Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 635

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б*******, Ж.О******* нарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.О******* нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ:  

“...Бид улсын байцаагчийн актаар тогтоосон 7.727.272.7 төгрөгийн нөхөн татварыг хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.О******* нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б*******, Ж.О******* нарт холбогдуулан гаргасан “...Татварын улсын байцаагч Г.Б*******, Ж.О******* нарын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “татвар ногдуулалт, төлөлтийг шалгах” тухай 240012459 дүгээр актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.О*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б*******, Ж.О******* нарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь “...Татварын улсын байцаагч Г.Б*******, Ж.О******* нарын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “татвар ногдуулалт, төлөлтийг шалгах” тухай 240012459 дүгээр актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                                    Ц.САЙХАНТУЯА