Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Алаг даага ХХК,

Нэхэмжлэгч: Боргочин трейд ХХК,

Нэхэмжлэгч: Бэсгэ ХХК,

Нэхэмжлэгч: Нью трэнд ХХК,

Нэхэмжлэгч: Үнэнч ХХК,

Нэхэмжлэгч: СООЦ ХХК,

Нэхэмжлэгч: Угалзат дархан ХХК,

Нэхэмжлэгч: Тавлаг ХХК,

Нэхэмжлэгч: Эдванс ХХК,

Нэхэмжлэгч: Ти энд Жи ХХК,

Нэхэмжлэгч: Эс сайн ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Маргааны төрөл: Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосон, орон нутгийн өмчөөс хассан шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгож, түрээслэгч нарт давуу эрхээр хувьчлахыг даалгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Боргочин трейд ХХК, Бэсгэ ХХК, Үнэнч ХХК, СООЦ ХХК, Нэхэмжлэгч: Угалзат дархан ХХК, Эдванс ХХК, Ти энд Жи ХХК, Эс Сайн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэндбаатар, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарангоо, С.Учрал, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч Алаг даага ХХК болон нэр бүхий 10 компаниас анх шүүхэд хандаж, 1/ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, хувьчлахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгуулах, 2/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаартай Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамжийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан.

2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж

2.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, хувьчлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

2.2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаартай Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

2.3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаартай Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох,

2.4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах А/1390 дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж эцсийн байдлаар тодорхойлсноор хэргийг шийдвэрлэлээ.

Хоёр. Маргаанд хамаарах актуудаар

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолоор Урт цагаан үйлчилгээний төв-ийг хувьчлахаар шийдвэрлэж, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 дугаар тогтоолоор Урт цагаан үйлчилгээний төв-ийг хувьчлах жагсаалтаас хассан.

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаартай захирамжаар Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоож,

3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаар тогтоолоор Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж,

4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1390 дугаар захирамжаар Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

1/ Нэхэмжлэгч "Алаг даага" ХХК 2000 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн "Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийх гэрээ"-ний дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Ахуйн үйлчилгээний төвийн 6 дугаар блокын 2 давхрын 316,2 м.кв талбайд 24,072,876 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,

2/ "Боргочин трейд" ХХК мөн өдрийн "Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний дагуу Ахуйн үйлчилгээний төвийн 10 дугаар блокын 1 давхрын 286,88 м.кв талбайд 5,759,111 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,

3/ "Бэсгэ" ХХК 2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн "Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийх гэрээ"-ний дагуу Ахуйн үйлчилгээний төвийн 4 дүгээр блокын 2 давхрын 286,88 м.кв талбайд 12,063,754 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,

4/ "Нью трэнд" ХХК 2000 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн "Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийх гэрээ"-ний дагуу Ахуйн үйлчилгээний төвийн 4 дүгээр блокын 2 давхрын 169,94 м.кв талбайд 17,880,140 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,

5/ "СООЦ" ХХК мөн өдрийн "Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийх гэрээ"-ний дагуу Ахуйн үйлчилгээний төвийн 10 дугаар блокын 2 давхрын 145 м.кв талбайд 20,244,976 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,

6/ "Үнэнч" ХХК мөн өдрийн "Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний дагуу Ахуйн үйлчилгээний төвийн 6 дугаар блокын 1 давхрын 144,08 м.кв талбайд 16,690,895 төгрөгийн, 7 дугаар блокын 1-3 давхрын 205,6 м.кв талбайд хөрөнгө оруулалт хийж,

7/ Угалзат дархан ХХК мөн өдрийн "Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний дагуу Ахуйн үйлчилгээний төвийн 7 дугаар блокын 1, 3 дугаар давхрын 132 м.кв талбайд 14,774,253 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,

8/ Тавлаг ХХК 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн "Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний дагуу Ахуйн үйлчилгээний төвийн 4 дүгээр блокын 1 дүгээр давхрын 230,14 м.кв талбайд 24,191,752 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,

9/ "Эдванс" ХХК 2000 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн "Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийх гэрээ"-ний дагуу Ахуйн үйлчилгээний

төвийн 4 дүгээр блокын 1 дүгээр давхрын 91,7 м.кв талбайд хөрөнгө оруулалт хийж,

10/ "Ти энд Жи" ХХК 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн "Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийх гэрээ-ний дагуу Ахуйн үйлчилгээний төвийн 9 дүгээр блокын 1 дүгээр давхрын 131,54 м.кв талбайд 44,555,766 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,

11/ "Эс сайн ХХК 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Түрээсийн барилгад их засвар, хөрөнгө оруулалт хийх гэрээ"-ний дагуу Ахуйн үйлчилгээний төвийн 6 дугаар корпусын 1 дүгээр давхрын 163,02 м.кв талбайд 52,057,689 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, "Түрээсийн барилгад хийсэн хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хүлээлгэн өгөх акт"-аар Нийслэлийн өмчийн газарт ажлаа хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Урт цагаан ахуйн үйлчилгээний төвийн барилгын нийт нэхэмжлэгч нарын дээр дурдсан талбайг нэхэмжлэгч нарт түрээслүүлэхээр шийдвэрлэсний дагуу одоог хүртэл барилгыг түрээсэлж, үйл ажиллагаа явуулжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 5-д Төрийн өмчийн хорооны бүрэн эрхийг заасны дотор "орон нутгийн өмчийг удирдах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх" гэж, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 3-т орон нутгийн өмчийн талаарх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд "орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө" гэж тус тус заасны дагуу Төрийн өмчийн хорооны 2008 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн "Нийслэлийн өмчөөс 2008 онд эхний ээлжид хувьчлах эд хөрөнгийг зөвшөөрөх тухай" 191 дүгээр тогтоолоор "Урт цагаан үйлчилгээний төв-ийг нэмэлт хөрөнгө оруулалт хийж сайжруулах нөхцөлтэйгөөр нээлтэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлахыг зөвшөөрч шийдвэрлэсэн. Төрийн өмчийн хорооны энэ шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны 7/36 дугаар, 2007 оны 11/65 дугаар тогтоолоор "Урт цагаан үйлчилгээний төв-ийг хувьчлахаар шийдвэрлэсэн.

Эдгээр шийдвэрүүдийг үндэслэн нэхэмжлэгч нар нь өөрийн 17-20 дахь жилдээ түрээсээр эзэмшиж байгаа талбайг хувьчлан авах хууль ёсны эрх үүсээд байсан юм.

Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 дугаар тогтоолоор "Урт цагаан үйлчилгээний төв"-ийг хувьчлах жагсаалтаас хасаж, улмаар мөн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25 дугаар тогтоолоор "Шинэ урт цагаан төсөл" батлан, уг төслөөр концесс эзэмшигч этгээд нь одоо байгаа барилгыг буулган шинээр барилга барих, өмчлөх, ашиглах төрлөөр эрх олгосон шийдвэрийг гаргасан байсан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээр дурдсан шийдвэрүүд нь хууль бус бөгөөд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 236 дугаар шийдвэрээр "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21/31 дугаар тогтоолын "Урт цагаан төсөл"-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2000 онд Нийслэлийн Засаг дарга С.Наранцацралт агснаас бидэнд хандан "Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын өргөтгөлд хөрөнгө оруулж, засварлаж эзэмших саналыг тавьсан бөгөөд тэрээр цаашид уг барилгад хөрөнгө оруулсан, удаан хугацаагаар эзэмшсэн аж ахуйн нэгжид давуу эрхээр хувьчлах шийдвэрийг гаргана" гэж тайлбарласан учир нэхэмжлэгч нар нь бизнесийн байгууллагын хувьд "ирээдүйд хувьчлан авах боломжтой" нөхцөлийг "үндсэн болзол" гэж үзэн тус барилгад ийнхүү хөрөнгө оруулалт хийсэн билээ. Тухайн үед Нийслэлийн Засаг даргаас дээрх болзлыг тавиагүй бол нэхэмжлэгч нар нь олон арван сая төгрөгөөр хотын төвд орчин үеийн шийдэлтэй барилгатай болох, улмаар компани өөрийн гэсэн өмчтэй, тэр нь халдашгүй байх хангалттай боломжтой байсан юм. Нэхэмжлэгч компаниуд нь нийслэл хотыг удирдаж байгаа өндөр албан тушаалтанд итгэж өөрийн хөрөнгийг нийслэлийн өмчийн барилгад оруулж, ирээдүйд түрээсэлж байгаа талбайгаа хувьчлан авах боломжтой гэдэг итгэлээр өнөөг хүрсэн байхад удирдлагыг шилжүүлэн авсан одоогийн албан тушаалтнууд нь манай компанийн өмчийн хөрөнгө орсон барилгыг хэрхэхийг шийдвэрлээгүй атлаа нураахаар шийдвэрлэж Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөгчийн эрхийг минь зөрчиж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг "Түрээсэлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх /тэргүүн ээлжинд худалдан авах/ эдлүүлэх эсэхийг Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ" гэж, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д "Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна" гэж заасан байдаг. "Урт цагаан үйлчилгээний төв-ийн барилгаас тодорхой хэмжээний талбайг 15 жил түрээсэлж эзэмшиж ашигласны хувьд манай компани нь эдгээр хуулийн заалтуудын шаардах эрх одоо ч хадгалагдаж байгаа юм.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэгч компаниудын уг барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг хэрхэх, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу хувьчлалд оролцох, хувьчлан авах эрх нь нээгдсэн байсан иргэн, аж ахуй нэгжийн энэ эрхийг хөндөхгүй байх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг үл хэрэгсэн буулгахаар шийдвэрлэсэн Монгол Улсын Үндсэн хулийн Нэгдүгээр зүйлд заасан "шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасныг зөрчсөн, иргэдийн хуульд заасан журмаар өмч олж авах эрхийг хөндсөн хууль бус шийдвэр болжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25 дугаар тогтоолоос харвал "Урт цагаан ахуйн үйлчилгээний төвийн одоогийн барилгыг бат бөх чанар хангаагүй, газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй хуучин барилга" гэж дүгнэсэн байсан боловч шүүх уг дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн юм. Эндээс үзвэл Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эртнээс Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг нураах шаардлагатай болсон гэж нийтэд ойлгуулах замаар түрээслэгч нарт өмчлүүлэхээс зайлсхийж, өөрсдийн ашиг сонирхол нэгтэй этгээдэд газрыг нь эзэмшүүлж, дээр нь барилга бариулахаар тогтсон байна.

Урт цагаан үйлчилгээний төвийн барилга нь ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаж байгаа гэдэг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар хяналт шалгалт явуулсны дунд "ноцтой эвдрэл гэмтэлгүй, барилга болон цахилгаан, дулаан, цэвэр бохир усны шугам засвар хийснээр цаашид ашиглах боломжтой байна" гэж тогтоон 2011 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 07-04/358 дугаартай албан ёсны дүгнэлтээ гаргаснаар нотлогдож байгаа юм.

Ийнхүү эрх зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэгч компаниудын эд хөрөнгийн эрх болон хуулийн дагуу эд хөрөнгө олж авах эрхийг хязгаарлаж, Төрийн өмчийн хорооны зөвшөөрлөөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг хувьчлахаар шийдвэрлэсэн шийдвэр болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоол хүчин төгөлдөр байсаар байхад хувьчлах шийдвэрээ гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолын нэхэмжлэгч нар холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, хувьчлахыг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Төрийн байгууллагын шийдвэрт итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж Үндсэн хуулийн өмчтэй байх эрхийг хөсөрдүүлэн, давуу эрхтэй гэдгээр далимдуулан захиргаадалтын арга хэрэглэж Нийслэлийн Засаг дарга 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр А/216 дугаартай "Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай" захирамж гарган тус үйлчилгээний төвийн түрээслэгч нартай байгуулсан түрээсийн гэрээг нэг талаас цуцлан ус, дулаан, цахилгааныг тасалж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. гэжээ.

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлүүлж байхад буюу тус захиргааны хэргийг шүүх шийдэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох "Урт цагаан үйлчилгээний төв"-ийн барилгыг нураах зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас "Мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд, Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын баланст бүртгэлтэй 1,214,246,918.7 (нэг тэрбум хоёр зуун арван дөрвөн сая хоёр зуун дөчин зургаан мянга есөн зуун арван найм арваны долоо) төгрөгийн бүртгэлийн үнэ, 538,566,804.14 (таван зуун гучин найман сая таван зуун жаран зургаан мянга найман зуун дөрөв зууны арван дөрөв) төгрөгийн үлдэх өртөг бүхий, хавсралтад дурдсан барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зөвшөөрсүгэй" гэж 129 дугаартай тогтоол гарсныг хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн хугацаанд 129 дугаартай тогтоолыг хууль бусаар хэрэгжүүлж "Урт цагаан үйлчилгээний төв"-ийн барилгыг нураах үйл ажиллагаа Барилгын тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн гэж үзэж байна. Үүнд,

Барилгын тухай хуулийн 4.1.11-т зааснаар тус барилга байгууламжийг нураах нь барилгын ажилд тооцогдох тул барилга байгууламж нураах барилгын ажлыг Барилгын тухай хуулийн 4.1.15-д заасан барилгын ажлын зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх ёстой байтал "Урт цагаан үйлчилгээний төв"-ийн барилгыг нураах ажлыг зөвшөөрөлгүй нураасан. Барилгын тухай хуулийн 40.2-т барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэсэн тул "Урт цагаан үйлчилгээний төв"-ийг нураах барилгын ажлын гүйцэтгэгч нь Барилгын тухай хуулийн 40.1.1-т, Захиалагч нь Барилгын тухай хуулийн 37.1.3-т зааснаар барилгын ажлыг зураг төслийн дагуу ажиллах ёстой Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн.

Мөн Урт цагаан үйлчилгээний төв-ийг нураах барилгын ажлыг Нийслэлийн төрийн захиргааны байгууллагын харьяа нэгж болох Хот тохижилтын газраар гүйцэтгүүлсэн нь Барилгын тухай хуулийн 18.1-д зааснаар барилгын үйл ажиллагааны чиглэлээр тусгай зөвшөөрөлгүй байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаартай тогтоолд үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Барилга, байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах" тухай А/1390 дугаартай захирамжаар "нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Өмчийн Харилцааны газарт зөвшөөрч, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул тус захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна. гэжээ.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэндбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2000 оноос эхлээд өмчийг хувьчлах асуудлыг тавиад компаниуд өөрсдийнхөө хөрөнгөөр тодорхой хөрөнгө оруулалт, засвар хийсэн. Хөрөнгө оруулалтыг бүртгэж авахгүй байсан. Өөрөөр хэлбэл үүнийг үнэгүйдүүлж байж хувьчлах шийдвэр гаргахад хүргэж байна гэж бид үзэж байна.

Сүүлийн 2 захирамжийн тухайд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, хууль ёсны бус, иргэдийг айлган сүрдүүлж, улмаар өмч хөрөнгөө алдсан иргэд байна. 2000 оны энэ захирамжаар үйл ажиллагаа явуулахад нийтдээ 950 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ талаар Ти энд Жи ХХК-ийн захирал Н.Цогтоог гэрчээр оролцуулах ёстой байсан.

Урт цагаан үйлчилгээний төвд явуулж байсан үйл ажиллагаа доголдох үед бид тодорхой хэмжээнд бичгээр мэдэгдэж байсан. 2019 оноос эхлээд Урт цагаан үйлчилгээний төвд явагдаж байгаа үйл ажиллагаа доголдоод үүнийг засахын тулд иргэдэд хувьчилж өгөх үйл ажиллагааг явуулсан. Сүүлд гарсан 2 захирамж хууль бус, иргэдийн эрх ашгийг огт бодоогүй, санал хүсэлтийг нь аваагүй.

Урт цагаан үйлчилгээний төв-ийг хувьчлах шийдвэрийн талаар Анома ХХК-ийн нэхэмжлэлтэй анхан шатны шүүхийн шийдвэр байдаг. Мөн Хар чонот ХХК-ийн нэхэмжлэлтэй анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан. Уг 2 шийдвэрийг үндэслэн үйл ажиллагаагаа явуулж байсан.

Нөгөө талаас 2000 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Батбаясгаланд Урт цагааны үйл ажиллагааны асуудлыг бид тавихад шүүхийн шийдвэрийн дагуу шийдэгдэх ёстой гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр удаа дараа гарч шүүх дээр асуудал хэлэлцэгдэж байх үед Урт цагааны үйл ажиллагааг зогсоож барилгыг буулгасан. Үүний улмаас хүмүүс өмч хөрөнгөө алдсан, өнөөдрийг хүртэл ажлын байргүй болсон 300 гаруй хүн байгаа.

Бид бичгээр хандсан боловч энэ асуудлыг хариуцагч байгууллага тодорхой хэмжээгээр шийдвэрлээгүй, асуудлыг эв зүйгээр шийдэх боломж байна. Харилцан тохиролцож тус газарт ажиллаж байсан хүмүүсийг хаана оруулж болох вэ гэдэг асуудлыг ярилцах боломжтой байсан. Бид барилга буулгах асуудлыг 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн боловч 06 дугаар сарын 19-ний өдөр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй зөвхөн барилгыг буулгасан байсан. Хамгийн том зөрчил нь түрээслэгчдийн санал бодлыг албан ёсоор аваагүй, иргэдийн санал бодлыг тусгаагүй.

2007 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11/65 дугаар тогтоолыг хүчингүй болгосон ямар ч шийдвэр байхгүй. 2008 оны Төрийн өмчийн хорооны барилга байгууламжийг хувьчлах тухай тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй, хөрөнгө оруулах үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож байгаад дараа нь үйл ажиллагаа явуулж байна. Төрөөс явуулж байгаа хууль бус үйл ажиллагаа болохыг шүүхийн шийдвэрт дурдаж өгөхийг гэж хүсэж байна.

2020 оны 02 дугаар сард гаргасан Засаг даргын А/216 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж 2 удаа гарсан. Тэр захирамжийг холбогдох төрийн байгууллагууд хүлээж авч хэрэгжүүлээгүй гэв.

4. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарангоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 216 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох шаардлагын тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд Нийслэлийн өмчийн зүйлсийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар бүрэн эрхийг зааж өгсөн байна. Энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэгч нь гагцхүү Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бөгөөд орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах болон бусдад шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа 11/65 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэх асуудал Засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй. Мөн хуулийн 78 дугаар зүйлд Засаг даргаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлж хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан. Орон нутгийн өмчийг хувийн өмчид шилжүүлэх шийдвэрийг Засаг дарга дангаараа, бие дааж хэрэгжүүлэх эрхгүй.

Нэхэмжлэгч нарыг Урт цагааны үйлчилгээний төвийн өмчлөгчөөр тогтоосон албан ёсны шийдвэр байхгүй байхад Засаг дарга А/216 дугаар захирамжаар Урт цагаан төвийн үйл ажиллагааг зогсоож, барилгыг нураахаар шийдвэрлэсэн нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нь үндэслэлгүй байна.

Нийслэлийн Засаг дарга Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан үндэслэлийг тодорхой товчхон дурдвал уг төвд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдээс санал аваагүй, уг барилгад шалгалт явуулсан гэж хэзээ, хэрхэн шалгасан нь тодорхойгүй талаар дурдсан. Энэ нь нэхэмжлэгч нарын зүгээс Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үндсэн зарчмуудыг зөрчсөн гэж дурдсан байдаг бөгөөд хариуцагчийн зүгээс үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нийслэл Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тухайн төвд үйл ажиллагаа явуулж байгаа нэхэмжлэгч нарын амь нас, эрүүл мэндэд аюул учрах эрсдэл байгаа гэдгийг 2014 оноос хойш анхааруулсан. Энэ талаар мэргэжлийн хяналтын байгууллага, Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар, улсын байцаагч нарын дүгнэлтүүд байгаа.

Эдгээр дүгнэлтүүдээс харахад, Барилгын тухай хууль, холбогдох стандарт норм дүрэм, журам, галын аюулгүй байдал, Гал түймрийн тухай хуулиудыг зөрчихөөр нөхцөл байдал байна. Уг дүгнэлтүүдээс гадна төрийн захиргааны байгууллага, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас удаа дараа ажлын хэсэг байгуулагдсан.

Урт цагааны барилга нь 1960 онд ашиглалтад орсон. Тийм учраас 8 удаагийн мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр нурах эрсдэлтэй, хүний амь насанд аюул учрах эрсдэлтэй юм. Нурах эрсдэлтэй гэдэг дүгнэлтүүдээс гадна сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод улс даяар газар хөдлөлтийн идэвхжил ихсэж ойр ойрхон давтамжтай газар хөдлөлтүүд болж байгаа. Маргаан бүхий барилга нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарч байна.

Үйл ажиллагааг зогсоосон захирамжийн хувьд хууль тогтоомжид үндэслэж гаргасан Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд уг захирамжийг гаргасан. Иймд энэ захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс ямар нэг байдлаар аливаа хууль тогтоомжийг зөрчөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу нэхэмжлэгч нар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж, үндэслэлтэй бичих ёстой байдаг.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захирамж, тогтоолуудыг хэрвээ хууль бус гэж үзвэл тухайн нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхол нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн байхыг шаардана. Тухайн нэхэмжлэгч компаниуд болон төр хооронд түрээсийн харилцаа байсан. Энэ харилцаа 2020 онд дуусгавар болсон. Үүнээс хойш нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргаж, ямар ч хараа хяналтгүй, ямар нэгэн эрх зүйн баримт бичиггүйгээр үйл ажиллагааг тухайн объектод явуулж байсан. Нэгэнт түрээсийн харилцаа дууссан учраас Нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр хүмүүсийн өмнө ямар нэгэн эрх, үүрэг хүлээхгүй байсан. Ийм учраас эдгээр шийдвэрүүд гарснаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг огт зөрчөөгүй юм. Тухайн захирамжууд болон тогтоолууд хууль журмын дагуу олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан захиргааны актууд гэж үзэж байна.

Хувьчлах асуудал нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Өмчийн бүрэн эрхийн асуудал байдаг. 2007 оны 11/65 дугаар тогтоолоор хувьчлах жагсаалтад оруулсан ч 2013 оны 13/49 дугаар тогтоолоор хувьчлалын жагсаалтаас Урт цагаан үйлчилгээний төв хасагдсан. Тэгэхээр хэдий 2007 онд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хувьчлахаар шийдвэрлэсэн ч гэсэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахиад 2013 онд хувьчлахгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Мэргэжлийн байгууллагуудаас тухайн барилга ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг дүгнэлтүүдийг гаргасан. Үүний дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь Урт цагаан үйлчилгээний барилгын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн шийдвэр байсан. Тухайн барилгыг дахин засаж сайжруулах боломжгүй. Газар хөдлөлтийн тэсвэргүй байсан учраас барилгыг сайжруулах, хана таазыг засах нь төдийлөн ач холбогдолгүй. Энэ нь дахиж хохирол учрахаас урьдчилан сэргийлэх нөхцөл байдал болохгүй. Тийм учраас барилгыг актлах, буулгах, нь эрх ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж үзэж тухайн захиргааны актуудыг гаргасан гэв.

6. Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулж хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэг дэх шаардлагын тухайд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуучин 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д заасан орон нутгийн өмчийг хувьчлах бодлого чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр батлах, түүнд өөрчлөлт оруулах гэсэн хуулийн эрх, мөн тухайн үеийн 1996 оны 05 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д заасан орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах, хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлах гэсэн хуулиар тухайн байгууллагад олгогдсон өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2007 оны 11/65 дугаар тогтоолыг гаргасан.

Уг тогтоолын 3 дахь заалтаар Засаг даргад 4 үүрэг өгсөн. Үүний нэгд нь жагсаалтад орсон эд хөрөнгийн хувьчлалын арга хэлбэр, төлөвлөгөөнүүд, төлөөлөгчдөөс гаргасан санал, санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн хорооны дүгнэлтэд орсон объектуудын хувьчлалын асуудлыг тодорхойлж тухай бүрд нь хуралд танилцуулж байх үүрэг өгсөн. Энэ үүргийн хүрээнд Засаг дарга хувьчлалын жагсаалтад орсон эд хөрөнгүүдийн дагуу асуудлыг судлаад хувьчлах шийдвэрүүд гарсан. Өөрөөр хэлбэл, 2007 оны 11/65 тогтоол нь хувьчлах талаарх шийдвэр биш тухайн жилд энэ хөрөнгийг хувьчлах шаардлагатай гэдгийг харуулсан жагсаалт буюу байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдсэн акт юм. Урт цагаан үйлчилгээний төвийг хувьчлах талаар анхны шийдвэр нь 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол юм. Уг шийдвэрийг 2013 оны 13/49 дугаартай тогтоолоор буцааж Урт цагаан үйлчилгээний төвтэй холбоотой хувьчлах асуудлыг хүчингүй болгож байсан. Улмаар 2014 онд сэргээж 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 20/20 дугаартай тогтоолоор хувьчлахаас хасаж байсан.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Урт цагаан үйлчилгээний төвийн барилгын хувьд барилгын үндсэн хийц, бүтээц, материал чанарын байдалд тухайн мэргэжлийн эрх бүхий байгууллагууд дүгнэлт гаргаж байсан. Уг дүгнэлтэд тухайн барилгын бүтээц, хийцэд оношилгоо хийж, хөрсний шинжилгээний дүнд газар хөдлөлт тэсвэрлэлтийн судалгааны дүнг тодорхойлсны үндсэнд уг барилгыг цаашид ямар нэгэн байдлаар бэхэлгээ, сэргээлт хийгээд ашиглах боломж байхгүй, буулгахаас өөр аргагүй нөхцөлд байдалд байгаа талаар мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан.

Уг дүгнэлтийг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 129 дугаар тушаал гаргаж, уг барилгыг акталсан. Нэхэмжлэгч талаас Анома ХХК, Хар чоно ХХК-ийн хэргийн талаар ярьж байна. Уг компанийн нэхэмжлэлтэй хэргүүдийн хувьд адилхан нэхэмжлэлийн шаардлагатай хэргүүд захиргааны шүүхэд хэрэг үүсэн 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагад хамаарах асуудлаар буюу Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу өмчлөгч тухайн хөрөнгийг худалдах, хувьчлах тохиолдолд үйлчлэх эрх зүйн зохицуулалт болохоос өмчлөгчөөс тухайн хөрөнгийг хувьчлахыг шаардах эрх биш гэдгийг тайлбарласан. 2007 оны 11/65 дугаар тогтоолын хувьд хуулийн дагуу хувьчлах жагсаалтад оруулсан боловч хувьчлах үйл ажиллагаа явагдаагүй, хувьчлах жагсаалтад орсноор хувьчлагдсан гэж үзэхгүй тул Урт цагаан үйлчилгээний төвийг тэргүүн ээлжид хувьчилж авна гэдэг нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь ямар нэгэн байдлаар эрх зүйн үр дагавар үүсгээгүй, нэхэмжлэгч компаниудын эрх ашгийг хөндөөгүй, байгууллагын дотоод үйл ажиллагааг зохион байгуулсан төлөвлөлтийн шийдвэр учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Урт цагаан үйлчилгээний төвийн барилгатай холбоотой хариуцагч нараас энэ маргаанд хамаарах дараах шийдвэрүүд гарчээ.

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолоор Урт цагаан үйлчилгээний төв-ийг хувьчлахаар шийдвэрлэж, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 дугаар тогтоолоор хувьчлах жагсаалтаас хассан.

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаартай захирамжаар Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоож,

3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаар тогтоолоор Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрч, барилгыг буулгах, тус газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулан тохижуулж, нийтийн эдэлбэрт авах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон,

4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1390 дугаар захирамжаар Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан.

Хоёр. Нэхэмжлэгч нар Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосон, орон нутгийн өмчөөс хассан дээрх шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгож, түрээслэгч нарт давуу эрхээр хувьчлахыг даалгуулахаар маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа,

1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, хувьчлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаартай Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаартай Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох,

4. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах А/1390 дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж тодорхойлсноор,

Гурав. Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарт үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Төрийн болон орон нутгийн өмчийн эрх, төрийн өмчийн эд хөрөнгийн талаар хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын бүрэн эрх, ... төрийн өмчийн талаархи бодлогыг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны зарчим, журмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна., 2 дахь хэсгийн 3-т Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах бүрэн эрхтэй. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө, 3 дахь хэсэгт Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын дарга шийдвэрлэнэ. гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг, 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй., 2 дахь хэсгийн 1-д Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, 6-д орон нутгийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын мэргэжил, арга зүйн удирдлагын дор хувьчлах ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй гэж Засаг даргын бүрэн эрхийг хуульчилжээ.

2. Энэ хуулийн 80 дугаар зүйлд зааснаар орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг төрийн өмчийг эзэмших, захиран зарцуулах харилцааг зохицуулсан уг хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулахаар байх бөгөөд, 27 дугаар зүйлийн 1-д орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болохоор, 28 дугаар зүйлийн 2-т орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг орон нутгийн өмчит хуулийн этгээд эдлэхээр, 3-т Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгахаар, 4-т Түрээсэлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх /тэргүүн ээлжинд худалдан авах/ эдлүүлэх эсэхийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэхээр заажээ.

3. Түүнчлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг, ... нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт, бүх шатны Засаг даргын бүрэн эрх, нутгийн удирдлагаас бусад байгууллагатай харилцах харилцааг зохицуулах Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "орон нутгийн өмч" гэж орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжид заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах хөрөнгийг ойлгохоор, 9 дүгээр зүйлийн 9.1-д Нийслэл нь ... хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах ... нэгж байхаар, 18 дугаар зүйлийн 18.2-т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг хуульд заасан хязгаарын хүрээнд тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, өмчийн удирдлагыг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд Засаг дарга хэрэгжүүлэхээр, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т нийслэлийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт нийслэлийн хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарахаар, 35 дугаар зүйлийн 35.1.11-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхээр байна.

4. Маргаанд хамаарах Урт цагаан үйлчилгээний төвийн барилга энэ хугацаанд нийслэлийн өмчид бүртгэлтэй байсан орон нутгийн өөрийн өмч бөгөөд нэхэмжлэгч нартай өмчлөх эрхийн аливаа маргаангүй.

5. Иймд орон нутгийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлсэн шийдвэрүүд түрээсийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байсан этгээдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй.

6. Нэхэмжлэлд дурдагдсан, хэрэгт авагдсан гэрээнүүдээр нэхэмжлэгч хуулийн этгээдүүд орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгөд тодорхой талбайг гэрээнд заасан хугацаа, зориулалт, нөхцлөөр түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд түрээсийн гэрээ нь нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд өмчлөх эрх үүсгээгүйтэй маргаагүй.

7. Нэхэмжлэлд дурдагдсан, хэрэгт авагдсан 2000 онд хийгдсэн түрээсийн барилгад их засвар хөрөнгө оруулалт хийх гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрчилгээ нь нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд буюу түрээслэгч нарт орон нутгийн өмчийг хувьчлахтай холбоотой аливаа үүрэг түрээслүүлэгч талд болон орон нутгийн өмчийг захиран зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэгч эрх бүхий этгээдэд хүлээлгэсэн агуулгагүй байна.

8. Эрх бүхий этгээдтэй байгуулсан түрээсийн гэрээ 2019 онд дууссан, түрээсийн гэрээг сунгасан, сунгагдсанд тооцсон аливаа шийдвэр гэрээний талуудаас гаргаагүй.

9. Түрээсийн гэрээ дуусгавар болсноор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эрх олгосноор Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/216 дугаартай тухайн барилгад үйл ажиллагаа явуулахыг зогсоосон, 2023 оны 1390 дугаартай барилгыг акталж, орон нутгийн өмчөөс хассан захирамжууд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий гарсан, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

10. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 11/65 дугаартай тогтоолоор маргаанд хамаарах обьектыг хувьчлах жагсаалтад оруулсан ч 2013 оны 13/49 дугаартай тогтоолоор хувьчлах жагсаалтаас хассанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг биелүүлэх чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга өмнөх эрх зүйн үйлчлэлгүй болсон тогтоолын хэрэгжилтийг хангах үүрэг хүлээхгүй. Энэ талаарх хариуцагчийн тайлбар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт нийцжээ.

11. Мэргэжлийн хяналтын газрын болон Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтүүд, Их сургуулийн Оношлогоо зураг төсөл, судалгааны төвийн судалгаа, дүгнэлтээр уг барилгыг Барилгын тухай хууль, норм дүрэм, ашиглалтын шаардлага хангахгүй хэмээн үзсэн байна. Тухайлбал,

1/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07-04/358 дугаартай дүгнэлт,

2/ Нийслэлийн Онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт,

3/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02-0-81/152 дугаартай албан шаардлага,

4/ Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилгын инженер, архитектурын сургуулийн Оношлогоо зураг төсөл, судалгааны Реконстракшн төвийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт,

5/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02-07-81/06 дугаар дүгнэлт,

6/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06/103/418 дугаар дүгнэлт,

7/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02-03/1570 дугаар албан бичиг,

8/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 022/22 дугаар дүгнэлт.

Мэргэжлийн байгууллагуудын дээрх дүгнэлтүүдээр ... барилгын төлөв байдал, суурийн бат бэх чанар байдалд эрх бүхий мэргэжлийн судалгаа шинжилгээний байгууллагаар газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварыг үнэлүүлэх нарийвчилсан судалгаа хийлгэх шаардлагатай, ... дотор, гадна шугам хоолой ашиглалтын шаардлага хангахгүй болсон, ... барилгын үндсэн даацын бүтээцийн төлөв байдал дунд зэргийн түвшинд байна, барилга нь төмөр бетон, модон 2 төрлийн материалаар хийсэн хучилттай, модон хучилтын 60 орчим хувь бүрэн эвдрэлд орсон, барилгын ханын тоосго, өргийн зуурмагийн бат бэх нормын шаардлагыг хангахгүй, газар хөтдлөлтийн тэсвэрлэлтийн 16 үзүүлэлтээс 7 үзүүлэлт нормын шаардлага хангахгүй байна, ... газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээг анхнаасаа тооцоогүй баригдсан, хийц бүтээцийн төлөв байдал нь газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн шаардлага хангахгүй, ашиглалтын шаардлага хангахгүй, ... галын аюулгүй байдал нь стандарт норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулын үед иргэд эрүүл мэндээр хохирох, амь нас эрсдэх, ихээхэн хэмжээний эд материалын хохирол учирч болох эрсдэлтэй. ... гэж дүгнэжээ[1].

Тиймээс эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын дээрх дүгнэлтүүдээр ашиглалтын шаардлага хангахгүй гэж шийдвэрийн үндэслэл болгосон хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрүүд хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эдгээр шийдвэр зөрчөөгүй байна гэж үзлээ.

12. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07-04/358 дугаартай дүгнэлтэд ... барилгын төлөв байдал, суурийн бат бэх чанар байдалд эрх бүхий мэргэжлийн судалгаа шинжилгээний байгууллагаар газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварыг үнэлүүлэх нарийвчилсан судалгаа хийлгэх шаардлагатай, ... дотор, гадна шугам хоолой ашиглалтын шаардлага хангахгүй болсон хэмээхдээ ... инженерийн шугам сүлжээнд илэрсэн зөрчлүүдийг арилгаж, их засвар хийснээр цаашид ашиглах боломжтой гэснийг дурдсан зөрчлийг арилгаагүй, хийц бүтээцийг хүчитгэх их засвар хийгээгүй, даруй 12 жилийн дараах төлөв байдалд 2023 онд шийдвэр гаргахдаа үндэслэл болгох боломжгүй тул хариуцагч нарын шийдвэрийг зөвтгөх үндэслэл болно.

13. Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/26 дугаартай гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай мэдэгдэлд дурдсанаас үзэхэд Урт цагаан худалдааны төвд алт, мөнгөн эдлэл худалдан авах, дархны үйл ажиллагаа эрхэлдэг иргэд давсны хүчил, мөнгөн ус зэрэг химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрөл, хяналт зохицуулалтгүйгээр худалдан авах, ашиглах, хадгалах, дамжуулах үйлдлийг гар дээрээс ил задгай явуулдаг, зориулалтын өрөө саванд хадгалдаггүй, энэ нь химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бусаар ашиглах, хадгалах гэмт хэрэг-т тооцогддог, улмаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг, эдгээр химийн хорт, аюултай бодис нь зориулалтын бусаар ашигласан, хадгалсны улмаас байгаль орчинд хор хөнөөлтэй, хүний эрүүл мэндэд хоол боловсруулах болон амьсгалын замын эрхтэнд түлэгдэлт үүсгэх, амьсгалах, залгихад үхэлд хүргэх, олон удаагийн давталт, удаан хугацааны өртөлтөөр эд эрхтэнд ноцтой хохирол учруулах хор хөнөөлтэй байна.

Тиймээс түрээсийн гэрээгүй, аливаа зөвшөөрөлгүйгээс хяналт зохицуулалтгүй энэ төрлийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, амь насанд хор хөнөөл, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдлыг, түүнчлэн дээр дүгнэсэнчлэн уг барилгын хийц бүтээц, шугам сүлжээ ашиглалтын шаардлага хангахгүйгээс тэнд үйл ажиллагаа явуулж буй, үйлчлүүлж буй хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц байгааг нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх тохиолдолд хамааруулан сонсох ажиллагаа хийгээгүй үндэслэл болгосон хариуцагч нарын тайлбар үндэслэлтэй, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчөөгүй байна гэж үзсэн.

14. Орон нутгийн өмчийн хөрөнгийг худалдах шийдвэр эрх бүхий этгээдээс гараагүй энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх "Түрээсэлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан тэргүүн ээлжинд худалдан авах эрх эдлүүлэх эсэхийг Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ", Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д "Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэх зохицуулалтууд энэ маргаанд хэрэглэгдэхгүй, шаардах эрх үүсгэхгүй.

15. Барилгыг нураах үйл ажиллагаа Барилгын тухай хууль, норм дүрэмд нийцсэн эсэх, зөвшөөрөлтэй гүйцэтгэсэн эсэх, нураах үйл ажиллагааны зардлын санхүүжилтийг хуульд нийцүүлж гаргасан эсэх асуудал нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд болон нэхэмжлэл гаргах эрхийн хүрээнд хамаарахгүй тул нэхэмжлэгч нарын энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ талаар дүгнэх шаардлагагүй. Нэхэмжлэгч нарт бусад түрээслэгч байсан этгээдийг төлөөлөх эрх болон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах эрх олгогдоогүй тул ахуйн үйлчилгээ авах эрхийг, энэ үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарласан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Дөрөв. Бусад асуудлаар

1. Шүүх хуралдааны ирцтэй холбоотой асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэлээ. 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр товлогдсон өмнөх шүүх хуралдааныг нэхэмжлэгч Алаг даага ХХК, Нью трэнд ХХК, Угалзат дархан ХХК, Тавлаг ХХК-иудын итгэмжлэлийн хугацаа дууссан гэдэг үндэслэлээр тэдгээрт шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлээс тэдгээрийн хаягийн лавлагаа авахад хаягаа шинэчлээгүй, нураагдсан Урт цагаан үйлчилгээний төв дэх хаягт бүртгэлтэй хэвээр байсан тул төлөөлөх эрхтэй этгээдийн холбоо барих бүртгэлтэй утасны дугаараар тэдгээрт итгэмжлэлийн хугацаа дууссаныг, итгэмжлэлээ шинэчилж ирүүлэхийг болон шүүх хурлын товыг мэдэгдсэн.

Тодруулбал Нью трэнд ХХК-ийн захирал М.Баттөгсийн, Тавлаг ХХК-ийн захирал Н.Болдбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнхөд хэлээрэй гэснийг шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн. Нью трэнд ХХК, Тавлаг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх нь 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр товлогдсон өмнөх шүүх хуралдаанд оролцож 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан, шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 01/4807, 01/4806 тоот албан бичгээр түүний хаягаар итгэмжлэлийн хугацаа дууссаныг, итгэмжлэлээ шинэчилж ирүүлэхийг болон шүүх хурлын товыг дахин мэдэгдсэн.

Алаг даага ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй, мөн нэхэмжлэлд тэмдэглэгдсэн утасны дугаарт итгэмжлэлийн хугацаа дууссаныг болон шүүх хуралдааны товыг мэдэгдэж, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01/4800 тоот албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэндбаатарын хаягаар мөн мэдэгдсэн, утсаар мэдэгдсэн тул шүүхээс энэ талаарх ажиллагааг хийсэн гэж үзнэ.

Хуулийн этгээд нь хаяг, утасны дугаар зэрэг мэдээллийн өөрчлөлтийг улсын бүртгэлд тусгуулах бөгөөд ийнхүү холбоо барих хаягийн өөрчлөлтийн мэдээллийг шинэчлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

Энэ хугацаанд Угалзат дархан ХХК-иас итгэмжлэлээ шинэчилж ирүүлсэн ба, нэхэмжлэгч Алаг даага ХХК, Нью трэнд ХХК, Тавлаг ХХК-иудаас итгэмжлэлээ шинэчилж ирүүлээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах аливаа хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримт ирүүлээгүй болно.

Иймд Алаг даага ХХК, Нью трэнд ХХК, Тавлаг ХХК-иудыг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар хариуцагч нарын хүсэлтээр хангалттай нотлох баримт цугларсан гэж үзээд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч 11 компанийн энэ нэхэмжлэлийн шаардлагаар 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үүсгэсэн хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр шүүх 2022 оны 11 дүгээр сарын 23-нд тогтоолоор буцааж байсан, нэхэмжлэлээ дахин гаргаснаар 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр дахин захиргааны хэрэг үүсгэж ажиллагаа хийгдэж, ийнхүү шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан тул шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй 3 нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийг тусгаарлаж буцаах шаардлагагүй, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэндбаатар нь өмгөөлөгч авах үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажсан үндсэн эрх бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх шийдвэрлэх асуудал биш, өөрөөр хэлбэл хэргийн оролцогч өмгөөлөгчөөс хууль туслалцаа авах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлийг нэмэлт нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай болсон эсхүл шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг оролцуулах зайлшгүй шаардлагатай болсон хэмээн тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл энэ хуулийн 96.2-т заасан үндэслэлээр л шүүх хурлыг хойшлуулж болохоор хуульчилсан, энэ үндэслэлд өмгөөлөгч авах үндэслэл хамаарахгүй байна.

Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч аль ч үе шатанд өмгөөлөгч авах эрхтэй бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр үүсгэсэн нэхэмжлэгч нарын энэ нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр буцааж байсан, нэхэмжлэлээ дахин гаргаснаар 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр дахин захиргааны хэрэг үүсгэж ажиллагаа хийгдэж, ийнхүү шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан даруй 4 жил 4 сарын хугацаанд хэргийн оролцогч нар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хангалттай боломж байсан, шүүхээс хууль зүйн туслалцаа авах хэргийн оролцогчийн энэхүү эрхийг аливаа байдлаар хязгаарлаагүй байна. Тиймдээ ч нэхэмжлэгч 11 хуулийн этгээдээс тодорхой нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан байдаг.

Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх нь нэхэмжлэгчийн үүрэг, 20.1.2-т шүүх хуралдаанд оролцох нь нэхэмжлэгчийн эрх байхаар хууль тогтоогч хуульчилсан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэндбаатар энэ хэрэгт гэрчээр нэхэмжлэгч Ти энд Жи ХХК-ийн захирал Н.Цогтоог асуулгах хүсэлт гаргасныг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ, 37.10.1-д хэргийн нөхцөл байдлын талаар мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг гэрчээр дуудаж мэдүүлэг авч болохгүй гэж заасан. Ти энд Жи ХХК нь тухайн хэргийн нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хэрэгт гэрчээр оролцуулах боломжгүй юм. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч тайлбар, нотлох баримт гаргах замаар эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 3, 3 дахь хэсэг, 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 24 дүгээр зүйлийн 24.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.11 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Алаг даага ХХК болон нэр бүхий 10 компаниас гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг биелүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, хувьчлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаартай Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 129 дугаартай Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай тогтоолыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах А/1390 дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                           Д.ХАЛИУНА