Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0531

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК ,            

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг,

Маргааны төрөл: хүчингүй болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг сонгон шалгаруулалтаар эсхүл нөхөх олговроор талбай дүйцүүлэн олгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны н******* бичгийн дарга М.Мөнхцэцэг нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: А ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, А ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг хариуцагч нарт даалгах.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар.

1. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолын дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрөл хүчингүй болсон.  

2. А ХХК 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тоот албан бичгээр тухайн талбайд сонгон шалгаруулалт зарлуулах хүсэлт гаргасанд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн талбай нь улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай үндэслэлээр босго үнэ баталгаажуулах, сонгон шалгаруулалт  зарлах боломжгүй хэмээн татгалзсан.

3. А ХХК 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад дээрх татгалзалд холбогдуулан гомдол гаргахдаа нөхөн олговор олгуулах, дүйцүүлэн талбай олгуулах талаар дурдсан.

4. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгээр татгалзсан хариу өгснөөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн тоот тушаалаар шинэчлэн байгуулагдсан ажлын хэсгийг болон Ашигт малтмал, газрын тосны газрыг тодорхойлсон байна.

Гурав. Маргаж буй үндэслэлүүд.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай А ХХК нь Өмнөговь аймгийн сумын нутагт байрлах нэртэй 87297,86 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын - тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан.

Гэвч тухайн үед Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэсэн.

Үүнтэй холбоотойгоор албан тушаалтны буруутай үйлдлээс шалтгаалж тусгай зөвшөөрөл эзэмшигч хохирох ёсгүй гэдэг байдлаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталсан. Тус журмын гол зорилго нь төр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хохиролгүй болгох үүднээс гаргасан. Тус журмын 2.4-т зааснаар төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газраас ажлын хэсэг байгуулж, тусгай зөвшөөрлийн геологи хайгуулын зардал, тусгай зөвшөөрлийн төлбөр, бусад зардлыг баталгаажуулан сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох байдлаар энэ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн асуудлыг төрийн буруутай албан тушаалтнуудын үйлдлээс шалтгаалан хохиролгүй болгох энэ арга хэмжээг авах нь зүйтэй гэдэг байдлаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийтгэх тогтоолын дагуу Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дугаартай шийдвэр гарч манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Үүнээс хойш Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол Улсын Засгийн газрын 2014 оны журмыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг удаа дараа байгуулагдаж байсан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй, ажлын хэсэг маш олон удаа солигдож байсан. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрлөөс тусгай зөвшөөрлийн асуудлыг хамгийн сүүлд байгуулагдсан 2024 оны дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбоотойгоор А ХХК-иас нөхөн олговор авах талаар болон цаашид хэрхэх талаар гомдол хүсэлтээ гаргасан. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гомдол, хүсэлт гаргасан боловч танай компанийн тусгай зөвшөөрлийн талбайг улсын, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, улсын тусгай хамгаалалтад авсан, улсын нөөцөд авсан талбайтай хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай тул энэ тусгай зөвшөөрлийн талбайг сонгон шалгаруулалтаар зарлах боломжгүй гэдэг албан бичгийг хүргүүлсний дагуу манай компаниас Ашигт малтмал, газрын тосны газрын дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан бичигтэй холбогдуулан маргасан. Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газрын даргад нь хүртэл нөхөн олговрын хэлбэрээр манай компанийн тусгай зөвшөөрлийн хохирлын асуудлыг шийдвэрлэж өгөөч гэдэг агуулгаар гомдол гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газраас нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр танай компанийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна гэдэг байдлаар үндэслэлгүй хариу өгсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 4-т төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах үндсэн зарчим бий. Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна гэж заасан. Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно мөн нөхөх олговор олгох журмыг хуулиар тусгайлан зохицуулна гэж заасан байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ дүйцүүлэн талбай авах энэ асуудлыг зохицуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 болон 14.5 дахь хэсэгт нөхөх олговрын хэмжээг мөнгөн дүнгээр олгох, хөндлөнгийн дүгнэлт гаргуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг жилийн дотор мөнгөн дүнгээр олгох зохицуулалтыг тусгасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .3.4 дэх заалтын дагуу А ХХК-иас нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын Дээд шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарласан албан ёсны тайлбарт тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд төрийн захиргааны байгууллага хоорондоо нөхөх олговрын асуудлаар харилцан тохиролцох, мөн төрийн захиргааны байгууллагад өөрт нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан нөхөх олговрын төрөл, хэлбэрийг сонгох боломжийг хуульчилж зохицуулж өгсөн.

Өнөөдрийг хүртэл А ХХК төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж ирсэн. Гагцхүү энэ ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн цуцлагдсан нөхцөл байдал нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйлдэл болон үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг буруутгасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэр байхгүй. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтнуудын эрх мэдэл, албан тушаалын байдалтай нь холбогдуулан гарсан энэ асуудал дээр тусгай зөвшөөрөл эзэмшигч хохирсон нөхцөл байдал үр дагаврыг арилгах үүднээс Монгол Улсын Засгийн газар тогтоол гаргасан юм.

Уг тогтоол зөвхөн шүүхийн шийдвэрээр гэдэг агуулгаар гараагүй, энэ тусгай зөвшөөрөл гэж нэр заагдсан тусгай зөвшөөрлийн нэг тусгай зөвшөөрөл нь А ХХК-ийн Х- дугаар тусгай зөвшөөрлийн асуудал хамаарна. Хэдийгээр сонгон шалгаруулалт зарлах боломжгүй гэж байгаа боловч сонгон шалгаруулалт зарлах гол зорилго нь өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахад зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлага бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд хамаардаг. Гол зорилго нь босго үнийг тогтоох байдлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хохирлыг арилгая гэдэг агуулгатай. Хэрвээ сонгон шалгаруулалт зарлагдсан тохиолдолд босго үнийг 384,000,000 орчим төгрөгөөр А ХХК тогтоолгож, энэ сонгон шалгаруулалтад оролцох, өөр этгээд энэ сонгон шалгаруулалтад шалгарлаа гэж бодоход босго үнэ болох дэнчин тавьсан 384,000,000 төгрөгийг манай компани хохирол болгон барагдуулах ийм нөхцөл байдалтай байсан.

Хориглосон, хязгаарласан газартай давхцалтайн улмаас улсын тусгай хамгаалалтад авсан талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах боломжгүй энэ нөхцөл байдлыг А ХХК-ийн зүгээс ойлгож байна. Гэхдээ энэ үндэслэлээр манай компанид учирсан хохирлыг арилгахгүй өнгөрүүлэх нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас учирсан хохирол, нөхөх олговрыг олгох ёстой гэдэг байдлаар маргаж байна гэв.

2. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас дараах тайлбарыг гаргаж байна. Өмнөговь аймгийн сумын нутаг нэртэй 87198.99 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг анх Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр шийдвэрээр Ө ХХК-д олгосон байсан бөгөөд тус компаниас уг тусгай зөвшөөрлийг А ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр шийдвэрээр шилжүүлснийг бүртгэсэн байна.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоол хүчин төгөлдөр болж ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон байна гэж үзээд хүчингүй болгосны дотор А ХХК-ийн ХВ- дугаартай тусгай зөвшөөрөл хамрагдсан ба Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр хүчингүй болгож бүртгэсэн байна.

Дээрх шүүхийн тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2014 оны дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталсан. Уг тогтоолын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдаж хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын ажлын зардлыг үндэслэн босго үнэ тогтоох ажил хийгдэж байна. 

Уг ажлын хүрээнд А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаар тусгай зөвшөөрлийн талбайд шүүлт хийж үзэхэд хэд хэдэн газартай давхцалтай учраас тусгай зөвшөөрлийн босго үнэ баталгаажуулах боломжгүй болчихоод байгаа юм. Энэ нь Улсын Их Хурлын 1993 оны 83 дугаар тогтоол мөн 2016 оны 35 дугаар тогтоол, Засгийн газрын 2012 оны 194 дугаар тогтоол, мөн Засгийн газрын 2015 оны 212 дугаар тогтоол болон Өмнөговь аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны дугаар тогтоолуудаар Улсын тусгай хэрэгцээнд авсан учраас тусгай зөвшөөрлийн босго үнэ баталгаажуулах ажиллагаа явагдахгүй байна. Тусгай зөвшөөрлийн босго үнэ баталгаажуулж болохгүй ийм нөхцөл байдалтай холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр газрыг улсын тусгай хэрэгцээнд авсантай холбоотой асуудлаар сонгон шалгаруулах боломжгүй гэсэн байдлаар ажлын хэсгээс дүгнэдэг. Энэ дүгнэлтийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу нөхөн олговор олгох ажлын хэсгийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар 2019 оноос хойш байгуулж ажиллаж байна. Энэ ажлын хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу энэ талбайг сонгон шалгаруулалт зарлах, босго үнэ тогтоох үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Засгийн газар, Улсын Их Хурал холбогдох байгууллагуудаас улсын, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсны улмаас нөхөн олговрын асуудлаар холбогдох тооцоо судалгаа хийж, Уул уурхайн яаманд уламжлах чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй. Хариуцагч буюу манай ажлын хэсэгт холбогдох баримтуудыг шилжүүлж өгсөн.

Манай ажлын хэсэг сонгон шалгаруулалт зарлах боломж байхгүй, зүгээр дүйцүүлэхээр олгох боломжит эрх нь танайд байгаа гэсэн байдлаар ажлын хэсгээс манайд уламжилсан байна. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэсэн албан бичгээр нэхэмжлэгч компанийн гомдлыг шилжүүлсэн. Төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны улмаас бусдад учирсан гэм хорыг төр өөрөө хариуцаж арилгах зарчмын хүрээнд тус компанийн гомдлыг шийдвэрлэж, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу нөхөн олговроор талбай дүйцүүлэн авах хүсэлтийг шийдвэрлэж, санал боловсруулж ирүүлэхийг манай ажлын хэсэгт уламжилсан.

Үүний дагуу холбогдох албан бичгүүд ирсэн, одоо тооцоо судалгаа хийгээд ажлын хэсэг ер нь асуудлыг яаж шийдвэрлэх вэ гээд хуралдах уу, яах вэ гэдэг байр суурьтай ажиллаж байна. Энэ асуудалтай холбоотойгоор Засгийн газрын 2014 оны дугаар тогтоолоор баталсан журамд тусгай хамгаалалт болон тусгай хэрэгцээнд авсан газартай холбоотой асуудлаар яаж шийдвэрлэх талаар болон холбогдох журам, хуулийг яаж хэрэглэх талаар зохицуулсан зүйл байхгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д шүүх тус маргааныг нарийвчлан зохицуулсан хууль байхгүй бол ерөнхий зохицуулсан хууль, хэрэв тийм хууль байхгүй бол Үндсэн хуульд заасан агуулга, ерөнхий үндэслэл дээр үндэслэж шийдвэрлэнэ гэсэн заалтыг шүүх хэрэглэх нь зүйтэй гэсэн тайлбартай байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд, дараах үндэслэлээр А ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг хариуцагч нарт даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Өмнөговь аймгийн сумын нутаг нэртэй 87198.99 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр шийдвэрээр Ө ХХК-д олгож, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч А ХХК-д шилжүүлсэн.

2. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор ... Ашигт малтмалын тухай хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгогдсон тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосон, үүнд Ө ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр шийдвэр багтаж, хүчингүй болсон.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлж А ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг мэдээллийн санд бүртгэсэн.  

Ийнхүү Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолоор анх тусгай зөвшөөрлийг олгохдоо хууль зөрчиж, сонгон шалгаруулалтгүйгээр олгосныг тогтоосноор тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, энэ шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй.

3. Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ыг баталж, энэ дагуу Ашигт малтмалын газрын даргын 2014 оны , , , , 2015 оны 3, 2017 оны , 2018 оны , 2020 оны , 2021 оны , 2023 оны , 2024 оны дугаарт тушаалаар сонгон шалгаруулалтын босго үнэ тогтоох, баталгаажуулах ажлын хэсэг байгуулсан.

4. А ХХК 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт хандан тухайн талбайд сонгон шалгаруулалт зарлуулах, босго үнэ баталгаажуулах хүсэлт гаргасанд ажлын хэсэг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн талбай нь улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай үндэслэлээр босго үнэ баталгаажуулах, сонгон шалгаруулалт  зарлах боломжгүй хэмээн татгалзсан байх бөгөөд энэ нь дараах байдлаар үндэслэлтэй байна.

4.1. Тодруулбал Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг кадастрын бүртгэлийн системд зураг зүйн шүүлт хийж А ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын Их Хурлын 1993 оны 83 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Говь гурван сайхан нэртэй газартай хэсэгчлэн, Улсын Их Хурлын 2016 оны 35 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Т, Тосон б******* нэртэй газартай хэсэгчлэн, Засгийн газрын 2012 оны 194 дугаар тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын хилийн зааг газартай хэсэгчлэн, Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоолоор нөөцөд авсан Т, Тосон бумбын нуруу нэртэй газартай хэсэгчлэн, Засгийн газрын 2019 оны 89 дүгээр тогтоолоор нөөцөд авсан З 50 нэртэй талбайтай хэсэгчлэн, Өмнөговь аймгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Н******* уул, Д******* х******* нэртэй газартай хэсэгчлэн давхцалтай, дээрх улсын болон орон нутгийн тусгай хамгаалалт, хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын хайгуул болон ашиглалт хийхийг хуулиар хориглосон талбайтай бүхэлдээ давхцалтай байгааг тогтоосон нь хэрэгт мэдээллийн сангийн зураг, зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоор авагджээ.[1]

4.2. Засгийн газрын 2014 оны дугаар тогтоолоор батлагдсан Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам нь нөхөн олговор олгох, дүйцүүлэн талбай олгох зохицуулалт агуулаагүй, зөвхөн дээрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийн хувьд тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт зарлах байдлаар шийдвэрлэх асуудлыг журамласан.

4.3. Энэ журмын дагуу сонгон шалгаруулалтын босго үнэ баталгаажуулж сонгон шалгаруулалтаар тухайн талбайг олгоход тухайн талбай Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-т заасан тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх шаардлагыг хангах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн шилжүүлэн авсан тусгай зөвшөөрөл бүхий тухайн талбай дээрх байдлаар энэ шаардлагыг хангаагүй буюу эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрээр улсын болон орон нутгийн тусгай хамгаалалт, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон талбайтай бүхэлдээ давхцалтай болох нь илэрхий болсон, ийнхүү давхцалтай болохыг нэхэмжлэгч 2019 онд мэдэж байсан, энэ талаар маргаагүй байдаг.

Тодруулбал тус компани 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ******* тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн шинээр тусгай зөвшөөрлийн талбай хүсэхдээ энэ талаар дурдсан, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ******* тоот албан бичгээр улсын болон орон нутгийн тусгай хамгаалалт, нөөцөд авсан талбайтай бүхэлдээ давхцалтай, 2013 онд тусгай зөвшөөрөл хүчингүй болсноос хойш улсын тусгай хамгаалалт, нөөцөд авсан байгааг дурдаж, хүчингүй болсон тусгай зөвшөөрөлтэй талбайг дүйцүүлэн олгох зохицуулалтгүй хэмээн татгалзсан байдаг.

Ийнхүү сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох боломжгүй үндэслэлийг буюу улсын, орон нутгийн тусгай хамгаалалт, нөөцөд авсан, мөн хуулиар хориглосон талбайтай бүхэлдээ давхцалтай үндэслэлээр тухайн талбайд сонгон шалгаруулалтын босго үнэ баталгаажуулах, сонгон шалгаруулалтын талбайгаар зарлах боломжгүй гэсэн ажлын хэсгийн татгалзал үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.

5. А ХХК 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* тоот албан бичгээр дээрх татгалзалд холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргахдаа нөхөн олговор олгуулах, дүйцүүлэн талбай олгуулах талаар дурдсанаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгээр улсын болон орон нутгийн тусгай хамгаалалт, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон талбайтай бүхэлдээ давхцалтай хэмээн нөхөн олговор олгох, дүйцүүлэн талбай олгох боломжгүй гэж татгалзсан нь дараах байдлаар үндэслэлтэй байна.

5.1. Дээр дүгнэсэнчлэн тус компанийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн шинээр тусгай зөвшөөрлийн талбай олгуулах хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ******* тоот албан бичгээр улсын болон орон нутгийн тусгай хамгаалалт, нөөцөд авсан талбайтай бүхэлдээ давхцалтай, 2013 онд тусгай зөвшөөрөл хүчингүй болсноос хойш улсын тусгай хамгаалалт, нөөцөд авсан тул хүчингүй болсон тусгай зөвшөөрөлтэй талбайг дүйцүүлэн олгох зохицуулалтгүйг мэдэгдсэн, нэхэмжлэгч энэ үндэслэлтэй маргаагүй байдаг.

5.2. Мөн дээр дүгнэсэнчлэн Засгийн газрын 2014 оны дугаар тогтоолоор батлагдсан Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам нь нөхөн олговор олгох, дүйцүүлэн талбай олгох зохицуулалт агуулаагүй тул энэ үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* тоот албан бичгээр татгалзсан нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

6. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно. гэсэн заалт нь хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хувьд нөхөн олговор шаардах эрх үүсгэнэ.

Тиймээс энэ тохиолдолд дагуу нөхөн олговор олгох үндэслэлгүй, энэ зохицуулалт хамаарахгүй юм.

7. Шүүхийн шийдвэрээр анх тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хуульд заасан журмын дагуу олгоогүй болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар тусгай зөвшөөрөл анх олгосон шийдвэрийг хууль бус захиргааны акт гэж үзэх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 4-т заасан эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

8. Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3-т заасан нөхөн олговор шаардах эрх, энэ талаарх журам мөн адил хамаарахгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, .3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 17 дугаар зүйлийн 17.5.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2021 оны дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, А ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий төрийн байгууллагад уламжлахыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                   ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА