| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01071/и |
| Дугаар | 155/ШШ2016/00048 |
| Огноо | 2015-12-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2015 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2016/00048
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.П,
Хариуцагч: П.Г нарт холбогдох
Зээлийн үлдэгдэл 6.760.600 /зургаан сая долоон зуун жаран мянга зургаан зуу/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17.701 /арван долоон мянга долоон зуун нэг/ төгрөг, нийт 6.778.301 /зургаан сая долоон зуун далан найман мянга гурван зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2015/01071/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж, хариуцагч Д.П, хариуцагч П.Г-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан сум бүрт олгогдож буй жижиг дунд үйлдвэрийг дэмжих Сум хөгжүүлэх сан-гаас иргэн Д.П нь 10.000.000 /арван сая/ төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй Ажлын бээлий үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зээл авч №73 дахь гэрээг байгуулсан. Зээлийн барьцаанд Х аймгийн М сумын 7 дугаар багийн 16-24 тоотын үл хөдлөх хөрөнгийн 000063015 дугаартай 134м2 талбай бүхий хувийн өвлийн сууцыг, газрын 000151299 дугаар гэрчилгээний хамт барьцаалсан байна.
Зээлдэгч иргэн Д.П 2014, 2015 онуудад зээлийн гэрээний дагуу санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулах талаар мэдэгдэл хүргүүлж байсан. Мэдэгдэлд заасан хугацаанд үйл ажиллагаагаа эхлээгүй тул журмын дагуу сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/119 дүгээр дугаарт Зээл цуцлах захирамж гарсан хэдий ч 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээл, зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй болно.
Зээлдэгч өнөөдрийг хүртэл үндсэн зээл 3.239.400 төгрөг, зээлийн хүү 495.600 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч иргэн Д.П нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан тул зээлийн гэрээний 4.3, сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/119 дүгээр захирамжаар зээлийн гэрээг цуцлуулах, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгч иргэн Д.Пгээс үндсэн зээл 6.760.600 /зургаан сая долоон зуун жаран мянга зургаан зуу/ төгрөг, үндсэн зээлийн хүү 0 /тэг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17.701 /арван долоон мянга долоон зуун нэг/ төгрөг, нийт 6.778.301 /зургаан сая долоон зуун далан найман мянга гурван зуун нэг/ төгрөгийг гаргуулж М сумын Засаг даргын Тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.П, хариуцагч П.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: М сумын жижиг дунд үйлдвэрийг дэмжих, Сум хөгжүүлэх сангаас Ажлын бээлий хийх чиглэлээр 2012 оны 05 сард төсөл бичиж өгч шалгараад 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, 10.000.000 /арван сая/ төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүг сарын 0.25 хувиар тооцож, сар бүрийн эхний 7 хоногийн ажлын өдөр хийхээр гэрээ байгуулсан. Авсан зээлийн мөнгөнөөс ажлын байр 6*7 харьцаатай палкан байшин барьсан. М сумын Засаг дарга Ц.Г-ээс танай шүүхэд хандаж гаргасан албан бичигтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 6.778.301 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл: 1. М сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны А/119 захирамжийг, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцлаа. 2. Зээл төлөлт 10 дугаар сарын байдлаар 3.800.000 төгрөг, хүү 463.250 төгрөг, 9 сарын байдлаар 3.380.000 төгрөг төлсөн болно гэжээ.
Хариуцагч Д.П болон хариуцагч П.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х аймгийн М суманд 1960 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, Х аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмч ажилтай, Х аймгийн М сумын 7 дугаар багийн 16-24 тоотод оршин суух, РЮ60110100 дугаар регистртэй, Цогт овогт Лхачингийн Эрдэнэцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх ажлын байр, тоног төхөөрөмж зэргийг 20.000.000 /хорин сая/ төгрөгт тооцож, 2012 онд төсөл бичээд 2013 онд төсөл шалгараад 2014 онд 10.000.000 төгрөг авсан ба уг 2 жилийн хугацаанд мөнгөний ханш өөрчлөгдсөн юм. 10.000.000 төгрөгийг авахад миний тооцоолж байснаас илүү материалын үнэ нэмэгдсэн байсан бөгөөд дараа нь үлдсэн 10.000.000 төгрөгийг өгнө гэж байсан боловч өгөөгүй. Х аймгийн М сумын Засаг даргын тамгын газраас ажлын байр гаргаж байгаа бизнес эрхлэгчидээ дэмжье гэж бодож байгаа бол тодорхой хэмжээгээр мөнгийг нь нэмээд өгсөн бол өнөөдрийн байдалд хүрэхгүй байсан. бид авсан мөнгөөрөө ажлын байраа барьсан. Ажлын бээлийг хийхэд 4 машин дамжиж бэлэн болох бөгөөд уг тоног төхөөрөмжүүдийг бүгдийг Хятад улсаас нэг дор оруулж ирэхэд маш өндөр үнэтэй учраас хүндрэлтэй байсан. Харин одоо бээлий хийх эхний дамжлагын машинаа оруулж ирээд үйл ажиллагаагаа эхлэхэд болж байна. Бид зээл болон зээлийн хүүгээ сар бүр хийж байгаа. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд машинаа оруулж ирээд үйл ажиллагаа явуулна, нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байна гэв.
Нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П, П.Г нар нь 2014 оны 01 дүгээр сардын 03-ны өдөр ажлын бээлий үйлдвэрлэх зорилгоор 10.000.000 /арван сая/ төгрөг авсан бөгөөд төсөл хэрэгжиж эхэлсэн 2 сарын хугацаанд бээлий үйлдвэрлэх машиныхаа 1, 2-ыг нь ч гэсэн авчраад үйл ажиллагаа явуулсан бол үлдсэн 10.000.000 төгрөгийг өгөх боломжтой байсан. Л.Эт үйл ажиллагаагаа эрхлээд явуулбал 10.000.000 төгрөг зохицуулаад өгье гэж би хэлж байсан. 4, 5 удаа шалгалт хийсэн бөгөөд нэг удаа ч гэрт нь орж уулзаж, ярилцаж үзээгүй. Д.П гуайд үйл ажиллагаа явуулж байна уу гээд очихоор үзүүлэх зүйлгүй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Тиймээс төсөл хэрэгжүүлээгүй гэж үзээд зээлийн гэрээг цуцалж, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны хүүг нэхэмжилж байгаа ч гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дуусна. Хариуцагч нар нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр машинаа оруулж ирээд үйл ажиллагаагаа явуулна гэж байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг дарга нь хариуцагч Д.П, П.Г нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү, нийт 6.778.301 /зургаан сая долоон зуун далан найман мянга гурван зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.П, П.Г нарт холбогдох зээлийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү, нийт 6.778.301 /зургаан сая долоон зуун далан найман мянга гурван зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг даргын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА