөгдсөн. Би хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн болохоор өндөр насны тэтгэвэрт орох гэтэл шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Иймд намайг Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1978 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоньчин, хэвлэл түгээгч, сүүний фермийн эрхлэгч, сүүний тасгийн эрхлэгч, хэсгийн ахлагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Г нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ж.Г Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1978 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин, хэвлэл түгээгч, сүүний фермийн эрхлэгч, сүүний тасгийн эрхлэгч, хэсгийн ахлагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х аймгийн Ш сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Гын 1978 оны 3 дугаар сараас 1990 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ц.Бүдээгийн Ж.Г нь Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1978 оны 3 дугаар сараас 1990 оны 7 дугаар сар хүртэл 2 дугаар багийн дарга, тоо бүртгэгч зэрэг ажлыг хийж байсан. Түүнээс хойш Дархан аймаг руу явсан. Бид 1 дүгээр ангиас 8 дугаар ангийг хамт суралцаж, 1972 онд 8 дугаар ангийг төгсөж байсан юм. Тэгээд илгээлтээр мал дээр гарцгаасан...Ж.Г ажиллаж байх хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан...Би тус нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Батчулууны Намайг 1979 онд цэргээс халагдаж ирээд Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд элсэн орж ажиллахад Ж.Г нь тус нэгдэлд хоньчин хийж байсан. Тэгээд фермийн эрхлэгч, шуудан зөөгч зэрэг нэгдлийн ажил хийдэг байсан. Мөн 2 дугаар бригадад тоо бүртгэгч хийдэг байсан. Ингээд 1990 оны 7 дугаар сар хүртэл ажилласан...тасралтгүй ажиллаж байсан...Би Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1979 оноос нэгдэл тартал ажилласан. Нэгдлийн дарга Батбаяр дарга ажиллаж байсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ж.Гын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Тус аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Ж.Гт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/285 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдлоо.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Г-ын Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1978 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин, хэвлэл түгээгч, сүүний фермийн эрхлэгч, сүүний тасгийн эрхлэгч, хэсгийн ахлагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА