Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 19

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В овогт А-гийн Б-д холбогдох 1708024560275 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймагийн Батцэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, экскаваторын операторч мэргэжилтэй, “Алтан малгайт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сум 6-р баг,  Дайрбор гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Вовогт Агийн Б /РД:АА94010616/.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Нэг:Яллах талын нотлох баримтууд.       

1.1.Шүүгдэгч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Драгон” төвийн орчимд хуучин ажлын газрын хамт ажилладаг ахтайгаа уулзаад түр байрлаж байгаа буудалд нь орж архи ууж юм ярьж сууж байгаад 19 цаг өнгөрч байхад буудлаас ганцаараа харихаар гарсан юм. Ингээд явж байтал байрны дундуур манай эхнэртэй ижилхэн куртка өмссөн эмэгтэй явж байхаар нь эхнэрийгээ явж байна гэж бодоод гар цүнхнээс нь таттал цүнхний оосор нь тасарсан. Би царайг нь хартал өөр хүн байхаар нь цүнхийг орхиод чигээрээ гүйгээд зугтаатал өнөөх эмэгтэй миний араас авраарай, бариад аваарай гээд орилоод байсан ба миний урдаас ирсэн 1 залуу бариад авсан, хажууд нь эмэгтэй хүмүүс байх шиг байсан. Намайг барьж авсан залуу чи яаж байгаа юм бэ гэхээр нь уучлаарай гэтэл цагдаа дуудсан. ... би цүнхний оосорны төлбөрт 40,000 төгрөгийг банкаар шилжүүлсэн бусад эд зүйлийг хүлээлгэн өгсөн.Гэм буруугаа ойлгож байна, ялыг минь тэнсэж өгнө үү?” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

1.2.Хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 14-нд орой ажлаа тараад 20 цагийн орчимд гэр рүүгээ харихаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг ...байрны хажуугаар ганцаараа явж байтал миний ардаас нэг эрэгтэй гүйж ирээд миний баруун талын мөрөнд мөрөвчлөн үүрсэн байсан гар цүнхний оосорноос татаж чангаахаар нь би зөрүүлээд таттал оосорноос нь татаж чангааж байгаад төмөр гинжин оосорыг тасалсан. Ингэтэл цүнхэн дотор байсан эд зүйл газраар тарж, цүнхэн дотор байсан ягаан өнгийн гялгар тортой эд зүйл газарт унатал уг тортой эд зүйлийг газраас шүүрч аваад зугатаахаар нь би газраар асгарч унасан эд зүйлүүдээ хамж цүнхлээд араас нь гүйхэд зугатааж яваа залуугийн урдаас нэг залуу, 3 охин ирж байхаар нь наадхаа бариад аваарай гээд орилтол урдаас ирж яваа залуу уг дээрэмчинг барьж авахаар нь би очоод цагдаа дуудсан. Ингэтэл дээрэмчинг барьсан залуу цагдаад хүлээлгэж өгөөд цааш явсан. Би цагдаагийн хэлтэст ирж өргөдөл гаргасан. ...Би дээрэмдүүлсэн эд зүйлээ бүгдийг нь тоо ёсоор бүрэн хүлээж авсан. ... Гар цүнхнийхээ 40,000 төгрөгийг дансаар авсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 12-16 х/

1.3.Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо ...байрны хажуу талын дэлгүүр рүү хоёр дүүгийн хамт ороод гарч явтал миний урд талаас нэг эрэгтэй хүн хажуугаар гараад гүйхдээ тортой эд зүйл куртикнийхээ дотор луу хийгээд цахилгаандаж байсан. Араас нь нэг эмэгтэй наадхаа бариад аваарай, туслаарай гээд орилтол хажуугаар явж байсан нэг залуу барьж авсан. Тэгтэл өнөөх гүйж зугатааж явсан залуу хувцсаа тайлаад зугатаах гээд байсан. Ингэтэл араас нь гүйж ирсэн эмэгтэй зүс таних нутгийн Ц эгч байсан. ...”  гэх мэдүүлэг / хх-ийн 69 х/

Хоёр:Хувийн байдлын талаарх нотлох баримтууд.

2.1.Гэрч Ж.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Б нь 1994 оны 01 дүгээр сарын 06-нд А аймгийн Б суманд Агийн хоёр дахь хүүхэд болж мэндэлсэн. Бага насаа эцэг эхийнхээ гар дээр өсөж торнин сумынхаа цэцэрлэгээр хүмүүжиж, үргэлжлүүлэн 7-р анги хүртлээ сургуульд сураад сургуулиасаа гарч мал маллаж байгаад 2012 онд Багануур дүүргийн цэргийн ангид 1 жил алба хааж халагдаж ирсэн. Ааймаг Бсум руугаа очиж аав, ээж дээрээ мал маллаж байгаад 2014 онд Улаанбаатар хотод ажил хийхээр ирээд “Алтан малгайт” ХХК зам ангид ковшийн жолоочоор ажиллаж байсан. 2015 оноос хойш Б гэх охинтой хамтран амьдарч эхэлсэн, одоо 1 ой гарантай хүүхэдтэй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 х/

2.2.А.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46, 57 х/

2.3.Ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас /хх 48 х/

2.4.А.Бын оршин суугаа газрын тодорхойлолт /хх 58, 59 х/

Гурав:Хохирлын талаарх баримтууд.

3.1.Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “... 40,000 төгрөгийг дансаар авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 16 х/

3.2.Хохирогч Б.Ц-ийн дансанд А.Боос 40,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 62 х/

3.3.Хохирогчид хэргийн материал танилцуулсан баримт /хх 64 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

Шүүгдэгч А.Б гэм буруу дээр маргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн орчимд архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг ...байрны орчимд иргэн Б.Цийг явж байхад нь цүнхнээс татаж, улмаар оосор нь тасраад цүнхэн дэх эд зүйлс газарт унахад нь тортой гоо сайхны эд зүйлсийг нь авч зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч А.Б-ын “...Намайг барьж авсан залуу чи яаж байгаа юм бэ гэхээр нь уучлаарай гэтэл цагдаа дуудсан. ... би цүнхний оосорны төлбөрт 40,000 төгрөгийг банкаар шилжүүлсэн бусад эд зүйлсийг бүрэн хүлээлгэн өгсөн.Гэм буруугаа ойлгож байна, ялыг минь тэнсэж өгнө үү?” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Б.Ц-ийн “...2017 оны 11 дүгээр сарын 14-нд орой ажлаа тараад 20 цагийн орчимд гэр рүүгээ харихаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг ...байрны хажуугаар ганцаараа явж байтал миний ардаас нэг эрэгтэй гүйж ирээд миний баруун талын мөрөнд мөрөвчлөн үүрсэн байсан гар цүнхний оосорноос татаж чангаахаар нь би зөрүүлээд таттал оосорноос нь татаж чангааж байгаад төмөр гинжин оосорыг тасалсан. Ингэтэл цүнхэн дотор байсан эд зүйл газраар тарж, цүнхэн дотор байсан ягаан өнгийн гялгар тортой эд зүйл газарт унатал уг тортой эд зүйлийг газраас шүүрч аваад зугатаахаар нь би газраар асгарч унасан эд зүйлүүдээ хамж цүнхлээд араас нь гүйхэд зугатааж яваа залуугийн урдаас нэг залуу, 3 охин ирж байхаар нь наадхаа бариад аваарай гээд орилтол урдаас ирж яваа залуу уг дээрэмчинг барьж авсан ...” гэх  мэдүүлэг /хх-ийн 12-16 х/

Гэрч Б.Т-ын “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо ...байрны хажуу талын дэлгүүр рүү хоёр дүүгийн хамт ороод гарч явтал миний урд талаас нэг эрэгтэй хүн хажуугаар гараад гүйхдээ тортой эд зүйл куртикнийхээ дотор луу хийгээд цахилгаандаж байсан. Араас нь нэг эмэгтэй наадхаа бариад аваарай, туслаарай гээд орилтол хажуугаар явж байсан нэг залуу барьж авсан. ...”  гэх мэдүүлэг / хх-ийн 69 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч А.Б нь хохирогч Б.Ц-ийн биедээ авч явсан цүнхийг булаахад хохирогчийн зүгээс эсэргүүцэж цүнхнээсээ татаж улмаар хоёр талаас нь татах хүчний үйлчлэлээр цүнхний оосор тасарч цүнх хохирогчид үлдэж доторх эд зүйлс газарт унасныг авч зугтаасан үйлдлээс дүгнэлт хийхэд хохирогчийн бие махбодид халдаж довтлоогүй, хүчний үйлчлэл гадагш чиглэсэн шинжтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж үзэхэд эргэлзээ бүхий байдал тогтоогдож байгаа тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирлын талаар:

Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “... 40,000 төгрөгийг дансаар авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 16 х/, хохирогч Б.Цийн дансанд А.Боос 40,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх 62 х/, хохирогчид хэргийн материал танилцуулсан баримт /хх 64 х/ зэргээр   шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн болох тогтоогдож байгаа тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрийн сайн дураар төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч А.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт заасан оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, мөн уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн тул согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

            Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх.Түүнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Вовогт А-гийн Б-ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Быг хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар түүнд оршин суух газар, ажилаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг А.Б-д мэдэгдсүгэй.

4.А.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хуурагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ