| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 101/2014/8776/и |
| Дугаар | 001/ХТ2016/01047 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2016/01047
Т.Алтанцэцэг, Б.Гантуяа нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02515 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1265 дугаар магадлалтай,
Т.Алтанцэцэг, Б.Гантуяа нарын нэхэмжлэлтэй
Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Хоёр дахь албадан дуудлага худалдааны 150.000.000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Т.Алтанцэцэг, Б.Гантуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5790 дүгээр шийдвэрээр 45.191.476 төгрөгийг гаргуулж А.Сономцэрэнд олгохоор шийдвэрлэсэн. Анх зээл авахдаа өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 014-19 тоот 4 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгч Б.Отгонбаяр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан барьцааны хөрөнгө болох 4 өрөө орон сууцыг хурааж 150.000.000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Үнэлгээ тогтоосон тухай бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан. Бидний өмчлөлийн орон сууцыг хямд үнээр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тул энэхүү үнэлгээг хүчингүй болгож, хөндлөнгийн шинжээч томилуулж, бодит үнэлгээг тогтоолгох хүсэлтэй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Орон сууцны зах зээлийн үнээс хэт доогуур байна. Хоёр дахь дуудлага худалдааг явуулах тухай тогтоолын хувийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардаж авсан нь үнэн. Манайх уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногт буюу 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтын үнэлгээ тогтоосон өдрөөс хойш гэснийг үнийг харилцан тохиролцсон үеэс хойш гэж ойлгож байна гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүхэд шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 5790 дүгээр захирамжаар Т.Алтанцэцэг, Б.Гантуяа нараас 45.191.476 төгрөгийг гаргуулж, А.Сономцэрэнд олгохоор шийдвэрлэсэн. 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Анхны албадан дуудлага худалдаа явуулах талаар төлбөр төлөгч нарт 2015 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдөрт тус тус мэдэгдсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Алтанцэцэг, Б.Гантуяа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол 14 дүгээр байрны 19 тоот, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009984 дугаарт бүртгэлтэй 52 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчдийн харилцан тохиролцсон зах зээлийн үнэ болох 300.000.000 төгрөгийн 70 хувь буюу 210.000.000 төгрөгөөр доод үнийг тогтоон 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч худалдан борлогдоогүй. Иймээс мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчдийн харилцан тохиролцсон зах зээлийн үнэ болох 300.000.000 төгрөгийн 50 хувь буюу 150.000.000 төгрөгөөр 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт болох хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тус албаны 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3/40008, 3/40009 дүгээр мэдэгдэл, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/206 тоот хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг Т.Алтанцэцэг, Б.Гантуяа нарт мөн сарын 18-ны өдрийн 15 цагт тус тус гардуулан өгсөн. Энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд бичигдсэн. Төлбөр төлөгч нарт төлбөр төлөх хангалттай хугацааг олгосон боловч төлөөгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02515 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хоёр дахь дуудлага худалдааг 150.000.000 төгрөгөөр явуулах тухай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Боржигин овогт Түвдэнжамбын Алтанцэцэг, Хөнөг овогт Бавуугийн Гантуяа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1265 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02515 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 101/ШШ2016/02515 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 1265 магадлалыг тус тус эс зөвшөөрч. дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Энэ маргаан нь өөрөө гомдлоор хянан шийдвэрлэгдэж байгаа маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлтэй юм.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлах явцад нэхэмжлэгч нарт эрх, үүргийн талаар танилцуулсан баримт бичиг байхгүй байна. Эрх, үүргийг нь танилцуулаагүй нь өөрөө процессын алдаа юм.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 21-ний өдрийн дугаар 101/ШШ2016/02515 шийдвэрийн тодорхойлох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т Албадан дуудлага худалдааны зөвхөн үнэлгээтэй холбогдсон гомдлыг дуудлага худалдаа явуулснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “...эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан ба энэ хугацаанд нэхэмжлэгч нар шүүхэд гомдол гаргаагүй байна гэсэн тайлбарыг хариуцагч байгууллага өгсөн. Энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба нэхэмжлэгч нар нь хуулийн тогтоосон хугацаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гардаж авсан ба 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51 дүгээр заалт нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүчингүй болсон заалтыг хариуцагч талаас ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэгч нарын дундын үл хөдлөх эд хөрөнгө болох 4 өрөө орон сууцыг маш хямдаар буюу зах зээлийн ханшнаас доогуур үнэлж хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж байгааг эсэргүүцэж байна.
Анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Б.Гантуяа, Т.Алтанцэцэг нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлага гаргажээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5790 дугаар захирамжаар хариуцагч Б.Гантуяа, Т.Алтанцэцэг нар нь А.Сономцэрэнгийн нэхэмжилсэн 45.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 14 дүгээр байрны 19 тоотын 4 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан ба төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй байна.
Төлбөр төлөгч орон сууцаа 300.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба анхны албадан дуудлага худалдааг талуудын тохиролцсон үнийн 70 хувь буюу 210.000.000 төгрөгөөр зарласан боловч худалдан борлогдоогүй, 2 дах албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 150.000.000 төгрөгөөр тогтоосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ /хавтаст хэргийн 19-52 дугаар тал/.
Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан зохицуулалттай нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд “...4 өрөө орон сууцыг маш хямд буюу зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн...” гэх тайлбараа нотолж чадаагүй байна.
Хэргийн 12 дугаар талд авагдсан хэргийн оролцогчийн эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн баримтад нэхэмжлэгч нар болон түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байх тул “..эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй...” гэх гомдол үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02515 дугаар шийдвэр,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1265 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаярын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ