Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 05

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж, шүүгч А.Бямбажав, Багахангай Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ц.Ц-д холбогдох эрүүгийн 201701070091 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

     Нарийн бичгийн дарга                                        З.Ганцоож

     Иргэдийн төлөөлөгч                                           Т.Ариунтуяа                    

     Улсын яллагч                                                       Б.Буяндэлгэр

     Хохирогчийн өмгөөлөгч                                   Ж.Цэцэгээ

     Шүүгдэгчийн өмгөөлөгч                                   Т.Мөнхдэлгэр, Д.Батбаяр

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                Я.М-

     Шүүгдэгч                                                            Ц.Ц- нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ....-нд ажиллаж байсан, ам бүл 7, аав, ээж, эхнэр, .. сартайгаас .. насны 2 хүүхэд, дүү нарын хамт Багануур дүүргийн .. дугаар хороо,.. дугаар байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Ц-ын Ц

                  Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Ц.Ц- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 17 тоотод оршин суух М.У-ын гэрт М.М-ийг цохиж унаган хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Ц- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2017 оны 5 сарын 29-ний өдөр Эрдэнэт хотоос Багануурт ирсэн. Би 2 өдрийн өмнө охинтой болсон бөгөөд охинтой болсон баяраа тэмдэглээд Мини Макс бааранд найзуудын хамт сууж нэг пиво уусан. Уг баарнаас гарч явахдаа буюу 22 цагийн үед баарны гадаа талийгаач М-тэй таарч, У-ынд очиж хөзөр тоглох гэж байгаа талаараа хэлэхэд талийгаач араас чинь очно гэж хэлээд салаад явсан. Ингээд У-ын гэрт А-, Т-, Т- бид дөрөв очиж хөзөр тоглож байхдаа У-ыг пивонд явуулсан. У- бид нарт 2 литрийн 1 ширхэг пив авчирч өгсөн. Бид нарыг пивоо уугаад хөзөр тоглож байх үед буюу 00-01 цагийн хооронд гаднаас талийгаач М- орж ирсэн. Талийгаач гаднаас орж ирэхдээ ил харагдах шарх сорвигүй байсан. Удалгүй Т-, Т- хоёр гарч явсан. Ингээд У-, талийгаач М- бид гурав Их Суудал баар луу явах гээд гарч байхад Т-, Т- хоёртой таарч хамт явсан. Их Суудал баар хүнгүй байсан учир баарнаас 0.75 граммын нэг шил Болор архи авч,  У-ынд буцаж очоод Т-, талийгаач М- бид гурав уг авсан архиа ууж байхад гаднаас Б- орж ирсэн. Б- орж ирээд Соронз баар оръё гэсэн бөгөөд Б-, талийгаач М- бид гурав Соронз баар оролгүйгээр Зам зуур зоогийн газар луу очиж, 2 шил Болор архи болон хоол аваад буцаад У-ынд очсон. Б-, талийгаач М- бид гурав авсан архиныхаа нэг шилийг задалсан бөгөөд Б- бараг уугаагүй. Б- бид хоёрын дунд урдны жаахан маргаан байсан учир би Б-тэй ам зөрж муудалцсан юм. Б- бид хоёрыг муудалцаж байхад талийгаач ширээний хажууд сандал дээр сууж байсан. Талийгаач М- бид хоёр задалсан нэг архиа ортой буюу том өрөөнд хувааж ууж дуусгаад цонхны дэргэд тамхи татахаар очсон. Талийгаач надад тамхи асааж өгсөн, би тамхиныхаа үнсийг хаях гээд цонхны тавцан руу гишгэж гарсан, тэр хооронд ард так гэж хүн газар унаж байгаа чимээ гарсан. Эргээд харахад талийгаач том өрөөний хаалганы харалдаа уначихсан байсан. Би эхлээд тоглоод байна гэж бодсон, хөдлөх шиг болохоор нь тасраад уначихсан юм уу гэж бодсон. Тэр чимээгээр хажуу талын өрөөнөөс А-, У- хоёр орж ирсэн. Харин Б- надтай хамт нэг өрөөнд байсан бөгөөд орон дээр цаашаа хараад хэвтэж байсан. Б- талийгаачийг эргүүлж харуулахад царай цайгаад сонин болчихсон уруул нь хөхөрсөн байхаар нь бүгдээрээ сандарч талийгаачийг гудсан дээр хэвтүүлээд би болон У- талийгаачийн цээжинд гараараа дарж хиймэл амьсгаа хийсэн. Талийгаач бид нарын өрөө хивстэй байсан бөгөөд талийгаачийг унах үед гадаа нар мандсан байсан. Б- түргэн дуудсан бөгөөд эмч ирээд нас барчихсан байна гэж хэлэхэд би цочирч шоконд орж уйлж байснаа мэдэж байна. Би урд нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө цочролд орсон байсан” гэв.

 

Ц.Ц-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр өгсөн “...Ингээд шөнө 03 цагийн үед Б-, талийгаач М- бид гурав архи авахаар “Зам зуур” зоогийн газар луу очиж ширхэгийн хоол болон 2 шил 0.75 граммын “Болор” архи аваад буцаад У-ын гэрт ирсэн. А-, У- хоёр унтаж байснаа босч ирээд бид нар бөөндөө хоолоо идэцгээсэн. А-, У- хоёр ортой өрөөнд унтахаар үлдсэн. Харин талийгаач М-, Б- бид гурав буйдангүй өрөөнд архиа уухаар орсон. Бид гурав архиа уугаад сууж байсан чинь Б- бид хоёр урд нь жаахан муудаж байсан талаараа яриад бага зэрэг маргалдсан. Б- гудас аваад ортой өрөөнд орж унтах гээд байхаар нь “манай хамаатныхаас яв, наад гудсаа аваад ир” гээд татсан. Тэгээд би гудсыг нь аваад архи ууж байсан өрөө рүү ороод гудсаа тавиад хэвтэх гэж байсан чинь Б- араас орж ирээд гудас булаацалдаж бага зэргийн ноцолдоон үүссэн. Ингээд Б- бид хоёрыг маргаж байх хооронд талийгаач гудас аваад ортой өрөөнд оруулж тавиад, буцаж орж ирээд архи ууж байсан өрөөндөө тамхилсан. Тамхиа татаж дуусаад талийгаач ортой өрөө рүү орсон, түүнээс хойш талийгаачийг яасныг мэдэхгүй байна. Б- бид хоёр архи ууж байсан өрөөндөө унтахгүй маргалдаад байж байсан, түүнээс хойш хир удсаныг мэдэхгүй байна, У- гэнэт яачихваа уруул нь хөхөрчихсөн сонин болчихсон байна гэж хэлсэн тэгэхээр нь би яарч сандарч ороод хиймэл амьсгаа хийсэн чинь У-, “түргэн дуудаач ээ, хурдлаач ээ” гэж хэлсэн. Тэгээд би талийгаачид хиймэл амьсгаа хийгээд байж байсан чинь түргэний эмч ирээд нас барчихсан байна гэж хэлсэн. Түүнээс хойш би шоконд ороод ямар үйлдэл хийснээ санахгүй байна. Тэгээд их уйлж байснаа санаж байна. Талийгаач М-ийг хэн цохисныг би мэдэхгүй байна. М-тэй муудалцах үндэслэлтэй хүн ганц ч байгаагүй. М-, Б- бид гурав нилээд согтсон байсан. Намайг Б-тэй маргалдаж байхад М- архи тойруулаад сууж байсан. Б- бид хоёр нэг их хүчтэй хэрүүл хийгээгүй болохоор талийгаач болиулах оролдлого хийгээгүй. Б- бид хоёр хамт байсан. Ортой өрөөнд талийгаач М- нь А- У- нартай хамт байсан. А-, У- хоёр унтаж байсан, тэгээд өрөөний хаалга дуугарах шиг болсон тэгээд жаахан байж байгаад У- хөөе энэ яасан сонин болчихвоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би ортой өрөө рүү орсон чинь талийгаачийн толгой цонхтой хэсэг рүү харчихсан дээшээ харсан байдалтай өрөөний дунд хавьцаа гудсан дээр хэвтэж байсан, талийгаачийн хөл нь хаалга руу харсан, хаалгатай ойролцоо байсан. Талийгаач өөрөө дэвссэн гудсан дээр хэвтсэн байсан. Намайг талийгаач дээр очиход дээшээ харчихсан, унтаж байгаа юм шиг уруул нь уруул нь хөхөрчихсөн амьсгалахгүй байсан. Тэгэхээр нь би хиймэл амьсгаа хийсэн. Энэ үед У- яг миний хажууд хацрыг нь алгадаад байж байсан. У- талийгаачийн бие дээр мордсон байдалтай сэрээрэй сэрээрэй гээд хацар луу нь 2-3 удаа алгадсан. Би У-ыг хиймэл амьсгаа хийсэн эсэхийг мэдэхгүй байна, ямар ч байсан миний хажууд байсан. Би зүрхний иллэг хийсэн. Амнаас аманд хиймэл амьсгаа хийсэн. Би хацар луу нь сэрээрэй сэрээрэй гээд нилээд олон удаа алгадсан. Б- бид хоёроос өөр маргалдаж муудалцсан хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 214-215/,

 

Ц.Ц-ийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Талийгаач М- бид хоёр хоёр тамхи татах гээд 00-ын өрөө рүү орох гэтэл хүнтэй байх шиг болохоор нь том өрөөний цонхыг онгойлгож байгаад тамхи татсан. Талийгаач тамхиа асаагаад татаад талд нь оруулчихаад надад өгөхөөр нь би цонх руу харж зогсоод тамхиа сороод үнсийг нь хаях гэтэл ард түр тар хийсэн чимээ гарахаар нь эргээд хартал том өрөөний үүдний хэсэгт М-ийн толгой нь хаалга руу чиглэсэн, хөл нь цонх руу харж доошоо харсан байрлалтай уначихсан байсан. Би тухайн үедээ худлаа маяглаад тоглоод уначихлаа гэсэн юм бодоод тоогоогүй. Тэгээд би дөхөөд очсон чинь талийгаач амьсгалж байгаа чимээ сонсогдохоор нь тоглоод байна гэж бодоод тоогоогүй. Тухайн үед Б- том  өрөөний буйдан дээр хэвтэж байсан ба У-, А- хоёр цаад талын өрөөгөөр явцгааж байсан. Тэгээд Б- буйдан дээрээс босоод яачихав гээд талийгаач дээр очоод нүүрийг нь харснаа энэ аймар сонин болчихсон байна гэж хэлсэн. Тухайн үед У-, А- хоёр хажууд ирчихсэн байсан. Тэгээд Б-, У- хоёрын нэг нь талийгаачийг өргөөд том өрөөнд газраар гудас засаад дээшээ харсан байдалтай хэвтүүлсэн. Тэгээд У- талийгаачийг харснаа энэ нэг л сонин болчихлоо гэхээр нь би хажууд нь очиход уруул ам нь хөхөрчихсөн байсан. Түргэн тусламж дуудаач гээд орилох үед нь А- гараад явчихсан. У- бид хоёр түргэн тусламж иртэл хажууд нь байж байхад зүрх нь цохилоод байгаа мөртлөө амьсгалахгүй болчихсон, тэгэхээр нь бид хоёр амнаас аманд хиймэл амьсгаа хийж, зүрхний иллэг хийсэн. Би түргэний эмч ирээд нас барчихсан байна гэдэг үгийг сонсоод ухаан балартаад яг юу юу болсныг санахгүй байна. Талийгаач М- хэн нэгнийг цохьсон болон хэн нэгэнд цохиулсан зүйл ерөөсөө болоогүй. Талийгаачийг газарт унах үед ойр орчимд нь хүн байгаагүй, буйдан дээр Б- хэвтчихсэн байсан ба харин би цонхон дээр тамхи татаад зогсож байсан. А-, У- хоёрын хувьд ер нь бол архи уугаагүй. Харин Б- нэг их согтолтгүй, өөрийн ухаантай байсан. Талийгаач нилээн согтолттой байсан. Миний хувьд ямар ч байсан ухаанаа алдаагүй, архи уусан байсан, болсон асуудлыг бүгдийг нь санаж байна. Б- бид хоёр сүртэй маргалдаж зодолдоогүй болохоор бид хоёрын дундуур орж салгах шаардлага байгаагүй, тухайн үед талийгаач архи ууж байсан ширээний хажуу талын сандал дээр сууж байсан. Би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө өмнөх өдөр нь архи уучихсан архи сайн гараагүй байсан. Мөн найзыгаа нас барсан гэхээр нь сандарсан байсан учраас буруу зөрүү ярьсан байж магадгүй. Зарим нэг болсон процессыг дутуу орхисон байна. Талийгаач шөнө орж шөнө 01 цаг өнгөрч байхад ганцаараа орж ирэхдээ  баруун хацар нь үл ялиг хавдсан юм шиг харагдаж байсан шиг санагдаж байна. гэхдээ хавдар байсан эсэхийг сайн мэдэхгүй байна, өөр ил харагдах шарх сорви бол харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 221-224/,

 

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.М- шүүхийн хэлэлцүүлгийн мэдүүлэхдээ “...2017 оны 5 сарын 29-ний орой манай хүү М- нь зааланд тоглож байгаад гэртээ орж ирээд ээждээ “манай найз аав болчихож” гэж хэлээд гараад явсан байсан. Харин би тухайн үед унтаж байсан юм. Маргааш өглөө нь ажил дээрээ байж байхад манай гэр бүлийнхэн ирж хүү М-ийг бурхан болсон байна гэдгийг надад дуулгасан. Манай хүү М- нь 27 настай бөгөөд гадаадад сурч байгаад ирсэн. Монголд ирээд жолооны курст суралцаад буцаж явах төлөвлөгөөтэй байсан. Манайх 3 охин, 3 хүүтэй айл бөгөөд хүүгээс хамгийн бага нь талийгаач хүү байсан бөгөөд урлаг спортын авъяастай, сэргэлэн цовоо хүүхэд байсан. Манай гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсон. Оршуулгын зардлын 10 сая орчим төгрөгийн баримтыг бүрдүүлж өгсөн бөгөөд Ц-ийн ар гэрээс бидэнд 10 сая төгрөг өгсөн. Иймээс оршуулгын зардал бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Харин одоо сэтгэл санааны хохирол 60 сая төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

3.Гэрч О.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Ц- нь аав болсон гээд намайг “Мини Макс” бааранд дуудахаар нь би очсон бөгөөд нэг нэг пиво захиалж аваад, би пивоноос нь уугаагүй амсаад тавьсан. Тэгээд Ц- бид хоёр У-ынд очсон бөгөөд би өглөө нь ажилтай байсан тул унтаад өгсөн. Шөнө дунд архи, хоол авчирсан гээд намайг сэрээж хоол ид гээд байхаар нь босч хоолноос нь амсаад буцаад унтсан. Гэтэл унтаж байтал шөнө У- намайг сэргээгээд “Ц-, Б- хоёр муудалцаад байна” гэж хэлсэн. Жижиг өрөө буюу оргүй өрөө рүү ороход Ц-, Б- хоёр газар уначихсан ноцолдож байсан. Тэр үед талийгаач ширээний хажууд сандал дээр нилээн согтолттой сууж байсан. Би Ц-ийг аваад нөгөө өрөөнд оруулаад унт гэж хэлээд би өөрөө буцаад унтсан. Намайг унтаж байхад Б- миний араар орж ирээд хэвтэхээр нь би сэрээд цаг хартал өглөөний 6 цаг 40 минут болсон байхаар нь ажилдаа явахаар боссон. Тэр үед буюу миний унтаж байсан ортой өрөөнд талийгаач М- болон Ц- хоёр ороод ирчихсэн байсан. Тэр хоёр нэгнийгээ цохьсон байдалтай хоорондоо юм яриад зогсож байхаар нь унтацгаа гэж хэлсэн. Ц- “би аав болчихсон байхад намайг цохьчихлоо” гэж яриад байх шиг байсан. Намайг ОО-ын өрөөнд байж байхад “нэг цохилт даах уу? гээд талийгаач М- болон Ц- хоёр хоорондоо ярьж байсан нь сонсогдсон. Тухайн үед талийгаач М- нь Ц-ийг цохьчихсон юм уу? гэж бодож байсан. Гэтэл талийгаач нь Ц-ийг цохиогүй харин Б- Ц-тэй ноцолдож байхдаа Ц-ийг цохьчихсон юм билээ. Тэгээд л талийгаач М-, Ц- нар хоорондоо “ганц цохилт даах уу?, ганц шанаа даалгүй яахын, цохил доо” гээд яриад байсан. Би ОО-ын өрөө рүү явж нүүр гараа угаагаад гараад ирэхэд талийгаач М- болон Ц- хоёр том өрөөнд өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт хандан “У-ын ээж эрт ирнэ гэсэн шүү, унт” гэж хэлсэн. У- жижиг өрөөнд юм идээд сууж байсан. Би жижиг өрөөнөөс куртикээ авах гэтэл ард чимээ гарсан. Эргээд хартал ард талийгаачийн толгой нь өрөөний хаалгаар цухуйсан, доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Талийгаач хөдлөх шиг болохоор нь би гайгүй юм байна гэж бодоод ажилдаа гараад явсан. Намайг ажилдаа явахад цаг 06 цаг 50 минут болж байсан. Куртикээ өмсөөд гарах гэж байхад Ц- том өрөөнд цонхны хажууд тамхи татаад зогсож байсан” гэх мэдүүлэг ,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.А-ын 2017 оны 5 сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “..Тэгээд бид нар унтлагын жижиг өрөөнд хоол идээд би хэвтээд өгсөн. У- надтай хамт буйдан дээр хэвтээд өгсөн. Талийгаач М-, Ц-, Б- нарыг том өрөө рүү орчих гээд оруулсан. Би унтаж байгаад үүрээр 06 цаг 40 минутын үед сэрэхэд талийгаач М- нь Ц-ийг наргиа маягаар цохьсон гээд хэрэлдээд хоёулаа зогсоод байж байсан. Тэгээд би босоод больцгоо гэж хэлчихээд 00 өрөө рүү орсон тэгэхэд Б- миний хэвтэж байсан орон дээр буруу хараад хэвтэж байсан. Намайг ОО-ын өрөөнд сууж байсан чинь М- чанга дуугаар тоглоо л биз, ганц цохиур даахгүй эр хүн гэж юу байсым, намайг цохь гэж ярьж байсан. Тэгээд би 00-оос гараад том өрөөний үүдэнд хувцсаа авах гээд зогсож байхад У- том өрөөнд ганцаараа юм идээд сууж байсан. Тэр үед хажуу өрөөнд хүн унах чимээ гарсан тэгэхээр нь эргээд хартал талийгаач М- жижиг өрөөний хаалганаас толгой нь жаахан ил гарчихсан доошоо харсан байдалтай уначихсан байсан, тэгэхдээ гүнзгий амьсгаа авчихсан гараа газар маягтай хэвтэж байсан. Тэгэхээр нь амьсгаа аваад хөдөлж байсан болохоор нь босч ирэх гэж байна гэж бодоод би ажилдаа гараад яваад өгсөн. Шөнө намайг 03 цагийн үед сэрэхэд М-, Б-, Ц- гурав согтолт нь гайгүй байсан, харин 06 цагийн үед сэрэхэд энэ гурав нэлээд согтсон байдалтай байсан. М- нөгөө хоёроосоо арай илүү согтолттой харагдсан ба талийгаач М- Ц-д хандан “тоглож байхад” гээд инээсэн маягтай хэлээд Ц.Ц- нь “М-ээ чи толгой руу алгадлаа эцэг болсон хүн рүү” гэж наргих маягаар хэлээд зогсож байсан. Тэгээд би 00-ын өрөө рүү орж нүүр гараа угаахаар орсон. Би яг хэн цохисныг хараагүй. Гэхдээ Ц-эс өөр цохих боломжтой хүн байгаагүй. Би ярианаас нь сонсоход нэг нь тоглож байгаад цохисноос болж маргалдсан гэж ойлгосон. Би тухайн үед нойрмоглож байсан. Би пивоноос амссан, харин архинаас бол уугаагүй, У- архи пиво ерөөсөө уугаагүй” гэх мэдүүлэг. /хх-н 72/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.А-ын 2017 оны 6 сарын 13-ны өдөр мэдүүлсэн:“ намайг ортой өрөөнд унтаж байхад талийгаач М-, Ц- нар миний унтаж байсан өрөөнд ороод ирчихсэн  талийгаач М- нь Ц-д хандан “наргиа маягаар толгой руу нь алгадсан” гээд яриад зогсож байсан, тэгэхээр нь би больцгоо гэж хэлээд ОО-ын өрөө рүү явсан. Харин ОО-ын өрөөнд байж байхад талийгаач М- “намайг цохь л доо ганц шанаа даах хүн шүү гэж хэлж байсан. Тэгэхэд Ц- би ч гэсэн шанаа даана шүү гэж хэлж байсан. Тэгээд би ОО-ын өрөөнөөс гараад ирэхэд Ц-, талийгаач М- хоёр өөд өөдөөсөө харчихсан зогсож байсан. Тэгэхээр би тэр хоёрт хандан битгий маягалцгаагаад бай гэж хэлчихээд хажуу талын өрөө рүү ороход тэнд У- ширээний хажууд юм идээд сууж байсан. Би У-ыг цаанаасаа куртик аваад өг гэж хэлтэл миний ард хүн унах чимээ гарсан эргээд хартал талийгаач доошоо харсан байдалтай, толгойны шанаанаас дээш хэсэг нь өрөөний хаалганы рамнаас бага зэрэг илүү гарсан байдалтай хэвтэж байсан. Тэр үед Ц- орны хажууд наадах чинь зүгээрээ гээд хэлээд зогсож байсан. Талийгаач яраглаж дуугараад хөдлөх шиг болохоор нь би куртикээ өмсөөд ажилдаа гараад явсан. Намайг ажлаасаа буцаад ирэхэд Ц- талийгаачийн байсан өрөөний цонхны дор хөлөө нугалаад уйлаад сууж байсан, Ц-ийг цагдаа нар аваад гарах гэж байхад гэрийн үүдэнд гутлыг нь өмсүүлээд байж байхад ухаан алдаж унасан, тэгсэн чинь үнэртэ ус, архи үнэртүүлсэн чинь инээмсэглээд босч ирсэн” гэх мэдүүлэг /хнх-н 81/,    

                                                                                                                                                                                                                                                         

Мөрдөн байцаалтад гэрч О.А-ын 2017 оны 10 сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “Хэрэг гардаг орой унтаж байснаа босоод Ц-, талийгаач М-, Б- гуравын авчирсан хоолыг идэхэд талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх сорви байгаагүй гэж бодож байна, бид нар дээр ирэхдээ хүнтэй маргалдаж муудалцсан талаар ерөөсөө яриагүй” гэх мэдүүлэг. /хх-н 82/,

 

4.Гэрч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 5 сарын 30-ны шөнө 03 цагийн үед У-ынд очсон. Талийгаач М-, Ц- бид гурав Зам зуур зоогийн газраас 2 шил архи болон ширхэгийн хоол авчирсан. Бид гурав 1 шил архиа ууж дуусгаад нөгөө архиа задлаад ууж байхдаа Ц- бид хоёр муудалцаж, барьцалдаад байж байхад А-, У- хоёр салгасан. Ц- бид хоёроос өөр хүн хоорондоо маргаагүй. Ортой өрөөнд орж А-ын араар орж унтахаар хэвтэх үед Ц-, талийгаач хоёр өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Намайг зүүрмэглэж байхад пид гэх чимээ гарсан бөгөөд уг өрөөнд Ц-, талийгаач бид гурав байсан, өөр хүн байгаагүй. Эргээд хартал талийгаач ортой өрөөний үүдэн хэсэгт доошоо харсан, толгой нь зүүн мөр лүүгээ харсан байдалтай байсан. Харин Ц- өрөөний гол хэсэгт зогсож байсан шиг санагдаж байна. Ц- талийгаачийг жүжиглэж байгаа юм гэж хэлж байсан. Энэ үед А- ажилдаа явсан. Би очоод талийгаачийг хартал духан хэсэгтээ булдруу үүссэн биеийн байдал муудсан байсан. У- бид хоёр ортой буюу том өрөөний голд гудсан дээр талийгаачийг сугадаж өргөөд дээш нь харуулж хэвтүүлсэн. Мөнххишийг царай нь хөхөрч духанд нь булдруу үүссэн байсан. Ц-, У- хоёр талийгаачийн цээжин хэсэгт нь гараараа дарж хиймэл амьсгаа хийсэн. Талийгаач гаднаас орж ирэхдээ хацар нь хавдсан, өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө талийгаачийн хацар хавдсан талаар мэдүүлээгүй бөгөөд надаас энэ талаар асуугаагүй байх гэж бодож байна. Хэрэг гарснаас хойш дэлгүүрт Ц-тэй таарсан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Б-гийн 2017 оны 5 сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Бид нар Зам зуур хоолны газраас авчирсан хоолоо идчихээд талийгаач М-, Ц- бид гурав 1 шил “Болор” нэртэй архийг ууж дуусгаад би тамхи татчихаад унтах гээд орон дээр гараад хэвтсэн. Тухайн үед А- бие засах өрөөнд байсан, У- гал тогоонд байсан. Ц-, талийгаач хоёр юм яриад сууж байсан. Тэгээд хэвтэж байтал гэнэт хүн газар унах шиг дуу гарсан би эргээд хартал талийгаач М- доошоо хараад хэвтэж байсан. Ц- талийгаач М-ийн хөлний доод тал сууж байсан. Тэгэхээр нь би Ц-эс “наадах чинь ухаан алдсан юм бишүү” гэж асуутал “зүгээр ээ наадах чинь маяглаж байгаа юм” гэж хариулсан. Тэгсэн чинь А- ажилдаа явлаа гээд гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би босоод талийгаач М- дээр очоод “хөөе” гээд толгойг нь өргөөд хартал царай нь хөхөрсөн, дух нь шалбарсан байсан. Тэгэхээр нь сандраад У- бид хоёр гудсан дээр дээш харуулан хэвтүүлээд түргэн дуудах гэтэл утсаа авахгүй байхаар нь түргэн дуудах гээд гэрээ гүйгээд гарсан. Тэгээд түргэний эмч ирээд үзээд талийгаач М-ийг нас барсан байна гэж хэлсэн. М- намайг байх хугацаанд муудалцаж, маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед би орон дээр хэвтэж байсан, яг газар унахыг нь хараагүй. М-ийг газар унаж байхад нь Ц- хажууд нь байсан. Ц- М- нар чанга чанга юм яриад байсан, яг юу ярьсныг нь би санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 75/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Б-гийн 2017 оны 6 сарын 16-ны өдөр мэдүүлсэн: Ц- бид хоёр өмнө нь маргалдаж байсан зүйлээс болж маргалдаад зууралдаад барьцалдаад байж байсан чинь А-, У- хоёр салгасан. У-, А- хоёр Ц- бид хоёрыг салгачихаад ортой өрөө рүү орцгоосон. Тэр үед талийгаач ширээний хажуу талд сууж байсан. Тэгээд бид гурав ортой том өрөө рүү орцгоосон, би ОО-ын өрөөнд тамхи татчихаад А-ын хэвтэж байсан орон дээр унтахаар хэвтсэн. Намайг хэвтэхэд Ц-, М- нар ортой өрөөний хивсэн дээр суучихсан юм ярьж байсан. Тэгээд би орон дээрээ хэсэг зүүрмэглээд байж байхад “пид хийх “чимээ гарсан би хана руу харчихсан хэвтэж байсан болохоор хараагүй тэгтэл У- юу болсон бэ? гэхээр нь би орон дээрээ хэвтээгээрээ толгойгоо эргүүлээд хартал талийгаач доошоо харсан байдалтай, зүүн мөр дагуу харсан байдалтай хэвтэж байсан. Би пэд хийх чимээг хүн унах чимээ гэж бодсон. Тэгсэн чинь Ц- “наадах чинь жүжиглэж байгаа юм” гэж хэлж байсан. Тэр үед талийгаач амьсгаа авч байгаа юм шиг цээж дүүрэн амьсгаа авч байгаа юм шиг цээжээрээ хөдөлсөн тэрийг А- харчихаад “за би ажилдаа явлаа” гээд гараад явсан. Тэгээд би төд удалгүй босч ирээд хартал нүүр хэсгийг хартал нүүр нь бага зэрэг хөхөрчихсөн, духны хэсэгт булдруу үүссэн, байсан тэгэхээр нь би толгой хэсэг нь булдруутай болсон байна шүү дээ “наадах чинь нэг л эвгүй болчихлоо У-аа” гэж хэлсэн чинь ирээд У- бид хоёр талийгаачийг өргөөд өрөөний гол хэсэгт авчирч хэвтүүлсэн тэгэхэд Ц- толгойных нь хажууд ирээд суучихсан “М-ээ сэрээрэй сэрээрэй” гэж хэлсэн тэр үед би эмнэлэг рүү залгасан. Ц- талийгаачийн хажууд “андаа сэрэлдээ гээд уйлчихсан, ээ гээд халаглаад уйлж” байсан. Түргэний эмч орж ирээд нас барчихсан байна гэж хэлсэн чинь Ц- бүүр чанга орилж уйлсан. У- үүдэн хэсэгт надтай хамт зогсож байсан. Цагдаа нар үзлэг хийгээд байж байхад Ц- орилоод байхаар нь цагдаа нар аваад гарах гэж байхад хувцсаа өмсөж чадахгүй ухаан балартсан. Би пид хийх чимээг хүн унаж байгаа чимээ гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

 

5.Гэрч М.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ц- нь манай ээжийн төрсөн ахын хүүхэд бөгөөд бид хоёр үеэлүүд юм. Тухайн өдөр би задгайн гэрээсээ дуудагдаж ирээд байсан юм. Тэгээд манай гэрт Ц- нь найзуудын хамт ирж хөзөр тоглож архи уусан. Тухайн үед А- бид хоёр архи уугаагүй. Шөнө 00 цагаас хойш талийгаач М- манайд орж ирсэн бөгөөд нүдэнд харагдах ил шарх сорви байгаагүй. Шөнө нэг сэрэхэд Б- манайд ирчихсэн байсан. Б-, Ц-, талийгаач М- гурав Зам зуур зоогийн газар луу явж хоол болон 2 шил архи авчирсан. Ингээд А-ыг сэрээж ортой буюу том өрөөнд бөөнөөрөө хоол идсэн. А- бид хоёр ортой өрөөнд унтахаар үлдэж харин нөгөө гурав жижиг өрөөнд орсон. Гэтэл шуугиад байхаар би сэрээд жижиг өрөө рүү ороод хартал Б-, Ц- ноцолдоод газар унахаар нь А- бид хоёр салгасан. Тэр үед талийгаач ширээний хажууд сууж байсан. Ингээд бөөнөөрөө ортой том өрөөнд орсон харин жижиг өрөөнд хоол идээд сууж байтал А- ОО-ын өрөөнөөс орж ирсэн. Гадаа гэгээ орсон байсан. А- миний сууж байсан өрөө рүү дөнгөж орж ирэхэд ард нэг юм пид гэж дуугарсан. А- хойшоогоо 2 алхаад харсан, би нөгөө өрөө рүү яваад ороход талийгаач доошоо хараад газар унасан, Б- орон дээр хэвтээд толгойгоо эргүүлээд харчихсан, Ц- цонхны дэргэд байж байсан. Би Ц-эс “ухаан алдтал нь цохьсон” юм уу гэж асуутал, үгүй ээ, тоглож байгаа юм аа босоод ирнэ ээ гэж хэлж байсан. Тэгээд Б- босч ирээд талийгаачийг эргүүлтэл дух нь шалбарсан нүүр нь хөхөрсөн байдалтай байсан. Б- бид хоёр талийгаачийг гудсан дээр дээш нь харуулж хэвтүүлээд зүрхэн дээр нь хоёр гараараа дарж хиймэл амьсгаа хийсэн. Хэрэг гарсан өдөр би гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн үед мөрдөгч нь намайг хорьно гэж хэлээд байсан бөгөөд миний яриагүй зүйлийг  бичсэн байна. Би анхны мэдүүлгээ уншилгүйгээр гарын үсэг зурсан. Хэрэг гарснаас хойш эмээгийндээ Ц-тэй уулзсан ” гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч М.У-ын 2017 оны 5 сарын 30-ны өдөр мэдүүлсэн:“... Намайг сэрэхэд Ц-, Б-, талийгаач М- нар нилээд согтчихсон нэг шил архиа уугаад дуусчихсан, 2 дахь шил архиа задлаад дээрээс нь жаахан уучихсан байж байсан. Тэгээд бөөндөө инээлдээд миний унтаж байсан том өрөө рүү орж ирээд хоорондоо бие биенээ шоглоод инээлдээд байсан. Тэгэхэд А- 00-ын өрөө рүү бие засах гээд орчихсон, би том өрөөнд хоол идээд сууж байсан чинь жижиг өрөөнд “пид пад” хийх чимээ гарахаар нь яваад ортол талийгаач М- газар доошооо хараад хэвтчихсэн ухаан алдчихсан юм шиг хэвтэж байсан. Ц- цонхны тавцаны хажууд зогсож байсан, Б- орон дээр буруу харчихсан, толгойгоо өндийлгөөд хэвтэж байсан тэгээд би Ц-д хандан “хүүе ээ чи хүн ухаан алдтал цохьчихлоо шүү дээ” гэсэн чинь Ц- “тоглож байгаа юм, наадах чинь одоо босоод ирнэ” гэж хэлэхээр нь бид нар тоглоод байна гэж бодоод хэсэг харж зогссон чинь амьсгаагаа хүчтэй гаргаж байгаа юм шиг дуугараад байхаар нь Б- эргүүлээд дээш нь харуултал баруун талын дух хэсэгт овойгоод цус гарчихсан байсан, амыг нь үзсэн чинь хэлээ хазчихсан, амнаас нь цустай шүлс гоожсон байсан тэгэхээр нь сандраад газраар гудас дэвсээд талийгаач М-ийг гудсан дээр өргөж тавиад Ц- бид хоёр хиймэл амьсгаа хийж, зүрхэнд нь массаж хийсэн, тэр хооронд Б- рүү түргэн дуудсан. Би талийгаач М-ийн зүрхэнд массаж хийгээд зүрхийг чагнахад зүрх сулхан цохилж байсан тэгээд байж байтал түргэний эмч орж ирээд үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгэхэд Ц- “андаа босоод ирээч ээ гээд” хажууд уйлаад байж байсан. Би юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, намайг нөгөө өрөөнд ороод юм идээд утсаа оролдоод сууж байхад инээлдэж байгаа нь сонсогдсон. Би юу гэж яриад байгааг анхаарч сонсоогүй. Талийгаач М-ийг Ц- гараараа цохьсон. Би талийгаач М-ийг юунаас болж цохьсон, тэр хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Намайг жижиг өрөөнд ороход угаасаа бүх юм ойлгомжтой байсан. Б- орон дээр хэвтчихсэн, Ц- зогсож байсан харин талийгаач газар уначихсан байж байсан. Харин А- ОО-ын өрөөнд байсан. А- бид хоёр согтууруулах ундааны зүйл ерөөсөө хэрэглээгүй” гэх мэдүүлэг /хх-н 71-72/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.У-ын 2017 оны 6 сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Тэгээд талийгаач М-, Ц-, Б- гурав архиа аваад нөгөө өрөө рүү орсон, А- бид хоёр орон дээрээ хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Тэгээд шуугилдаад байхаар нь сэртэл гэгээ орчихсон байсан. Өмнөх мэдүүлэгтээ өгсөн пид пад хийх чимээ нь хүн хана цохиж байгаа юм шиг чимээ гарсан. Тэгээд би тухайн чимээ гарсан ортой өрөө рүү ортол талийгаач Мөнхишиг доошоо хараад хэвтчихсэн байдалтай хажууд нь Ц- зогсож байсан. Ц- талийгаачийн хажууд зогсож байсан болохоор би Ц-эс “чи ухаан алдтал нь цохьчихсон юм биш үү? Гэж асуусан чинь Ц- “зүгээрээ босоод ирнэ ээ” гэж хэлсэн. Тэр үед Б- хана руу харсан байдалтай хэвтчихсэн толгойгоо өндийлгөөд хүзүүгээ эргүүлээд харж байсан. Харин А- 00-оос гарч ирээд миний байсан жижиг өрөө рүү орж ирэх гэж байхад ард чимээ гарсан тэгэхэд А- хойшоо нөгөө өрөө рүү харсан тэгэхэд би гүйж очсон. Тэр үед А- би ажлаасаа хоцорлоо гээд хувцсаа өмсөөд гараад явсан. Би өмнөх мэдүүлэгтээ намайг өрөө рүү ороход бүх тодорхой байсан гэж мэдүүлсэн нь “Ц- нь М-ийг цохиж унагасан нь тодорхой юм байна” гэж би бодсон. Түргэний эмч ирээд М-ийг нас барсан байна гэж хэлэхэд Ц- уйлаад, “босоод ирээчдээ андаа, тоглож байгаа байлгүй дээ” гэж хэлээд цээжин хэсэгт нь толгойгоо наагаад уйлаад байсан. Тэр үед би Ц-ийн хажууд зүгээр сууж байсан, Б- бид хоёр уйлсан зүйл байхгүй. Ц-  уйлаад сандраад “босоод ирээч” гээд байсан. Удалгүй цагдаа нар ирэхэд Ц- уйлаад, инээж байгаа юм шиг, уйлж байгаа юм шиг болж байснаа гэнэт ухаан алдаж унасан. Тэгээд удалгүй эргээд сэрсэн. Талийгаач тухайн шөнө манайд ирэхдээ хэн нэгэнтэй муудалцаж маргалдсан зүйл яриагүй. Манайд орж ирэхдээ биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-н 73-74/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.У-ын 2017 оны 10 сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Хэрэг болдог өдөр талийгаач гаднаас манайд орж ирэхдээ хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан талаар огт яриагүй, манайд орж ирэхдээ ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Талийгаачийн духанд үүссэн зулгаралт нь газарт уначихсан байхаар нь очиж эргүүлж харахад шалбарсан байсан. Тэрнээс өмнө гэмтэл үүсээгүй байсан. Нэг юм пид хийх чимээ гарахаар нь харахад М- газар уначихсан, Б- орон дээр цаашаа хараад хэвтэж байснаа өндийгөөд толгойгоо наашаа эргүүлээд харчихсан, Ц- цонхны тавцан дээр тамхи татаад тамхи татаад зогсож байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 74/,

 

6.Гэрч О.Алтантөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг дуудлагаар тухайн айлд ороход талийгаач том өрөөнд дээшээ харсан, толгой нь цонхруугаа харсан, духан дээр нь шалбархай байсан. Талийгаачийн хажууд нь Ц- сууж байсан бөгөөд нас барсныг нь хэлэхэд Ц- нь “найзаа, андаа бос л доо” гээд татаж чангаагаад балмагдсан байдалтай байсан. Харин Б-, У- хоёр нөгөө өрөөндөө суугаад айсан гайхсан байдалтай байсан. Би Б-гөөс юу болсон талаар асуухад тэрээр талийгаач М-, Ц- хоёр ноцолдож байхдаа түлхэж унагаагаад талийгаач юм мөргөөд унасан талаар хэлсэн” гэв,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Алтантөгс мэдүүлсэн /Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн түргэн тусламжийн эмч ажилтай/: “...2017 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 07 цагийн үед 7 дугаар байранд дуудлагаар явж байхад 103-аас 54 дүгээр байрны 2 давхарт зүүн гар тийшээ эргээд онгорхой хаалганд хүн ухаан алдсан байна гэсэн дуудлага гарсан. Хаалгаар ортол ортой өрөөнд нэг эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би уг хүнийг үзэхэд нүүр хөхөрсөн, амьсгал зогссон, зүрх судас зогссон хүүхэн хараа өргөсөж гэрлийн урвалгүй болсон байдалтай байсан тэгээд би нас барсан гэж тодорхойлж цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн. Намайг талийгаач М-ийг үзэхэд духны баруун хэсэгт зулгарсан шархтай, баруун хацар хөхөрсөн байдалтай байсан Намайг талийгаачийг үзэхээр ороход Ц- талийгаачийг тэврээд нүүр амнаас татаж чангаагаад “бос л доо найзаа андаа, дөнгөж сая хоёулаа инээлдээд тоглож байсан шүү дээ” гээд уйлаад байсан. У- Б- нар гал тогооны хажуу талын өрөөнд доошоо харсан, санаа зовсон байдалтай байсан. Тэгээд би Ц-тэй ярих боломжгүй болохоор нь тэнд байсан Б-гөөс юу болсон талаар асуухад Б- надад хэлэхдээ “Ц- талийгаач М- нар хоорондоо ноцолдож тоглож байгаад Ц- талийгаачийг түлхчихсэн, тэгсэн талийгаач унахдаа хаалганы рам модыг мөргөж унаад доошоо хараад хэвтээд байсан. Тэгээд У- бид хоёр талийгаачийг босоод ир гэж хэлсэн чинь босохгүй доошоо хараад хэвтээд байхаар нь тоглож байна гэж бодоод хэсэг харж зогссон гэж хэлсэн. Тэгсэн 2-3 удаа эвгүй дуугараад эвгүй амьсгал авсан. Тэгэхээр нь талийгаачийг татаж дээш харуултал царай нь хөхөрчихсөн, ухаангүй болчихсон байсан” гэж надад хэлсэн. Ц- “энэ хүн ингээд өнгөрчихлөө гэж үү, энэ хүнийг аврах боломж байхгүй юм уу” гэж хэлэхээр нь би өнгөрчихсөн, одоо тайвшир, авах арга хэмжээ байхгүй гэж хэлсэн чинь Ц- уйлаад суугаад орилоод байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/,

 

7.Мөрдөн байцаалтад гэрч М.Мөнхсүхийн мэдүүлсэн:”...Надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Манай дүү хамт архи ууж байсан нэг найз нь цохьсон гэж сонссон. Гантулга гээд хамт байсан найз нь надад хэлэхдээ намайг 00-ын өрөөнд байж байхад “чи намайг яаж байгаа юм бэ?” гээд орилоод байсан. Тэгээд намайг 00-ын өрөөнөөс гарч ирээд сандал ширээ байдаг өрөөнөөс  цамцаа авах гээд ороход “пөд” хийгээд унаад өгсөн гэж ярьсан...” гэх мэдүүлэг.  /хх-ийн 83/

 

8.Мөрдөн байцаалтад гэрч М.Х-ын мэдүүлсэн:“...2017 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг 30 минутаас хойш гэртээ байж байхад талийгаач дүү М-ийн найз Т- гэж дуудаад байдаг найз нь ирээд дүү чинь нас барчихлаа гэж хэлсэн. Би байрны гадаа очоод Т-гаас өчигдөр юу болсон талаар асуухад “манай нэг найзын эхнэр төрөөд бид нар нийлсэн юм. Би Ууганаатай хамт орон дээр унтаж байсан. Талийгаач нэг залуутай нөгөө өрөөнд архи ууж байсан. Тухайн үед ямар нэгэн маргаан болоогүй, талийгаач нөгөө залуутай нэг нэгнийгээ мөрөн дээр гараа тавьчихсан чи намайг цохьчих, чи намайг цохьчих” гэж хэлээд инээлдээд зогсож байсан, ямар нэг зодоон болоогүй гэж хэлсэн” юм. 2017 оны 5 сарын 29-ний орой хүргэн ах А-тай, талийгаач дүү маань зааланд тоглож байгаад гэртээ орж ирээд 23 цаг өнгөрч байхад унтаач гэж хэлэхэд гарчихаад ирье гэж хэлсэн, би унтаад өгсөн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 95-96/,

 

9.Мөрдөн байцаалтад гэрч М.М-ын мэдүүлсэн:”...2017 оны 5 сарын 29-ний өдөр 16 цагийн үед талийгаач дүү маань хотоос ирээд гэртээ байж байгаад орой манай нөхөр А-тай зааланд тоглож байгаад орж ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад найз нар дуудаад байна гээд 23 цаг өнгөрч байхад манай нөхөр А- бид хоёр хүүхдүүдээ аваад, ах Хишигт болон талийгаач М- бид нар гарцгаасан. Тэгээд талийгаач маань Отгонтэнгэр зочид буудлын гадаа буугаад  бид нар цаашаа хадам ээжийнх рүүгээ явсан.” гэх мэдүүлэг. /хх-н 86/,

 

10.Мөрдөн байцаалтад гэрч Б.А-ын мэдүүлсэн: “...Би 2017 оны 5 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед талийгаач М-тэй зааланд тоглохоор гарч  явсан. Тэгээд спорт зааланд нэг цаг гаруй тоглож байгаад гэртээ харихаар яваад гэрийн гадаа ирсэн чинь М- гэртээ оролгүй, Мини Макс орж хүнтэй уулзана гээд үлдсэн. Тэгээд байж байгаад 20 минут орчмын дараа гэртээ орж ирсэн. Гэртээ ирээд хоол унд идчихээд 23 цаг өнгөрч байхад би эхнэр хүүхдээ аваад талийгаачийн том ахаар нь Нарийны 31-4 тоотод ээжийндээ хүргүүлсэн. Тэгээд явж байхад талийгаач замд Отгонтэнгэр зочид буудлын урд буугаад найзындаа хононо гэж хэлсэн. Талийгаач  зааланд тоглож байхдаа нуруугаараа унаагүй. Хүнээр цохиулах үйлдэл гаргаагүй, би талийгаачтай ээлжилж тоглож байсан болохоор би сайн харсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 87/,

 

11.Шинжээч эмч С.г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №921 дугаартай дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргасан. Талийгаачийг үхэлд хүргэсэн тархины цус харвалт нь малгайлсан цус харвалт байгаа. Уг тархины цус харвалт гэмтэл нь цохих болон цохигдох үед үүсэх боломжтой. Талийгаачийн нүүр болон толгойд хүчтэй цохилт үйлчилсэн тохиолдолд малгайлсан цус харвалт явагддаг. Талийгаач архаг хууч өвчингүй, 26 настай залуу хүн байсан учраас өөрөө унах эсвэл өөрөө унаж юманд цохигдох үед  малгайлсан цус харвалт үүсэх боломжгүй. Өөрөөр хэлбэл малгайлсан цус харвалт нь өөрөө унах үед  уналтаас үүсэх боломжгүй гэж хэлж болно. Талийгаачийн дух, цээж, хацарт үүссэн гэмтлүүд нь харагдах байдлаараа буюу байрлалаараа өөр өөр газар үүссэн байгаа. Гэхдээ үүнийг олон удаагийн хүч үйлчилсэн байна гэж үзэж болохгүй юм” гэв.

 

12.Шинжээч эмч Ц.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Талийгаачийн баруун талын духны зулгаралт болон баруун талын хацар дээрх цус хуралтыг нэг цаг хугацаанд үүссэн гэж үзсэн. Учир нь баруун хацар дээрх цус хуралт нь хаван хавдартай байсан тул духан дээрх зулгаралттай нэг цаг хугацаанд үүссэн гэж үзсэн юм. Талийгаачийн тархины цус харвалт гэмтэл нь толгойн тус газарт нь цохих эсвэл юм мөргөж унах үед аль алинд нь үүсэх боломжтой...” гэв.

 

Шинжээч эмч Ц.Б- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Энэ дүгнэлтийг хэргийн материал дээр үндэслэж хийсэн. Нүүр болон толгойн тус газарт мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Талийгаачийн толгойн тус газарт гараараа нэг удаа хүчтэй цохиход дээрх гэмтлийг үүсгэх боломжтой...” гэв. /хх-ийн 173/, 

 

13.Хэргийн газрын үзлэгийн хийсэн тухай “Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 17 тоотод үзлэгийн цагийн зүүний дагуу явуулав. ...Өрөөний гол хэсэгт улаан өнгийн гудас дэвсэж түүний дээр дээшээ харсан байдалтай, ертөнцийн зүгээр хойшоо толгой нь харсан, хоёр нүдний зовхи аниатай, хамар уруул хөхөрсөн, духны баруун дээд хэсэгт улаан ягаан өнгийн шинэ зулгаралттай, тухайн хэсгээр хавдсан хоёр гараа биеийн дагуу алдалж хагас атгасан байдалтай, хар өнгийн судалтай цагаан өнгийн майк, майкны зүүн дээд хэсэгт цусархаг зүйлээр бохирлогдсон, цогцсыг хажуу тийш болгож ар нуруу хэсгийг үзэхэд биед шинээр үүссэн ил харагдах шарх гэмтэлгүй, 25-30 насны эрэгтэй хүний цогцос байлаа. Тус өрөөний хаалганы ертөнцийн зүгээр баруун баганаас 13 см зайд 2х3 хэмжээтэй цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ширдэг байсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-20/,  

 

14.Цогцсонд гадна үзлэг хийсэн тухай “...духны баруун дээд хэсэгт 4х1.2 см улаан ягаан өнгийн зулгаралттай, биед шинээр үүссэн ил харагдах шарх гэмтэлгүй, 25-30 орчим насны эрэгтэй хүний цогцос болно. Хуйхыг нээж үзэхэд зулгаралтын харалдаа 4.5х2 см хуйханд хар хүрэн өнгийн цус хуралт үүссэн. Гавлын ясыг авч харахад тархины баруун зүүн тал бөмбөлөгүүд хатуу хальсан доороо нийтдээ цус хуралттай, тархины эдийг авч үзэхэд 100 грамм орчим шингэн хар хүрэн өнгийн цустай, тархины 4 дүгээр ховдол хар хүрэн өнгийн нөжирсөн цустай. ...Уг цогцосны баруун хацарт 5х4.5 см хавдаж хөхөрсөн байдалтай байлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 93-100/,

 

15.Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн тухай Шинжээчийн 2017 оны 5 сарын 30-ны өдрийн №09шэ/012 дугаартай дүгнэлтэд:” Талийгаач М.М-ийн биед тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн тархмал зөөлөн бүрхүүлийн цус харвалт, духны баруун хуйханд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 талын цээжний гялтанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь биед аюултай. Талийгаачийн магадлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь АВО системээр 1 бүлгийн цустай байна. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач  нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. Эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муутай байна. Нас бараад 0-6 цаг болсон байх боломжтой байна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-н 103/,

 

16.Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №921 дугаартай дүгнэлтэд: “Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн гаргасан 09/012 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. М-ийн цогцост тогтоогдсон тархины 2 талын бөмбөлгийн дух зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Дээрх тогтоогдсон гавал тархины гэмтлийн үед түргэн хугацаанд үхэлд хүрэх боломжтой. Дээрх тархины битүү гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтлийг авсан даруйд үхэлд хүрэх боломжтой. Талийгаачийн цогцост тогтоогдсон духны баруун хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 талын цээжний гялтанд цус хуралт гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөгүй хөнгөн гэмтэлд хамаарна. М-ийн бие цогцост хийгдсэн задлан шинжилгээгээр архины хордлогын шинж илрэхгүй байна. Дух, цээж, хацар, зулай, чамархай гэх мэт өөр өөр байрлалд гэмтлүүд тогтоогдож байгаа тул олон удаагийн үйлчлэл гэж үзсэн байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас гэмтлийн гаралтай шоконд орж нас барсан байх боломжтой. Талийгаачийн 2 талын цээжний гялтанд үүссэн гэх цус хуралт нь аль ч үүсэх боломжтой.” Тэргүүлэх зэргийн шинжээч эмч С.О-,  ахлах зэргийн шинжээч эмч Н.Туяа, Шинжээч эмч Ц.Б- гэжээ. /хх-ийн 109-111/,

 

17.Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын Шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №03 дугаартай дүгнэлтэд “Ц.Ц- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл байна. Ц.Ц- нь босон хэргийн талаар үнэн зөв  мэдүүлэг өгөх чадвартай. Ц.Ц- нь  хэрэг хариуцах чадвартай байна. шинжилгээний явцад асуултанд тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй болно. Комиссын дарга Ерөнхий эмч Ц.С, сэтгэцийн эмч С.Б, эмгэг судлаач эмч Л.Н гэжээ. /хх-ийн 170/,

18.Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5673 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хивсэнцэрийн хэсэг, 00-ийн цаасны хэсэг дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Хивсэнцэрийн хэсэг дээр илэрсэн цус нь АВО системээр О/II бүлгийн харъяалалтай байна. 00-ын цаасны хэсэг дээр илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна. Биологийн шинжээч Цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэжээ. /хх-ийн 123/,

 

19.Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5674 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн “Болор” гэсэн бичигтэй 0.754 литрийн 2 ширхэг архины шил, “Улаанбаатар” гэсэн бичигтэй 0.5 литрийн 1 ширхэг архины шилэн дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. Биологийн шинжээч Цагдаагийн дэслэгч Ц.Б гэжээ. /хх-ийн 127/,

 

20.Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн талийгаач М.М-ийн хувцсанд хийсэн Шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 6542 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн шорт, хар өнгийн судалтай цагаан өнгийн майкан дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Цагаан өнгийн шорт, хар өнгийн судалтай, цагаан майкан дээрх цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна. Хар саарал өнгийн судалтай дотоож, цагаан өнгийн хос оймсон дээр цус болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Биологийн шинжээч Цагдаагийн дэслэгч Ц.Б гэжээ. /хх-ийн 131/,

 

21.Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн талийгаач М.М-ийн хувцсанд хийсэн Шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 3736 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд нь уранхайгүй байна. Шинжээч Цагдаагийн ахлах дэслэгч Г.Г гэжээ. /хх-ийн 135-136/,

 

22.Цагдаагийн албан хаагч ахлах дэслэгч Ц.Э-ийн илтгэх хуудсаар “...Багануур дүүргийн 3 дугаар хороо, 26а дугаар байрны 31 тоотод оршин суух 28 настай, эрэгтэй, М-ын М- /УЮ91051913/ нь нас барсан байдалтай байв. Талийгаачтай хамт байсан гэх М.У-тай уулзаж ярилцахад шөнө Б-, талийгаач М-, Ц- нар архи ууж байгаад том өрөөнд орж архиа ууж байгаад гэгээ орсноос хойш жижиг өрөөнд ороод бие бие шоглоод инээлдээд байж байсан. Тухайн үед би том өрөөнд хоол идээд сууж байсан. А- 00-ын өрөө лүү бие засах гээд орчихсон байсан юм. Тэгтэл жижиг өрөөнд пид пад хийх дуу чимээ гарахаар нь би яваад орсон чинь талийгаач М- доошоо харсан байдалтай хэвтчихсэн /ухаан алдсан юм шиг/ Ц- цонхны хажууд зогсож байсан. Б- орон дээр хэвтэж байсан. Би талийгаачийг хараад “Ц- ээ чи хүн ухаан алдтал цохьчихлоо шүү дээ” гэсэн чинь Ц- “зүгээр ээ наадах чинь тоглож байгаа, одоо босоод ирнэ гэж хэлэхээр нь бид хэсэг харж байгаад Б- талийгаачийг эргүүлээд харуултал нь баруун талын дух нь овойчихсон эвгүй болсон байхаар нь эмнэлэг дуудсан. Өглөө намайг ажилдаа явахын өмнө М-, Ц- нар “чи намайг цохьчихлоо” энэ тэр гээд маргалдаад байсан. Би босоод 00-ын өрөө лүү орчихоод байж байхад талийгаач М- тоглоо л биз, ганц цохилт даахгүй байна уу гэж хэлж байсан. Тэгээд намайг 00-ын өрөөнөөс гарч ирэхэд талийгаач М- доошоо харчихсан жижиг өрөөнд хэвтэж байсан. Тэгээд би талийгаачийг амьсгаа аваад хөдлөөд байхаар нь ажилдаа явсан. Би жижиг өрөөнд ороод хэвтэж байтал гэнэт хүн газар унасан тэгэхээр нь хартал талийгаач М- газар унасан байсан. Ц-, М- хоёр хоорондоо “цохилт даах уу энэ тэр гээд цохилцоод байх шиг байсан...” гэжээ. /хх-ийн 27-28/,

 

23.Гар утаснуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-65/,

 

24.Шүүгдэгч Ц.Ц-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 228-242/,

25.Талийгаач М.М-ийн хувийн байдал болон оршуулгын зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 242-250, 2 дугаар хавтасны 1-4, 49-53/,

26.Шүүгдэгч Ц.Ц- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 227/,

27.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 226/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

 

Нэг. Шүүгдэгч Ц.Ц- нь “охинтой болж аав болсон баяраа тэмдэглэх” зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Багануур дүүрэг 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 17 тоотод өөрийн үеэл болох У-ын гэрт Б-, М- нарын хамт архидан согтуурах явцдаа тухайн шөнө үүрээр найз Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, Б-тэй ноцолдож зодолдсон бөгөөд уг зодооныг А-, У- нар  салгасан байна. Үүний дараа буюу өглөө 06 цаг 50 минутын үед Ц- нь хамт архи ууж байсан найз  М-тэй өөд өөдөөсөө хараад зогсож байхдаа “эцэг болсон хүний толгойг алгадлаа, чи ганц цохилт даах уу? би ч гэсэн ганц шанаа даана, намайг цохь л доо” гэх зэргээр хоорондоо согтуурхаж байхдаа түүнийг цохиж унагаан тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн тархмал зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл /гавал тархины битүү гэмтэл/  учруулсны улмаас М-ийн амь насыг хохироосон болох нь:

 

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц-ийн мэдүүлсэн “...Хэрэг гарахаас өмнө би Б-тэй ноцолдсон нь үнэн, гэхдээ талийгаачийг цохьсон зүйл байхгүй. Том өрөөнд талийгаач надад тамхи асааж өгсөн, би тамхиныхаа үнсийг хаях гээд цонхны тавцан дээр гишгэж гартал ард хүн унах чимээ гарсан эргээд хартал М- доошоо хараад газар унасан байсан” гэх мэдүүлэг,

 

-түүний 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр сэжигтнээр өгсөн “...жижиг өрөөнд Б- бид хоёр муудалцаж, бага зэргийн ноцолдоон үүссэн. Харин талийгаач нөгөө өрөө рүү орсон. Үүнээс хойш талийгаачийг яасныг мэдэхгүй байна. Тэгээд өрөөний хаалга дуугарах шиг болсон тэгэхээр нь би том өрөө рүү ортол талийгаач гудсан дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-н 214-215/,

 

-Гэрч О.А-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Шөнө Б-, Ц- хоёр зодолдсон. Би өглөө 06 цаг 40 минутад ажилдаа явахаар босоход Ц-, талийгаач М- хоёр том өрөөнд байсан ба  Ц- “эцэг хүний толгой руу алгадлаа” гээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Намайг ОО-ын өрөөнд байхад талийгаач М- чанга дуугаар “тоглоо л биз дээ, ганц цохилт даахгүй эр хүн гэж юу байсан юм бэ? намайг ч гэсэн ганц цохь л доо” гэж ярьж байсан нь сонсогдсон. Тэгээд би ОО-ын өрөөнөөс гарч ирэхэд талийгаач М-, Ц- хоёр том өрөөнд өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Би ажилдаа явах гээд нөгөө өрөөнөөс куртикээ авах гэж байхад ард хүн унах чимээ гарсан. Эргээд хартал ард талийгаач газар доошоо хараад унасан байсан. Тэр үед Ц- орны хажууд “наадах чинь зүгээрээ” гэж хэлээд зогсож байсан. Харин Б- орон дээр хэвтэж байсан, У- нөгөө өрөөнд байсан. Ц-эс өөр цохих боломжтой хүн байгаагүй. Харин шөнө талийгаач гаднаас орж ирэхэд биед ил харагдах шарх сорви байгаагүй, хүнтэй маргаж муудалцсан талаар яриагүй...” талаарх  мэдүүлгүүд /хх-н 78, 81-82/,

                                                                                                                                                                                                                                                      

-Гэрч Н.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тухайн шөнө Ц- бид хоёр муудаж,  барьцалдаж авахад А-, У- хоёр салгасан. ...Том өрөөнд Ц-, талийгаач М- бид гурав байсан, харин А-, У- хоёр нөгөө өрөөнд байсан. Би том өрөөнд унтах гэж байхад хажууд Ц-, талийгаач хоёр өөд өөдөөсөө хараад чанга чанга юм яриад байсан. Би зүүрмэглээд цаашаа хараад хэвтэж байхад пид гэж хүн унах чимээ гарсан. Эргээд хартал талийгаач газар доошоо хараад уначихсан, хажууд нь Ц- зогсож байсан. Би Ц-эс “наадах чинь ухаан алдчихсан юм биш үү?” гэж асуутал Ц- “ зүгээрээ наадах чинь маяглаж жүжиглэж байгаа юм” гэж хэлсэн” талаарх мэдүүлгүүд /хх-ийн 75-77/,

 

-Гэрч М.У- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Шөнө 00 цагийн үед талийгаач М- манайд ирсэн бөгөөд нүдэнд харагдах ил шарх сорви байгаагүй, хэн нэгэнтэй муудалцаж маргалдсан зүйл яриагүй. Ц-, Б- хоёрыг зодолдохоор нь У- бид хоёр салгасан. Том өрөөнд Ц-, талийгаач М-, Б- гурав байсан. Би жижиг өрөөнд хоол идээд харин А- миний байсан өрөө рүү дөнгөж орж ирэхэд ард нэг юм пид гэх чимээ гарсан. Би чимээ гарсан өрөө рүү яваад ортол талийгаач М- газар доошоо хараад хэвтчихсэн, Ц- зогссон, Б- орон дээр хэвтсэн байдалтай байсан. Ц- нь М-ийг цохиж унагасан нь тодорхой юм байна гэж би бодсон. Би Ц-эс “ухаан алдтал нь цохьчихлоо ш дээ” гэж асуухад Ц- “тоглож байгаа юм, наадах чинь одоо босоод ирнэ” гэж хэлсэн. Талийгаачийг эргүүлээд дээш нь харуултал баруун талын дух хэсэгт овойгоод цус гарчихсан байсан, амыг нь үзсэн чинь хэлээ хазчихсан, амнаас нь цустай шүлс гоожсон байсан” талаарх мэдүүлгүүд /хх-н 71-74/  

 

-Гэрч О.Алтантөгсийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн /Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн түргэн тусламжийн эмч ажилтай/:“...Намайг дуудлагаар тухайн айлд ороод талийгаач М-ийг үзэхэд духны баруун хэсэгт зулгарсан шархтай, баруун хацар хөхөрсөн байдалтай байсан. Ц- талийгаачийг тэврээд нүүр амнаас татаж чангаагаад “бос л доо найзаа андаа, дөнгөж сая хоёулаа инээлдээд тоглож байсан шүү дээ” гээд уйлаад байсан. У- Б- нар гал тогооны хажуу талын өрөөнд доошоо харсан, санаа зовсон байдалтай байсан. Тэгээд би Ц-тэй ярих боломжгүй болохоор нь тэнд байсан Б-гөөс юу болсон талаар асуухад Б- надад хэлэхдээ “Ц- талийгаач М- нар хоорондоо ноцолдож тоглож байгаад Ц- талийгаачийг түлхчихсэн, тэгсэн талийгаач унахдаа хаалганы рам модыг мөргөж унасан” гэж хэлсэн.” талаарх мэдүүлгүүд /хх-ийн 88-89/,

 

-Шинжээч эмч С.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Талийгаачийг үхэлд хүргэсэн тархины цус харвалт нь малгайлсан цус харвалт байгаа. Уг тархины цус харвалт гэмтэл нь цохих болон цохигдох үед үүсэх боломжтой. Талийгаачийн нүүр болон толгойд хүчтэй цохилт үйлчилсэн тохиолдолд малгайлсан цус харвалт явагддаг. Талийгаач архаг хууч өвчингүй, 26 настай залуу хүн байсан учраас өөрөө унах үед малгайлсан цус харвалт үүсэх боломжгүй гэж хэлж болно. Талийгаачийн дух, цээж, хацарт үүссэн гэмтлүүд нь харагдах байдлаараа буюу байрлалаараа өөр өөр газар үүссэн байгаа. Гэхдээ үүнийг олон удаагийн хүч үйлчилсэн байна гэж үзэж болохгүй юм” гэсэн талаарх мэдүүлэг,

 

-Шинжээч эмч Ц.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Талийгаачийн тархинд үүссэн цус харвалт нь нүүр болон толгойн тус газарт мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Талийгаачийн толгойн тус газарт гараараа нэг удаа хүчтэй цохиход дээрх гэмтлийг үүсгэх боломжтой. Талийгаачийн баруун хацар дээрх цус хуралт нь хаван хавдартай байсан тул духан дээрх зулгаралттай нэг цаг хугацаанд үүссэн гэж үзсэн юм. Талийгаачийн тархины цус харвалт гэмтэл нь толгойн тус газарт нь цохих эсвэл юм мөргөж унах үед аль алинд нь үүсэх боломжтой...”талаарх мэдүүлэг /хх-ийн 173/, 

 

-Хэргийн газрын үзлэгийн хийсэн тухай “...талийгаачийн духны баруун дээд хэсэгт улаан ягаан өнгийн шинэ зулгаралттай, тухайн хэсгээр хавдсан...Тус өрөөний хаалганы ертөнцийн зүгээр баруун баганаас 13 см зайд 2х3 хэмжээтэй цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ширдэг байсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-20/, 

 

-Цогцсонд гадна үзлэг хийсэн тухай “...цогцосны духны баруун дээд хэсэгт 4х1.2 см улаан ягаан өнгийн зулгаралттай, ... Хуйхыг нээж үзэхэд зулгаралтын харалдаа 4.5х2 см хуйханд хар хүрэн өнгийн цус хуралт үүссэн. Гавлын ясыг авч харахад тархины баруун зүүн тал бөмбөлөгүүд хатуу хальсан доороо нийтдээ цус хуралттай,...Уг цогцосны баруун хацарт 5х4.5 см хавдаж хөхөрсөн байдалтай байлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 93-100/,

 

- Талийгаачийг тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн тархмал зөөлөн бүрхүүлийн цус харвалт гэмтлийн /гавал тархины битүү гэмтэл/ улмаас нас барсныг тогтоосон Шинжээчийн 2017 оны 5 сарын 30-ны өдрийн №09шэ/012 дугаартай дүгнэлт, /хх-н 103/,

 

- Шинжээчийн дээрх №09шэ/012 дүгнэлт үндэслэлтэй бөгөөд талийгаач нь тархины 2 талын бөмбөлгийн дух зулай, чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтлийн улмаас нас барсныг тогтоосон 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №921 дугаартай дүгнэлт /хх-ийн 109-111/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хоёр. Дээрх үйлдлийг нотолж байгаа баримтуудыг үнэлж дүгнэхэд:

 

-    Мөрдөн байцаалтын шатанд гэрч У-т Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 болон тухайн үед дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсгийг тайлбарлан өгч, түүнээс нийт 3 удаа мэдүүлэг авсан байна. Мөн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, санаатайгаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж,  гэрч А-, Б-, Алтантөгс нараас мэдүүлэг авсан байх тул мөрдөн байцаалтын шатанд эдгээр оролцогчийн эрхийг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлж авсан байна.

 

Хэргийн газар байсан гэх гэрч У-, Б-, А- нар нь “том өрөөнд Б-, шүүгдэгч Ц-, талийгаач М- гураваас өөр хүн байгаагүй, Ц-, талийгаач М- хоёр өөд өөдөөсөө хараад зогсож байсан. Том өрөөнд хүн унах чимээгээр ороход талийгаач газар унаад доошоо хараад хэвтсэн байдалтай, хажууд нь Ц- “наадах чинь зүгээрээ босоод ирнэ, маяглаж жүжиглэж байгаа юм” гэж хэлээд зогсож байсан, харин Б- орон дээр хэвтэж байсан” гэж, мөн гэрч А-ын “Ц-, талийгаач М- хоёр намайг цохь л доо” гэж яриад байсан, мөн гэрч Б-гийн “тэр хоёр чанга чанга юм яриад байсан” гэж тус тус мэдүүлсэн нь хэргийн бодит нөхцөл байдлын талаар агуулгын хувьд ноцтой зөрүүгүй мэдүүлж байна.

 

-   Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй бөгөөд түүний шүүх хуралдаанд болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь сэжигтнээр өгсөн мэдүүлгээсээ эрс зөрүүтэй байна.  

 Шинжээчийн №09шэ/012, 921 дугаартай дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүгүй, уг дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан, дүгнэлтийнхээ үндэслэлийг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан ба уг дүгнэлтүүд нь хууль ёсны шаардлагыг хангажээ.

Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч М.М- нь тархины цус харвалт гэмтлийн улмаас нас барсан, уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэсэн байх ба шүүх хуралдаанд шинжээч эмч нар  мэдүүлэхдээ “...Талийгаачийг үхэлд хүргэсэн тархины цус харвалт нь малгайлсан цус харвалт байгаа. Уг тархины цус харвалт гэмтэл нь хатаа мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, цохигдохын аль алинд үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн нүүр болон толгойд хүчтэй цохилт үйлчилсэн тохиолдолд малгайлсан цус харвалт явагддаг. Талийгаач архаг хууч өвчингүй, 26 настай залуу хүн байсан учраас өөрөө унах үед малгайлсан цус харвалт үүсэх боломжгүй” гэж тус тус мэдүүлсэн.

 

Дээрх шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч нарын мэдүүлгээс үзвэл талийгаачийг үхэлд хүргэсэн гавал тархины цус харвалт гэмтэл нь /малгайлсан цус харвалт/ талийгаачийн нүүр болон толгойд нь гадны цохилт үйлчилснээр дээрх гэмтэл үүссэн байх үндэслэлтэй, харин амь хохирогч өөрөө газар унасан тохиолдолд үүсэх боломжгүй байна.

 

Талийгаачийн дух, хацар, цээжинд үүссэн цус хуралтууд нь биеийн өөр өөр хэсгүүдэд нэг цаг хугацаанд үүссэн байх ба эдгээр гэмтлүүдээс хохирогчийн амь насанд хохирол учрахгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан, энэ талаар шинжээч нар мэдүүлсэн бөгөөд хэрэгт цугларсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзвэл амь хохирогч М.М-ийн цээжин дээр Ц-, У- нар нь хоёр гараараа дарж, хиймэл амьсгаа хийсэн  байх тул энэ үед 2 талын цээжинд нь цус хуралт гэмтэл нь үүссэн байх боломжтой юм.

Шүүгдэгч Ц.Ц- нь хохирогч М.М- өөрөө унасан гэж гэм буруугийн талаар маргасан. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч Ц.Ц- нь хохирогч М.М-ийг цохиж байхыг харсан гэрч байхгүй гэж Ц-ийг цагаатгах санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх дээрх үндэслэлүүдээр үгүйсгэж байна.

Шүүгдэгч Ц.Ц- болон гэрч Б-гийн “талийгаач гаднаас орж ирэхдээ хацар нь хавдсан байсан” гэсэн нь бусад гэрч болох А-, У- нарын “талийгаач гаднаас орж ирэхдээ ил харагдах шарх сорвигүй байсан” гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

 

Мөн иргэдийн төлөөлөгч нь “Ц-ийг гэм буруугүй” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт болоогүй байна.

 

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн  үйлдэлд хамааралтай, үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны бөгөөд үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М нь шүүх хуралдаанд гаргасан 1 дүгээр хавтаст хэргийн 175-176 дугаар хуудсанд авагдсан шинжээч эмч О-ийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан. Уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж аваагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, шийдвэрлэсэн болно. 

 

Ц.Ц- нь дээрх үйлдлийг хийх үедээ өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарласан бөгөөд үйлдэлдээ санаатай ханджээ.

Шүүгдэгч Ц-, хохирогч М- нар нь өмнө нь бие биенээ таньдаг найзууд бөгөөд хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ тэдний дунд “эцэг хүний толгой руу цохьлоо, ганц шанаа даахгүй эр хүн гэж юу байсан юм бэ? намайг ч гэсэн цохь” гэсэн маргаан үүссэн. Энэ нөхцөл байдлын улмаас  дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Ц- нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд түүний үйлдэлд нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “хүнийг санаатай алсан” гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж байцаасан байх боловч тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж, тус хуульд нийцүүлэн прокурор 2017 оны 9 сарын 29-ний өдрийн тогтоолоор Ц.Ц-д 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, тус зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 /Хүнийг санаатай алах / дэх хэсэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах /-тай нийцэж байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял нь арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, 2015 Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан байх ба дээрх зүйл хэсэг тус бүрт оногдуулах ялын төрөл, хэмжээний хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь оногдуулах ял нь хөнгөрсөн байна.

 

Багануур дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн нь зөв гэж шүүх үзэв.

 

      Иймд Ц.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц-ийг “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх  дүгнэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээ нь найман жил байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн оршуулгын зардалд зарцуулагдсан 9.196.131 төгрөгийн зардлын баримтыг шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгчийн ар гэрээс талийгаачийн оршуулгын зардалд бэлнээр 10.000.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна. Шүүгдэгч, хохирогч талаас оршуулгын зардлын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

         Энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол /гэм хор/ нь нэг хүний амь нас бөгөөд шүүгдэгч Ц.Ц- нь өөрийнхөө үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг хариуцах үүрэгтэй. Харин шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М- нь “манайх 6 хүүхэдтэй, талийгаач нь хүүгээс хамгийн бага нь байсан, манай гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсон, тиймээс сэтгэл санааны хохирол 60.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлохдоо 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгийг их хэмжээний хохирлын доод хэмжээ болгон хуульчилж өгснийг харгалзан үзэж, шүүгдэгчээс 50,000,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.М-д олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Ц.Ц-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Ц.Ц-д 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хамаарах оршуулгын зардлыг бүрэн нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ц.Ц-д урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэгт холбогдох үедээ байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг байсан, бага насны хоёр хүүхэдтэй зэрэг хувийн байдлууд тогтоогдсон болно.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ц-ийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хор уршигийг төлснийг харгалзан, хуульд заасан хорих ялын доод хэмжээг баримтлан ялыг оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ц.Ц- нь энэ хэрэгтээ 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 90 хоног, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 2 хоног, нийт 92 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Ц-ын Ц-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигин овгийн Цэдэнжавын Ц-ийг 8 /найман/ жил  1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ц-д оногдуулсан 8 /найман/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Ц.Ц-ийн цагдан хоригдсон 92 хоногийг түүний эдлэх ялд оруулан  тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц- нь хохирогчиийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардалд 10.000.000 төгрөг төлснийг, Ц.Ц-эс гэм хорын хохиролд 50.000.000 /тавин сая/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.М-д олгосугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Ц-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Ц.Ц-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.БАЙГАЛМАА         

                              ШҮҮГЧИД                                                            А.БЯМБАЖАВ

                                                                                                             Д.ЧИНЗОРИГ