| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0010/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2018-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогч Ц.А,
шүүгдэгч З.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бт овогт Зын Н-д холбогдох 1708021590306 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “СММ” ХХК-д гануурчин ажилтай, ам бүл-3, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 04-04 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бт овогт Зын Н /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Шүүгдэгч З.Нын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би Толгойтод найз Билгүүний хамт гэрт байж байгаад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” бааранд ажилладаг найз А дээр 22 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд тэнд танил эмэгтэйтэй тааралдаад цуг бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад нэг харахад хамт явж байсан эмэгтэй маань баахан хүүхнүүдтэй үсдэлцээд зодолдохоор нь би очиж салгасан чинь салцгаахгүй байсан. 2-3 хүнийг цаашаа мангасдаж түлхээд салахгүй болохоор нь
нэг эмэгтэйг нь цаашаа байгаач гээд зүүн талын шанаан хэсэгт нэг удаа цохичихсон юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.2.Хохирогч Ц.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед Б, Ганаа, Энхээ нарын хамт “Рич” бааранд орж 1 шил 0,75 литрийн Соёрхол архи авч уусан. Ингээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад 00 цаг өнгөрч байхад баарнаас гарах болоод хувцсаа өмсөөд эргээд хартал Б нэг хүүхэнтэй маргалдаад үсдэлцээд зогсож байсан. Тэгэхээр нь гүйж очоод салгах гээд зуураад татах үед хажуунаас нэг залуу ирээд “манай найзыг тавиач” гээд миний зүүн нүдний хэсэгт 2 удаа цохисон. ...Би гэмтлийн эмнэлэг дээр очиж оёо тавиулаад маргааш өглөө нь томографи хийлгэсэн. Мөнгөн гүүр эмнэлэгт 3 удаа үзүүлсэн. Эдгээрийн төлбөрийг баримтаар хэрэгт хавсаргасан. Хадхүү гэх бариачид 3 удаа толгойгоо 15,000 төгрөгөөр бариулсан. Үүний баримт байхгүй. Нийт зардал 134,600 төгрөг болсон. Энэ зардлыг гаргуулж авна. Зүүн нүдний доод зовхи хэсэгт 2 оёдол тавиулсан. Сорви үүссэн, гоо сайханд хохирол учирчихаад байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38, 81-83, 84-85 х/,
1.3.Хохирогч Ц.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр найзынхаа төрсөн өдөрт очоод 1 шил архи, 4, 5 ус аваад 6-лаа суусан. Хамт явж байсан охин маань бүжгийн талбай дээр бүжиглэж байсан, тэгээд бид нар явах гээд хувцсаа өмсөөд гарах гэж байсан чинь Нтай хамт явж байсан охин бүжгийн талбай дэр бүжиглэж байсан охиныг үсдээд дараад авахаар нь салгах гээд очсон чинь нэг залуу ирээд шууд зүүн нүдний доод талд гараараа цохиод авсан, цус их алдаад эмнэлэг дээр очиж би 2-3 оёдол тавиулиад гэртээ харьсан. Маргааш нь томографийн зураг авхуулах гэхэд хавдартай байсан болохоор 2, 3 хоногийн дараа зураг авхуулсан. Би эмэгтэй хүн нүүрэндээ сорвитой болчлоо, тэгээд Наас 1,500,000 төгрөг нэхэмжилсэн, эмчилгээний зардал 119,000 төгрөг болсон. Одоо тос хэрэглээд байгаа энэ сорви арилахгүй байна, заримдаа нүүр доошоо татаж өвдөөд, байнга масктай явж байна. ... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
1.4.Гэрч Ч.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б миний төрсөн өдөр гэж над руу залгаад, орой 22 цаг өнгөрч байхад “Рич” бааранд О, Б, Э, А бид нар орсон. Баарнаас архи, ус, ундаа авч суусан. Бүжгийн талбай дээр 2-3 удаа гарч бүжиглэсэн. Хэсэг сууж байгаад шөнө 00 цаг өнгөрсөн байхаар нь гарахаар болоод хувцсаа өмсөж байтал бүжгийн талбай дээр Б нэг хүүхэнтэй маргалдаад үсдэлцээд авсан. Тэр үед А хувцсаа өмсөөд очиж салгах гээд зууралдтал Бтэй зууралдаж байсан хүүхний найз гэх залуу Аыг хамт зодоод байна гэж бодоод, Аын нүүр рүү гараараа 2 удаа цохисон чинь хамарнаас нь цус гараад 00-ын өрөө орж цусыг нь тогтоосон. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 41 х/,
1.5.Гэрч Э.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 237 тоотод байрлах “Гүнж” нэртэй үсчингийн газар О, Б, Г нартай хамт байсан. Тэгтэл Б утсаар А руу залгаад миний төрсөн өдөр бүгдээрээ тэмдэглье гэж байсан. Тэгээд байж байтал А ирээд бүгдээрээ 22 цаг өнгөрч байхад “Рич” нэртэй бааранд орцгоосон. Соёрхол нэртэй 0,75 литрийн архи, ус, ундаа авсан. ...хэсэг сууж байгаад шөнө 00 цаг өнгөрч байхад Баттулга гарч караокед орьё гээд баарнаас гарахаар болоод хувцсаа өмсөж байтал бүжгийн талбай дээр Б нэг хүүхэнтэй маргалдаад үсдэлцээд авсан. Тэр үед А хувцсаа өмсөөд очиж нөгөө хүүхний гарыг тавиулах гээд зуурч байхад Аын нүүр рүү гараараа 2 удаа цохисон чинь хамарнаас нь цус гараад 00-ын өрөө орж байсныг харсан. Тэгээд гадаа гараад байж байхад цагдаа ирээд зодсон хүнийг авч явж байсан. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 44 х/
1.6.Шинжээчийн 13441 тоот дүгнэлт
1.Аын биед зүүн доод зовхинд шарх, зүүн дээд, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шарх нь сорвижиж эдгэрнэ, ердийн явцаараа арилж эдгэрэхгүй. гэх дүгнэлт /хх 29 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1. З.Нын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24 х/
2.2. З.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52 х/
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1.Хохирлын баримтууд /хх 33-34 х/
3.2.Хохирол төлсөн баримт /хх 96 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч З.Н нь гэм буруу дээр маргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар.
З.Н нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” бааранд иргэн Ц.Аыг “хоорондоо зодолдож байсан хоёр эмэгтэйг салгах гээд зууралдаж байхад” нь түүний нүүрэн тус газар нь бөгжтэй гараар цохиж эрүүл мэндэд нь “зүүн доод зовхинд шарх, зүүн дээд зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч З.Нын “... хамт явж байсан эмэгтэй маань баахан хүүхнүүдтэй үсдэлцээд зодолдохоор нь би очиж салгах гэсэн чинь салцгаахгүй байсан. 2-3 хүнийг цаашаа мангасдаж түлхээд салахгүй болохоор нь нэг эмэгтэйг нь цаашаа байгаач гээд зүүн талын шанаан хэсэгт нэг удаа цохичихсон юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ц.Аын “... бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад 00 цаг өнгөрч байхад баарнаас гарах болоод хувцсаа өмсөөд эргээд хартал Б нэг хүүхэнтэй маргалдаад үсдэлцээд зогсож байсан. Тэгэхээр нь гүйж очоод салгах гээд зуураад татах үед хажуунаас нэг залуу ирээд “манай найзыг тавиач” гээд миний зүүн нүдний хэсэгт 2 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38, 81-83, 84-85 х/,
Гэрч Ч.Гын: “... Хэсэг сууж байгаад шөнө 00 цаг өнгөрсөн байхаар нь гарахаар болоод хувцсаа өмсөж байтал бүжгийн талбай дээр Б нэг хүүхэнтэй маргалдаад үсдэлцээд авсан. Тэр үед А хувцсаа өмсөөд очиж салгах гээд зууралдтал Бтэй зууралдаж байсан хүүхний найз гэх залуу Аыг хамт зодоод байна гэж бодоод, Аын нүүр рүү гараараа 2 удаа цохисон чинь хамарнаас нь цус гараад 00-ын өрөө орж цусыг нь тогтоосон. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 41 х/,
Гэрч Э.Эын “... шөнө 00 цаг өнгөрч байхад Баттулга гарч караокед орьё гээд баарнаас гарахаар болоод хувцсаа өмсөж байтал бүжгийн талбай дээр Б нэг хүүхэнтэй маргалдаад үсдэлцээд авсан. Тэр үед А хувцсаа өмсөөд очиж нөгөө хүүхний гарыг тавиулах гээд зуурч байхад Аын нүүр рүү гараараа 2 удаа цохисон чинь хамарнаас нь цус гараад 00-ын өрөө орж байсныг харсан. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 44 х/
Шинжээчийн 13441 тоот дүгнэлт
1.Аын биед зүүн доод зовхинд шарх, зүүн дээд, доод зовхи, хацар, хамрын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4.Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шарх нь сорвижиж эдгэрнэ, ердийн явцаараа арилж эдгэрэхгүй. гэх дүгнэлт /хх 29 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар.
Хохирлын баримтууд /хх 33-34 х/-аар хохирогч Ц.Ад 119,000 төгрөгийн эмчилгээний болон бусад зардал гарсан, хохирол төлсөн баримт /хх 96 х/-аар 119,000 төгрөгийг төлсөн болох нь тус тус нотлогдсон. Хохирогч цаашид нүүрэнд учруулсан гэмтлийн улмаас үүссэн шархыг арилгах болон бусад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байгаа бөгөөд холбогдох нотлох баримтуудаа гаргаж ирүүлээгүй учраас уг зардлын төлбөрийг шүүх энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй тул цаашид гарах зардлын нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй гэж үзсэн.
Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Шүүгдэгч З.Н нь нотлох баримтаар нэхэмжилсэн зардлыг төлсөн боловч уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн “... Шарх нь сорвижиж эдгэрнэ, ердийн явцаараа арилж эдгэрэхгүй” гэх дүгнэлтээр тус тус тогтоогдож байгаа тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан гэж үзэх боломжгүй.
Иймд З.Нын баримтаар нэхэмжилсэн зардал 119,000 төгрөг төлснийг хохирол бүрэн төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй мөн түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч З.Н нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа, хувийн байгууллагад ажил эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хохиролд 119,000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хохирогч цаашид гарах зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж, З.Н-д тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Бт овогт Зын Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Ныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан З.Н-д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан З.Н-д танилцуулсугай.
5.ЗНын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 119,000 төгрөг төлсөн, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ