Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/105

 

 

 

 

 

 

2023               01            25                                       2023/ДШМ/105

 

А.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч М.Ариунболд, Г.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/998 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа болон Б.Мэргэн, Г.Должинсүрэн, М.Ариунболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.Уд холбогдох 2041 00017 0221Т дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Аийн У, 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

Шүүгдэгч А.У нь “өөрийгөө Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан, дэд хурандаа цолтой, 2017 оны 10 сараас прокурорын байгууллагад ажилладаг, нэр бүхий албан тушаалтнуудтай танил, мөнгөөр ажилд оруулж өгч чадна” гэж хуурч, П.Быг төөрөгдөлд оруулж, улмаар А.Цгээс “түүний нөхрийг Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зооиудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.800.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөүлийн гудамжны орчим пабад, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1.700.000 төгрөгийг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “...” зочид буудлын 1 давхарт байрлах Солонгос хоолны газарт тус тус бэлнээр авч, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” банкны салбараас 5058282027 тоот дансаар шилжүүлсэн 500.000 төгрөгийг тус тус залилан авч, 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

иргэн М.Ст түүний эзэмшлийн “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг 25.000.000 төгрөгт тооцон Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг Эрхэт гэх газарт тэжээлийн ургамал тариалах зориулалт бүхий 374м.кв газраар сольж өгнө гэж хуурч, хуурамч газар эзэмших эрхийн гэрчилгээ гарган өгч төөрөгдөлд оруулж, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро худалдааны төвийн орчим байрлах нотариатын газарт уг автомашиныг бусдад худалдах, нэр шилжүүлэх, төлбөр тооцоо хийж авах, гэрээнд гарын үсэг зурах зэрэг захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлийг М.Саар Д.Б гэгчид олгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг буюу 25.000.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг залилан авсан,

2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн үйлдлээр иргэн М.Саас мөнгө зээлэх нэрээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 13.100.000 төгрөгийг, “алт олборлох техник хэрэгсэл түрээслэн хамтарч ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, М.Сын эзэмшлийн “Мобиком” ХХК-ийн үүрэн холбооны ... дугаарыг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бээжингийн гудамж, “Жи Би” плазагийн 5 давхар 501 тоотод байрлах “... ...” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан 50.000.000 төгрөгийн зээл авахуулж, 2.250.000 төгрөгийг бэлнээр, 47.750.000 төгрөгийг өөрийн “...” банкин дахь ... дугаарын дансанд шилжүүлэн авч залилан, М.Ст нийт 88.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Отэй гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Э.Дд түүний эзэмшлийн “... УНО улсын бүртгэлийн дугаартай “Шевролет Тахой” загварын тээврийн хэрэгслийг 60.000.000 төгрөгөөр тооцон худалдан авч, үйлдвэрийн үнээр Мон цементийг 14 хоногийн дотор нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төв дотор байрлах нотариатын газар 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 60.000.000 төгрөгийн үнэ бүхий ... УНО улсын бүртгэлийн дугаартай “Шевролет Дахуй” загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилан, бусдад нийт 152.100.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Н.Нтай уулзахаар урьдчилан утсаар ярих, цахим хэрэгслээр харилцах зэргээр гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Э.Отэй, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ганцаараа товлосон цагт Сүхбаатар дүүргийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөдөлмөрийн ордны 10 давхарт байрлах түүний ажлын байранд Н.Нтай уулзахаар төлөвлөн, түүнээс нууц камер авах, бусдад бичлэг хийлгэх, болзол тавих зэргээр гэмт хэргийн хамтран үйлдэгчийн үүргийг өөрөө болон Э.Отэй бүлэглэн гүйцэтгэх үүрэг оролцоог хуваарилж, 2020 оны 01 дүгээр  сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центр төвд өмгөөлөгч Ж.Бийг хууль бусаар мөрдөн мөшгөсөн үйлдлийг зохион байгуулж, гардан гүйцэтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Уыг үргэлжилсэн үйлдлээр дангаараа болон шүүгдэгч Э.Отэй бүлэглэн бусдыг хуурч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг, мөн шүүгдэгч Э.Отэй бүлэглэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг хууль бусаар мөрдөж мөшгөсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уын урьдчилан цагдан хоригдсон 92 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уас 88.100.000 төгрөг гаргуулж хохирогч М.Ст, 4.000.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч П.Бт, 25.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Дд тус тус олгож, хохирогч М.Сын нэхэмжлэлээс үлдсэн 61.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогч А.Золжаргалын шүүгдэгч Э.О, А.У нараас нэхэмжилсэн 9.895.890 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч А.Уын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлаар хохирогч А.Золжаргал, Ж.Б, М.С, Э.Д, Э.Ц нарт нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг тусгаарласан хэрэгт буюу 2041000170221 дугаартай үндсэн хэрэгт “эд мөрийн баримтаар хураагдсан №000680629 дугаартай 1 ширхэг газар эзэмших эрхийн гэрчилгээ, нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас 51 хуудас, 3 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт ... УБХ улсын бүртгэлийн дугаартай Nissan Murano загварын тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Урангоод олгож” шийдвэрлэсэн болохыг дурдаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У нь прокурорын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №06 тоот тогтоолоор авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн тул барьцааны 5.000.000 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Уын өмгөөлөгч Б.Мэргэн, Г.Должинсүрэн, М.Ариунболд нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсэгт “Шүүгдэгч У нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа шүүгдэгч Э.Отэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-оос 28-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центр төвд хохирогч Ж.Бийг эрхэлж байгаа өмгөөллийн ажил үүрэгтэй холбоотой асуудлаар яриа бичих төхөөрөмж ашиглан хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.” гээд “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч А.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэжээ. Ингэснээр шүүх нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна:” гээд 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан. А.У нь мөрдөн мөшгөх гэмт хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ны өдрүүдэд үйлдсэн гэх тул цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар байна. Мөн А.Уын үйлдсэн гэх мөрдөн мөшгөх гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан болон хохирогчоос шаардсан хохирол байхгүй болно. Иймд А.Уын үйлдсэн мөрдөн мөшгөх гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч А.У гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 09 цагт Нийслэлийн прокурорын газарт Ц.Гансүлд прокурор яллах дүгнэлт гардуулж өгсөн. Тэр өдрөөс хойш 20 хоногийн дараа хохирогч М.Сын дансны хуулгыг хавтаст хэрэгт нөхөж хийсэн байсан. Прокурор яллах дүгнэлт гардуулахаас өмнө хохирогчийн дансны хуулгыг хавтаст хэрэгт хийсэн бол хохирлын хэмжээ үнэн зөв тогтоогдох байтал уг алдаанаас болж хохирол буруу тогтоогдсон. Хэргийг шүүхэд шилжихээс өмнө энэ асуудлыг Ц.Гансүх прокурорт хэлж гомдол хүсэлт өгсөн боловч нэгэнт яллах дүгнэлт гардсан тул та энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу авсан. Ингээд миний бие хохирогчид өгсөн мөнгийг он сартай нь хүснэгт болгон жагсааж ойлгомжтой байдлаар шүүхэд гарган өгч хавтаст хэрэгт хавсаргуулсан. Гэвч анхан шатны шүүх тухайн хохирлын хэмжээг огт хэлэлцээгүй орхисон. Хохирогч М.С гэм буруугийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн асуултад хариулахдаа А.У зээл буцаан төлсөн гэж мэдүүлдэг. Харин мөрдөн шалгах ажиллагааны үед төлөөгүй хэмээн худал мэдүүлснээс болж прокурор тухайн асуудлыг нягталж хяналгүй яллах дүгнэлт үйлдэж, дараа нь яллах дүгнэлт гардуулсан өдрөө буюу 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр арилжааны банкуудад хохирогч М.Сын дансны хуулгыг гаргуулж авахаар дугаар албан тоот бичгийг Авлигатай тэмцэх газрын мөрдөгч комиссар Амгаланбаатараар явуулж 20 гаруй хоногийн дараа хавтаст хэрэгт нөхөж хийсэн байсан. Уг нөхөж хийсэн дансны хуулга дээр А.У миний бие хохирогчид мөнгө шилжүүлж зээл төлсөн, банкинд бэлнээр тушаасан гүйлгээ бүр бүгд байдаг. Энэ шударга бус асуудлаас болж миний бие бусдад төлсөн зээлээ дахин төлөх болчихоод байна. Иймд шүүхээс шударга үнэнийг баримтлан хэргийг үнэн зөвөөр нягтлан хараасай гэж хүсэж байна. Мөн 12.000.000, 6.000.000, 2.500.000 гэх мэт маш олон зээлийг би хугацаанд нь буцаан төлсөн байтал хохирлын 88.000.000 төгрөгт оруулж тооцсон. Миний бие зээлийн гэрээтэй, гэрээгээр хүлээсэн үүргээ нэг ч удаа зөрчиж зээл төлөлт хойшлуулж байгаагүй.

Хохирогч М.Сын Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэл 2009 онд үйлдвэрлэсэн 2016 онд Монгол Улсад орж ирсэн. 2019 онд миний бие 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн автомашинд бодит үнэлгээ хийлгэлгүй зөвхөн хохирогчийн үгээр 25.000.000 төгрөг гэж хавтаст хэрэгт үнэлсэн байна. Миний бие уг тээврийн хэрэгслийг 25.000.000 төгрөг гэх хийсвэр үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Тусгай үнэлгээний компаниар 2018-2019 оны зах зээлийн бодит үнэлгээ хийгдэх ёстой гэж үзэж байна. Мөн хохирогч анх 22.000.000 төгрөг гэж өргөдөл гаргасан байснаа мөрдөн шалгах ажиллагааны явцад 25.000.000 төгрөг болж өөрчлөгдөн анхан шатны шүүх хуралдаан дээр 30.000.000 төгрөгийн Тоёота приус 30 загвар болж өөрчлөгддөг. Гэтэл миний бие уг тээврийн хэрэгслийг бэлэн 10.000.000 төгрөг өгч худалдаж авсан ба Вьетнам Улсын элчин сайдын яаманд 16.800.000 төгрөгөөр зарагдсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Иймд уг 2009 оны Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийн бодит үнэлгээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үнэн зөв шүүхийн шийдвэр гаргуулах хүсэлтэй байна. Маш их гомдолтой байна.

Хохирогч М.С нь Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг А.У газрын гэрчилгээгээр солино гэж авсан хэмээн мэдүүлдэг. Ингэхдээ Доржцэнд гэх А.Уын дүү утсаар ярьсан, газар зарсан гэх мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байна. Гэтэл А.У надад Доржцэнд гэх дүү байхгүй. Би ийм нэртэй хүн огт танихгүй. Иймд хохирогчийн хэлсэн Доржцэнд гэх хүнээр газрын гэрчилгээтэй холбоотой асуудлыг заавал гэрчлүүлэх хүсэлтэй бөгөөд Доржцэндийг гэрчээр дуудаж асуугаагүй нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Энэ асуудлыг шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул А.У надад ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү.

Мөрдөгч Марияа гэгч нь миний яриагүй зүйлсийг мэдүүлэг болгон цаасан дээр буулган А.У гарын үсэг зуралгүй гарч явсан гэж хуурамч мэдүүлэг зохион бичиж хууль зөрчсөн. Хэрэв мөрдөгч үнэн ярьж миний бие өгсөн мэдүүлэгтээ гарын үсэг зуралгүй гарч явсан бол дуу дүрсээр бэхжүүлж хөндлөнгийн гэрч байлцуулсан тэмдэглэл нотолгоо заавал үйлдсэн байх ёстой. Уг асуудлыг мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан ба мөрдөгч Марияагийн хууль зөрчсөн нь мөрдөн шалгах өрөөний камерт бичигдсэн байдаг. Ингэж хууль зөрчиж намайг ялласан нь баримт нотолгоотой тул энэ хууль бус үйлдэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа юм.

Иргэний нэхэмжлэгч П.Бын мэдүүлэг бүхэн А.У намайг хүнд зүйл ангиар шалгуулж төрөл бүрийн гэмт хэрэгт гүтгэх санаа зорилго шууд агуулдаг. Анх П.Б нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Тагнуулын ерөнхий газарт хамтран ажиллах санал тавьж А.У надад холбогдуулж өргөдөл гаргасан байсан. Ингэхдээ П.Бын хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтад А.У миний бие Б.Бат-Өлзийг ажилд оруулна гэсэн утгатай ямар ч үг өгүүлбэр байдаггүй. Мөн зарим нь миний бичсэн мессеж биш байсан. П.Б нь А.У надаас 500.000 төгрөг зээлснээ хавтаст хэрэгт мэдүүлсэн. Харин тэрийгээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын авлигын гэмт хэрэгт гүтгэн өөрт нь өгсөн шагналын мөнгө байсан гэж ярьдаг. Ингээд надаас авсан 500.000 төгрөгөө А.Цгээр дамжуулж буцааж өгснийгөө хүн ажилд оруулах гэж өгсөн мөнгө гэж гүтгэдэг. Мөн надтай уулзаж мөнгө өгсөн гэх газруудад миний бие тухайн цагт байсан, П.Бтай уулзаж мөнгө авсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Зөвхөн П.Бын мэдүүлгээр эмэгтэйчүүдийн бие засах өрөөнд мөнгө авсан, хоолны газрын менюны ард нууц мөнгө авсан болгож шившигтэй байдлаар ялласан. Хамгийн хачирхалтай нь ажилд орох гэсэн гол гэрч Б.Бат-Өлзийг огт асууж мэдүүлэг аваагүй байдаг. А.Ц, П.Б нарын мэдүүлгүүд цаг хугацааны хувьд ойрхон зайтай авагддаг ба дахин мэдүүлэг өгөх үедээ яг ижилхэн зүйлс ярьцгааж өөрчлөгддөг нь үгсэн тохирч бусдыг гүтгэдэг болох нь харагддаг. А.Ц нь хэргийн газар А.У байсан гэж мэдүүлдэггүй. П.Б орчихоод гарч ирдэг байсан талаар мэдүүлдэг. Мөн тухайн газрын байршлыг зааж өгч чадахгүй байгаа зэрэг бүх үг үйлдэл бүхэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохоих байдлын шинжийг хангалттай харуулж чадахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож П.Бын иргэний нэхэмжлэлийг цагаатгаж өгнө үү.

Миний бие хохирогч Э.Дын Шевролет тахое загварын тээврийн хэрэгсэлд дараах гомдлыг гаргаж байна. Миний бие Э.Оийг залилан хийх нөхцөл боломжоор хангаж Э.Д, Э.О нарыг зуучилсан явдалдаа маш харамсаж байна. Анх тухайн тээврийн хэрэгсэл 60.000.000 төгрөгөөс хямдарч 50.000.000 төгрөгийн бартерт зарагдсан нь Э.Дүүрэнцэнгэл, хохирогч Э.Д нарын мэдүүлгээр нотлогддог. Ингээд 10.000.000 төгрөгийг Э.О Э.Дын дансанд шилжүүлсэн байсан ба 40.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Ингээд 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар Э.О 25.000.000 төгрөгийг төлж 15.000.000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн байна. Мөн тээврийн хэрэгслийн бодит үнэлгээг хохирогч А.Золжаргал хийлгэн 38.000.000 төгрөгийн үнэлгээ гарсан нь хавтаст хэрэгт байдаг. Гэвч миний бие уг асуудлаар огт маргадаггүй бөгөөд Э.Оийн залилж авсан тээврийн хэрэгслийг хамт төлөлцөх болсон явдалдаа хохирол төлөхөө илэрхийлж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Харин зөвхөн бодит хохирлыг төлөх хүсэлтэй байна. Эрүүгийн гэмт хэрэг бусдын ашиг хонжоо олох хэрэгсэл болж хэрхэвч болохгүй. Мөн прокурорын хохирол буруу тооцсон алдаатай яллах дүгнэлтэд тулгуурлан хүнийг хилсээр шүүн тасалж, шүүх өөрөө шударга бус шийдвэр гаргаж болохгүй гэж үзэж байна.

Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их хурлын гишүүн Н.Н Баянгол дүүргийн прокурорын газрын зөрчлийн хяналтын прокурор Э.О нарыг зуучлан уулзуулсан асуудлаа үнэн зөв мэдүүлж, анхнаасаа маргаагүй. Хохирогч Ж.Баас уучлалт гуйсан. Уг эрүүгийн хэргийн зүйлчлэл 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд багтсан тул өршөөлд хамруулж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Уын өмгөөлөгч Г.Нарантуяа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заажээ. Миний үйлчлүүлэгч А.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг зохион байгуулсан, хамтран оролцсон гэж үзсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын мэдүүлгийн зөрүү, хэрхэн үнэлэх талаарх нотлох баримт, мэдүүлгийг хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнээгүй ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг үгүйсгэсэн үндэслэлээ тайлбарлаагүй, ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа дурдаагүй байна. Мөн хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэхдээ зөвхөн хохирогчийн тайлбар мэдүүлгээр хохирлыг тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. А.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллагдагчаар татсан. Тухайн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хамаарч байх тул уг хуулийг хэрэглэх боломжтой юм. А.У нь бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй ба хувийн байдлыг нь харгалзан үзнэ үү гэж шүүхээс хүсч байна. Иймд шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/998 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Уын өмгөөлөгч М.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсэгт “Шүүгдэгч У нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа шүүгдэгч Э.Отэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-оос 28-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центр төвд хохирогч Ж.Бийг эрхэлж байгаа өмгөөллийн ажил үүрэгтэй холбоотой асуудлаар яриа бичих төхөөрөмж ашиглан хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.” гээд “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч А.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэжээ. Ингэснээр шүүх нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна:” гээд 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан. А.У нь мөрдөн мөшгөх гэмт хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ны өдрүүдэд үйлдсэн гэх тул цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар байна. Мөн А.Уын үйлдсэн гэх мөрдөн мөшгөх гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан болон хохирогчоос шаардсан хохирол байхгүй болно. Иймд А.Уын үйлдсэн мөрдөн мөшгөх гэмт хэрэгт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү. Бусад асуудлаар яагаад гомдол гаргаагүй вэ гэхээр шүүгдэгч А.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн өмгөөлөгч Г.Нарантуяагийн гаргаж буй давж заалдах гомдлыг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч М.Сыг залилсан гэх асуудал дээр дансны хуулгыг яллах дүгнэлтийг гардуулсны дараа хэрэгт хавсаргасан гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Стай холбоотой түүний дансны хуулга болон шүүгдэгч А.Уын дансны хуулга, хохирогч Б болон холбогдох гэрч нарын мэдүүлэгт тулгуурлаж дансны хуулгыг холбогдох банк санхүүгийн байгууллагаас гаргуулж авч үзлэг хийж, хэрэгт хавсаргасан. Яллах дүгнэлт гардуулсны дараа М.Сын Худалдаа хөгжлийн банк, ... банк, Голомт банкны данснуудын дэлгэрэнгүй хуулгыг авч хэрэгт хавсаргасан. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхэд энэ асуудал яригдаж дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлд болон бусад холбогдох баримтуудаар М.Саас А.У руу шилжсэн, А.Уас М.С руу шилжсэн гэх мөнгөний асуудал яригддаг. Хэд хэдэн удаагийн гүйлгээгээр М.Саас А.У руу шилжүүлж нийт 13.100.000 төгрөгийн хохирол учирсан гэх асуудал тогтоогдсон. А.Уас М.С руу шилжүүлээд байгаа мөнгөн хөрөнгө бол М.С, А.У нар урьдын 99113332 дугаарыг ашиглах тал дээр хоорондоо харилцан тохиролцож гэрээ байгуулаад, сарын 300.000 төгрөг, 500.000 төгрөг шилжүүлж байсан талаар баримт хэрэгт авагдсан. Мөн С У нар нь удаа дараа хоорондоо мөнгө зээлэх, худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээний дагуу тухайн мөнгөн хөрөнгүүдийг шилжүүлж байсан. Дансны хуулга болон бусад баримтуудаар А.У нь мөнгө зээлэх болон бусад аргаар М.Саас нийт дансаар 13.100.000 төгрөгийг залилж авсан гэх үйл баримт тогтоогдсон. Приус 30 маркийн автомашинд үнэлгээ хийлгэхгүйгээр хохиролд тооцсон гэж байна. Уг машиныг Дарханд байрлах газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөх нэрийдлээр тухайн машиныг залилж авсан гэх үйл баримт хэрэгт авагдсан. Приус 30 маркийн машиныг авахдаа М.Стай 25 сая төгрөгөөр тухайн автомашиныг үнэлж, ингээд холбогдох газарт нь шилжүүлэнэ гэж аваад, 10 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Улмаар 10 сая төгрөгийн гэрээ байгуулаад Б гэх хүнд итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн. Гэвч хэрэгт авагдсан баримтаар Б гэх хүн “А.У уг машиныг зарсан” гэдэг. Иймд анх М.Саас газар ашиглах гэрчилгээг авч өгнө гэж хэлээд авахдаа приус 30 маркийн автомашиныг 25 сая төгрөгөөр тооцож залилан авсан байдаг. Иймд 25 сая төгрөгийн хохирол учруулсан гэж тооцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч А.У гэм буруу дээрээ маргаж оролцсон. Сая хэлэхдээ “мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Бийг мөрдөж мөшгөсөн асуудал дээрээ маргаагүй. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд “мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж болно” гэж зохицуулсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн зүгээс хохирогч Ж.Бийг мөрдөж мөшгөсөн асуудал дээр маргаж оролцсон тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад А.У нь хохирол төлөх нэрийдлээр 5 хоногийн завсарлага аваад шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас оргон зайлсан үйл баримт байдаг. Улмаар эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх талаар өмгөөлөгчийн зүгээс хэлээгүй, шүүхээс энэ асуудлыг хөндөлгүй шүүгдэгч А.Уд эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.У нь “өөрийгөө Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан, дэд хурандаа цолтой, 2017 оны 10 сараас прокурорын байгууллагад ажилладаг, нэр бүхий албан тушаалтнуудтай танил, мөнгөөр ажилд оруулж өгч чадна” гэж хуурч, П.Быг төөрөгдөлд оруулж, улмаар А.Цгээс “түүний нөхрийг Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зооиудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1.800.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сөүлийн гудамжны орчим пабад, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1.700.000 төгрөгийг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “...” зочид буудлын 1 давхарт байрлах Солонгос хоолны газарт тус тус бэлнээр авч, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” банкны салбараас 5058282027 тоот дансаар шилжүүлсэн 500.000 төгрөгийг тус тус залилан авч, 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

хохирогч М.Ст түүний эзэмшлийн “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг 25.000.000 төгрөгт тооцон Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг Эрхэт гэх газарт тэжээлийн ургамал тариалах зориулалт бүхий 374м.кв газраар сольж өгнө гэж хуурч, хуурамч газар эзэмших эрхийн гэрчилгээ гарган өгч төөрөгдөлд оруулж, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро худалдааны төвийн орчим байрлах нотариатын газарт уг автомашиныг бусдад худалдах, нэр шилжүүлэх, төлбөр тооцоо хийж авах, гэрээнд гарын үсэг зурах зэрэг захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлийг М.Саар Д.Б гэгчид олгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг буюу 25.000.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг залилан авсан,

2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн үйлдлээр иргэн М.Саас мөнгө зээлэх нэрээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 13.100.000 төгрөгийг, “алт олборлох техник хэрэгсэл түрээслэн хамтарч ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, М.Сын эзэмшлийн “Мобиком” ХХК-ийн үүрэн холбооны ... дугаарыг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бээжингийн гудамж, “Жи Би” плазагийн 5 давхар 501 тоотод байрлах “... ...” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан 50.000.000 төгрөгийн зээл авахуулж, 2.250.000 төгрөгийг бэлнээр, 47.750.000 төгрөгийг өөрийн “...” банкин дахь ... дугаарын дансанд шилжүүлэн авч залилан, М.Ст нийт 88.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.Отэй гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Э.Дд түүний эзэмшлийн “... УНО улсын бүртгэлийн дугаартай “Шевролет Тахой” загварын тээврийн хэрэгслийг 60.000.000 төгрөгөөр тооцон худалдан авч, үйлдвэрийн үнээр Мон цементийг 14 хоногийн дотор нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төв дотор байрлах нотариатын газар 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 60.000.000 төгрөгийн үнэ бүхий ... УНО улсын бүртгэлийн дугаартай “Шевролет Дахуй” загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилан, бусдад нийт 152.100.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа шүүгдэгч Э.Отэй бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадам центр төвд хохирогч Ж.Бийг эрхэлж байгаа өмгөөллийн ажил үүрэгтэй холбоотой асуудлаар нь яриа бичих төхөөрөмж ашиглан хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч А.Ц /1хх 112-113, 8хх 231-234/, Ж.Б /2хх 108-110, 10хх 228/, А.Золжаргал /4хх 100-104, 5хх 126-127, 8хх 237/, Э.Д /8хх 45-50/, М.С /9хх 176-179/, иргэний нэхэмжлэгч П.Б /3хх 172-177, 8хх 240-241/, гэрч А.Цэнд-Аюуш /1хх 114/, Т.Батцэцэг /1хх 115/, Д.Наранцэцэг /2хх 7/, Т.Есөнтөмөр /3хх 178-180/, Л.Соёмбо /4хх 48-54/, Т.Жамбалцэрэн /4хх 105-106/, О.Очирбат /5хх 147-149/, Б.Бямбарагчаа /5хх 150-152/, Б.Ганцэнд /5хх 165-166/, Д.Бямбасүрэн /5хх 168-170/, Н.Мөнхболд /5хх 173-174/, К.Эрхэмбаяр /8хх 110-111/, Д.Баасанжав /8хх 54-47/, Э.Дүүрэнцэнгэл /8хх 59-61/, Д.Б /9хх 183-184/, Ц.Базарсад /10хх 39-40, 42-43/ нарын мэдүүлгүүд,

Н.Наас Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэгт хандаж гаргасан тайлбар /2хх 144-150/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 93-96, 133-134/, П.Бын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон дансны хуулга, ярианы дэлгэрэнгүй жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 151- 158/, А.Уас хэрэгт хавсаргуулахаар ирүүлсэн хүсэлтийг хангасан мөрдөгчийн тогтоол болон бусад баримтууд /3хх 186-191/,

хавтаст хэрэгт хавсаргасан А.Золжаргал, Э.О нарын хоорондоо харилцсан мессежүүд /4хх 1-15/, Э.О, А.Золжаргал нарын хооронд утсаар ярьсан талаарх лавлагаа /4хх 57-86/,

хохирогч А.Золжаргалаас Э.Отэй харилцсан талаарх ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 84-88/, хохирогч А.Золжаргалаас эд зүйл, бичиг баримт хүлээн авсан тухай тэмдэглэл,  95-75УНО улсын дугаартай хар өнгийн Chevrolet Tahoe машины үнэлгээ хийсэн дүгнэлт, /5хх 100-121/,

Хүнс хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/1267 дугаартай /6хх 31/,

Жижиг дунд үйлдвэрийн газрын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1/135 дугаартай /9хх 22/, мөн газрын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/190 дугаартай /9хх 33/, мөн газрын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/189 дугаартай /9хх 35/ гэсэн албан бичгүүд,

гэрч Л.Соёмбоос хэрэгт хавсаргуулахаар өгсөн сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 38-40/,

Э.Оийн арилжааны банкны дансны хуулга, үүрэн холбооны утасны билл болон үзлэгийн тэмдэглэл /5хх 94-96/,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Вао овогт Narengaowa амьдардаг Баянгол дүүргийн 6 дугаар хороо Хан-Уул дүүргийн 26 дугаар байрны 16 тоот хаягт байрлах орон байранд хийсэн нэгжлэгийн тэмдэглэл, нэгжлэгээр хураан авсан баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 97-99/,

2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагч А.У, хохирогч. Э.Д нарын хооронд байгуулсан 60.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /8хх 36-37/,

А.Уас мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн Э.Отэй харилцсан гэх мессежийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх 80-91/,

Автотээврийн үндэсний төвийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 434 дугаартай албан бичиг /8хх 175-176/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт /10хх 78-94/,

2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч Я.Батсүрэнгийн батламжилсан М.Саас Д.Бд олгосон итгэмжлэл /9хх 100, 10хх 12/,

Авто тээврийн үндэсний төвөөс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн 593 дугаартай албан бичиг /9хх 219-221/,

2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “... ...” ББСБ болон иргэн М.С нарын хооронд байгуулсан худалдан авах гэрээ, /9хх 72-75, 77, 10хх 15/,

Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5/7334 дугаартай албан бичиг, А.Уын эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк дахь 458028315 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /9хх 125-145/, ... банкны 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 50/10345 дугаартай албан бичиг /9хх 120/,

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 615 дугаартай албан бичиг /10хх 2/,

“Мөрдөн шалгах ажиллагааны нууц ажиллагаа”-ны магадалгаа А-23, 24, 25 /1 хавтас нийт 51 хуудас, 3 ширхэг сиди/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс А.Уыг үргэлжилсэн үйлдлээр дангаараа болон шүүгдэгч Э.Отэй бүлэглэн бусдыг хуурч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг, мөн шүүгдэгч Э.Отэй бүлэглэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг хууль бусаар мөрдөж мөшгөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүхээс А.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх боловч А.Уын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн ба 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах эсэхэд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзэв.  

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Энэ хоёр шинж хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт тулгуурласан объектив яллах ажиллагааг эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог билээ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авах бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, эсхүл эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг онцлогтой.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй болсон явдал юм.

Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ. 

Зарим тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн этгээдийг дээрх байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл мөн энэ гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаарна.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, П.Бын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон дансны хуулга, ярианы дэлгэрэнгүй жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл, А.Уас хэрэгт хавсаргуулахаар ирүүлсэн хүсэлтийг хангасан мөрдөгчийн тогтоол болон бусад баримтууд, мессежүүдийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, утсаар ярьсан талаарх лавлагаа, ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл, бичиг баримт хүлээн авсан тухай тэмдэглэл,  тээврийн хэрэгслийн үнэлгээ хийсэн дүгнэлт, албан бичгүүд, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, банкны дансны хуулга, үүрэн холбооны утасны билл болон үзлэгийн тэмдэглэл, орон байранд хийсэн нэгжлэгийн тэмдэглэл, нэгжлэгээр хураан авсан баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, зээлийн гэрээ, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт, итгэмжлэл, худалдан авах гэрээ, дансны дэлгэрэнгүй хуулга, “Мөрдөн шалгах ажиллагааны нууц ажиллагаа”-ны магадалгаа А-23, 24, 25 зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Уын үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарын гаргасан “...Хохирлын хэмжээг буруу тооцсон. ...мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. ...” гэсэн давж заалдах гомдлуудын хэсгийг хэрэгсэхгүй болгож, “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэсэн хэсгийг, шүүгдэгч А.Уын өмгөөлөгч Б.Мэргэн, Г.Должинсүрэн, М.Ариунболд нарын хамтран гаргасан дээрх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/998 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтын “...3 жилийн хугацаагаар...” гэснийг “...2 жил 6 сарын хугацаагаар...” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

3.  Шийтгэх тогтоолын тогтоох хусгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг, шүүгдэгч А.Уын өмгөөлөгч Б.Мэргэн, Г.Должинсүрэн, М.Ариунболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

 

4. Шүүгдэгч А.У нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Э.Дд 25.000.000 төгрөг нөхөн төлсөн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцааны Төрийн сан 100900005406 дугаартай дансанд төлсөн 4.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч П.Бт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэрээр 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 91 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.  

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР