Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0588/з |
Дугаар | 494 |
Огноо | 2018-12-10 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 494
“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Л.Атарцэцэг
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал
Нэхэмжлэлийн шаардлага: ““В” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн БО-....дугаартай “Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ”, Баянзүрх дүүргийн Засаг даргын, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БО-....дугаартай “Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ”, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр хамгаалалтын цэг тогтоосон хэсгийн “В” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр “М” ХХК-д олгогдсон Газар ашиглах гэрчилгээ, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах гэрээ, 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Газар ашиглах гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Газар ашиглах гэрээгээр хамгаалалтын цэг тогтоосон хэсгийн “В” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: ““В” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0427 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0530 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-О нар.
Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-О, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0427 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1-ийн 1 дэхь хэсэгт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т заасныг баримтлан “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад холбогдуулан гаргаснаар нэхэмжлэгчийн ““В” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны сайдад даалгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн БО-....дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Баянзүрх дүүргийн Засаг даргын, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БО-....дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Богдхан уулын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хамран ажиллах гэрээгээр хамгаалалтын цэг тогтоосон хэсгийн “В” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр “М” ХХК-д олгогдсон Газар ашиглах гэрчилгээ, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн газар ашиглах гэрээ, 2008 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн газар ашиглах гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн газар ашиглах гэрээгээр хамгаалалтын цэг тогтоосон хэсгийн Вайскинг ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь, гуравдагч этгээд “М” ХХК-ийн ““В” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0530 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0427 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “М” ХХК-д улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгосон 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 662 дугаар гэрчилгээ, 2007 оны 10 дугаар сарын 29, 2008 оны 7 дугаар сарын 04, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн газар ашиглах гэрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан БО-....дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд 2008 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан БО-....дугаартай урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээнүүдийн “В” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд “М” ХХК-ийн гаргасан “В” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа, гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-О-ын гомдол: “... Байгаль орчны сайдын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 287 дугаар тоот тушаалаар гуравдагч этгээд “М” ХХК-нд Богдхан Уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд ашиглах 25 га хариуцан хамгаалах 175 га газрыг аялал жуулчлалын цогцолбор төв байгуулах зориулалтаар олгож, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр газар ашиглах тухай гэрээг байгуулсан.
4. Улмаар 2007 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр БО-....тоот Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж тухайн газар нийслэлийн ард иргэдэд зориулан амралт, чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэн цанын бааз, гольфын талбай бүхий аялал жуулчлал, спорт амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулан, хөрөнгө оруулалт хийж эхэлсэн болно. Үүний дараа талууд харилцан тохиролцож дээрх хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэн 2008 оны 7 дугаар сарын 03-ны өдөр БО-....тоот Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж ашиглах зориулалтаар 13.9 га хариуцан хамгаалах зориулалтаар 131.8 га газар болгон газрын хэмжээг өөрчилсөн болно. Ийнхүү дээрх гэрээний дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээ (2008.06.17-ны өдрийн 662 тоот гэрчилгээ)-г манай компанийн нэр дээр гаргаж газар ашиглах тухай гэрээ (2008.07.04-ний өдрийн 02/70 тоот)-г байгуулсан бөгөөд бид зохих хугацаанд газар ашиглах тухай гэрээг шинэчлэн ашиглах эрхийн хугацааг сунгуулж байсан билээ
5. Гэтэл манай компанийн хариуцан хамгаалах талбайд нэхэмжлэгч “В” ХХК-нд 2 га газрыг 2007 оноос хойш аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж гэрээ байгуулан, гэрчилгээг гаргуулж авсан гэж маргадаг.
6. Гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2016 он)-ийг ноцтой зөрчин, улмаар Захиргааны ерөнхий хууль (2016 оны), Газрын тухай хууль (2002 он), Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль (1994 он) болон тэдгээр хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн нь дор дурдсан үндэслэлээр тогтоогдож байна гэж үзэж байна.
7. Хууль буруу хэрэглэсэн тухайд, нэхэмжлэгч “В” ХХК нь Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр газар ашигласан тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1-д тус тус заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хүсэлтэй Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргах бөгөөд хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга тухайн хүсэлтийг болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжлахаар заасан байдаг. Төрийн захиргааны төв байгууллага тухайн саналыг үндэслэн иргэн, аж ахуй нэгж байгууллагад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргахаар хуульчилсан.
8. Гэтэл нэхэмжлэгч “В” ХХК нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахаар шийдвэрлэсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр газар ашиглах гэрээ байгуулан гэрчилгээ гаргуулж Газрын тухай хууль (2002 он), Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль (1994 он) хууль болон тэдгээр хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг ноцтой зөрчиж хууль бусаар газар ашиглаж ирсэн байтал давж заалдах шатны шүүх үүнийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
9. Анхан шатны шүүх Байгаль, орчин аялал жуулчлалын яам болон Богдхан Уулын ДЦГ-н хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгч “В” ХХК-нд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг нотлох баримтаар гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн боловч тухайн байгууллагын бүртгэл болон архивт дээрх тушаал, шийдвэр байдаггүй буюу тийм тушаал шийдвэр гарч байгаагүй байдаг. Иймд анхнаасаа төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр газар ашиглаж байсан байгууллагын газар ашиглах эрхийг дахин хууль тогтоомж зөрчин сунгах үндэслэл боломж тухайн эрх бүхий байгууллагад байхгүй.
10. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дахь талд “... Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж байгууллага газар ашиглах гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа анх газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хавсаргахыг хуулиар шаардаагүй байхад хариуцагчаас өөрийн архивт байх буюу хадгалагдах баримтыг шаардан хууль бус шаардлага тавьсан байна. Дээрх хууль бус шаардлагын улмаас хариуцагч нь нэхэмжлэгч “В” ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан “эс үйлдэхүй” мөн гэж” үзсэн нь шүүх бүрэлдэхүүн хэргийн нөхцөл байдлыг нарийвчлан судлалгүй гагцхүү нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэн дүгнэлт хийсэн гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.
11. Учир нь өмнө дурдсанчлан “В” ХХК-нд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарч байгаагүй тул хариуцагч хууль бусаар олгогдсон газар ашиглах эрхийн хугацааг сунгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан “эс үйлдэхүй” гэж үзэх үндэслэлгүй болно.
12. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” зөрчигдөөгүй тухай, давж заалдах шатны шүүхийн магадлалд “хариуцагч “В” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчихөд хүргэжээ” гэжээ.
13. Гуравдагч этгээдийн зүгээс энэ тохиолдолд тус хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн үндэслэл тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
14. Учир нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим ямар үед хамгаалагдах вэ? гэхлээр нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн хамгаалагдах тэр итгэл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу үүссэн буюу хууль ёсны байх гол нөхцөлтэй гэж үзэж болно.
15. Өөрөөр хэлбэл захиргааны эрх зүйн харилцаанд оролцогч талуудын эрх зүйн үр дагавар үүсгэх үйлдэл, эс үйлдэхүй нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу явагдсан тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн итгэл нь хууль ёсны гэж үзэгдэх бөгөөд улмаар захиргаа тэр итгэлийг хамгаалах зарчимтай.
16. Гэтэл “В” ХХК-ийн хамгаалагдах итгэл буюу газар ашиглах эрх нь хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхэд туйлын хүнд. Дээр дурдсанчлан тухайн компани төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж эхэлсэн асуудал хууль зөрчөөд зогсохгүй авилга, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болох асуудал байдаг. Иймд “В” ХХК-ийн тухайд хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин ч гуравдагч этгээд “М” ХХК-ийн хувьд давж заалдах шатны шүүхийн шийдвэр манай компанийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчсөн гэж үзэж болохоор байна.
17. Учир нь 2007 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дээр дурдсан БО-....тоот, 2008 оны 7 дугаар сарын 03-ны өдөр БО-....тоот, 2013 оны сарын 19-ний өдрийн Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн 3.3-т Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “...төслийг “М” ХХК-ийн хэрэгжүүлэх явдлыг дэмжих төсөлд оруулах хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор “М” ХХК-нд ашиглуулах, хамгаалуулахаар шилжүүлсэн хавсралт 1, хавсралт 2-д заасан солбицол бүхий газарт бусад этгээдэд газар ашиглах гэрчилгээ давхардуулан олгохгүй байх үүрэг хүлээнэ” гэж заасан.
18. Манай компани нь аялал жуулчлалын иж бүрэн цогцолбор бүхий төвийг байгуулах төслийн хүрээнд Байгаль орчны яам болон Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын албатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж нийтдээ 140 гаруй тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэн, нийслэлийн хүүхэд, залуучуудад зориулан чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэн гольфын талбай, Ази Европын өндөр дээд түвшний уулзалтыг зохион байгуулах иж бүрэн цогцолбор байгуулж тус уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Цаашдаа үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийж, аялал жуулчлалын төвийг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ бүх хөрөнгө оруулалтыг хийх үндэслэл нь дээр нэр дурдсан Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд тус гэрээний 3.3 дугаар заалт нь хөрөнгө оруулалт хийх гол баталгаа билээ. Гэтэл ийнхүү өөр компанид хууль зөрчин газар ашиглуулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” зөрчигдсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
19. Хариуцан хамгаалах талбайн тухай, давж заалдах шатны шүүхийн магадлалын 6 дахь талд “...13.9 га газраас илүү газрыг хамгаалалтын талбай гэж тогтоож өгсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхгүй” гэжээ.
20. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль (1993 он)-ийн 11 дүгээр зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хууль (1995 он) -ийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль (1994 он)-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 27.9 дэх хэсэгт тус тус заасны дагуу тусгай хамгаалалттай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчны сайд 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар “Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээний маягтыг хоёрдугаар хавсралтаар, “Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний загвар”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталж тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох журам болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын харилцааг өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд нарийвчлан зохицуулсан байдаг.
21. Энэхүү тушаалаар баталсан журам, гэрээ гэрчилгээний загварт зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллага нь тухайн ашиглаж байгаа газрын ойр орчим газрыг гэрээний үндсэн дээр хариуцан хамгаалж болох эрх зүйн зохицуулалттай. Манай компани эдгээр хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан журмын дагуу тухайн 131.8 га газрыг хариуцан хамгаалж жил бүр улсын төсөвт 3,333,000 төгрөгийг төвлөрүүлдэг.
22. Иймд давж заалдах шатны шүүх хариуцан хамгаалах талбай гэж хууль тогтоомжид нийцээгүй газрыг манай компанид олгосон гэж үзэж байгааг үндэслэлгүй хэмээн үзэж байна.
23. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тухай, хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үнэлж дүгнэлт хийсэн тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу шүүх гагцхүү хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлсний үндсэн дээр шийдвэрээ гаргадаг.
24. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын 6 дахь талд “түүнчлэн урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээнд “...5 жил тутам энэхүү гэрээ болон газар ашиглах гэрээг дүгнүүлнэ...” гэж тусгасан бөгөөд гуравдагч этгээдийн хувьд 2007 оноос хойш урт хугацааны хөрөнгө оруулалтын болон газар ашиглах гэрээг дүгнүүлж байгаагүй... Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 1/254 дүгээр албан бичгээр ирүүлсэн агаарын зургаас үзвэл “М” ХХК нь тухайн хамгаалалтын гэх газартаа орон сууцны зориулалттай ул хөдлөх эд хөрөнгүүдийг барьж, ашиглаж байгаа болох нь нотлогдож байна” гэж дүгнэжээ.
25. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт дунд манай компанийн байгуулсан Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, түүнийг дүгнэсэн тухай ямар нэгэн нотлох баримт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад энэ талаар талууд маргасан болоод шүүхээс үнэлж дүгнэсэн зүйл байхгүй байтал давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 болон 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.
26. Түүнчлэн 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдсан Ази Европын орнуудын өндөр дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтын зочидод зориулан барьсан барилгыг өөрийн хариуцан хамгаалах талбайдаа барьсан нь баримтаар нотлогдож байна хэмээн дүгнэсэн явдалд гуравдагч этгээдийн зүгээс туйлын харамсаж байна. Учир нь тухайн барилга баригдсан гэх талбай нь Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (тухайн үеийн нэрээр)-аас 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр олгосон 2015/193 тоот гэрчилгээний дагуу манай компанид ашиглуулахаар олгогдсон 4 га газар болно.
27. Энэ мэтчилэн давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлэлгүй, хавтаст хэрэгт байхгүй талуудын маргадаггүй асуудалд хийсвэр нотлох баримт гарган үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнд гомдолтой байна.
28. Давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байтал гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн тухай, хариуцагч “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номинцэцэг оны 9 дүгээр сарын 04-ний өдөр давж заалдах журмаар гомдол гаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд тус хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т “Шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авна”, 108.3-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тодорхой заажээ.
29. Эндээс үзвэл, тус захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр буюу шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдөр 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр бөгөөд 128/ШШ2018/0427 дугаар шийдвэр 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж хэргийн оролцогчид гардуулах хуульд заасан хугацаа буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан 14 хоногийн хугацаа тоологдож эхэлсэн.
30. Иймд хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг гардан авах хугацаа 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон буюу давж заалдах гомдол гаргах сүүлийн хугацаа нь 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөр дуусгавар болохоор байна.
31. Гэтэл дээр дурдсанчлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байтал анхан шатны шүүх гомдлыг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл болж байна гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.
32. Ийнхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0530 дугаар магадлал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хууль (2016 оны), Газрын тухай хууль (2002 он), Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль (1994 он) болон тэдгээр хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буруу хэрэглэж, тайлбарлан гарсан байх тул энэхүү магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
33. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн гомдол: “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу хэрэглэсэн тухайд, магадлал /х-4/ “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36.1-д тус тус заасны дагуу газар ашиглуулах шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гаргахаар байх бөгөөд нэхэмжлэгчид анх газар ашиглуулахаар шийдвэрлэсэн тушаал байхгүй гэх үндэслэлээр “В” ХХК-ийг 2.0 га газрыг ашиглах эрхгүй гэж үзэх боломжгүй” гэж дурджээ.
34. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1-д тус тус заасныг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “... Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаанд гаргаж, хамгаалалтын захиргаа хүсэлтийг судлан үзсэний үндсэн дээр санал боловсруулан төрийн захиргааны төв байгууллагад уламжилснаар мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-ийн дагуу төрийн захиргааны төв байгууллага газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргахаар хуульчилсаныг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан шийдвэрийг хянасан.
35. Дээрх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /1994 онд батлагдсан/ 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтын дагуу Байгаль орчны сайдын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 287 дугаар тоот тушаалаар гуравдагч этгээд “М” ХХК-нд Богдхан Уулын дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд ашиглах зориулалтаар 25 га газар ашиглах эрх олгосон бол нэхэмжлэгч “В” ХХК-д Байгаль орчны сайдан тушаал шийдвэргүйгээр мөн 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 401 дүгээр дугаартай гэрчилгээ олгогдсон нь дээрх заалтуудыг зөрчсөн ба 2007 онд сайдын тушаалаар тусгай хамгаалалттай газарт газар ашиглах шийдвэр гардаг байсан байна.
36. Магадлал /х-6/ “... Учир нь дээрх журмын 4.1 болон бусад зохицуулалтаар урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээгээр хамгаалалтын талбайг тогтоож болох талаар зохицуулаагүй бөгөөд хариуцагчаас гуравдагч этгээдэд олгосон 13.9 га газраас илүү газрыг хамгаалалтын талбай гэж тогтоож өгсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхгүй” гэж дурджээ.
37. Монгол Улсын Засгийн газрын тухай хууль 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг ба Байгаль орчны сайд 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллаж болно. Гэрээг Байгаль орчны сайд батална” гэж журамласны дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдад дээрх бүрэн эрх нь олгогдсон байхад давж заалдах шатны шүүх холбогдох хууль тогтоомжид нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.
38. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 221/МА2018/0530 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
39. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
40. Нэхэмжлэгч “В” ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж, “... газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах” хүсэлт гаргасныг хариуцагчаас “... анх эрх олгосон тушаал шийдвэр байхгүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийн хугацааг сунгахаас татгалзсан, нэхэмжлэгчээс “... 2007 онд анх олгогдсон хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр ашиглах эрхтэй ... /байхад/ эрхийн хугацаа сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй, ... хууль бус” гэж маргажээ.
41. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, анх Байгаль орчны яам (тухайн үеийн нэрээр)-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн “Зуун модны ам” нэртэй газарт 2.0 га газрыг аялал, жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийн 401 дугаар гэрчилгээг “В” ХХК-нд олгож, 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны дарга нар “В” ХХК-тай “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн газар ашиглах тухай” гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулсан, мөн талууд 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр маргаан бүхий газрыг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх 5 жилийн хугацаанд “В” ХХК-нд ашиглуулахаар дахин гэрээ байгуулсан, уг гэрээнүүдийг Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас тухай бүр баталгаажуулсан, “В” ХХК-нд газар ашиглах эрх олгосон дээрх гэрчилгээ, гэрээнүүдийг цуцалсан, хүчингүй болгосон аливаа шийдвэр хариуцагчаас гаргаагүй, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээний дагуу газар ашигласны төлбөрийг гэрээнд заасны дагуу жил бүр төлж ирсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
42. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “... аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт ... дүүргийн Засаг даргад гаргах”-аар , мөн зүйлийн 2-т “”...хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай ... аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжлах”-аар, 36 дугаар зүйлийн 1-д “...төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат ... газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах”-аар тус тус заасан, тухайн тохиолдолд, анх 2007 онд Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаа, Баянзүрх дүүргийн Засаг дарга нараас нэхэмжлэгч “В” ХХК-нд газар ашиглуулахаар гаргасан дээрх “шийдвэрүүд”-ийг тухайн үед хариуцагч Байгаль орчны сайд хүчингүй болгоогүй, “хууль бус” гэж үзээгүй, тус яамнаас 2012 онд дахин 5 жилийн хугацаагаар маргаан бүхий газрыг “В” ХХК-нд ашиглуулах гэрээ байгуулсан, уг гэрээ мөн хүчин төгөлдөр байхад маргаан бүхий газрыг “... “В” ХХК хууль бусаар ашиглаж ирсэн”, “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2, 36 дугаар зүйлийн 1-д заасны дагуу газар ашиглах эрх анхнаасаа үүсээгүй” гэж үзэх боломжгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэсэн байна.
43. Өөрөөр хэлбэл, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “В” ХХК-нд олгосон 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 401 дугаартай гэрчилгээ нь чиглэсэн этгээддээ эерэг нөлөөлөл бүхий “захиргааны акт” бөгөөд, уг актын үйлчлэл нь эрх бүхий этгээдүүдээс байгуулсан 2007 оны 05 дугаар сарын 31-ний, 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн газар ашиглах гэрээгээр тус тус баталгаажсан байх тул анх 2007 онд “В” ХХК-нд маргаан бүхий газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчны сайдын тушаал, шийдвэр “олдоогүй” гэх үйл баримт нь дээр дурдсан Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас олгосон газар ашиглах эрхийн гэрчилгээ, эрх бүхий этгээдийн баталгаажуулсан гэрээгээр үүссэн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
44. Анхан шатны шүүх уг асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн, “В” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас баталгаажуулсан, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны дарга нарын “В” ХХК-тай 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн газар ашиглах тухай” гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээг хүчинтэй эсэх талаар талууд маргаагүй байхад, хүчин төгөлдөр гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдах эсэх үйл баримттай холбоотой маргаанд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн буруу болжээ.
45. Иймд, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэхэмжлэгч “В” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахаас “... анх эрх олгосон тушаал шийдвэр байхгүй” гэх үндэслэлээр татгалзсан нь хууль бус, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж ... Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдлэх”-ээр, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “газар ашиглагч нь энэ хуулийн ... 35.1.5 ... -д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдлэх’-ээр заасны дагуу, мөн зүйлийн 35.1.5-д заасан “... /газар эзэмшигч, ашиглагч нь/ ...эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзнэ, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөг нарын “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн ... /холбогдох заалтууд/-ыг давж заалдах шатны шүүх буруу тайлбарласан” гэх гомдол үндэслэлгүй байна.
46. Байгаль орчны яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд анх 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр БО-....дугаар “Богдхан уулын Дархан цаазат газрын Хүрхрээгийн аманд аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан, уг гэрээгээр “... Хүрхрээгийн аманд 25 га газарт ... олон улсын стандартад нийцсэн өндөр зэрэглэлийн гольфийн талбай бүхий аялал жуулчлал, спорт амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, түүний эргэн тойронд орших 175 га газрын байгаль орчныг хариуцан хамгаалах...”-аар тохиролцож, гэрээний хавсралтаар дээрх газруудын солбицолыг тодорхойлсон, мөн талуудын хооронд байгуулсан 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БО-....дугаар гэрээгээр “...Хүрхрээгийн аманд 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт ... аялал жуулчлал, спорт амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, байгалийг хариуцан хамгаалах”-аар тохиролцсон, нэхэмжлэгч “В” ХХК-нд ашиглах эрх нь олгогдсон 2 га газар нь “М” ХХК-ийн дээрх гэрээнүүдээр “хариуцан хамгаалах”-аар тохирсон газарт бүхэлдээ давхцсан, харин “М” ХХК-ийн газар ашиглах эрх олгогдсон газруудтай давхцалгүй, талууд уг үйл баримтуудтай маргаагүй байна.
47. Түүнчлэн, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, дээрх гэрээгээр “хариуцан хамгаалах”-аар тохирсон гэх 131.8 га газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу “М” ХХК-нд “газар ашиглах” эсхүл “газар эзэмших” эрх үүсээгүй, “М” ХХК нь уг 131.8 га газарт Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу “газрын төлбөр төлдөггүй” нь тогтоогдсон, уг үйл баримттай талууд маргаагүй байх тул, гуравдагч этгээд “М” ХХК-ийг тухайн газарт газар эзэмших, ашиглах хууль ёсны эрхтэй гэж шүүх дүгнэх боломжгүй, 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “В” ХХК-нд ашиглах эрх үүссэн газрыг 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гуравдагч этгээд “М” ХХК-нд “хамгаалуулах”-аар олгосон хариуцагчийн үйлдэл, маргаан бүхий гэрээнүүд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.
48. Тодруулбал, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3.1.4-т “... газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 3.1.8-д “... газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж ... хуулийн дагуу ... газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” ойлгохоор, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “... газрыг ... аж ахуйн нэгж, байгууллага ... хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглана”, 7 дугаар зүйлийн 7.1-д “...газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс ... /-д/ ... ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, Газрын төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “... аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг ... ашигласны төлөө төлбөр ногдуулна”, 4 дүгээр зүйлд “...газар ... ашиглуулах гэрээний дагуу ... аж ахуйн нэгж, байгууллагын ашиглаж байгаа ... газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж тус тус заасан, уг хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, аж ахуйн нэгж, байгууллага нь газрыг зөвхөн “эзэмших” эсхүл “ашиглах” эрхийн гэрчилгээ, гэрээ, газрын төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр төлсний үндсэн дээр өөрийн мэдэлд байлгах боломжтой, өөр бусад байдлаар буюу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олголгүйгээр “хөрөнгө оруулалтын” гэх гэрээгээр газрыг бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, “газрын төлбөрөөс чөлөөлөх” талаар гэрээгээр тохирох эрхийг хариуцагч байгаль орчны асуудал эрхэлсэн сайдад хуулиар олгоогүй байна.
49. Иймд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Монгол Улсын Засгийн газрын тухай хууль (1993)-ийн 11 дүгээр зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хууль (1995)-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль (1994)-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 27.9-д тус тус заасны дагуу ... Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар ... баталсан журам ...-д зааснаар ... тухайн 131.8 га газрыг хариуцан хамгаалдаг ..., ... төслийг “М” ХХК хэрэгжүүлэх явдлыг дэмжих, төсөлд оруулах хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор “М” ХХК-нд ашиглуулах, хамгаалуулахаар шилжүүлсэн гэрээний Хавсралт 1, Хавсралт 2-д заасан солбицол бүхий газарт бусад этгээдэд газар ашиглах гэрчилгээ давхардуулан олгохгүй байх үүрэг хүлээнэ гэж заасныг ... /зөрчсөн/” гэх агуулгаар гаргасан хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй.
50. Түүнчлэн, 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “гэрээгээр үүссэн” гэх гуравдагч этгээдийн 131.8 га газарт хамааруулан хамгаалуулахаар маргаж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буюу өмнө нь үүссэн нэхэмжлэгч “В” ХХК-ийн газар ашиглах эрхийн 401 дүгээр гэрчилгээ “хөндсөн”, гуравдагч этгээдэд “гэрээгээр олгосон” газарт бусад этгээдэд газар ашиглах гэрчилгээ давхардуулан олгосон гэж шүүх дүгнэх боломжгүй, нэхэмжлэгчийн “... Байгаль орчны яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн БО-....дугаар “Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ”, Баянзүрх дүүргийн Засаг даргын, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БО-....дугаар “Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээ”, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргаа, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-гээр хамгаалалтын цэг тогтоосон хэсгийн “В” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчны сайдын 2008 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр “М” ХХК-д олгогдсон Газар ашиглах гэрчилгээ, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах гэрээ, 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Газар ашиглах гэрээ, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Газар ашиглах гэрээгээр хамгаалалтын цэг тогтоосон хэсгийн “В” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл, дүгнэлтүүд болон гуравдагч этгээд “М” ХХК-ийн “... “В” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд зөв, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүхийн шийдвэр “М” ХХК-ийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчсөн” гэх гомдлыг хангах боломжгүй байна.
51. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжийг төлж, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр давж заалдах гомдол гаргасан нь номдлыг хүлээн авсан анхан шатны шүүхийн дардасаар тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хугацаа хэтрүүлж гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авсан” гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.
52. Эдгээр үндэслэлүүдээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0530 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “М” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА