Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2024/0510

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П******* Н******* /РД:ДЮ*******/,

Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар,

Маргааны төрөл: Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалтаар өндөр насны тэтгэвэр тогтоон олгохоос татгалзсан нийгмийн даатгалын байгууллагын татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлт гаргасан хугацаанаас тэтгэвэр тогтоон олгохыг даалгах тухай маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н*******, Ш.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлт гаргасан хугацаанаас тэтгэвэр тогтоон олгохыг даалгах.

Хоёр. Маргах үндэслэл болсон үйл баримтын хувьд.

1. Нэхэмжлэгч П.Н******* нь Говь-Алтай аймаг, Дархан-Уул аймаг, Тээврийн прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газруудад хяналтын прокурор, туслах прокурор, ахлах прокуророор 25 жил 5 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаснаар Улсын ерөнхий прокурорын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/909 дугаар тушаалаар 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн.

2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүсэлтээ гаргахад Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар үүнтэй холбоотой зохицуулалт байхгүй тул Прокурорын тухай хуулийн дээрх заалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй байна гэх татгалзсан хариуг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн.

3. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хариуг эс зөвшөөрч Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний эцэст 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: П.Н******* би 1998 оны 06 дугаар сард Монгол Улсын их сургуулийн хуулийн ангийг төгсөж, 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдон ажилласнаас хойш 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 25 жил 5 сарын хугацаанд прокурорын байгууллагад ажилласан.

Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсвэл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж зааснаар ажилласан хугацаа 25 жил давсан учраас 2023 оны 10 дугаар сард Улсын ерөнхий прокурорын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Улсын ерөнхий прокурорын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/909 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт хүсэлт гаргасан боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд прокуророор 25 жил ажиллаж, тэтгэвэр тогтоох тухай хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр татгалзсан хариу өгсөн. Уг хариуг эс зөвшөөрч Нийслэлийн Нийгмийн даатгалын газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргахад Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас өгсөн хариу үндэслэлтэй байх тул тэтгэвэр тогтоох боломжгүй гэх хариуг тус тус өгсөн.

Иймд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар болон Нийслэлийн Нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газруудаас өгсөн хариунууд үндэслэлгүй байх тул хүсэлт гаргасан өдрөөс тооцож тэтгэвэр тогтоолгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа: Өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэдгийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар болон Нийслэлийн Нийгмийн даатгалын газруудаас тухай бүрд нь албан бичгээр П.Н*******т хүргүүлсэн.

Прокурорын тухай хуульд нэхэмжлэгчийн дурдсанчлан нас, ажилласан хугацааг тодорхой заасан боловч 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн Нийгмийн даатгалын багц хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Өндөр насны тэтгэвэр авах эрхэд Прокурорын тухай хуулийн заалтад дурдсан нөхцөл болзол тусгагдаагүй учраас иргэн П.Н*******т өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэдэг хариуг өгсөн. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна гэж тусгайлан заасны дагуу П.Н*******т өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, холбогдох хуулийн төслийг хэлэлцсэн тэмдэглэлүүдийг үнэлээд, хууль тайлбарлан хэрэглэж дараах үндэслэлээр Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлт гаргасан хугацаанаас тэтгэвэр тогтоон олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

П.Н******* нь 1976 оны 9 дүгээр сарын 19-нд төрсөн, 48 настай, эмэгтэй, тэрээр 1998 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ныг хүртэл 25 жил 5 сар прокуророор ажилласан, тодруулбал, 1998 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор анх томилогдож, 2004 онд Дархан-Уул аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор, 2009 онд Тээврийн Прокурорын газарт хяналтын прокуророор, 2014 онд Нийслэлийн Прокурорын газарт хяналтын прокуророор, 2015 онд Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор, 2019 онд ахлах прокуророор, 2021 онд Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор, 2023 онд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдон тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаснаар Монгол Улсын ерөнхий прокурорын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/909 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 12 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүсэлтээ гаргасан байх бөгөөд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1 дүгээр сарын 05-ны өдөр 30 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан байх бөгөөд Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг баримтлахаас татгалзсан хариу дараах үндэслэлээр хууль бус болжээ.

Түүний прокуророор 25 жил 5 сар ажилласан, шимтгэл төлсөн хугацаатай талууд маргаагүй, харин Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалттай хэрхэн уялдуулж тайлбарлаж хэрэглэх, тодруулбал Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж зааснаар прокуророор 25 жил ажилласан хүн өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй эсэх талаар хууль хэрэглээний хувьд маргаж байгаа болно.

Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. хэмээн прокурорын нийгмийн баталгааг буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх хугацааг тэтгэвэрт гарах насны дээд хязгаар-аар болон мөн насаар /хүйсийн хувьд ялгамжтай/, эсхүл ажилласан жилээр нь нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор тухайлан заасан байна.

Уг хуулийн төслийг хэлэлцсэн хууль тогтоох байгууллагын хуралдааны тэмдэглэлүүдэд энэ зүйл, хэсгийг хэлэлцсэн агуулга, санал хураалтаар дэмжигдсэн томьёоллоос үзвэл 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийн агуулгыг үгчлэн тайлбарлан хэрэглэж болохоор тодорхой томьёолжээ.

Тэрээр хуулийн энэ зүйл, хэсгийн нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэх зохицуулалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ гаргасан байх бөгөөд Улсын ерөнхий прокурорын тушаалаар энэ зүйл, хэсгийг болон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө гэсэн заалтыг баримтлан төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлсөн, ингэснээр мөн өдрөөс тэтгэвэр тогтоолгох эрх болон үр дагавар үүсгэсэн байна.

Прокурорын тухай хууль нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтоох бөгөөд бие даасан байдлыг хангах эрх зүйн үндэст прокурорын эрх зүйн байдал буюу прокурорын хараат бус байдал, улс төр, нийгэм, эдийн засгийн баталгааг нарийвчлан зохицуулсан, тухайлбал нийгмийн баталгаанд ийнхүү тэтгэвэрт гарах нас, нас харгалзахгүйгээр прокуророор ажилласан жилийг харгалзуулан тогтоосноос гадна, прокурор ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсан бол олгох буцалтгүй тэтгэмж, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас гадна эдлэх ээлжийн амралтын хугацаа зэргийг тухайлан зааж, уг хуульд зааснаас бусад нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулахаар тусгажээ.

Өөрөөр хэлбэл прокурорын эрх зүйн байдал, баталгааг нарийвчлан тусгасан энэ хуулиар тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарыг 60 насаар тогтоосон бөгөөд нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор нарийвчлан заасан, энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг, тэр дундаа төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэлийг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх заалттай уялдсан байна.

Ер нь төрийн алба хаах насны дээд хязгаарыг хуульд өөрөөр заагаагүй бол 65 байхаар Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т, харин Прокурорын тухай хуульд прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас гэж дээрхээс өөрөөр зааж, үүнээс гадна мөн ажилласан жилээр нас харгалзахгүйгээр буюу прокуророор 25 жил ажилласан бол хүсэлтээ гаргаж тэтгэвэр тогтоолгож болохоор тухайлан заасан, улмаар төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нь, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нь албанаас чөлөөлөх үндэслэл болохоор хуульчилсан байна.

Харин хариуцагчийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, энэ хуульд Прокурорын тухай хуулийн 60.3 дахь хэсгийг заагаагүй гэж тэтгэвэр тогтоохоос татгалзсан үндэслэлээ болгон тайлбарлаж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль нь шимтгэл төлж тэтгэврийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгохтой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд дээр дүгнэснээр тэтгэвэр авах эрх үүсэх харилцааг ийнхүү нарийвчлан зохицуулсан өөр хуулийг хэрэглэхээс татгалзах, хэрэглэхгүй байх эрх захиргааны байгууллагад олгоогүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээ, нийгмийн даатгалд даатгуулах, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, нийгмийн даатгалын байгууллагын эрх үүргийг тодорхойлох харилцааг зохицуулна. Нийгмийн даатгалын хууль тогтоомж нь нийгмийн даатгалын багц хууль, эдгээр хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Хуулийн үйлчлэх хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээд хамаарна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна гэдэг нь Прокурорын тухай хуулийн прокурор тэтгэвэр тогтоолгох нөхцөл-ийг нарийвчлан тогтоосон зохицуулалтыг хэрэглэхийг хориглосон, хэрэглэхгүй байх эрх олгосон зохицуулалт биш. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын ерөнхий хууль нь ажил олгогч, даатгуулагч, нийгмийн даатгалын байгууллагын хоорондын даатгуулах, шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоон олгох харилцааг зохицуулж байхад Прокурорын тухай хуулийн энэ заалт нь прокурор тэтгэвэр тогтоолгох нөхцөл-ийг нарийвчлан тогтоож байна.

Иймээс Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийн зохицуулалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд тусгаагүй тул тэтгэвэр авах эрх үүсэхгүй хэмээх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг татгалзсан 30 тоот албан бичгээр өгсөн хариу хууль бус байна.

Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон албанаас чөлөөлөгдөн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тэтгэвэр тогтоолгох өргөдөл, материалаа өгсөн боловч харьяалах Нийгмийн даатгалын газар нь татгалзсан хариу өгсөн байх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн олгохоор зааснаар тэрээр тэтгэвэр тогтоолгох өргөдөл, материалаа өгөхөөр хандсан 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч байгууллага тэтгэвэр тогтоон олгох үүрэг үүссэн байх тул 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагчид даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 60 дугаар зүйлийн 60.3, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, П.Н*******ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийг татгалзсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 30 тоот хариу албан бичгийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс тогтоон олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА