Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/03556

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 27 181/ШШ2024/03556

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .. тоотод байрлах БГФ ББСБ ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Г /РД:.../-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Г нь тус компанитай 2023 оны 09-р сарын 12-ны өдрийн №... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 20,650,000 төгрөгийг 1 сарын 3.5%-ийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Ч.Гын хүсэлтээр Хаан банк дахь зээлдэгчийн ... тоот данс руу 20,650,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Зээлийн барьцаанд иргэн Ч.Г нь автомашин худалдан авах нөхцөлөөр 56-14 УБҮ улсын дугаартай Toyota Camгу маркийн автомашиныг "БГФ ББСБ" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн барьцааны гэрээ байгуулсан.

Зээлдэгч Ч.Г нь зээлээ огт төлөхгүй алга болсон бөгөөд түүний бүртгүүлсэн утсаар холбоо барьж зээл төлөх талаар сануулах гэдэг боловч тухайн харилцагчийн бүртгэлтэй утас нь холбогдох боломжгүй байсан, гэрийн хаягт очиход хаяг дээрээ амьдардаггүй, тэрээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм. 2024 оны 07-р сарын 09-ний өдөр Ч.Гаас зээлийн төлбөр гаргуулахаар шүүхэд хандсан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08-р сарын 06-ны өдрийн 102/Ш32024/... тоот захирамжаар нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь Хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд тус компанийн зүгээс шүүхэд хандаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийн шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Ч.Гыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БГФ ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Г /РД:.../-ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

Ч.Гтай байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн барьцааны гэрээ зэрэг баримт нь хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.

 

Ч.Г нь Баянгол дүүрэг, 2 дугаар хороолол, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 3-А дугаар байрны 43 тоот хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2024/... дугаар захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Ч.Г /РД:.../-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Г /РД:.../-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Гыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч БГФ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА