Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2016/00050

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1969 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, агротехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 8-15 тоотод түр оршин суух, МП69081763 дугаар регистрийн дугаартайБоржигон Пүрэвдоржийн Дариймаа,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 8-15 тоотод түр оршин суух, МП89061472 дугаар регистрийн дугаартай Боржигон Отгонбаярын Энхболд

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 8-15 тоотод түр оршин суух, МП93111017 дугаар регистрийн дугаартай Боржигон овогт Отгонбаярын Энхбаяр нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1961 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44-03 тоотод оршин суух, ШЖ61051079 дугаар регистрийн дугаартай Олхонууд Дүйнхэрийн Эрдэнэчулуунд холбогдох,

П.Дариймаа, Д.Эрдэнэчулуун нарын хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 41.500.000 /дөчин нэгэн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч П.Дариймаад холбогдох 45.323.739 /дөчин таван сая гурван зуун хорин гурван мянга долоон зуун гучин ес/ төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Эрдэнэчулууны сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд: Дорнод аймгийн Баян-Уул суманд 1991 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44-03 тоотод оршин суух, РУ91090839 дугаар регистртэй, Олхонууд овогт Эрдэнэчулууны Баттулгын

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44-03 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дариймаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч Д.Эрдэнэчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж, нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дариймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Эрдэнэчулуунтай 2003 оноос хамтран амьдарсан. Бидний хамтын амьдрал эхлэх үед Д.Эрдэнэчулуун нь Мөрөн сумын 3 дугаар хорооны 12 дугаар гудамжинд өөрийн аавын хашаанд монгол гэрт өөрийн 8 настай, 13 настай хоёр хүүхдийн хамт, би Мөрөн сумын 8 дугаар багт байрлах өөрийн амины өмч болох хашаа бүхий галлагаатай 2 өрөө байранд амьдардаг байсан. Би өөрийн 9 настай, 13 настай хүүхдүүдийн хамт гурвуулаа амьдарч байсан. Ингээд би хашаа байраа зарж 9 дүгээр багт газар авч тэндээ хашаа барьж, Эрдэнэчулууны гэрийг барьж ам бүл зургуулаа хамтран амьдарсан. ... Иймээс хамтран амьдрах хугацаанд бий болгосон дундын өмчөө хуваарилуулж өөрт болон өөрийн хоёр хүүхдэдээ ногдох хувийг гаргуулахыг хүсэж байна.

...би анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагчтай хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хамтдаа амьдрах хугацаанд хамтын хүч хөдөлмөрийн үр шимээр бий болгосон эд хөрөнгө болох 41.500.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Үүнд: Нэгдүгээрт: Эрдэнэчулуун, Дариймаа бид нарыг 2003 оноос 2013 оны 7 сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү. Хоёрдугаарт: Хамтран амьдрагчдын дундын эд хөрөнгөөс ... Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоотод байрлах өвлийн сууцны байшинг өөрийн болон хамтран нэхэмжлэгч О.Энхболд, О.Энхбаяр нарын өмчлөлд хувиарлуулан шилжүүлж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 3 тоотод байрлах газар нь миний болон миний хүүгийн өмчлөлийн газар тул бидний хуваарьт өмч, дундын эд хөрөнгө биш учир хуваахгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч П.Дариймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эрдэнэчулуун бид хоёр 2002 онд танилцаад 2003 оноос эхлэн хамт амьдарч, 2003 онд тус бүрдээ газар аван, 2005 онд зуны байшин, 2007-2008 оны хооронд өвлийн байшинг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоотод барьсан юм. Бид 2003 оны 04 дүгээр сараас эхлэн нэг гэрт амьдарсан бөгөөд би 2, 3 хивс, гал тогооны хэрэгсэл зэрэг амьдралд хэрэгцээтэй бүхий л зүйлсийг авч очин хоёр талаас нийлсэн ба хамтын амьдралын явцад зурагт, угаалгын машин зэргийг лизингээр авч байсан. Д.Эрдэнэчулуун бид хоёрын бий болгосон хөрөнгө, банкнаас авсан зээл зэрэг нь үр хүүхэд болон амьдралынхаа төлөө зүтгэсэн хамтын хүч хөдөлмөр юм. Би 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээсээ хөөгдөөд айлаар хэсэж амьдарч байгаад хоёр ч удаа хагалгаанд орсон зэргээс миний амьдрал хүнд хэцүү байна. Одоо би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр 44 дүгээр гудамжны 03 тоот үл хөдлөх хөрөнгийг аваад бусдыг нь Д.Эрдэнэчулуунд үлдээе гэж бодож байна. ...Э.Баттулга миний аав Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 9 дүгээр 44 дүгээр гудамжны 03 тоот үл хөдлөх хөрөнгийг надад өвлүүлсэн гэж тайлбарладаг ч энэ нь худлаа бөгөөд эхний нэг, хоёр хурлын дараа яригдсан асуудал юм гэв.

Хариуцагч Д.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 оны намар Дариймаатай танилцаж байсан боловч хамтран амьдраагүй. ...хамтын амьдрал 2004 оноос эхэлсэн. ...П.Дариймаа нь надтай танилцах үедээ манай мал эмнэлгийн хажууд байрлах 2х3 харьцаатай цайны газрыг түрээслэн, хуушуур хийж зардаг байсан. Миний хувьд ганц бие эмэгтэйг өрөвдөн байнга тусалж дэмжиж байсан. ... Нэхэмжлэл гаргасан дараах заалтуудыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Орон байр, хашаа, хороог би өөрийн олон жилийн хөдөлмөрийн хүчийг хуримтлуулан байж бий болгосон учир Дариймаагийн оролцоо ер байхгүй. Гэрт ямар нэгэн орлого оруулж байгаагүй учир Дариймааг бий болгосон гэж ярихыг би хэзээ ч зөвшөөрөхгүй. Мөрөн сумын 9 дүгээр 44 дүгээр гудамжны 03 тоот хашаа байшинг би өөрийн хөрөнгөө гаргаж барьсан юм. Гэтэл миний зөвшөөрөлгүй, луйвар залилан хийж үл хөдлөх хөрөнгийн газарт өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан. Би үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Бүх хашаа байшинг өөрийн хөрөнгө, ах дүү болон хүмүүсээр хөлсөлж бий болгосон болно. Мөн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 18 тоотод байх ногооны хашааг авахаар санаархсан байна. Энэ миний өмч тул хүлээн зөвшөөрөхгүй. Ланд крузер 80 маркийн машиныг минь зарсан үнээс авахаар шунаж санаархсан байна. Хүлээн зөвшөөрөхгүй. Ниссан примерийг ч хүлээн зөвшөөрөхгүй юм. Түүгээр ч барахгүй хүүгийн минь хэдэн жил бизнес хийж олсон мөнгөнөөс авсан клугер маркийн машинд дундын хөрөнгө оруулсан гэсэн байх юм. Ямар ч хөрөнгийн туслалцаа үзүүлээгүй байж хаанаас хөрөнгө босгосон юм бол ёстой мэдэхгүй юм байна. Үүнийг яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Хөргөгч 300.000, угаалгын машин 140.000 зэрэг, нийт 83.000.000 надаас авахаар нэхэмжилсэн байна. ...П.Дариймаа нь ямар ч өмч хөрөнгөгүй ирсэн. Өөрийгөө болон үр хүүхдээ надаар үргэлж тэжээлгэн тэтгүүлж байсан. ...Эдгээр бий болсон хөрөнгө бол миний олон жилийн хөдөлмөрийн үр шим юм. П.Дариймаа болон түүний хүүхдүүд нь бидний амьдралд ямар ч тус дэм болж байгаагүй. Харин өр зээл тавьж намайг өрийн дарамтанд оруулж, хөрөнгийг минь банкны зээлд дур мэдэн тавьж миний зөвшөөрөлгүйгээр үнэлгээ тогтоож, намайг гүтгэн доромжилж нэр төрийг минь гутааж, эд хөрөнгийг минь залилж луйвардаж байна. ...Дариймаагийн нэхэмжлэлд бичигдсэн эд хөрөнгүүд нь Дариймаад ямар ч хамаагүй, мөн түүний хүүхдүүдэд ямар ч хүртээлгүй, надад ч тодорхой хувийн хамааралтай, зөвхөн хүү Баттулга, түүний дүү Бат-Уянга нарын маань хэнтэй ч хуваалцахгүй хөрөнгө болно гэжээ.

Хариуцагч Д.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Дариймаа бид хоёр 2003 онд хамт амьдарч эхлээгүй, 2004 онд газар аваад аваад 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гэрэл, цахилгаан тавиулж байсан ба надтай амьдрах гэж ирэхдээ өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй хоосон ирсэн. Харин ч би П.Дариймааг хувцаслах гэх зэрэг бүхий л зүйлээр дэмжиж тусалсан. Миний эд хөрөнгийг 10 гаруй жил барьцаанд тавьж зээл авсан хирнээ миний хүүхдийн өмчийг авна гээд дайраад байгааг нь гайхаж байна. П.Дариймаа нь надаар тэжээн тэтгүүлж, их зүйл авсан хирнээ дахиад авах гээд байгааг ойлгохгүй байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоот газрыг авахад би ганцаараа очоогүй газрын байцаагч Балдан, багийн дарга Цэгмэд зэрэг хүнтэй хамт очиж 2 айлын газар авч байсан бөгөөд миний хүүхэд насанд хүрээгүй байсан учраас П.Дариймаагийн нэрийг оролцуулж, газрын гэрчилгээ авсан. П.Дариймаа банкнаас нэмж зээл авах гээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоот үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлсэн байсан бөгөөд яагаад өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн юм гэхэд зээлээ төлчихөөд буцаагаад нэр дээр чинь шилжүүлээд өгье гэсэн юм. Одоо надад П.Дариймаад өгөх зүйл байхгүй, үр хүүхэд маань эхнэр, хүүхэдтэй болоод өөрийнхөө гэрт амьдарч чадахгүй байна, би хүүхэддээ гэр орныг нь хүлээлгэж өгмөөр байна. Өөрийн нэр дээр шилжүүлэхдээ байшингийн хэмжээг 10х12 гэж худлаа бичсэн бөгөөд уг нь 8х12 харьцаатай байсан юм. П.Дариймаа улсын бүртгэлд бүртгүүлсэн юм чинь би авах ёстой гэсэн сэтгэхүйгээр хандаад байна. Ингэж болохгүй шүү дээ....гэв.

Хариуцагч Д.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П.Дариймаа бид хоёр хамт амьдарч байхдаа түүнд нэр бүхий эд зүйл авч өгч байсан. Нийтдээ 23.212.000 төгрөгийн эд зүйлийн тооцоо үүссэн байна. Энэ эд зүйл нь түүний өмчлөлд байгаа болно. П.Дариймаагийн ХААН банкнаас 2009, 2010, 2011 онуудад авч байсан зээлийг нь би өөрөө зээлийн мөнгөнөөс нь аваагүй байж өөрийнхөө орлогоос төлж байсан. Энэ нь нийтдээ 22.111.739 төгрөгийг би П.Дариймаагийн өмнөөс банкинд төлсөн. Дээрх хоёр тооцоог тус тусад нь хийж хавсаргав. Нийтдээ 45.323.739 төгрөгийг хариуцагч П.Дариймаагаас нэхэмжилж байна. ...Нэхэмжлэгч П.Дариймаа нь надаас элдэв янзаар мөнгө нэхэмжилж байгаа учраас би сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай болсон юм. Би П.Дариймаагаас дараах эд хөрөнгийг нэхэмжилж байна. Нэгдүгээрт: ажилгүй, мэргэжилгүй байхад нь мэргэжилтэй болгох үүднээс 45.000 төгрөг өгч сургалтанд суулгаж байсан, хоёрдугаарт иргэний үнэмлэхгүй байхаар нь таньж мэддэг хүмүүстээ мөнгө төгрөг өгч иргэний үнэмлэхийг нь авч өгч байсан. Тухайн үед иргэний үнэмлэх амархан олддоггүй байсан. Гуравдугаарт Цагаан байрыг зармаар байна гээд зарагдахгүй байхаар нь хашаа хүртэл барьж өгч байсан. Гэтэл П.Дариймаа одоо миний хашаа байшин, би барьсан гэж худлаа яриад байна. Дөрөвдүгээрт П.Дариймааг бөө болж өрөнд ороход нь 600.000 төгрөг өгч байсан төдийгүй хүүхдүүдийг нь машин авмаар байна гэхэд нь банкнаас 4 сая төгрөгийн зээл авч өгсөн, одоо ч гэсэн зээлийг төлж байгаа. Тавдугаарт: манай дүү нарын худалдаарай гэсэн мөнгөн бугуйвч, шүрэн шигтгээтэй даруулга зэргийг худалдаж өгнө гээд байхгүй болсон. Зургаадугаарт гэрт байсан 1.000.000 төгрөгөөс 600.000 төгрөгийг хулгай хийж аваад хот руу явсан байсан, долдугаарт орифлэймийн сургалтанд суухад нь зуу зуу мянгаар өгсөн. Наймдугаарт: гэрт байсан мөнгөн аягыг хулгайлсан 250.000 төгрөг, есдүгээрт Улаанбаатар хотод очиж давхраа хийлгэхэд нь 1.500.000 төгрөг өгсөн. Мөн банкны зээлийн төлбөр төлсөн зэргийг нийлүүлээд нийт 45.323.739 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлд ороогүй надаас авсан зүйлс олон байгаа хэдий ч би нэхэмжилье гэж бодохгүй байна. Би сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. гэжээ.

Хариуцагч Д.Эрдэнэчулуун сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... П.Дариймаа банкнаас 20.000.000 төгрөгийн зээл аваад би төлсөн. Банкны зээл төл гэхээр уурлаад надаас зугтдаг байснаас би гэрээсээ хөөгөөгүй. Банкны эдийн засагч нь зээлээ төлвөл таны гэрчилгээ зэрэг чинь таны нэр дээр очно гээд би зээлийг төлсөн юм. П.Дариймаа би төлбөрөө төлчихөөд Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоотыг Эрдэнэчулуунд өгөхийг зөвшөөрч байна гээд гарын үсэг зурсан байдаг. ...П.Дариймаа банкнаас зээл аваад төлөхгүй би төлж байсан бөгөөд тэдгээрийг оролцуулаад 45.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Гэхдээ би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг авах гээд зүтгээд байхгүй. Учир нь П.Дариймаа надад төлж чадахгүй. Би хамгийн гол нь хүүхдэдээ өвлүүлсэн эд хөрөнгөө л хүүхдэдээ үлдээмээр байна. Гэхдээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахгүй.... гэжээ.

Нэхэмжлэгч П.Дариймаа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд Эрдэнэчулуунтай 10 гаруй жил амьдрахдаа би айлын эхнэр хүний хувьд өөртөө болон ахуй амьдралдаа хэрэглэх хэрэгцээ байсан л байж таарна. Би энэ амьдралд 10 гаруй жилийн залуу насаа зориулж энэ гэр бүлд Эрдэнэчулуун гэх хүний эхнэр, хүүхдүүдийнх нь ээж болж амьдарч байсан. ...Эрдэнэчулууны нэхэмжлэл дээр бичсэн шиг зүйлийг би түүнээс нэхэмжлэх юм бол бүр хэд дахин илүү зүйл нэхэмжлэх болно. Түүний энэ нэхэмжлэлийн шаардлагууд нь 10 гаруй жил хамт амьдарч байхдаа гэр бүлдээ л эдэлж хэрэглэж байсан зүйлсийг надаас нэхэмжилсэн байна. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч П.Дариймаа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Эрдэнэчулуун намайг зүү гээд орчин үеийн шүрэн шигтгээгтэй даруулга, бугуйвч өгсөн нь үнэн авах гээд байгаа бол өгч болно. Харин бусад нэхэмжилж байгаа зүйлийг зөвшөөрөхгүй байна... гэв.

Гуравдагч этгээд Э.Баттулга шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Мөрөн сумын 9 дүгээр 44 дүгээр гудамжны 03 тоотод байрлах нэг айлын 600 м.кв газрыг 2003 оны намар миний аав Д.Эрдэнэчулуун нь Мөрөн сумын 9 дүгээр 44 дүгээр гудамжны 04 тоот дахь газрын хамт авсан ба өөрийн том хүү болох Э.Баттулга миний биед хуваарьт өмч болгон үлдээх зорилготой авсан бөгөөд Э.Баттулга миний бие өмчлөх эрх зүйн чадамжгүй байсан тул миний нэр дээр бүртгүүлээгүй бөгөөд мөн хууль ёсоор нэг хүний нэр дээр 2 газар байдаггүй шалтгаанаар аав минь өөрийн нэр дээр авсан 2 газраа бүртгүүлэлгүй Мөрөн сумын 9 дүгээр 44 дүгээр гудамжны 04 тоот газрыг өөрийн нэр дээр, Мөрөн сумын 9 дүгээр 44 дүгээр гудамжны 03 тоот газрыг П.Дариймаагийн нэр дээр бүртгүүлж авсан байдаг. ...Аав Эрдэнэчулуун минь Мөрөн сумын 9 дүгээр 44 дүгээр гудамжны 03 тоот хашаанд 2008 онд баригдаж эхлэн 2009 оны намар ашиглалтанд орсон 8х12 харьцаатай мансардтай, модон цонх, төмөр дээвэртэй, өвлийн дүнзэн байшинг өөрийн том хүү болох Э.Баттулга миний биед Мөрөн сумын 9 дүгээр 44 дүгээр гудамжны 03 тоот газрын хамтаар хуваарьт өмч болгон үлдээх зорилготойгоор бариулж эхэлсэн. ...2004 оны зун Мөрөн сумын 9 дүгээр 44 дүгээр гудамжны 03 тоот, Мөрөн сумын 9 дүгээр 44 дүгээр гудамжны 04 тоот газрын нийт 1200 м.кв 4 тал хашааг жорлонгийн хамт барьж дуусган гэр барьсны дараа П.Дариймаа хүүгийн хамт ирсэн болно. ...Э.Баттулга миний бие Эрдмийн далай цогцолбор сургуулийг 2009 онд төгсөн улмаар Санхүү эдийн засгийн дээд сургуульд элсэн орж суралцсан бөгөөд өөрийн эхнэр Г.Сэлэнгэтэй хамтран амьдарч 2012 оны 6 сард хүүтэй болсон. Миний бие эхнэр хүүхдийн хамт амьдардаг ба тогтсон орон гэргүй, Улаанбаатар хотод ажиллаж мөн сурч боловсорч явна. Хөвсгөл аймаг Мөрөн сумын 9 дүгээр 44 дүгээр гудамжны 03 тоотод орших үл хөдлөх хөрөнгө, 4 тал хашаа байшингийн өмчлөгчөөр Э.Баттулга намайг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Дариймаа нь Д.Эрдэнэчулуунд холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох,

Нэхэмжлэгч П.Дариймаа, О.Энхбаяр, О.Энхболд нар нь хариуцагч Д.Эрдэнэчулуунд холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 41.500.000 /дөчин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл,

Хариуцагч Д.Эрдэнэчулуун нь П.Дариймаагаас 45.323.739 /дөчин таван сая гурван зуун хорин гурван мянга долоон зуун гучин ес/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл,

Гуравдагч этгээд Э.Баттулга Мөрөн сумын 9 дүгээр багийн 44-03 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч П.Дариймаагийн хариуцагч Д.Эрдэнэчулуунтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч П.Дариймаа, хариуцагч Д.Эрдэнэчулуун нар нь 2003 оноос 2012 оны 7 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсан болох нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 86 тоот Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хуулбар, П.Дариймаа нь О.Энхболд, О.Энхбаяр, Э.Баттулга, Э.Бат-Уянга нарын хүүхдийн мөнгийг авдаг тухай Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 2006 оны 2 дугаар сарын 5-ны өдөр олгосон тэтгэмжийн дэвтэр болон 2007 онд олгосон хүүхэд хөгжил мөнгөний дэвтэр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14/368 дугаартай албан бичиг, гэрэл зураг, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул П.Дариймаагийн хариуцагч Д.Эрдэнэчулуунтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Д.Эрдэнэчулуун нь П.Дариймаатай 2003 оноос биш 2004 оны 6 сараас хамтын амьдралтай байсан гэж маргаж байх боловч энэ нь дээр дурдагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байх ба Д.Эрдэнэчулуун нь энэ талаарх ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгч П.Дариймаа, О.Энхбаяр, О.Энхболд нарын хариуцагч Д.Эрдэнэчулуунд холбогдуулан гаргасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 41.500.000 /дөчин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Нэхэмжлэгч П.Дариймаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 41.500.000 /дөчин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад

Ниссан пример маркийн суудлын автомашин үнэ 2.500.000 төгрөг,

Мөрөн сумын 9-44-18 тоотод байрлах ногооны газар үнэ 3.000.000 төгрөг,

Мөрөн сумын 9-44-3 тоотод байрлах 2 давхар өвлийн амины орон сууцны байшин үнэ 23.280.000,

Мөрөн сумын 9-44-4 тоотод байрлах 5х7 хэмжээтэй зуны сууцны байшин үнэ 8.460.000 төгрөг,

Граж үнэ 1.600.000 төгрөг,

Хөргөгч үнэ 200.000 төгрөг,

Угаалгын машин 100.000 төгрөг,

Хашаа барихад зарцуулсан 12 куб метр банз үнэ 450.000 төгрөг, нийт 39.590.000 /гучин есөн сая таван зуун ерэн мянга/ төгрөгийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Мөрөн сумын 9-р багийн 44 дүгээр гудамжны 03 тоотод байрлах өвлийн сууцны байшинг өөрийн болон хамтран нэхэмжлэгч О.Энхболд, О.Энхбаяр нарын өмчлөлд хуваарилуулан шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан байх бөгөөд П.Дариймаа, Д.Эрдэнэчулуун нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй тул тэдний дунд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан гэр бүлийн дундын эд хөрөнгийн харилцаа үүсээгүй байна.

Харин Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно , 108.8-д дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ...ногдох хэсгийнхээ үнийг гаргуулж авахаар шаардах эрхтэй,

Мөн Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох ... эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2003 оноос 2012 оны 7 дугаар сар хүртэл хамтран амьдарч байх хугацаандаа Ниссан пример маркийн суудлын автомашин, Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 18 тоотод байрлах ногооны газар, Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоотод байрлах 2 давхар амины орон сууцны байшин, Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 04 тоотод байрлах 5х7 хэмжээтэй амины сууцны байшин, граж, хөргөгч, угаалгын машин зэрэг эд хөрөнгүүдийг бий болгож дундаа өмчилж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Тухайлбал: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2003 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 86 тоот захирамжийн хуулбар, П.Дариймаа, Д.Эрдэнэчулуун нар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоотод байрлалтай 2 давхар амины орон сууц, 600 м.кв талбайтай өмчилсөн газар, ниссан пример маркын суудлын автомашиныг 2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр худалдан авсан авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгчийн ТА№0108168 дугаартай гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/1398 дугаартай албан бичиг, Авто тээврийн үндэсний төвийн төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөвсгөл аймаг дахь салбарын 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай албан бичиг, Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоотод байрлалтай сууцны байшин, граж зэргийг барьцаалан Хаан банкнаас хамтран зээл авсан талаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1/797 дугаартай лавлагаа, Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний хуулбарууд үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, үл хөдлөх эд хөрөнгө болон газар, машин бусад эд зүйл үнэлсэн тухай тайлан гэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Эрдэнэчулуун нь шүүх хуралдаанд П.Дариймаагийн нэхэмжлээд байгаа Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоот хашаа байшинд Д.Дариймаа нэг ч төгрөг оруулаагүй. Би өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгө. Уг хашаа байшинг хүү Э.Баттулгад зориулж барьсан юм. Тухайн үед хүү Э.Баттулга насанд хүрээгүй байсан тул газрын гэрчилгээг П.Дариймаагийн нэр дээр авч байсан. Гэтэл П.Дариймаа нь үл хөдлөх хөрөнгийн газарт өөрийн нэр дээр хашаа байшинг бүртгүүлсэн байсан. Хамт амьдарч байх хугацаанд бий болсон эд хөрөнгөд түүний ямар ч оролцоо байхгүй. П.Дариймаа надтай танилцаж байхдаа мал эмнэлгийн хажууд жижигхэн цайны газар түрээслэн ажиллуулдаг орлого тааруу байдаг байсан. Би энэ хүнд эдийн засгийн хувьд дэмжлэг туслалцаа их үзүүлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Бадмаагийн ... П.Дариймаа 2003 оноос 2011 он хүртэл Эрээн хот руу явж бэлэн хувцас зөөж оруулж ирээд ... Баяннуур захад байрлах Найдвар сервес компанийн худалдааны төвд 2 метр хэмжээтэй лангуу түрээслэн худалдаа наймаа хийдэг байсан. Бэлэн хувцас оруулж ирэхдээ малын эм тариа зөөж авчирдаг ...нөхөр Эрдэнэчулуун нь малын эмийн сан ажиллуулдаг байсан... гэх мэдүүлэг, гэрч Ж.Нансалмаагийн ...П.Дариймаа нь 2003 оноос 2011 он хүртэл Эрээн хот руу явж бэлэн хувцас зөөж оруулж ирээд ... Баяннуур захад байрлах Найдвар сервес компаний худалдааны төвд лангуу түрээслэн худалдаа наймаа хийдэг байсан ... гэх мэдүүлэг, гэрч Т.Энхмөнхийн ...П.Дариймаа нь гуанзанд ажиллаж байгаад дараа нь Найдвар, Шинэ зуун дэлгүүрт бэлэн хувцас зарж наймаа хийж байсан... гэх мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн П.Дариймаагийн аж ахуй эрхэлсний орлогын 2006-2012 онуудад татвар төлсөн тухай татварын орлогын жагсаалт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Мөн хариуцагч Д.Эрдэнэчулуун нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоот газар нь Дариймаагийн нэр дээр л байдаг болохоос биш миний газар юм. Тухайн үед миний хүү Э.Баттулга насанд хүрээгүй байсан учраас П.Дариймаагийн нэр дээр авч хашаа байшин барьсан гэж тайлбарлаж байх боловч Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ гэж тус тус заасан байна.

Хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 1/1398 дугаартай албан бичигт Эрхийн улсын бүртгэлийн Г-1723001137 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоотод байрлах 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч нь П.Дариймаа /МП69081763/, О.Энхболд /МП89061472/ нар мөн бөгөөд уг хөрөнгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 25-ны 84 тоот захирамжаар өмчилж авсан бүртгэлтэй байна... гэсэн байгаагаас үзвэл нэхэмжлэгч П.Дариймаа, О.Энхболд нар нь хуульд зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 3 тоотод байрлах газрын өмчлөгч болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, 85 дугаар зүйлийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заажээ.

Хариуцагч П.Эрдэнэчулуун нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 3 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө буюу хоёр давхар өвлийн сууцны байшинг барихад П.Дариймаагийн хөрөнгийн оролцоо байхгүй гэж маргаж байгаа боловч тэдний хамтын амьдралын хугацаанд буюу уг үл хөдлөх хөрөнгийг барьж бий болгох хугацаанд П.Дариймаа нь хөдөлмөр эрхэлж орлого олж байсан, банкнаас зээл авч байсан зэргээс үзэхэд түүний оролцоо байгаагүй гэж үзэх боломжгүй бөгөөд хариуцагчийн зүгээс татгалзлаа нотлох баримт гаргаж өгөөгүй, уг үл хөдлөх хөрөнгийг барихад нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алиных нь хөрөнгийн оролцоо байсан гэж үзэх үндэслэлтэй тул үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газар нь П.Дариймаа болон түүний хүү О.Энхболд нарын өмч болох нь тогтоогдсон учир Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д ...119.2-т заасны дагуу бий болсон эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар маргаан гарвал эд хөрөнгө нийлэх, холилдохоос өмнө гол, эсхүл ихэнх хэсгийг өмчилж байсан этгээд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч... байхаар заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангав.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч П.Дариймаа нь шүүхэд Д.Эрдэнэчулуунд холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, нэхэмжлэгч П.Дариймаа, О.Энхбаяр, О.Энхболд нар нь хариуцагч Д.Эрдэнэчулуунд холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 41.500.000 /дөчин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 39.590.000/ гучин есөн сая таван зуун ерэн мянга/ төгрөгийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоотод байрлах өвлийн сууцны байшинг өөрийн болон хамтран нэхэмжлэгч О.Энхболд, О.Энхбаяр нарын өмчлөлд хуваарилуулан шилжүүлж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна.

Хариуцагч Д.Эрдэнэчулуун нь 45.323.739 /дөчин таван сая гурван зуун хорин гурван мянга долоон зуун гучин ес/ төгрөгийг нэхэмжлэгч П.Дариймаагаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Мөнгөн бугуйвч буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, шүрэн шигтгээтэй үсний даруулга буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч П.Дариймаагаас гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй байна.

Учир нь Д.Эрдэнэчулуун П.Дариймаатай хамтран амьдарч байх хугацаандаа авч өгсөн эд зүйлийн үнэ 23.212.000 /хорин гурван сая хоёр зуун арван хоёр мянга/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс нэхэмжлэгч мөнгөн бугуйвч буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, шүрэн шигтгээтэй үсний даруулга буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн эд зүйл авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба Д.Эрдэнэчулуун нь бусад нэхэмжилсэн эд зүйлийн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Зээлийн эргэн төлөлтийн 22.111.739 /хорин хоёр сая нэг зуун арван нэгэн мянга долоон зуун гучин есөн/ төгрөг гаргуулах шаардлагын тухайд Д.Эрдэнэчулуун нь П.Дариймаатай хамтран зээл авч байсан ба зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь адил үүрэг хүлээсэн болох нь зээлийн гэрээний хуулбаруудаар тогтоогдож байх тул зээлийн эргэн төлөлт 22.111.739 /хорин хоёр сая нэг зуун арван нэгэн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийг нэхэмжлэгч П.Дариймаагаас гаргуулан хариуцагч Д.Эрдэнэчулуунд олгох боломжгүй юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч П.Дариймаагаас гаргуулах хэсгийг хангаж, 44.173.739 /дөчин дөрвөн сая нэг зуун далан гурван мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд Э.Баттулгын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагын хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гуравдагч этгээд Э.Баттулга нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдохгүй ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан хариуцагч Д.Эрдэнэчулууны шүүхэд гаргаж өгсөн Олон гол трейд хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 1.000 тоосго авсан тухай зарлагын баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, Баян цагаан дэлгүүрээс авсан барааны зарлагын баримтууд, мөнгө хүлээлгэн өгсөн баримт, эмчийн урамшуулал, цалин болон бензины мөнгө хүлээлгэж өгсөн баримт, эмчийн томилолт болон бензины мөнгө хүлээлгэн өгсөн баримтын хуулбарууд нь огнооны хувьд эргэлзээтэй, хуулбарууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нотариатаар гэрчлэгдээгүй,

Хөвсгөл хангайн буянт ХХК-ний захирал Д.Мөнхсайханы тодорхойлолт, Сэрдамба, Лхагвадорж, Г.Даваадорж, С.Батчулуун нарын тодорхойлолт гэх бичгүүд нь хаана, хэнд хандаж, хэзээ, юуны учир, хэн бичсэн нь тодорхойгүйгээс гадна нотлох баримт цуглуулах арга хэрэгслээр олж аваагүй, хуульд заасан шаардлага хангахгүй баримт байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэдэг дээрх баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 384.568 /гурван зуун наян дөрвөн мянга таван зуун жаран найман/ төгрөгийг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Эрдэнэчулуунаас 274.350 /хоёр зуун далан дөрвөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Дариймаад олгох, П.Дариймаагаас 321.150 /гурван зуун хорин нэгэн мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан Д.Эрдэнэчулуунд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч П.Дариймаа хариуцагч Д.Эрдэнэулуун нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3-д зааснаар хариуцагч Д.Эрдэнэчулуунаас Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 3 тоотод байрлах 600 м.кв талбай бүхий газар дээр байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1723005129 дугаартай 120 м.кв талбайтай өвлийн сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж П.Дариймаа, О.Энхболд, О.Энхбаяр нарт олгож, хариуцагч Д.Эрдэнэчулуунд Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 04 тоотод байрлах 600 м.кв талбай бүхий газар, хашаа, амины сууц, граж, Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 18 тоотод байрлах газар, хашаа, угаалгын машин, хөргөгч зэрэг эд хөрөнгийг хариуцагч Д.Эрдэнэчулуунд үлдээж, хариуцагчийн гаргасан 45.323.739 /дөчин таван сая гурван зуун хорин гурван мянга долоон зуун гучин ес/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс мөнгөн бугуйвч буюу 750.000 төгрөг /долоон зуун тавин мянга/ төгрөг, шүрэн шигтгээтэй үсний даруулга буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 1.150.000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөгийг П.Дариймаагаас гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 44.173.739 /дөчин дөрвөн сая нэг зуун далан гурван мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийг гаргуулах хэсгийг болон гуравдагч этгээд Э.Баттулгын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 03 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 384.568 /гурван зуун наян дөрвөн мянга таван зуун жаран найман/ төгрөгийг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Эрдэнэчулуунаас 274 350 /хоёр зуун далан дөрвөн мянга гурван зуун тавин / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Дариймаад олгох, П.Дариймаагаас 321.150 /гурван зуун хорин нэгэн мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулан Д.Эрдэнэчулуунд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ