Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2023/0902/З |
Дугаар | 128/ШШ2024/0068 |
Огноо | 2024-01-17 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2024/0068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Д ХХК
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Г.Н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ж
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг тусган шинээр боловсруулж батлуулах ****** тоот зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, гэрээ байгуулах үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Д ХХК нь Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг тусган шинээр боловсруулж батлуулах ****** тоот зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, гэрээ байгуулах үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлийн менежментийг сайжруулах төслөөс зарласан Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг тусган шинээр боловсруулж батлуулах тухай ****** тоот зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр Г.Д ХХК шалгарсан байна.
2.2.Уг тендер шалгаруулалттай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай *** дугаар албан бичгээр ... мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлыг 6-аас доошгүй өдрийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх ... талаар Г.Д ХХК-д мэдэгджээ.
2.3.Тус албан бичгийн дагуу Г.Д ХХК-аас гэрээний төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн боловч гэрээ байгуулаагүй байна.
2.4.Г.Д ХХК-аас 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хүсэлт хүргүүлэх тухай ****дүгээр албан бичгээр ...гэрээ баталгаажуулах эсэх талаар албан мэдэгдэл өгөх, хэрвээ гэрээ баталгаажихгүй, тендер шалгаруулалт дахин явуулах шаардлагатай бол бидний гаргасан гүйцэтгэлийн баталгаа болон уг баталгааг цуцлахыг зөвшөөрсөн албан мэдэгдлийн хамт ирүүлэх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүсэлт гаргасан байна.
2.5. Дээрх хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүлээн авч хянаад, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн **** дүгээр албан бичгээр Тус яамнаас зарласан Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг уур амьсагалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэл, эмзэг байдлыг тусган шинээр боловсруулж, батлуулах зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул танай компанийн ирүүлсэн тендерийн баталгааг цуцлахыг зөвшөөрсөн талаар мэдэгджээ.
2.6.Тус шүүх Г.Д ХХК-ийн гаргасан Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг тусган шинээр боловсруулж батлуулах ****** тоот зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, гэрээ байгуулах үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлийн менежмент сайжруулах нь төслөөс зарласан "Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг тусган шинээр боловсруулж батлуулах" ***** тоот тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд тендерт шалгарсан тухай мэдэгдлийг хүлээн авч тогтоосон хугацаанд гэрээний төсөлд гарын үсэг зурж, гүйцэтгэлийн баталгааны хамт илгээсэн боловч төслийн хариуцагч болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас одоог хүртэл гэрээг баталгаажуулаагүй байснаас үүдэн "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 29.2-т заасан хугацаа дуусаад байна.
Цахим тендерийн системд 2023 оны 8 сарын 17-нд оруулсан мэдэгдлийн дагуу гэрээний төсөлд хуулийн хугацаанд гарын үсэг зурж илгээсэн болон гүйцэтгэлийн баталгааг шаардсан хэмжээгээр гаргуулан хүлээлгэн өгсөн бөгөөд энэ хугацаанд бид Иргэний хуулийн 196.1.2 болон 196.1.3-т заасны дагуу гэрээ байгуулсанд тооцох тул гэрээг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хэзээ мөдгүй баталгаажуулах байх гэж итгэн хүлээж байсан боловч шийдвэрлэгдэхгүй байсан учир захиалагч байгууллага болох Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлийн менежмент сайжруулах нь төсөлд хандахад Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандахыг зөвлөсөн.
Бид Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2023 оны 9 сарын 12-нд "Гэрээг баталгаажуулж өгнө үү, эсвэл хуулийн дагуу тендерээ цуцалж гүйцэтгэлийн баталгааг буцааж өгнө үү" гэсэн утга бүхий ****тоот албан бичиг илгээсэн боловч 2023 оны 09 сарын 25-ны өдрийн **** тоот албан бичгээр "тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул тендерийн баталгаагаа цуцлахыг зөвшөөрөв" гэсэн утга бүхий албан бичгийг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт дурдсан тендерийн баталгаа одоо ч хүчинтэй хэвээрээ, тендер шалгаруулалт цуцлагдаагүй байгаа болно. Мөн уг албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.1-д заасан үндэслэлээр бүх тендерээс татгалзаж буй эсэх мөн 30.4-т заасны дагуу шийдвэр ямар шийдвэр гаргасан талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа нь уг албан бичгийг хуулийн шаардлагыг хангаагүй гэж бид дүгнэж байна.
Бид тендер шалгаруулалттай холбоотойгоор хуулийн 5.1.7-д заасан тендерийн баталгаа мөн 5.1.17-д заасан гүйцэтгэлийн баталгаа гэсэн 2 баталгаа гаргасан ба "тендерийн баталгаа"-г хуулийн 20.6-д заасны дагуу гэрээ байгуулсны дараа хүчингүй болгоно гэж заасан байдаг ба эсвэл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал хүчинтэй байдаг бөгөөд одоо ч цуцлагдаагүй хэвээр байна.
Манай байгууллага нь Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, мөн хэд хэдэн аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулсан салбартаа тэргүүлэгч, ажлын туршлага өндөртэй байгууллага бөгөөд үнэнхүү чадвар туршлагаараа шалгарсан байтал гэрээг баталгаажуулахгүй байсаар тендерийн хүчинтэй хугацааг дуусгаж байгаа нь шударга бус өрсөлдөөн явуулах гэсэн санаархал байх магадлалтай гэж бид хардаж байна.
Бид гэрээ байгуулахад шаардлагатай бүхий л баримт бичгийг илгээсэн ч эрх бүхий этгээдийн эс үйлдэхүйгээр гэрээ байгуулахгүй байсаар тендерийн хүчинтэй хугацааг дуусгаж хүчингүй болгох нь шударга бус үйлдэл юм.
Иймд бидний гомдлын дагуу хянан үзэж "Гэрээ баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүй"-г тогтоож, гэрээ байгуулах үүргийг Байгаль орчин, Аялал жуулчлалын яаманд даалган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Г.Д ХХК, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд холбогдуулж дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай компани нь Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлийн менежментийг сайжруулах нь төслөөс зарласан Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл эрсдэлийг тусган шинээр боловсруулж, батлуулах ***** тоот тендер шалгаруулалтад оролцсон. Тендерт шалгарсан тухай мэдэгдлийг хүлээн авч тогтоосон хугацаанд тендерт гарын үсэг зурж гүйцэтгэлийн баталгааны хамт илгээсэн боловч төслийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас одоо хүртэл гэрээг баталгаажуулахгүй байгаа. Үүнээс үүдэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна; гэж зааснаар хугацаа дууссан байна. Гэрээний төсөлд хуулийн хугацаанд гарын үсэг зурж илгээсэн болон гүйцэтгэлийн баталгааг шаардсан хэмжээгээр нь гаргуулан нэгэнт илгээсэн ба энэ хугацаанд бид Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар; мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.3-т гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авсан; гэж тус тус зааснаар гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй тул хэзээ мөдгүй гэрээ баталгаажих байх гэж итгэн хүлээж байсан боловч шийдвэрлэхгүй байсан. Тийм учраас захиалагч байгууллага болох Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлийн менежментийг сайжруулах төсөлд хандахад Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хандахыг зөвлөсөн. Бид, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрээг баталгаажуулж өгнө үү гэж утга агуулга бүхий ****тоот албан бичгийг илгээж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Иймд бидний нэхэмжлэлийг хянан үзэж гэрээг баталгаажуулахгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйлдлийг эс үйлдэхүй болохыг тогтоож гэрээ байгуулах үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.
5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: "Г.Д" ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын дарга баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож гэрээ байгуулах үүргийг тус яаманд даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлийн менежментийг сайжруулах нь төслөөс зарласан Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг тусган шинээр боловсруулж батлуулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны *** дугаартай тушаалаар үнэлгээний хороо байгуулсны дагуу тус тендерийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тендерийн урилгыг хураангуй жагсаалтад тэнцсэн оролцогч хүргүүлж, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тендерийг нээсэн. Сонгон шалгаруулалтын хуулийн хүрээнд зохион байгуулж 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Үнэлгээний хороо нь Г.Д ХХК-ны ирүүлсэн техникийн болон санхүүгийн саналыг шаардлагад нийцсэн гэж үзсэн тул гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг тус яаманд ирүүлсэн.
Тухайн үед Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд давхацсан тул дараагийн ажлын өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч "Л" ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасан зэрэг процесс ажиллагаа удааширсны улмаас хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул Төрийн нарийн бичгийн даргаас гэрээг баталгаажуулах боломжгүй юм. гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийн хүчинтэй байх 30 хоногийн хугацаа дууссан учраас гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал хуульд заасны дагуу үүссэн. Тэгэхээр нэгэнт тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан учраас гэрээ байгуулах боломжгүй талаар Г.Д ХХК-д тухайн үед нь албан бичиг хүргүүлж мэдэгдэж ажиллаж байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс ... Манай компани нь гэрээ байгуулах мэдэгдэл авснаас хойш 6 хоногийн хугацаандаа гэрээний төслөө хүргүүлсэн. Хариуцагчаас гэрээг байгуулахгүй эс үйлдэхүй гаргаж байгаа. гэж, хариуцагчаас ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийн хүчинтэй байх 30 хоногийн хугацаа дууссан учраас гэрээ байгуулах боломжгүй. гэж тус тус маргажээ.
3.Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай *** дүгээр тушаалаар Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг тусган шинээр боловсруулж батлуулах тухай ****** тоот зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулжээ.
4.Тус маргаан бүхий Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг тусган шинээр боловсруулж батлуулах тухай ****** тоот зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохоор нэхэмжлэгч Г.Д ХХК, ****, ****-иуд материалаа ирүүлжээ.
5.Дээрх маргаан бүхий тендерийн үнэлгээний хороо 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, компаниудаас ирүүлсэн тендерийг үнэлж, 89 оноогоор нэхэмжлэгч Г.Д ХХК-ийг шалгаруулж шийдвэрлэсэн байна.
6.Тендер шалгаруулалттай холбоотойгоор тендерийн үнэлгээний хорооноос 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргад нэхэмжлэгч Г.Д ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлжээ.
6.Дээрх зөвлөмжийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай *** дугаар албан бичгээр гэрээ байгуулах мэдэгдлийн нэхэмжлэгч Г.Д ХХК-д хүргүүлсэн байна.
7.Уг албан бичигт Тус яамнаас зохион байгуулсан ****** дугаартай Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэл, эмзэг байдлыг тусган шинээр боловсруулж, батлуулах зөвлөх үйлчилгээний ажлын анхны тендер шалгаруулахад танай байгууллагын ирүүлсэн техникийн болон санхүүгийн санал хамгийн сайн тендерээр шалгарсан байна.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.4.2 дахь заалтын дагуу гүйцэтгэлийн баталгааг гэрээ байгуулахаас өмнө ирүүлэх шаардлагатай ба ирүүлээгүй тохиолдолд гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болно.
Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлнэ үү. гэжээ.
8.Дээрх маргаан бүхий тендер нь цахимаар явагдсан байх бөгөөд захиалагчаас tender.gov.mn цахим системд маргаан бүхий тендерт нэхэмжлэгч Г.Д ХХК-ийг шалгарсан талаарх мэдэгдлийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр оруулсан байна.
9.Нэхэмжлэгч Г.Д ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэл, эмзэг байдлыг тусган шинээр боловсруулж, батлуулах зөвлөх үйлчилгээний гэрээний төслийг захиалагчид хүргүүлжээ.
10.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/ хуулийн 29 дүгээр зүйл.Гэрээ байгуулах эрх олгох, 29.1.Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ., 29.2.Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна. тус тус заажээ.
11.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хуулийн этгээд нь гэрээ байгуулах мэдэгдэл авснаас хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулахаар байна.
12.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч Г.Д ХХК нь хуулийн дээрх хугацаанд буюу тендер хүчинтэй байхад гэрээгээ байгуулахаар гэрээний төслөө захиалагчид хүргүүлсэн байна гэж үзэхээр байна.
13.Тодруулбал, нэхэмжлэгч Г.Д ХХК нь гэрээ байгуулах мэдэгдлийг анх Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар албан бичгээр авсан байх боловч захиалагч нь цахимдаа системдээ тухайн цаг хугацаандаа мэдэгдлээ оруулаагүй тул мэдэгдлийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр авсан гэж үзэх боломжгүй юм.
14.Харин захиалагч нь цахимдаа системд мэдэгдлээ 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр оруулсан байх тул энэ цаг хугацаанаас гэрээ байгуулах хугацааг тоолох нь зүйтэй байна.
15.Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч Г.Д ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан хугацаанд гэрээг байгуулахаар гэрээний төслөө захиалагчид хүргүүлсэн байхад тендер хүчингүй байх хугацаа дууссан гэх үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзаж байгаа хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна.
16.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Д ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг тусган шинээр боловсруулж батлуулах ****** тоот зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, гэрээ байгуулах үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 он/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Г.Д ХХК-тай Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдэлийг тусган шинээр боловсруулж батлуулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээг байгуулахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ