Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/106

 

 

 

 

 

 

2023             01             25                                       2023/ДШМ/106

 

Б.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/737 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Сд холбогдох 2202003540313 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Бийн С, 1998 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, интерьер дизайн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “...” хүнсний зах дотор өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан хориглсон мансууруулах эм болох морфин /МОР/ тариаг худалдаалах зорилгогүйгээр 59 ширхгийг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Сг хориглосон мансууруулах эмийг үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С шийтгэсэн 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдэж, эрүүгийн 2202003540313 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хориглосон мансууруулах эм болох 59 ширхэг морфин тариа, цус мэт зүйлээр бохирлогдсон тариур 1 ширхэг, амбулториор эмчлүүлэгчдийн карт Гүрсэдмаагийн Мөнхбаяр гэсэн бичиглэлтэй өвчтөний карт 1 ширхэг, “Айвико-Интернэшнл” ХХК гэсэн бичиглэлтэй өвчтөний карт 1 ширхэг, таван шар од гэсэн бичиглэлтэй тооцооны баримт 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, эрүүгийн 2202003540313 дугаартай хэрэгт хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.С энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2 жилийн хугацаанд огт зөрчихгүй, ягштал хэрэгжүүлээд явах боломж бараг үгүй байна. Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 22 дугаар байрны 30 тоотод нөхрийн хамт амьдарч байна. Харин Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт орших “Эдо хаус төд” миний ажлын газар байдаг. Эрх бүхий байгууллагаас өдөр болгон ажилдаа явж ирэх зөвшөөрөл аваад байх нь тэдэнд болон надад маш их чирэгдэл учруулах болно. Би энэ ажилдаа дур сонирхолтой учир ажлаасаа гарахыг хүсэхгүй байна. Миний эцэг, эх хоёр ... тоотод амьдардаг. Настай хүмүүсийг дандаа гэртээ дуудаад байх нь зохимжгүй учир би сардаа нэг удаа ч болов очих болно. Дээрх хязгаарлалтаас болоод Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Шаргаморьтод амьдрах хэвтэрт байдаг хадам эхийндээ очихгүй 2 жил болвол настай хүн гайхаж, гомдох байх. Нөхөр бид хоёр ярьж тохироод шүүхээр орж ял авснаа хадмын талд хэлэхгүй байхаар шийдсэн юм. Өвчин зовлон, баярт үйл явдал гээд хүний амьдралд юу ч тохиолдож болно. Шөнө орой 23 цагаас хойш явах гарцаагүй байдал тохиолдвол, тэгээд зөвшөөрөл өгдөг хүний утас нь хаалттай байвал би яах болж байна. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэж байх учиртай гэж бодож байна. Гэтэл ийм хүндэтгэн үзэх нөхцөл байдлаас болоод шүүхийн шийдвэрийг зөрчиж хорих ял авахыг би хүсэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрээ ширхэгчлэн биелүүлээд, сэтгэл амар явах нөхцөл боломжоор хангаж зорчих эрхийг хязгаарлах ялын хил хязгаарыг Улаанбаатар хотын бүсээс гадагш гарахгүй байхаар тогтоож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.С нь дахин уг бодисыг хэрэглэхгүй байх нь чухал. Өөрөө ч сая хэллээ. Дахин хэрэглэхгүй байгаа, хэрэглэхээ больсон гэж байна. Гагцхүү ажил нь Баянзүрх дүүрэгт байдаг юм байна. Найз залуу нь Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг юм байна. Энэ бүх газарт очих, ажил хөдөлмөр эрхлэх, суралцах боломжоор хангаж өгнө үү гэж байна. Ганцхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоохоор гэртээ л байх болчихоод байна гэх утгаар тайлбарлаж байна. Иймд энэ байдлыг нь харгалзан үзээд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү гэх гомдлыг нь дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээр уг хэргийг хэлэлцэж байхад эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин сууж буй газар нь Баянгол дүүрэг гэдгийг тодруулсан. Тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүрэгт амьдардаг гэж хэлээд найз залуутай талаар ярьж байсан. Шүүгдэгч Б.С нь уг гэмт хэргийг үйлдэхдээ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бичиг баримтыг олж, уг дүүргийн өрхийн эмнэлэгт очиж эмчээр уг тариаг бичүүлээд, Хан-Уул дүүрэгт хэрэглэж байгаад баригдсан. Прокуророос анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сд хорих ял оногдуулах ялын санал гаргасан. Шүүх хувийн байдлыг нь харгалзаад зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Гэмт хэргийн үйлдлийн шинж чанар, үйлдэж буй арга хэлбэр зэргийг харгалзаж үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь нийцнэ гэж үзэж байна. Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа гэх баримт байхгүй. Найз залуу нь хаана амьдардаг болох нь ч тодорхойгүй байна. Энэ талаарх баримт байхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хогноос үнэмлэх, карт гээд баримт бичгийг олсон гэж тайлбарладаг боловч Базарханд гэх хүний мэдүүлэгт “5000 төгрөг өгье гээд авсан” гэсэн байдаг. Уг тариаг олж авахын тулд арга сэдээд явж байсан. Шүүгдэгч Б.Сгийн өмнө нь үерхдэг байсан найз залуу нь тун хэтрүүлж хэрэглээд нас барсан байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралд хэлсэн. Гэмшиж байгаа байдал харагдахгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “...” хүнсний зах дотор өөрийн биедээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад багтсан хориглсон мансууруулах эм болох морфин /МОР/ тариаг худалдаалах зорилгогүйгээр 59 ширхгийг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Э.Очирномингийн “...Амбулаториор эмчлүүлэгчдийн карт буюу Гүрсэдмаагийн Мөнхбаяр гэх хүний картыг харлаа, уг карт дээр бичсэн зүйлс нь миний 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр бичиж өгсөн эмчийн тэмдэглэл мөн байна. 2202 оны 8 дугаар сарын 18-ны өдөр намайг ажил дээрээ ажиллаж байхад 14 цагийн үед байх гаднаас нүдний шилтэй махлаг царайтай өндөр хүүхэн орж ирээд “...манайх энэ хороонд байдаг, одоохондоо хаягаа шилжүүлээгүй байгаа, Манай ах хорт хавдартай, өмнө нь дүүргийн эмнэлгээс эм авдаг байсан, дүүргийн эмч тухайн оршин суудаг газрынхаа өрхийн эмнэлгээс авч болно гэж хэлсэн, манайх түр оршин суугч учраас хороондоо бүртгүүлж амжаагүй байгаа, хавдрын өвчин намдаах морфин эм өгж болох уу. ...” гэж надаас асуусан. Тэгэхээр нь өвчтөний карт чамд байна уу гэж асуухад байгаа гээд нэг карт, Гүрсэдмаагийн Мөнхбаяр гэх хүний иргэний үнэмлэх үзүүлсэн, тэгэхээр нь үнэмлэх дээрх хаягийг нь хартал өөр хаяг байхаар нь “...танайх одоо хаана амьдарч байгаа юм бэ...” гэж асуухад миний урдаас 26-49 тоотод шилжин ирж амьдарч байгаа гэж хэлсэн. Тэгээд өвчтөний иргэний үнэмлэхийг үзүүлээд байхаар нь би итгээд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 60 ширхэг морфиныг 4 цагийн зайтай 2 мл хэмжээтэйг булчинд тарихаар бичиж өгсөн. ...” /хх 61-62/,

гэрч Б.Сувдхоролын “...2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Б.С манайхаас дээрх индексийн дугаартай Г.Мөнхбаяр гэх хүнд авч байгаа гээд жорын цаастай ирж 60 ширхэг морфин тариаг 125.400 төгрөгөөр худалдаж аваад явсан. ...би тухайн үед сэжигтэй санагдаад Г.Мөнхбаяр гэх хүний бичиг баримтыг нь хүртэл хуулбарлаж авч үлдсэн Б.С манай байгууллагаар хэд хэдэн удаа үйлчлүүлсэн. ...тухайн үед Б.С нь бичиг баримтыг авчирсан. Мөн эмчийн жор бичигтэй байсан учраас жор бичгийг үндэслэн өгсөн. ...” /хх 64-65/,

гэрч Б.Базархандын “...8 дугаар сарын дунд үеэр байх ТҮЦ дээрээ ажиллаж байхад гаднаас үл таних 23-25 орчим насны эмэгтэй орж ирээд “манай ах хаясан гээсэн бичиг баримтын газар байгаа. Гүрсэдийн Мөнхбаяр гэх хүний бичиг баримтыг эзэнд нь өгнө...” гэж хэлэхээр нь би урдаас нь эгч нь энэ иргэний үнэмлэхийг өөр бас 2 үнэмлэхийн хамт олсон гэж хэлэхэд тэгвэл бүгдийг нь өгчих гээд аваад гарах гэхээр нь би чи яасан сонин хүн бэ хүний бичиг баримт авах гээд би өгөөгүй, тэгтэл нэг иргэний үнэмлэхийг гартаа барьж байгаад буцаагаад өгсөн. Тэгснээ надад картаа өгөөд 5.000 төгрөг уншчих гээд өгөхөөр нь би нөгөө картаас 5.000 төгрөг уншуулаад өгөхөд нөгөө эмэгтэй дээрх үзүүлсэн иргэний үнэмлэхийг шууд аваад явчихсан. Би араас нь хөөе хүний бичиг баримт өгөөч гэсэн боловч шууд зүгээр эгч хүнд нь өгнө гээд гараад явчихсан. ...” /хх 76-77/,

гэрч А.Уранчимэгийн “...Очирномин эгч надаас “...мансууруулах эм, тариа бичүүлдэг хүн картаа авчраагүй байна, бичээд явуулчих уу” гэж асуухаар нь би “...энэ хүн өмнө нь авч байсан уу” гэж асуухад “...өмнө нь бичүүлж авсан, тэр үед карттай байсан, одоо картгүй ирчихсэн байна гэхээр нь тэгвэл дараа заавал картыг нь аваарай, өмнө нь авч байсан юм бол бичээд өгөхгүй юу даа, бүртгэл дээрээ бичээрэй... гэж хэлээд өөрийнхөө өрөө рүү явсан. ...” /хх 79/,

гэрч Г.Мөнхбаярын “...Би өөрийн бичиг баримтыг харлаа, миний гээгдүүлсэн иргэний үнэмлэх мөн байна. Би 2021 оны 6 дугаар сард байх, ажлаасаа гэртээ харих замдаа таксинд бичиг баримтаа хаячихсан, хаясан бичиг баримттай миний иргэний үнэмлэх хамт хаягдсан. Тухайн үед суусан таксиныхаа марк дугаарыг нь харж чадаагүй болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Түүнээс хойш иргэний үнэмлэхгүй байж байгаад 2021 оны 8 дугаар сард иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн гэж хүсэлт бичиж өгөөд шинээр иргэний үнэмлэх авсан. ...Надад ямар нэгэн хууч өвчин гэхээр зүйл байхгүй, морфин гэх тариаг хэрэглэж байгаагүй. Ямар нэгэн эмчийн заалт байхгүй, эрүүл хүн байна. ...” /хх 81/,

гэрч Ж.Оюунчимэгийн “...Тэгтэл тэр Ганзаяа гэх хүн нь морфин хэрэглэх заалттай, хүнд өвчтэй хүүхэд байсан учраас тэр хүнтэй нийлснээс хойш морфин хэрэглэдэг болсон юм шиг байна лээ. Би нэг удаа Сг сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтүүлэн эмчлүүлж байсан. ...” /хх 83/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.С ... 2022.08.24” гэж хаягласан шээсэнд модфин /MOP/ илрэв. Морфин /МОР/ нь НҮБ-ын 1961 оны мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын I жагсаалтад багтдаг. ...” гэсэн 4177 дугаартай /хх 92-93/,

мөн хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн 59 ширхэг тариа мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. ...“1” гэж дугаартай 59 ширхэг /59 мл/ Морфин гэсэн бичиглэлтэй тариа болон хэрэглэсэн гэх Морфин тарианы хоосон хуванцар сав зэрэгт тус тус морфин /morphine/ илрэв. Морфин /morphine/ нь НҮБ-ын 1961 оны мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын I жагсаалтад багтдаг. ...” гэсэн 4176 дугаартай /хх 98-99/,

мөн хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн “...Б.Сгийн биед хоёр талын тохойн хонхор, сарвууны гадаргууд судас дагасан сорви гэмтэл тогтоогдлоо. Зүүн тохойн хонхрын тарианы зүүний ором нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн, бусад сорви гэмтэл хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. ...” гэсэн 11716 дугаартай /хх 158-159/ шинжээчийн дүгнэлтүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “...Б.С нь Опойдын хараат байдал оношоор өмнө нь СЭМҮТ-д хэвтэн эмчлэгдэж байсан өвчний түүх байна. Б.С нь одоо Опойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Сгийн дээрх эмгэг нь олдмол эмгэг болно. Б.С нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.С нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.С нь Опойдын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. ...” гэсэн 822 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх 105/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 36-40/, мэдүүлэг шалгасан дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди /хх 41/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 42-48/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 50-51/, эмчийн жор, эмийн төлбөр хийсэн баримтын хуулбар /хх 67/, Түмэн-энх ӨЭМТөвийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 73-74/, яллагдагч Б.Сгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 126-130/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Б.Сг хориглосон мансууруулах эмийг үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон үзэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй тохиолдолд хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Гэтэл шүүгдэгч Б.Сгийн мансууруулах бодист донтож байсан, түүний биедээ авч явсан мансууруулах эмний тоо, ширхэг, үргэлжилсэн үйлдлээр тухайн гэмт хэргийг үйлдсэн байхад анхан шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хугацаанд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хуулийг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээ байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Сгийн гаргасан “...зорчих эрхийг хязгаарлах ялын хил хязгаарыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс томруулж, Улаанбаатар хотын бүсээр тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/737 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР